| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/28349/И |
| Дугаар | 210/МА2026/01137 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01137
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09956 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 2,338,047 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хянаад хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээл 1,105,249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,221,298 төгрөг, нотариатын зардал 11,500 төгрөг, нийт 2,338,047 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зээлийн 1,105,249 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Хариуцагч ******* нь ******* аппликэйшнээр зээл авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч ******* ХХК хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр зээлийн гэрээг байгуулж, талууд цахим гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д заасны дагуу цахим хэлбэрээр хэлцэл хийсэн үзнэ.
3.2. Дээрх цахим зээлийн гэрээгээр зээлдэгчид олгох зээлийн доод хэмжээ 50,000 төгрөг, дээд хэмжээ нь зээлдэгчийн зээлжих эрхээр хязгаарлах ба 3,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх, худалдан авалтын зээл нь 30-180 хоног дотор төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийсэн тохиолдолд хүү тооцохгүй, зээлдэгч хуваарьт төлөлтөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн хуваарийн төлөх дүнгээс сарын 5 хувь буюу өдрийн 0,17 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 13-15 тал/
3.3.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчийн нэрлэн заасан Голомт банк дахь ******* ХХК-ийн эзэмшлийн ******* тоот дансанд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,658,520 төгрөгийг *******-C 098 18-24 хүртэлх лизинг өглөг гэх утгатайгаар шилжүүлэн өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.
3.4. Хэргийн баримтаар хариуцагч цахимаар зээл авах хүсэл зоригоо илэрхийлж, уг хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авч, цахим гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1, 421.2, 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.5. Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор аваагүй, зээлийг ашиглан манай найз гар утас худалдан авсан гэж тайлбарласан нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь хариуцагч цахимаар байгуулсан, зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, өөр бусдад ашиглуулсан нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл биш юм. /хх-ийн 53 тал/
3.6. Хэргийн 16 дугаар тал дахь баримтаар хариуцагч нь үндсэн зээлээс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 552,751 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь тогтоогдсон. Үүнээс хойш хариуцагч нь зээлийн төлбөр төлөх төлөх үүргээ зөрчсөн буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ төлсөн бол хүү болон шимтгэл төлөхгүй, харин хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний хүү тооцно. Зээлийн мэдээллийн санд худалдан авалтын зээлд зээлийн хүү тооцсон гэж харагдахгүй, харин нэмэгдүүлсэн хүү тооцсоноор харагдах боломжтой байдаг. Тиймээс үндсэн хүү нэхэмжилж нэхэмжлэл гаргахгүй боломжгүйгээс нэмэгдүүлсэн гэж шаардсан гэж тайлбарласан.
4.1. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар хариуцагчтай гэрээгээр тохиролцох боломжтой байжээ.
4.2. Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******тэй зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хүүгийн талаар тохиролцоогүй атлаа нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь талууд гэрээгээр тохирч зээл олгохдоо зээлийн хүүгийн талаар тохиролцоогүй нөхцөлд зээл төлөх хугацаа хэтрүүлж, үүрэг зөрчсөн тохиолдолд хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.
Иймд анхан шатны шүүх хариуцагч *******өөс үндсэн зээл 1,105,249 төгрөг, нотариатын төлбөрт 11,500 төгрөг, нийт 1,116,749 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,221,298 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 33,862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ