| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03523/И |
| Дугаар | 210/МА2026/01056 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01056
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/03030 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 61,392,574 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Тус ББСБ-тай зээлдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр лизингийн зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, гэрээгээр 80,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээл авсан. Уг зээлийн барьцаанд ******* үлсын дугаартай, ******* арлын дугаартай, VOLVO.FH12 маркийн зүтгүүр, ******* АР улсын дугаартай ******* арлын дугаартай Krone.SDP27 маркийн хагас чиргүүл барьцаалсан.
1.2. Зээлдэгч ******* нь зээл авснаасаа хойш нэг сарын хүү төлөөд түүнээс хойш зээлээ төлөхгүй явсаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Улмаар 268 хоног хугацаа хэтэрсэн тул 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр барьцаа машиныг чанарын муутгаж манайд хүлээлгэн өгсөн. ББСБ-ын зүгээс зээлдэгчид хангалттай хугацаа өгсөн хэдий ч зээлээ төлөөгүй, мөн барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах гэхэд зээлийн төлбөрт хүрэхгүй байсан.
Энэ талаар зээлдэгчид мэдэгдэж барьцаа болох машин, чиргүүл хоёрыг 60,000,000 төгрөгөөр зарж борлуулан үүнээс 5,000,000 төгрөгийг зээлийн хүүд төлж, үлдэх 55,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцсон. Тиймээс үндсэн зээлийн үлдэгдэл болох 25,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон боловч хариуцагч нь зээл төлөх талаар санаачилга гаргаагүй байхаас гадна түүнтэй холбогдоход удахгүй төлнө гэдэг байсан төлөөгүй.
Иймд зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8 заалтуудыг үндэслэн нэг талын санаачлаагаар гэрээг цуцалж, зээлдэгч *******аас төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Тухайн үеийн тээврийн хэрэгслийн үнэлгээ зөрүүтэй байх тул автомашиныг үнэлсэн үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Би барьцаалагдсан байгаа машин орж ирсэн шинэ байсан бөгөөд ашиглах хүсэлтэй байсан ч ажилд явуулаагүй. Анх барьцаалагдсан хэвээр байхад дараа нь үнэлгээ хийхэд зах зээлийн ханшаас хамаагүй бага үнээр үнэлсэн байсан. Нийт 80,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргахгүй боловч зээл авч уг машиныг тээвэр хийх зорилгоор худалдан авсан байхад ашиглаж чадахгүй хураалгасан.
Одоо төлөх гэж байгаа үнэ нь машины үнэтэй дүйцэхүйц болсон болохоор гомдолтой байна. Хүү, алданги гэж байгаа үнийн дүнг ашигтай ч бай, ашиггүй ч бай өөрсдийн эд хөрөнгийг борлуулаад дуусгах боломжтой юм. Эд хөрөнгийг хүлээлгээд өгснөөс хойш хүү, алданги хуримтлагдаад миний дааж чадахгүй хэмжээнд хүрсэн. Тухайн машиныг аваагүй, хэрэглээгүй байхад буцаагаад машины үнэ төлөх боломжгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар хариуцагч *******ад холбогдох, зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8 заалтуудыг үндэслэн нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* ББСБ болон ******* нарын хооронд лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Гэвч шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 -т зааснаар үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлага бүрийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй, хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий хэрэглэж чадаагүйгээс талуудын хооронд байгуулсан гэрээг фидуцийн гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсгийг зөрчсөн. Шүүхийн шийдвэрт талуудын хооронд байгуулагдсан лизингийн болон зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ -г байгуулсан гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд лизингийн болон зээлийн болон барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээнд хариуцагч ******* нь гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл, талууд хоорондоо фидуцийн гэрээ байгуулаагүй, фидуцийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм.
4.2. Шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүргийг хариуцагч нь зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, фидуцийн зүйлийг хураан аваад 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн боловч автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан болохоо баримтаар нотлоогүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд барьцааг зарж борлуулахад нийт зээлийн төлбөртөө хүрэхгүй байсан тул н.******* гэх хүнд зээлийн болон барьцааны гэрээгээр зарж борлуулсан талаар нэхэмжлэгч талаас мэдүүлсээр байхад шүүх хянаж үзээгүй.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Тухайн үед гэрээ хийхэд үнийн дүндээ машинаа явуулна гэж ярьж тохирсон. Гэтэл бага хугацаатай зээлийн гэрээ байгуулсан учраас барьцаалсан авто машинаа ажилд явуулж чадахгүйгээс зээлээ эргэн төлж чадахгүй маргаан үүссэн. Анхан шатын шүүх хуралдааны үеэр тайлбар хэлэхдээ авто машиныг буцаан хураалган өгсөн боловч одоо нэхэмжилж буй үнийн дүн нь илүү болсон байна. Нэхэмжлэгч нь судлуулах боломжгүй зүйлийг судлуулж, унаж яваагүй авто машины эд анги муудсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 30,003,972 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. ******* ББСБ ХХК нь *******тай 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь 80,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч ******* нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 8-9/
3.2. Мөн өдөр талууд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, гэрэгээр 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, VOLVO-FH12 маркийн зүтгүүр, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсад орж ирсэн сааралтай өнгөтэй, ******* АР улсын дугаартай, ******* арлын дугаартай, Krone.SDP27 маркийн хагас чиргүүлийн зориулалттай, чиргүүл зэрэг тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. /9-10/
3.3. Нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслийг тус банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр өмчлөлийг шилжүүлэн авсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн байна. /хх-ийн 11/
3.4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ харилцаа үүссэн, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан гэрээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /цаашид фидуцийн гэрээ гэх/ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, Фидуцийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцэл хийсэн, уг хэлцлийг төгөлдөр гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг фидуцийн гэрээ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсгийг зөрчсөн. Фидуцийн гэрээ байгуулагдаагүй, хариуцагч гэрээнд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ болно... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
4. Хариуцагч нь зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн хүүд 2,853,699 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн хүүд 2,763,498 төгрөг, зээлд 80,000,000 төгрөг нийт 85,617,196 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээжээ.
4.1. Хариуцагчаас зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчид 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хүү 3,590,000 төгрөгийг төлсөн байна. Үүнээс хойш хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг нэхэмжлэгчид төлөөгүйгээс тэрээр 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, VOLVO-FH12 маркийн зүтгүүр, ******* АР улсын дугаартай, Krone.SDP27 маркийн чиргүүлийн хамт хариуцагчийн эзэмшлээс өөрийн өмчлөл эзэмшилд бодитойгоор шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар болон хэргийн 14 дүгээр тал дахь бичгийн баримтаар нотлогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.
4.2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж зохицуулсан.
4.3. Анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч бодитойгоор зээлдэгчээс гаргуулан авснаар зээлийн гэрээний үүрэг болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болно гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ...зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулан авснаас хойш зүтгүүрийг чиргүүлийн хамт 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, зээлийн гэрээний үүргээс 55,000,000 төгрөгийг, хүүгээс 5,000,000 төгрөгийг хасаж тооцсон боловч тээврийн хэрэгслийн үнэлгээ нь зээлдэгчийн төлбөл зохих үүргийг хангахад хүрэлцээгүй тул төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөг гаргуулна... гэж, хариуцагч татгалзлаа ...тээврийн хэрэгслийг ашиглаж чадалгүй ББСБ-д хураалгасан, анх барьцаалсан үеийн шинж чанар хэвээр байсан, үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, фидуцийн зүйлийг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус тайлбарласан.
5.1. Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр фидуцийн гэрээний зүйлийг бодитойгоор гаргуулан авснаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр н.******* гэх хүнд зээлээр 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасан.
5.2. Дээрх фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авах үед бодит үнэлгээг тогтоогоогүй, акт үйлдээгүй байх бөгөөд талуудын тохиролцсон фидуцийн гэрээнд үнийг 80,000,000 төгрөг гэж бичсэн байна. Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнд тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 80,000,000 төгрөг гэж заасан байхад уг үнээс доогуур 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй байна.
5.3. Мөн нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг худалдахдаа барьцаалсан тээврийн хэрэгслийн чанарыг муутгаж хүлээлгэн өгснөөр зээлийн төлбөрт хүрэхгүй байсан гэж тайлбарлан ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16, 17-ны өдрийн үнэлгээний тайланг шүүхэд гаргасан.
5.4. Уг тайланд зүтгүүрийг 30,000,000 төгрөгөөр, чиргүүлийг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Гэвч нэхэмжлэгч нь хожим фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэхдээ хариуцагчаас үнийн санал авч, үнэлгээ хийлгэх талаар мэдэгдээгүй байхаас гадна ******* ХХК үнэлгээ хийхдээ тээврийн хэрэгслийн биет байдлыг үзэлгүй зургийг үзэж, цахимаар ирсэн баримтын хэмжээнд үнэлгээ хийсэн, зах зээлд худалдан борлуулж буй ижил төстэй тээврийн хэрэгсэлтэй харьцуулсан судалгаа тайланд байхгүйгээс үзвэл энэ үнэлгээ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
5.5. Нөгөө талаар үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч нь уг гэрээний зүйлийг өөрийн эзэмшилд авсан үеэс зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, үүссэн үүрэг фидуцийг зүйлээр хангагдах учиртай.
5.6. Хэргийн баримтаас үзвэл зээлдүүлэгч нь зээлдэгчийн эзэмшилд байсан фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хураан авсан байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бодитоор гаргуулан авсан гэж үзнэ.
5.7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээгээр бодитойгоор хангуулснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул дуусгавар болсон зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч энэ эрхийг бус зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилгоор фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлэн авах эрхийг сонгон хэрэгжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болсон байна.
5.8. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж дүгнэн хариуцагч *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 61,392,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/03030 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 464,912 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ