| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/00651/И |
| Дугаар | 181/ШШ2016/00715 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2016/00715
| 2016 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 181/ШШ2016/00715 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч:
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.730.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Г.Г.Б нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А.Мын ээжийнх нь дансруу 750.000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.Батдоржийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад 2.000.000 төгрөгийг А.Мт өгсөн. ИХ-ийн 282-т заасны дагуу хүү алдангиа нэхэмжлэхгүй. Хүү болох 980.000 төгрөгөөс татгалзаж байна. Үндсэн мөнгө 2.750.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оын 01 дүгээр сарын 08-ны өдөр Г.Г.Б эгч надруу утсаар залгаж дуудахдаа өр нэхээд байна, 2 машинтай хүрээд ир гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад Баяраа гэдэг хүний машинтай очсон. Тэгээд Даваа гэдэг мөнгө хүүлэгчтэй уулзаад 5.000.000 төгрөг зээлсэн. Үл хөдлөхийн бүртгэлийн газарт очоод ченж нарт мөнгө өгөөд тухайн өдөртөө барьцаалбарт бүртгүүлсэн. Тэгээд дахин машин шаардлагатай болж 1 машин авчирсан. Тухайн үед Г.Б эгч надад хэлэхдээ Батдорж юм ажиллуулах гэж байгаа учраас мөнгө хүрэхгүй байна гэсэн. Тэгээд би 2.000.000 төгрөг аваад 5 дахь өдөр харьсан. Гэтэл 1 дэх өдөр Г.Г.Б эгч гэрт ирээд 2.000.000 төгрөгөө буцаагаад аваад явсан. Би тэр 2.000.000 төгрөгөөс огт хэрэглээгүй. 750.000 төгрөгийг авсан нь үнэн. Капитал банкнаас зээл авах хэрэгтэй болоод 750.000 төгрөг хүнд өгч зээл гаргуулах гэж байсан. Гэтэл нөгөө хүн маань мөнгийг аваад алга болсон. Өдийг хүртэл мөнгийг маань буцааж өгөөгүй байгаа. Миний бие 300.000-аас 400.000 төгрөг өгч болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г.Б нь хариуцагч А.М холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.730.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 980.000 төгрөгөөр багасгаж, 2.750.000 төгрөг болгож шаардсан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь 2.000.000 төгрөгийг бэлнээр, 750.000 төгрөгийг дансаар буцааж өгсөн тул зээл, тооцооны ямар нэгэн үүрэг байхгүй гэж маргажээ.
Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Г.Г.Бгаас А.М би 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөг бүрэн тоолж зээлж авлаа гэсэн баримтыг гараар бичиж өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогджож байх ба уг баримтын дагуу 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. /дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно/
Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар талууд зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд хариуцагчид зээлсэн мөнгийг шаардах эрхтэй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 2.750.000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 200.000 төгрөг төлсөн болох нь Г.Г.Бгийн депозит дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /Дээрхи үйл баримтад талууд маргаагүй болно/.
Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Г.Г.Бгийн ХААН банкны 5064166217 дугаар дансруу 200.000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 2.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас 2.550.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч А.Маас 2.550.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас 55.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР