Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1103

 

                      

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ундармаа, улсын яллагч Г.Цэрэнжамц, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02967 1321 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Д.О, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамжийн 196а тоотод буюу өөрийн гэртээ төрсөн хүү Б.Мөнгөншагайтай архи уулаа гэх шалтгаанаас маргалдан ноцолдож байх үедээ ногоо арилгаж байсан хутгаар хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Мөнгөншагайгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 15-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Батсүхээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 21/, Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Оээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамжийн 196а тоотод буюу өөрийн гэртээ төрсөн хүү Б.Мөнгөншагайтай архи уулаа гэх шалтгаанаас маргалдан ноцолдож байх үедээ ногоо арилгаж байсан хутгаар хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Д.Оийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гэртээ төрсөн хүү Б.Мөнгөншагайтай маргалдан ноцолдож байх үедээ хутгаар хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

           Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Мөнгөншагайгийн хохирогчоор өгсөн: "…Намайг 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг өнгөрч байхад гэрт ороход манай ээж Оюунчимэг хоол хийх гээд ногоо арилгаад байж байсан. Аав Батсүх ээж Оюунчимэг нар үсний найранд ороод ирсэн гээд архи уучихсан согтуу байж байхаар нь би “та нар яагаад архи уучихсан юм” гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм өөрийгөө хичээ гээд ээж бид хоёр маргалдсан. Тэгээд маргалдаж байхдаа ээж бид хоёр хоорондоо барьцалдаж аваад хэрэлдсэн. Тэгээд байж байхад миний гэдэснээс цус гарсан байсан. Би юу болсон юм бол гэж бодоод харахад ээж хутга барьчихсан байсан. Ээж бид хоёр барьцалдаад ноцолдож байхад би хутгалагдсан байх. Миний гэдэснээс цус гарахаар нь намайг харахад ээжийн гарт ногоо арилгаж байсан хутга нь байсан юм. Тэгэхээр нь би хутгыг нь ээжийн гараас авахад миний хуруу гар зүсэгдсэн юм." гэх мэдүүлэг /хх-н 17-18/

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батсүхийн өгсөн: "…Эхнэр хоол хийх гээд төмс арилгаж байсан юм. Би том өрөөнд байсан болохоор яг ямар байдлаас Мөнгөншагай хутгалуулсан гэдгийг хараагүй. Мөнгөншагай согтуу ээж рүүгээ агсраад ээжтэйгээ маргаад байсан. Намайг том өрөө рүү ороход хэвлийнээс нь цус гарчихсан байсан. Өөрөө болохоор ээж намайг хутгалчихлаа гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-н 21/

            Батлан хамгаалахын Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай:

            1. Б.Мөнгөншагайд хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний холбоосыг гэмтээж цусан хураагаар хүндэрч хатгагдсан шарх, зүүн шуу, зүүн гарын 2-р хурууны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний холбоосыг гэмтээж цусан хураагаар хүндэрч хатгагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, учрах үедээ амь насанд аюултай ШЭГЗТЖ-ын 3.1.11-д заасан “ХҮНД” зэргийн гэмтэл болно,

            3. Зүүн шуу, зүүн гарын 2-р хурууны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан “ХӨНГӨН” зэргийн гэмтэл болно,

            4. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй.” гэх дүгнэлт /хх-н 24-25/

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Оийн өгсөн: "...Мөнгөншагай намайг гэрт хоол хийх гээд ногоо арилгаад байж байхад 19 цагийн орчим орж ирсэн. Бөгөөд гэрт орж ирэхдээ архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би “чамд архи ууж болохгүй гэж хэлж байхад чи яагаад архи ууж ирж байгаа юм” гэхэд “чамд ямар хамаатай юм, чи миний мууг үзэж ханахгүй байна уу” гээд над руу дайрсан. Тэгээд над руу дайраад миний зүүн талын хацар хавьцаа цохьсон. Тэгэхэд би босож ирээд Мөнгөншагайг яаж байгаа юм гээд зуурч аваад бид хоёр зууралдсан. Тэгж байхад Мөнгөншагайгийн гэдэснээс цус гарчихсан байсан. Тэгээд Мөнгөншагай миний утсыг аваад цагдаа дуудаад намайг цагдаа ирээд аваад явсан." гэх мэдүүлэг /хх-н 35/

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Д.Оийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч Д.От ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Б.Мөнгөншагай нь энэ гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн зүйлгүй /хх-н 17-18/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй 19 см урттай 1 ширхэг хутга хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.