Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/908

 

  2019      10           24                                     2019/ШЦТ/908                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/0908/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Г.Сундуй,

Нарийн бичгийн дарга: Б.Болд-Эрдэнэ,

Шүүгдэгч О.Д /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 1909037211110 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 26а байрны 21 тоотод оршин суудэг боловч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг, Баян Өндөр 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О.Д /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны ард иргэн М.Батсайханыг нүүрэн тус газар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн 4 дүгээр курст суралцдаг. Намар хичээл эхлээд удаагүй байхад манай доод курсийнхэн буюу 3 дугаар курсийнхэн бид хэдийг доош хийж, 4-ийн хэдэн өлбийсөн юмнууд энэ тэр гэж элдэв яриа гаргасан байсан. Бид уг нь доод курсийнхэндээ аль болох тусалж сайн ханддаг байсан. Тийм яриа гаргасан болохоор нь уур хүрч байсан. Тэгээд 2019.09.23-ний өдөр доод курсийн 2-3 оюутантай бид нар энэ асуудлаар уулзсан. Дүү нартай уулзахад биднийг муулсан байсан учир манай ангийн Батсайхан тэр Батсайханыг алгадсан. Тэгсэн чинь Батсайхан манай ангийн Батсайханыг дайраад газар унагачихаар нь би салгах гэж очсон боловч салахгүй зууралдаад Батсайхан өөдөөс дайраад байсан учир би нүүрэн тус газарт нь цохичихсон юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр маань жирэмсэн            12 сард төрөх юм. Энэ байдлыг маань харгалзан үзнэ үү гэв. ” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Батсайханы өгсөн мэдүүлэг, гэрч Г.Батсайханы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №11670 дугаартай дүгнэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Оюундалайн О.Д нь 2019.09.23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны ард Монгол улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн доод курсийн оюутан хохирогч  Мөнх-Очирын Батсайханыг дээд курсийнхэн буюу өөрсдийг нь муулж доош хийсэн яриа гаргасан гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

М.Батсайханы хохирогчоор болон гэрчээр өгсөн: “...9 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед манай Дүрслэх урлаг технологийн сургуулийн 4 дүгээр курсийн ах нар доод курсийн оюутнуудыг дуудсан. ...Тэгээд би зогсож байхад О.Д гэх ах миний баруун хацар руу 1 удаа алгадахад миний нүдний шил газар уначихаар нь би нүдний шилээ аваад ...О.Дгийн цээж рүү гараараа түлхсэн. ...О.Д толгой руу гараараа 1-2 удаа, уруул руу 1 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 6, 7 тал/,

Гэрч Г.Батсайханы: “...9 сарын 23-ны өдөр 14 цагийн үед Давка бид нар доод курсийн оюутнуудыг дуудаж уулзаад яагаад та нар араар муулаад байгаа юм гэж хэлээд Мөнхбаярын хацар руу нь нэг удаа алгадсан. ...Өргөдөл гаргасан хүүхэд над руу дайраад намайг газар унагаагаад дээрээс гараараа цохисон чинь О.Д ирээд тэр хүүхдийг хэд, хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 30- ны өдрийн №11670 дугаартай: “...М.Батсайханы биед тархи доргилт, хамар, зүүн хацар, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.Д болон бусдын хувьд ах дүү, дээд доод он, курсийн ялгаа гаргах гэсэн гэнэн томоогүй, томрох тодрох гэсэн давилуун зан, бусдыг үл хүндэтгэсэн байдал нь шууд нөлөөлсөн байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Дгийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусадтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч О.Д-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч М.Батсайхан нь “...миний бие О.Дтэй сайн дураараа эвлэрсэн, гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан, цаашид надад гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 36 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч О.Дг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Д-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР