Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/01057

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03181 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 37,400,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******, ******* нарын хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд *******,*******,*******, хаяг байршилтай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, 128 м.кв, 24 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан.

1.2. Зээлийн гэрээний хугацаа дуусаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад зээлдэгч нар утсаа авахгүй, зээлээ төлөхгүй байсан. Тухайн зээлийн хугацаанд үндсэн зээлээс төлөөгүй, гэрээний дагуу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хүүгийн төлөлт хийхгүйгээр 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 290 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Үүнийг гэрээний дагуу хүүгээр тооцоолон бодоход сарын хүү 1,000,000 төгрөг бөгөөд 290 хоногийн хүү 10,000,000 төгрөг болсон.

Мөн хуульд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүг тооцон төлнө гэж заасан. Нэмэгдүүлсэн хүүг хоногоор тооцоолон бодоход 2,000,000 төгрөг болсон. Нийт гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах дүн нь 32,000,000 төгрөг төлөгдөхөөр байна.

1.3. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа *******, ******* нарыг хариуцагчаар оролцуулахаар тусгасан боловч хариуцагч ******* олдохгүй байгаа бөгөөд эрэн сурвалжлагдаж байна. Иймээс хариуцагч байсан *******ийг хасаж, барьцаа хөрөнгийн өмчлөгч *******ыг хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна.

Мөн тус нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргаснаас хойш 144 хоногийн хугацаа өнгөрч нийт 434 хоногийн хугацаа хэтрэлттэй байх бөгөөд энэ хугацаанд төлөлт хийгээгүй. Иймээс зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлж тооцоолоход 1 сарын хүү 1,000,000 төгрөг ба 434 хоногийн хүү 14,500,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг хоногоор тооцооход 2,900,000 төгрөг байна.

Иймд *******, ******* нарыг хариуцагчаар оролцуулж, зээлийн гэрээний үүрэгт 37,400,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч *******аас 13,900,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн *******, 20 дугаар хороо, Баяндөхөм 24 гудамж, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 128 м.кв талбайтай хувийн сууц, 24 м.кв талбайтай гараж, тус хаягт байрлах хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэгдсэн 700 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 388,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 262,550 төгрөг, хариуцагч *******оос 35,100 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуулга, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний хүү тохирсон зэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Хариуцагч ******* нь зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа хийж чадаагүйн улмаас зээлдүүлэгчид зээлийн гэрээний үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүг сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөхөөр тохирсны үндсэн дээр хариуцагч нь зээлийн үндсэн хүү 3,000,000 төгрөг болон 6,100,000 төгрөг, нийт 9,100,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд "хүү гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүгээ төлсөн нь тогтоогдсон.

Гэтэл шүүхээс хугацаа хэтэрсэн хугацаанд ногдох хүү төлөгдсөн нөхцөл байдлыг зээлийн гэрээний эргэн төлөлтөд тооцохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Улмаар зээлдэгчийн хэтрүүлсэн хугацааны хүү нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүртэлх хугацаанд тооцоход 14,500,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг, нийт 34,500,000 төгрөг төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талууд нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд хүү тохирч зээлийн гэрээ байгуулсан, зээлдэгч нь төлбөр төлөх боломжгүй болсонтой холбоотойгоор хугацаа хэтрүүлсэн болон зээлдүүлэгчийн эрх ашиг, сонирхол зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр хэтэрсэн хугацааны хүү төлж байсан нөхцөл байдал нь талууд хугацаа хэтрүүлсний хүү төлөх тохиролцоотой байсан нь нотлогддог.

Иймд 14,500,000 төгрөгийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Талуудын хооронд 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн зээлийн төлбөрийг 3 сарын хугацаанд төлөх ёстой байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 10,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,000,00 төгрөг, нийт 32,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулан, зээлийн хүүг 4,500,000 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг 900,000 төгрөгөөр тус тус ихэсгэсэн байна.

 

3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нартай 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 20,000,000 төгрөгийг зээлдэгч *******, ******* нарт 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 6 тал/

 

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******, 20 дугаар хороо, Баяндөхөм 24 гудамж, хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 128, 24 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 7 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

3.3. Хэргийн 11 дүгээр тал дахь дансны хуулгаас үзвэл нэхэмжлэгч ******* нь ХААН банк дахь өөрийн тоот данснаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч *******ын ХААН банк дахь тоот дансанд барьцаат зээл өгөв, 20 сая зээл өгч дуусав гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. Ийнхүү нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

4. Хариуцагч ******* нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

5. Талууд зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаанаас тооцож, хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт зээл 20,000,000 төгрөг, зээлийн 3 сарын хүү 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөг нэхэмжлэгч *******д төлөх үүрэгтэй байна. Хэргийн баримтаар хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч *******аас зээлсэн мөнгөн хөрөнгөөс 8 удаагийн гүйлгээгээр нийт 9,100,000 төгрөгийг буцаан төлсөн байна.

 

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй гэж дүгнэн хариуцагч *******ын төлсөн 9,100,000 төгрөгийг түүний зээлийн гэрээний үүрэгт төлөх 23,000,000 төгрөгөөс хасч тооцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцжээ. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь бичгээр хүү тогтоосон зээлийн гэрээг байгуулаагүй тул хүү авах эрхээ алдах бөгөөд талууд гэрээний хугацаа дууснаас хойш гэрээг сунгах, хүүгийн талаар тохиролцоогүй учраас гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхгүй юм.

 

5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хүү болон хэтэрсэн хугацааны хүүг сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсоноор хариуцагч 9,100,000 төгрөгийг "хүү гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүгээ төлсөн... гэх тайлбар татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан нь гэрээгээр тохирсноос үүсэх үүрэг бус үүргийн зөрчилд хүлээлгэх хариуцлага юм. Гэрээгээр тохирсон хүү бол гэрээний үндсэн үүрэгт хамаарахаас гадна гэрээний хугацаагаар хязгаарладаг тул хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн нөхцөлд гэрээний хариуцлага гэж хуульд үндэслэн хэтэрсэн хугацааны хүүг шаардсан гэж үзэхгүй.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан иргэд хоорондын зээлийн гэрээ харилцаа үүссэн байхад нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн хүүгийн 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн зохицуулалт нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд хэрэглэгдэх бөгөөд зээлдэгчийн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг тооцох асуудал нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хэрэглэгдэхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 2,900,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

 

7. Дээрхээс дүгнэвэл, шүүх хариуцагч *******аас 13,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

8. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хасаж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

9. Анхан шатны шүүх барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч ******* төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******, 20 дугаар хороо, Баяндөхөм 24 гудамж, хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газзар, мөн хаягт байрлах, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 128, 24 м.кв талбайтай хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03181 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...452 дугаар зүйлийн 452.2... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ