| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/25202/И |
| Дугаар | 210/МА2026/01138 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01138
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 197/ШШ2026/06256 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 14,989,402.91 төгрөг гаргуулах үндсэн,
2,035,894.36 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,145,390.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,813,392.40 төгрөг, шимтгэл 20,620 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 14,989,402.91 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 2,035,894.36 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Талууд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь 14,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 2 жилийн хугацаатай, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү худалдан авалтын гүйлгээнд сарын 0.4 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 0.6 хувь байхаар зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэлийг төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 14-17 тал/
3.2. Энэ өдөр талууд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж, гэрээгээр кредит карт эзэмших гэрээний үүргээ зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд ирээдүйд мөнгөн хэлбэрээр орж ирэх орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, мөн талууд Баталгааны гэрээ-г байгуулж, гэрээгээр зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу банкнаас зээлсэн мөнгөн хөрөнгө, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, уг төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хх-ийн 17-20 тал/
3.3. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдаж талууд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* ХК-ийн нэхэмжилсэн зээл 3,300,748.41 төгрөг, хүү 13,696,028.86 төгрөг, шимтгэл 21,020 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 17,025,297.27 төгрөгийг ******* хүлээн зөвшөөрч, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус банканд төлж барагдуулахаар тохиролцсон. /хх-ийн 59-60/
3.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар эвлэрлийн гэрээний дүнг хэрхэн тооцсоныг нягтлах боломжгүй, утга, дүн зөрүүтэй, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлсөн эсэх нь тодорхой бус, өргөдөлд энэ талаар тусгаагүй гэх үндэслэлээр дээрх эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан байна. /хх-ийн 57-58/
3.5. Хэргийн 70-72 дугаар талд авагдсан баримтаар хариуцагчийн *******ийн дээрх зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ХААН банк дахь Т.Наранцэцэгийн ******* тоот данснаас 1,375,300 төгрөг, мөн Төрийн банк дахь ******* тоот данснаас 5,000,000 төгрөг, 7,500,000 төгрөг, 3,180,000 төгрөг, нийт 17,055,300 төгрөгийг 365 эвлэрлийн гэрээний журмын дагуу төлбөр гэх гүйлгээний утгаар *******ны ******* тоот дансанд шилжүүлсэн байна.
4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
4.2. Талууд гэрээний 3.8-д карт эзэмшигчийн төлбөр төлөх үед банканд төлөх нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, шимтгэл, хураамжийг эхэлж төлөгдөн, мөнгөний гүйлгээ, шилжүүлгийн гүйлгээ, худалдан авалтын гүйлгээ гэсэн дарааллаар төлөгдөх бөгөөд гүйлгээний төрөл дотроо хийгдсэн он, сар, өдрийн дарааллаар төлөгдөнө гэж тохирсныг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Хэргийн 73-82 дугаар тал дахь нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч *******ийн зээлийн тооцооллын баримт болон 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга зэргээс үзвэл зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 13,717,048.86 төгрөг, хүү 15,474,261.65 төгрөг, нийт 29,191,310.51 төгрөг төлөх байсан гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.
4.4. Хариуцагч татгалзлаа ...эвлэрлийн гэрээний дагуу 17,025,297.27 төгрөг төлөхөөр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулсан. Гэвч шүүхээс эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан байсныг 2025 оны 01 дүгээр сард мэдсэн. Банкнаас 2022 онд тооцооллыг буруу хийж нэхэмжлэл гаргасан. Гэрээний төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.5. Зээлийн төлбөрт 17,025,300 төгрөг төлснөөр зээлийн төлбөрийн үлдэгдэл үлдсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.6. Талууд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулах үед зээлийн гэрээний үүрэг 17,025,297.27 төгрөг байсан байна. Шүүх эвлэрлийн гэрээг батлаагүй боловч уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 17,025,297.27 төгрөг төлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанаас хойш хариуцагч ******* 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 17,025,300 төгрөг нэхэмжлэгч ******* ХК-д төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.
Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Иймд хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 17,025,300 төгрөг төлснөөс хойших хугацаанд үлдсэн зээлд хуульд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцогдож, нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсаныг буруутгахгүй.
4.7. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн 17,025,300 төгрөгөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 15,474,261.65 төгрөгийг зээлийн хүүд, 1,420,000 төгрөгийг зээлд тус тус тооцож, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12,145,390.51 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 2,812,392.40 төгрөг үлдсэн болох нь тооцооллын хүснэгт дансны хуулга зэрэг баримтаар нотлогдсон байна.
4.8. Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг гэрээгээр тохирсон төлөх дарааллын дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон зөв боловч уг төлбөрийг үндсэн зээлийн 12,145,390 төгрөгөөс дахин 1,581,038 төгрөгийг хасаж тооцон хариуцагчаас 10,564,352.16 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байгааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулав.
4.9. Хэргийн 83 дугаар талд авагдсан ******* ХК-ийн дансны хуулгаар хариуцагч нь эвлэрлийн гэрээнд тусгасан 17,025,300 төгрөгийг төлснөөс нэхэмжлэгч зээлийн хүүд 15,474,261.65 төгрөгийг хасаж, зээлд 13,701,320 төгрөг үлдсэн бөгөөд үүнээс төлбөрийн үлдэгдэл зөрүү 1,420,000 төгрөг, мөн зээлд төлөгдсөн 144,909.49 төгрөгийг тус тус хасаж 12,166,010.51 төгрөг үлдэх юм. Үүнээс шимтгэл 20,620 төгрөгийг хасахад хариуцагчийн төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөрийг 12,145,390.51 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.
4.10. Иймд хариуцагчаас 12,145,390.51 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
5. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тухайд:
5.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.
5.2. Талууд зээлийн гэрээгээр зээлийн хүүг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү худалдан авалтын гүйлгээнд сарын 0.4 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 0.6 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нийт 3.6 хувь байхаар тооцсон нь хуульд заасан үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцээгүй гэх гомдлыг хангахгүй.
5.3. Анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 233 хоногоор хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, худалдан авалтын гүйлгээний сарын хүү 2 хувь, нэмэгдүүлсэн хүү 0.4 хувь, жилийн 28.8 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээний сарын хүү 3 хувь, нэмэгдүүлсэн хүү 0.6 хувь, жилийн 43.2 хувь гэж зөв дүгнэсэн боловч шүүх давхардуулан 1,581,038.35 төгрөгийг зээлээс хассаны улмаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буруу тооцсоныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна дүгнэв.
5.4. Бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээний дүн болох 6,145,390 төгрөгөөс /3,385,090.15+2,000,000+760,000/ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол 6,145,390*43.2=2,654,808:365=7,273.4*233=1,694,713 төгрөг болно. Харин худалдан авалтын гүйлгээний дүн болох 6,000,000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол 6,000,000*28.8=1,728,000:365=4,734*233=1,103,079 төгрөг болно.
5.5. Иймд хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 2,812,392.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
6. Түүнчлэн, хэргийн баримтаар нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний хөлс 11,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, мөн талууд гэрээгээр шимтгэлийг тохиролцсон байхад анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хариуцагчаас нотариатын зардал 11,000 төгрөг, шимтгэл 20,620 төгрөг тус тус гаргуулж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.
7. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
7.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...банктай 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр карт эзэмших гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Тус зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар иргэдийн болон бизнесийн зээлийг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гарч байсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй. Нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүүг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож, нийт 17,025,297.27 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү зогсоосон гэж дансанд тэмдэглэл хийсэн тул шаардах эрхгүй. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 365 дугаар эвлэрлийн гэрээгээр 17,025,297.27 төгрөгийг төлсөн. Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14,989,402.91 төгрөг гаргуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан гэж үзэж байна. Иймд илүү төлсөн 2,035,894.36 төгрөг /17,025,297.27-14,989,402.91/-ийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч татгалзлаа ...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 365 дугаар эвлэрлийн гэрээ байгуулсан боловч эвлэрлийн гэрээг шүүхээс батлахаас татгалзсан. Тиймээс зээлийн хүү үргэлжлүүлэн тооцсон. Мөн хариуцагч төлөхөөр тохиролцсон 17,025,297.27 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлж төлсөн. Шаардаж байгаа 14,989,402.91 төгрөг нь төлөгдөөгүй зарцуулалт, хүү тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
7.2. Хэргийн баримтаар талууд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч нь нийт 17,025,297.27 төгрөг төлөхийг зөвшөөрсөн боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч дээрх эвлэрлийн гэрээгээр тохиролцсон төлбөрийг хожим төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон.
7.3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг хуульд нийцүүлэн тодорхой болгож баталгаажуулаагүй, эвлэрлийг баталгаажуулахаар татгалзсан захирамжийг хүчингүй болсон, өөрчлөлт орсон үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч илүү төлөлт хийсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь хэргийн баримтаас үзвэл хариуцагч нь үндсэн зээл 12,145,390.51 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2,812,392.40 төгрөг, шимтгэл 20,620 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 14,989,402.91 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Харин хариуцагчийн төлсөн 17,025,297.27 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн зээлээс хасаж тооцсон тул хариуцагчийн илүү төлсөн 2,035,894.36 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
7.4. Түүнчлэн, шүүх талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулаагүй тохиолдолд зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал хариуцагчийн буруугаас болоогүй гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...эвлэрлийн гэрээ байгуулснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******ээс үндсэн зээл 12,145,390.51 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2,812,392.40 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, шимтгэл 20,620 төгрөг нийт 14,989,402.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 197/ШШ2026/06256 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 14,989,402.91 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 2,035,894.36 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...221,767 гэснийг ...232,897 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 47,964 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч *******ийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 221,767 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ