| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/5202/И |
| Дугаар | 181/ШШ2016/00773 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2016/00773
| 2016 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2016/00773 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: А
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Баттулга овогтой Б.Б нь Монгол Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаад 2012 оны 05 дугаар сарын 26-ны өдөр А ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 288/12 тоот тушаалын дагуу Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 015/59 тоот тушаалаар Зөвлөх албан тушаалд шилжин ажилласан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг ажлаас халсан гэж мэдэгдээд, компьютерээ авна гээд авсан. Харин албан ёсоор ажпаа хүлээж авах талаар надад юм хэлээгүй. Би Солонгос талын захирал албан ёсоор ажил хүлээж аваагүй, ажлаас халсан тушаал гардуулж өгөөгүй тул ажлаа хий гэхийг нь хүлээж байтал 15 хоног өнгөрсөн. Ингээд Намайг ямар үндэслэлээр ажлаас халсан бэ, тушаал танилцъя гэж утсаар асууж шаардахад чамайг халсан, өгөх тушаал байхгүй гэсэн хариу хэлсэн. Нийгмийн даатгалын дэвтэрээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 тоот тушаалаар чөлөөлөв гэсэн үг бичигдсэн байна. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсан талаар надад мэдэгдээгүй ба хууль бус шалтгаангүйгээр ажлаас халсан байгаа. Миний нэг сарын тарифт цалин 7900 ам.доллар байдаг тул энэ дүнгээс татвар хураамж тооцогдон төлж байсан. Харин сүүлийн үед Солонгос захирал ажилчдыг хүчээр амраах, цалинг хууль бусаар багасгах зэргээр дураараа загнаж байсан тул миний цалин хасагдсан байгаа. Би 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 4 дүгээр сарыг дуустал цалин аваагүй ажилласан ба Солонгос талын удирдлага Чи ажлаа сайн хийгээд санхүүгийн энэ хүндрэлтэй байдлыг арилгах талаар гүйцэтгэх ажлаа хэрэгжүүлж бай, цалинг чинь сарын 10.000 ам.доллараар тооцоод нэг мөр олгоод, зохих журмын дагуу бичилт хийж өгнө гэж байнга амлаж байсан тул би ажлаа хийсээр байсан. Гэтэл надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч өмнө өгвөл зохих цалин хөлсөө ч бодож олгоогүй байна. Надад хөдөлмөрийн гэрээ, намайг ажилд авсан, халсан тушаал байхгүй бөгөөд зөвхөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр ажил үүрэг гүйцэтгэж байсан, цалин хөлс авч байсан зэргээр нотлох болно. Б.Б.Б нь А ХХК-ийн 6,5 хувийн хувьцааг Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-иар дамжуулах эзэмшдэг. Иргэний хэрэг үүсгэх захирамж нь хэргийн эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул гэм буруутай талаар нотлох баримт болохгүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулалттай А ХХК нь анх 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд ийнхүү үүсгэн байгуулагдсан цагаас Б.Б.Б нь тус компанийн хувьцаа эзэмшигч байсан. Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол улс дахь хувьцаа эзэмшигчдийн хамтын ажиллагаа, харилцан тохиролцооны үндсэн дээр 2012 оны 5 дугаар сараас Б.Б.Б нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж ирсэн. 2013 оны 08 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гүйцэтгэх удирдлага ч солигдож, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны тогтоолоор Б.Б.Быг А ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлөн, орлогч захирлын албан тушаалд томилон өөрчилж, Пак Тэ Гюг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилохоор шийдвэрлэж үүний дагуу холбогдох бүртгэлийг хийлгэсэн. Б.Б.Б орлогч захирлаар ажиллахыг хүсээгүй тул өөрийнх нь хүсэлтээр орлогч захирлаар улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бөгөөд дан ганц Пак Тэ Гюүг гүйцэтгэх захирлаар бичүүлж бүртгүүлсэн.
Үүний дараагаар Б.Б.Б компанийн 6.5 хувийн хувьцааг өөрийн Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-иар эзэмшигч, Монгол талын түнш болохын нь хувьд, мөн монгол дахь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар илүү мэдээлэлтэй зэрэг байдлыг харгалзан үзэж, Б.Б.Быг А ХХК-ийн зөвлөхөөр ажиллуулах тухай хэлцлийг байгуулсан байдаг.
Уг хэлцлээр Б.Б.Б нь урьд гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеэс эхлүүлсэн, хариуцаж байсан зарим нэг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож, энэ хугацаанд Б.Б.Бд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үеийн цалинтай дүйцэх хэмжээгээр хөлс олгож, нийгмийн даатгалын төлөлтийг хийж ирсэн. Гэтэл Б.Б.Б нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа өмгөөлөгч Г.Баяржаргалтай 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г байгуулж, гэрээ байгуулснаас хойш 5 жилийн хугацаанд компанийн үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэх, баримт бичиг, гэрээ хэлцлийг боловсруулах, хянах, мөн компанитай холбоотой хэрэг маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нөхцөлийг тохиролцсон байх бөгөөд үүнийгээ Компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байх бөгөөд уг гэрээний үнийн дүнд нийт 340.000.000 төгрөгийг өмнө байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр мэтээр тайлбарлаж, компаниас гаргуулж өмгөөлөгч Г.Баяржаргалд олгосон байдаг. Мөн үүний дараагаар 2015 оны 9 дүгээр сарын 9, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай нэмэлт гэрээнүүдийг байгуулж, уг гэрээгээр тус компанид үзүүлсэн үйлчилгээндээ дахин их хэмжээний төлбөрийг давхар авч компанид хохирол учруулсан болохыг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн компанийн зарим хувьцаа эзэмшигчид болоод Г.Баяржаргал өмгөөлөгчтэй хийсэн уулзалтын үеэр олж мэдсэн. Б.Б.Б нь ийнхүү түншүүдийн хооронд итгэл эвдсэн зүй бус үйлдэл гаргаж, компанид их хэмжээний хохирол учруулан, өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэж чадахгүй болох нь дээрх үйлдлээс харагдаж байх тул компанийн удирдлагын зүгээс цаашид Б.Б.Бд ажлын өрөө тасалгаагаар ханган өгч, хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлсэн. Дээрх байдал нь Б.Б.Бын хувьцаа эзэмшиж буй байдалд нөлөөлөхгүй бөгөөд, компанийн 6.5 хувийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа билээ. Эндээс үзэхэд, талуудын хооронд Б.Б.Бын гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулдаг хөдөлмөрийн гэрээний харилцаа анхнаасаа бий болоогүй, гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хувиар хамтран ажиллах, нэг нь нөгөөдөө зөвлөх хүрээнд хэлэлцэж тохирсон бизнесийн түншлэлийн харилцаа л байсаар ирсэн. Иймд Б.Б.Бын ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.Б нь хариуцагч А ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
Хариуцагч А ХХК-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 015/59 дүгээр Орон тооны бус зөвлөх томилох тухай тушаалаар 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны тогтоолоор тус компанийн гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбогдуулан өмнө н А ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан Баттулга овогтой Б.Бын албан тушаалд дараах байдлаар өөрчлөлт оруулав гэж тушаалын 1 дэх заалтаар Баттулга овогтой Б.Быг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус компанийн захирлын орон тооны бус зөвлөөөр ажиллуулсугай гэж захирлын орон тооны бус зөвлөхөөр томилжээ.
2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр талуудын хооронд А ХХК-ийн тамга дарж, төлөөлөгчийн дарсан (тамга), ажил хүлээлцэх нэртэй тохиролцоо бичгээр А ХХК-ийн тамга дарж, төлөөлөгчийн дарсан (тамга), ажил хүлээлцэнгээ одоог хүртэл гүйцэтгэж ирсэн ажил үүргийг болон шинээр бий болгосон ажил үүргийн талаар хариуцсан хэсгийг дараахтай адилаар тогтоов.
1. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө гүйцэтгэж ирсэн бүх ажлыг үргэлжлүүлэн Б.Б захирал хариуцан гүйцэтгэнэ.
2. 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойших бий болох ажил үүргийн талаарх тус тусдаа хариуцсан ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэнэ.
Б.Б захирал: Уул уурхайтай холбогдох бүх төрлийн ажил үүрэг (Засгийн газрын ажлын дараахтай холбогдох ажил гэх мэт), Пак Тэ Гю захирал: Санхүү, хүний нөөц, хангамж гэх мэт ажлууд гэх агуулгатай тохиролцоог хийж, нэхэмжлэгч Б.Б.Быг томилсон болох нь талуудын тайлбараар тогтоогдов.
Хариуцагч А ХХК-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16/018 дугаар Хэлцэл тохиролцоог дуусгавар болгох тухай тушаалын 1 дэх заалтаар Баттулга овогтой Б.Б болон гадаадын хөрөнгө оруулагчийн төлөөлөгч бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн болон 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан тохиролцоог дуусгавар болгож, Б.Б.Быг орон тооны бус зөвлөхийн ажлаас чөлөөлсүгэй гэж заасан бөгөөд Б.Б нь гадаад хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, тус компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан хэлцлийн хүрээнд тус компанийн захирлын орон тооны бус зөвлөхөөр ажил үүргийг гүйцэтгэх явцдаа компанийн удирдлага хөрөнгө оруулагч нарын итгэл алдаж, компанийн нэрийн өмнөөс 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Глобал дилл ХХН-тэй үлэмж их хэмжээний /340.000.000 төгрөгийн/ үнийн дүн бүхий Эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлэх гэрээ-г байгуулсныг нуун дарагдуулсан, түүний улмаас компанид их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гаргасны учир цаашид түүнтэй хамтран ажиллах боломжгүй гэж үзэж Б.Б.Быг захирлын орон тооны бус зөвлөхийн ажлаас чөлөөлжээ.
Хариуцагч А ХХК-ийн бүтэц орон тоонд захирлын зөвлөхийн байнгын ажлын байр байхгүй болох талуудын тайлбараар тогтоогдож байна. /энэхүү үйл баримтад талууд мараагүй/.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.
Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан болох нь 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн болон 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан тохиролцоо, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Б.Б.Б нь А ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан ба захирлаар ажиллаж байх үеэс эхлэн талууд тохиролцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр тохиролцож, хуульд заасан хэмжээгээр төлж иржээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно, 28.2-д Энэ хуулийн 28.1 нь хавсран ажиллахад нэгэн адил хамаарна. гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Б.Бын Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нь Алтан Уул Ресорсис Лимитед ХХК нь АГМ майнинк ХХК-ийн 6.5 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь А ХХК-ийн дүрэм, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Б.Б.Б нь Алтан Уул Ресорсис Лимитед ХХК-ийн хувьцааг эзэмшдэг тул А ХХК-д удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулан ажиллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Талууд Алтан Уул Ресорсис Лимитед ХХК нь нэхэмжлэгч Б.Б.Бын нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд А ХХК-ийн хувьцааг Б.Б.Б компаниараа дамжуулан эзэмшдэг талаар талууд маргаагүй тул баримтаар нотлох шаардлагагүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-д Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно. гэж заажээ.
Хөлсөөр ажиллах гэрээ талууд гэрээг цуцлах эрхтэй бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.Б.Б нарт холбогдуулан хариуцагч А ХХК-иас 1.537.530.213 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянагдаж байгаа болох нь иргэний хэрэг үүсгэх тухай 451 тоот захирамжаар тогтоогдов.
Хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгчийг захирлын орон тооцны бус зөвлөхөөр томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь талуудын тохиролцоонд үндэслэсэн бөгөөд талуудын тохиролцоог дуусгавар болгох агуулгатай байгаа нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тохиролцоонд үндэслэж ажиллуулж байсан үйл баримт дээр мараагүй атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа нь үндэслэл муутай байна. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа бус иргэний эрх зүйн харилцаа үүссэн тул хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй юм.
Иймд хариуцагч А ХХК талуудын тохиролцоо буюу хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Б.Бын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. 41 үгээ 41.1.5-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР