Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1100

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн, улсын яллагч Г.Цэрэнжамц, хохирогч С.Баярсайхан, түүний өмгөөлөгч Д.Хишигням, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баягууд овогт Намсрайн Ариунсэлэнгэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05608 1053 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Н.А, 1988 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Үндэсний зоог”-т туслах тогооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол Үйлдвэрчиний эвлэлийн гудамж 9-58 дугаар байр 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ам бүл 6, ээж, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. /РД:УК88112346/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Н.А нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд явж байхдаа иргэн С.Баярсайханыг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

               Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...Баярсайхан, Цэрэнбаяр нарын хэлж байгаа шиг би зүгээр байхад нь нүүрэн тус газар нь цохисон асуудал болоогүй. 6 дугаар сарын 23-ны орой бид хэд амралтаас буцаж явж байхад автобусанд явж байсан бүх хүмүүс нилээн согтуу байсан. Тэгээд Цэрэнбаяр, Баярсайхан хоёр хоорондоо маргалдаад дараа нь Шинэнавч энэ тэртээ маргалдаад хамгийн сүүлд манай найзуудтай маргалдсан. Тэгээд би дундуур нь орж салгаад хамгийн түрүүнд Цэрэнбаяр надад эхэлж гар хүрсэн. Тэгээд Баярсайхан дундуур орж ирээд тэгээд энэ асуудал үүссэн.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Баярсайхан мэдүүлэхдээ: “...Хагалгааны зардал 2.900.000 төгрөгийг төлсөн байгаа. Mүүнийг гаргуулж авах хүсэлтэй байна. Өөр би илүү дутуу юу ч нэхээгүй зөвхөн эмчилгээний зардлаа л нэхэмжилсэн байгаа. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 11-13/,  мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Баярсайханы хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 22-27/, мөрдөн шалгах ажиллагаанд С.Шинэнавчын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 31-33/, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Оюунгэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 34-36 мөрдөн шалгах ажиллагаанд Т.Цэрэнбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 37-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8068 дугаартай дүгнэлт /хх-н 43/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Ариунсэлэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 53-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47-48/, хохирлын баримтууд /хх-н 60-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Н.А нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд явж байхдаа иргэн С.Баярсайханыг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Н.Ариунсэлэнгийг 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн С.Баярсайханы нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

            Мөрдөн шалгах ажиллагаанд С.Баярсайханы хохирогчоор өгсөн: “...Ариунсэлэнгэ гэх надтай огт муудалцаагүй танихгүй эмэгтэй шууд миний нүүрэн тус газарт хамар руу 2 удаа цохьсон. Улмаар би ухаан алдаад уначихсан байсан. Удалгүй би сэргээд ухаан ортол эргэн тойронд намайг хараад хамар нь мурийчихсан их цус гарч байна гээд сандарсан хүмүүс байсан. Би босоод хамраа дарж сууж байгаад дахин ухаан алдсан байсан. Би Н.Ад цохиулсанаар 5-н удаа ухаан алдаж унасан..." гэх мэдүүлэг /хх-н 24-25/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Шинэнавчийн өгсөн: “...Автобус зогсоод би бие засах гээд гарч яваад буцаад автобусанд ороод иртэл автобусанд дотор хүүхнүүд голдоо шамбааралдчихсан байсан. Би очоод юу болсон талаар асуухад Баярсайханы хамраас цус гарчихсан байсан. Тэгсэн Баярсайхан өөрийн хамарнаас гарч байгаа цусаа харангуутаа автобусан дотор ухаан алдаад уначихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Баярсайхан гайгүй болж ухаан ороод сандал дээр сууж байгаад дахиад ухаан алдаад уначихсан. Тэгээд бид нар түргэн дуудсан. Баярсайханыг хэн цохисон талаар асуухад Ариунсэлэнгэ миний хажууд зогсож байхдаа найз нь Баярсайханыг цохичихсон юм гэж хэлсэн. Тэрнээс биш би өөрийн нүдээр бол хараагүй. Надад бас Оюунгэрэл хэлэхдээ Ариунсэлэнгэ би хүн алчихлаа гээд орилоод байсан гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-н 31-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Оюунгэрэлийн өгсөн: "…Автобусан дотор бүгд л хоорондоо хэрүүл маргаан хийж байсан. Би ерөнхийдөө архи бага уусан эрүүл байсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн харсан. Ариунсэлэнгэ сууж байснаа юунаас ч болсон юм мэдэхгүй шууд босч ирээд Баярсайханы нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Цохихдоо гараа зангидаж байгаад цохисон." гэх мэдүүлэг /хх-н 35/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цэрэнбаярын өгсөн: “...Би Шинэнавчтай маргалдаад байж байтал Баярсайхан бидний дундуур ороод салгах гэж байтал Ариунсэлэнгэ гэх эмэгтэй босч ирээд Шинэнавчийг өмөөрөөд над руу дайрч намайг цохих гэж байгаад Баярсайханы нүүрэн тус газар нь гараараа цохиод Баярсайхан газар унатал дээр нь сууж байгаад нүүр рүү нь бас нилээн олон удаа цохиод байх шиг байсан. Би Ариунсэлэнгийг Баярсайханы дээрээс араас нь татаад босгоход Баярсайханы хамраас цус гарч ухаан алдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 38/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 8068 дугаартай:

1. С.Баярсайханы биед хамар яс, хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт, дух, хамар хүзүү, хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 43/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.А өгсөн: "…Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Баярсайхантай маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж тухайн гэмтлүүдийг С.Баярсайханы биед учруулсан. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй." гэх мэдүүлэг /хх-н 54-55/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Н.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 450 нэгж, дээд хэмжээ 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэрэг 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхээр хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусанд явж байхдаа иргэн С.Баярсайханыг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.  

Хохирогч С.Баярсайхан нь баримтаар 2.900.000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурда