| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/06850/И |
| Дугаар | 210/МА2026/01055 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01055
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01498 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Гуравдагч этгээд: ******* ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: авто зогсоолд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл байршуулахгүй байхыг даалгах, зогсоолын төлбөр 940,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би ******* ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 45-3 байрны авто зогсоолыг ашигладаг. Гэвч тус байрны СӨХ-ны дарга ******* нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр утсаар залгаж үндэслэлгүйгээр 1,600,000 төгрөг нэхэмжилсэн. Мөн тухайн өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ******* улсын дугаартай авто машиныг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс ******* улсын дугаартай авто машиныг тус тус байрлуулсан. Энэ талаар шаардлага тавихад хэл амаар доромжлон хүлээж авахгүй байсан. Иймээс иргэнээс зогсоолын түрээс болох 12 өдрийн зогсоолд байрлуулсан төлбөрт 240,000 төгрөгийг гаргуулж, цаашид миний эзэмшлийн зогсоолд машин байрлуулахгүй байхыг даалгуулна.
1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нийт 10 хоног *******ын нөхрийн гэх ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 14 хоног *******тай хамаарал бүхий этгээдийн гэх ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 24 хоног *******ын нөхрийн гэх ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 11 хоног *******ын хамаарал бүхий этгээдийн гэх ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг тус тус тавьж бүтэн зогсоол эзэмшин, нийт хуанлийн 59 хоног хариуцагчаас миний эрхэнд санаатайгаар бүлэглэн халдсанд.
Мөн тухайн зогсоолд өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн авто тээврийн хэрэгслүүдийг байршуулан бүтэн эзэмшсэн нийт 35 хоногийн нэг өдрийг 20,000 төгрөгөөр бодон 700,000 төгрөг болон тал хэсэгт байршуулсан нийт 24 хоногийн нэг өдрийг 10,000 төгрөгөөр бодон 240,000 төгрөг, нийт 940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Манай СӨХ нь , /17042/ Чингисийн өргөн чөлөөанд байрладаг бөгөөд уг орон сууцыг 2019 онд ******* ХХК ашиглалтад оруулж улсын комисст В1 давхрын 5 авто зогсоол, 1 агуулахтайгаар ажлын зургийг хүлээлгэж өгсөн. Авто зогсоолын шал будаггүй, тэмдэг тэмдэглэгээгүй, камергүйгээр өгсөн байсныг иргэд удаа дараа шаардлага тавьсны эцэст 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шал, ханыг будуулж авсан. ******* ХХК шалны тэмдэглэгээг буруу хийлгэсэн, дураараа аашилсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 5 авто зогсоолыг 11 зогсоол болгож буруу хувааж будлиан үүсгэсэн.
2.2. Тус СӨХ-ны гүйцэтгэх захирал ******* миний хүү *******ын нэр дээр ,,,,, 15 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгө байдаг. Манай хүүгийн авто зогсоол 2 баганы хооронд байрладаг бөгөөд улсын комисст хүлээлгэж өгсөн ажлын зургийн дагуу болон бодит байдалд 15 м.кв хэмжээтэй 2 авто зогсоолын буюу 30 м.кв-ын хэмжээтэй талбайд байршдаг. Одоогийн байдлаар 30 м.кв талбайд буруу тэмдэглэгээ хийж 3 машин зогсохоор болгож 15 м.кв талбайг өмчилж, эзэмших ёстой байтал 10 м.кв зайд багтаж чадахгүй машин оруулахдаа толио эвхдэг, буухдаа хоёр талаараа бууж чадахгүй зогсоолд орохоосоо өмнө зогсож буудаг, зогсоолд орох, зогсоолоос гарахдаа 3-4 удаа хөдөлгөөн хийж гарч, орж байна.
2.3. Авто зогсоолын захиалгын гэрээ, байршилтай холбоотойгоор үүссэн асуудал нь манайхтай холбоотой үүссэн маргаан биш авто зогсоол захиалгын гэрээ хийсэн ******* ХХК-тай холбоотой юм. Цаашид бид өөрийн өмчлөлийн 15 м.кв талбайгаа бүрэн гүйцэд өмчилж ашиглах тул манай 15 м.кв-ын авто зосоолын 5 м.кв талбайд машинаа байрлуулахгүй, ашиглахгүй байхыг мэдэгдэж байна. Миний хувьд нэхэмжлэгч *******ын түрээсэлж буй автозогсоолыг ашиглаагүй, машинаа тавиагүй, харин нь машинаа тавьсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Маргаан бүхий авто зогсоолын хувьд манай компани нь Б.Шинжаргалтай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүнд ашиглуулж байсан. Манай компани улсын бүртгэлийн байгууллагад хандан барилгын зургаараа нэг зогсоолын талбайн хэмжээг 11 м.кв гэж заасан байхад иргэн *******ын 3 тоот зогсоолын талбайн хэмжээг 15 м.кв гэж гэрчилгээ олгосон нь буруу болсон талаар мэдэгдсэн.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Порта Бианка, 45В байр барилгын зоорийн давхарт байрлах авто зогсоолд машин байршуулахгүй байхыг хариуцагч *******д даалгаж, 240,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Азжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Тус байрны зоорийн давхрын талбай нь хэмжээ нийт 427 м.кв талбайтай бөгөөд 5 машины дулаан зогсоол байхаар зураг төсөл үйлдэгдсэнийг улсын комисс дүгнэлт гарган хүлээн авсан. Гэтэл улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш ******* ХХК-ийн удирдлага дур мэдэн 5 машины зогсоол байхаар зөвшөөрөгдсөн газарт 11 машин зогсох дулаан зогсоолын тэмдэг тэмдэглээгээг зурж дугаарлан зогсоолыг түрээслэх байдлаар ашиглаж төлбөрий авдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл өөрийн гээд байгаа зогсоол дээр УБЕ улсын дугаартай авто машин байршуулсан хэмээн тодорхойлсон нь үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэлд тодорхойлсныг цаг хугацааны хувьд авч үзвэл 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл гадаа маш дулаахан байдаг тус байрны гадаа хангалттай зогсоолтой машинаа хаана ч байршуулах боломжтой байсан ба миний хувьд өөрийн хүүгийн өмчийн 3 тоот 15 м.кв авто зогсоол дээр машинаа байршуулдаг, хүний зогсоолд машинаа тавих шаардлагагүй.
Мөн нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн *******ын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бичсэн тайлбарт би лагерт байгаа болохоор хэд хоног тавьсан ч мэдсэнгүй гэх мөн СӨХ-ны грүпп дээр бичсэн зурвасаас уншихад тухайн нөхцөл байдал илэрхий нотлогдож байгаа бөгөөд ******* 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр лагер дээр байгаа, хэд хоносныг ч мэдэхгүй байж 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл намайг өөрийн зогсоол дээр машинаа байрлуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн ярьж буй 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нь манай байрны 62 тоотод оршин суугч Б.Тэргэлсаран нь *******ыын зогсоол дээр машинаа байршуулсан байсныг хэлж ойлгуулж дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг зөвлөж машиныг гаргаж зогсоол чөлөөлсөн түр зуурын асуудал байсан. Манай байрны 62 тоот хаягт оршин сууж байсан Б.Тэргэлсарангийн авто машин зогсоолд дур мэдэн машинаа байршуулсан үйлдэлд ******* намайг буруутгах үндэслэл байхгүй, нотлох баримт байхгүй байхад үндэслэлгүйгээр намайг бүруутгасан үйлдэл юм. Нэхэмжлэгч нь авто зогсоолоо тодорхой хугацаанд ашиглаж чадахгүй өдрийн 20,000 төгрөгөөр өөр газар зогсоол түрээсэлж хохирсон гэдэг боловч энэ талаар шүүхэд гаргасан нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй боловч манай хүү эзэмшдэг бөгөөд энэ байранд амьдардаггүй өвөл машинаа угаалгаад түр 30 минут зогссон байхад нэхэмжлэгч тэр үеийн зургийг ашиглан шүүхэд хуурамч тайлбар гаргасан.
Манайх дээрх 45В байрны В1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү- 2206081312 дугаартай 3 тоот 15 м.кв авто зогсоолыг 2023 оны 7 дугаар сард худалдаж авсан бөгөөд хүчин төгөлдөр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Хэрэв ******* ХХК нь захиалгын гэрээ хийсэн тохиолдолд энэ талаар улсын бүртгэлд бүртгэл тэмдэглэгээ хийлгэсэн байх ёстой. Би энэ талаар Барилга Хот Байгуулалтын яаманд гомдол гаргаж байсан бөгөөд Нийслэлийн хяналт шалгалтын газраас ******* компанид зөвшөөрлийн дагуу 5 авто машины зогсоол байлгах талаар албан бичиг өгсөн. Анхнаасаа тус компани нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан бол ийм асуудал гарахгүй. Тэгээд ч авто зогсоолд тээврийн хэрэгслийг байршуулахад тавигдах шаардлага стандарт гэж байдаг. Тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулахад авто машин хоорондын зай зорчигч бууж, суухад чөлөөтэй байх ёстой. Гэтэл *******ын нотлох баримтаар баримтжуулж шүүхэд гаргаж өгсөн харахад тухайн зогсоолд байршуулсан авто машины хооронд зорчигч багтахгүй. Өнөөдрийн байдлаар ******* 45В байранд амьдрахаа больсон ба түүний гэх тус байрны 81 тоот орон сууц болон авто машины хууль бус зогсоолыг ******* ХХК-д төлбөр шилжүүлэн түрээслэгч ашиглаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Би зогсоолын асуудлаас болоод 2 жил хохирсон мөн ******* ХХК-тай яаж тохиролцохоо мэдэхгүй 940,000 төгрөг биш, нийтдээ 635 хонгийн хохиролтой байна. Хариуцагч над руу 2024 оны 08 дугаар сарын 30-ниы өдөр чи машины зогсоолын төлбөр төлөх шаардлагатай гэж ярьсан. Би төлбөр төлөхгүй наад граш чинь минийх гэж хэлсэн. СӨХ-д түрээсээ төлөхгүй бол машиныг чинь тавиулахгүй гэж надад хэлсэн тэр өдрөөс хойш энэ хүн машинаа байршуулсан. ******* ХХК-ийн захирлууд авто машинаа №01 дугаар дээр би автомашинаа №02 зогсоол дээр тус тус байршуулдаг мөн хариуцагч №03 дугаартай зогсоолд байршуулдаг байсан. Би хотод орж ирээд хариуцагчид олон удаа хэлж цагдаа хүртэл дуудаж байсныг нотлох баримтаар нотлогдоно.
Хариуцагч нь машинаа тавьсан, миний буруу биш гэж ярьдаг. Гэтэл нь ******* зогсоол түрээслүүлнэ гэж мөнгө аваад д миний зогсоолыг өгсөн байсан. Би өөр газар түрээслэх ямар ч боломжгүй уг байр нь 84 айлын орон сууцтай байр, доороо 10 хүрэхгүй зогсоолтой. Хариуцагчийн дарамтаас болж би энэ байрнаасаа нүүсэн. ******* ХХК-аас мэдэгдэл гаргаж, манай байрны хоёр оршин суугчдын хооронд гарааштай холбоотой маргаан үүссэн. Уг асуудлаар Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасны дагуу гараашны 11 м.кв хэмжээтэй болохыг Улсын бүртгэлийн мэдээллээр тогтоосон боловч хариуцагч тал уг мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автозогсоолд зөвшөөрөлгүйгээр автомашин байрлуулахгүй байхыг даалгах, учирсан хохиролд 940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тоот дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* ХХК-ийн захиалгатай 5 автомашины дулаан зогсоолтой, 19 агуулахтай 84 айлын үйлчилгээний орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан байна. /хх-ийн 19-21/
3.2. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, гэрээгээр захиалагч ******* нь ,,,,, хаягт байршилтай автозогсоолыг 45,000,000 төгрөгөөр захиалж, төлбөрийг 5 жилийн хугацаанд төлж барагдуулсан тохиолдолд гүйцэтгэгч ******* ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5 тал/
3.3. ,,,,, хаягт байршилтай, 11 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг олгосон. /хх-ийн 25/
3.4. ,,,,, 3 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээг олгосон. /хх-ийн 25/
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан авто зогсоолд зөвшөөрөлгүйгээр автомашин байрлуулахгүй байхыг даалгах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний эзэмшлийн эд хөрөнгөд халдсан, ашигласан, дамжуулан ашиглуулсан үйлдэл гаргасан тул цаашид автомашин байрлуулахгүй байхыг хариуцагчид даалгуулна... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...******* ХХК нь орон сууцыг 2019 онд ашиглалтад оруулж улсын комисст В1 давхрын 5 автозогсоол, 1 агуулахтайгаар ажлын зургийг хүлээлгэж өгсөн боловч ******* ХХК нь 5 автозогсоолыг 11 автозогсоол болгож буруу хуваасан. Миний хүү 3 тоот, 15 м.кв талбайтай автозогсоолыг эзэмшдэг байхад 3 автомашин зогсохоор болгосноор 10 м.кв зайд багтдаггүй. Манай 15 м.кв талбайтай автозогсоолын 5 м.кв талбайд автомашин байрлуулахгүй, ашиглахгүй байхыг мэдэгдэж байна. Автозогсоолын захиалгын гэрээ, байршилтай холбоотойгоор үүссэн асуудал нь манайхтай холбоотой үүссэн маргаан биш автозогсоол захиалгын гэрээ хийсэн ******* ХХК-тай холбоотой байдаг... гэж тус тус зөрүүтэй тайлбарлан маргасан.
4.1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай байгуулсан автозогсоол захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр ,,,,, хаягт байршилтай автозогсоолыг эзэмшиж ашиглаж байх тул нэхэмжлэгч нь өмчлөгчийн зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр маргаж буй автозогсоолыг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа болох нь тогтоогдсон тул түүнийг Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар автозогсоолын шударга эзэмшигч гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.2. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байх боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
4.3. Хэргийн 90 дугаар тал дахь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10-6/1360 тоот албан бичигт ...******* ХХК-аас ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтад 1-5 дугаартай 5 автозогсоол байх ба 1 автозогсоолын талбайн хэмжээг 11 м.кв гэж заасан. Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхдээ улсын бүртгэгч алдаа гаргаж 15 м.кв гэж буруу бүртгэсэн байна... гэжээ.
4.4. Дээрх баримтаас дүгнэвэл маргаан бүхий автозогсоолууд тус бүр нь 11 м.кв талбайтай болох нь тогтоогдож байна. Иймээс хариуцагчийн ...миний хүү 3 тоот, 15 м.кв талбайтай автозогсоолыг эзэмшдэг байхад 3 автомашин зогсохоор болгосноор 10 м.кв зайд багтдаггүй. Манай 15 м.кв талбайтай автозогсоолын 5 м.кв талбайд машинаа байрлуулахгүй, ашиглахгүй байхыг мэдэгдэж байна. Автозогсоолын захиалгын гэрээ, байршилтай холбоотойгоор үүссэн асуудал нь манайхтай холбоотой үүссэн маргаан биш автозогсоол захиалгын гэрээ хийсэн ******* ХХК-тай холбоотой байдаг... гэх тайлбар татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4.5. Иймд ,,,,, хаягт байршилтай автозогсоолд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр автомашин байрлуулахгүй байхыг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Азжаргалд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
5. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан автозогсоолын төлбөр 940,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...автозогсоолд 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 10 хоног хариуцагчийн нөхрийн гэх ******* улсын дугаартай автомашиныг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 14 хоног *******тай хамаарал бүхий этгээдийн гэх ******* улсын дугаартай автомашиныг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 24 хоног *******ын нөхрийн гэх ******* улсын дугаартай автомашиныг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 11 хоног *******ын хамаарал бүхий этгээдийн гэх ******* улсын дугаартай автомашиныг тус тус тавьж нийт 59 хоног ашигласан тул нийт 35 хоногийн нэг өдрийг 20,000 төгрөгөөр тооцон 700,000 төгрөг, тал хэсэгт байрлуулсан нийт 24 хоногийн нэг өдрийг 10,000 төгрөгөөр тооцон 240,000 төгрөг, нийт 940,000 төгрөг гаргуулна... гэж тодорхойлсон.
5.1. Хэргийн 102-106 дугаар тал дахь Автотээврийн үндэсний төвийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн баримтаар улсын дугаартай, Lexus RX 450 маркийн автомашины өмчлөгчөөр , УЕТ улсын дугаартай, Toyota prius маркийн автомашины өмчлөгчөөр , 2828 УАК улсын дугаартай, Mercedes Benz маркийн автомашины өмчлөгчөөр , улсын дугаартай, Toyota camry маркийн автомашины өмчлөгчөөр Б.Азжаргал нар тус тус бүртгэлтэй байна. /хх-ийн 102-106 тал/
5.2. Хэрэгт авагдсан 14 ширхэг видео бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...бичлэг-1 (2024_09_04_17_41_ IMG _3144 MOV), бичлэг-2 (2024_09_04_20_07_ IMG_3147 MOV), бичлэг-3 (2024_09_09_09_32_ IMG_3138 MOV)-т улсын улсын дугаартай хар өнгийн Lexus RX 450 маркийн Б.Тэргэлсарангийн автомашин, бичлэг-14 (2024-11-13), (2024-11-20) гарчигтай бичлэгт улсын дугаартай улаан өнгийн tоyota camry маркийн Б.Азжаргалын автомашин нэхэмжлэгчийн эзэмшлийн автозогсоолд байршуулсан байна. /хх-ийн 111-136/
5.3. Гэрч Б.Тэргэлсаран шүүхэд ...*******тай 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл голын зогсоолыг түрээслэхээр амаар тохирч түрээсийн төлбөрийг 08 дугаар сарын 26-ны өдөр тоот данснаас тоот дансанд 1,800,000 төгрөг шилжүүлсэн. 09 сарын 01-нээс эхлэн өөрийн дугаартай автомашинаа 7-8 хоног тавьсан. Тэгээд маргаантай байсан гээд 6 тоот зогсоолд автомашинаа тавьсан гэж мэдүүлсэн. /хх-ийн 155-157/
5.4. Дээрх хэргийн баримтууд болон үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл, хариуцагч ******* нь гэрч Б.Тэргэлсарантай түрээсийн гэрээ байгуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн автозогсоол дээр 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 10 өдөр Б.Тэргэлсарангийн эзэмшлийн улсын дугаартай, Lexus RX 450 маркийн автомашиныг байрлуулан түрээсийн төлбөрийг Порта бианк СӨХ-ны дансаар авсан, мөн 2024 оны 11 дүгээр сарын 13, 20-ны өдрүүдэд өөрийн эзэмшлийн ******* дугаартай, Toyota camry маркийн автомашиныг байрлуулсан үйл баримт тогтоогдсон. Иймд хариуцагчийн ...нэхэмжлэгчийн эзэмшлийн автозогсоолд автомашиныг байрлуулсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, өөр этгээд автомашин тавьсан байсанд намайг буруутгасан гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5.5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмших эрхийг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас түүнд хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байх тул хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
5.6. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн автозогсолыг нэг өдрийн 20,000 төгрөгөөр тооцон хохирол шаардсаныг үндэслэлтэй гэж дүгнэн хариуцагч автозогсоолыг өөрөө болон бусдаар дамжуулж ашигласан төлбөрт 12 хоногт ногдох 240,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй болсон. Энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна. Иймд хариуцагчийн ...нэхэмжлэгч өдрийн 20,000 төгрөгөөр өөр газар зогсоол түрээсэлж хохирсон гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй... агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хасаж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг нэмж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01498 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...492 дугаар зүйлийн 492.1.1... гэснийг 497 дугаар зүйлийн 497.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 78,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ