| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/07767/И |
| Дугаар | 210/МА2026/01139 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01139
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/03782 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* миний бие хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээгээр хариуцагч нь ,ны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны 63.59 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч тохирсон үнийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний 3.3-т захиалагч нь гэрээний 3.1-д заасан төлбөрийг компанид хавсралт 2-т заасан графикийн дагуу төлнө гэж заасан. Гэрээний хавсралт 2-т орон сууцны төлбөрийн графикт нэгдүгээрт захиалагч нь орон сууцны төлбөрт ******* ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах 5560 м.кв талбайтай газрыг 160,000,000 төгрөгт тооцон ******* ХХК-ийн менежер *******ийн нэр дээр шилжүүлэх, хоёрдугаарт 2023 оны 06 дугаар сард ******* ХХК-ийн захирал *******ын Хаан банкны дансанд газрын үнэ болох 160,000,000 төгрөгийг шилжүүлж орон сууц захиалгын гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцож энэхүү орон сууц тохиролцооны гэрээг байгуулав гэж, гуравдугаарт үүгээр газар худалдах, худалдан авах төлбөртэй асуудал дууссан гэж үзнэ гэж заасан.
Талууд ******* ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах 5560 м.кв талбайтай газрыг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг орон сууц захиалгын гэрээгээр халхавчилсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна. Харин талуудын хооронд хийсэн орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл боловч халхавчилсан хэлцэл хүчин төгөлдөр юм. Учир нь талууд харилцан тохиролцож нэг тал газар шилжүүлэх, нөгөө тал төлбөр төлөх үүргийг хүлээж түүнийг хэрэгжүүлэх хүсэл зоригийг илэрхийлж санал нэгдэж гэрээнд заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дагуу ******* ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын хамтаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн менежер *******ийн нэр дээр шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг барагдуулахгүй байна.
1.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК нарын байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ бол бие даасан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл юм. Тус гэрээний хавсралт 2-т нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг 160,000,000 төгрөгт тооцон хариуцагч компанийн менежер *******т шилжүүлэх үүргийг хүлээж, харин хариуцагч ******* ХХК нь 160,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснөөр тухайн захиалгын гэрээ цуцлахаар талууд харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, талууд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ гэсэн бие даасан хэлцэл болон тус гэрээтэй холбоотой үүргийн хэлцлийг хавсралт 2 хуудсаар байгуулсан. Хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, худалдах, худалдан авах гэрээ хууль зөрчиж хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг 160,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах үндэслэлгүй гэж маргасан.
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл анхнаасаа буюу байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг хангасан. Учир нь *******д 5560 м.кв эзэмших эрхтэй газартай ******* ХХК-ийг 160,000,000 төгрөгөөр бусдад худалдах сонирхол байсан болохоос биш хариуцагч ******* ХХК-аас байр орон сууц худалдаж авах, эсвэл орон сууц худалдан авсан төлбөрт ******* ХХК-ийг 160,000,000 төгрөгөөр тооцож өгөх санаа зорилго байгаагүй. Нэхэмжлэгч ******* болон ******* ХХК нарын хооронд орон сууц захиалгын гэрээнээс гадна ******* ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан. Тус үүргийн хэлцлээр ******* нь ******* ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд ******* ХХК-ийг шилжүүлж өгөх, ******* ХХК нь ******* ХХК-ийг өөрийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлэн авсны хариуд 160,000,000 төгрөгийг *******д шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн
Тус үүргийн хэлцлийн үүрэгт хариуцагч нараас 160,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагаврыг арилгуулахаар эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь манай компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж буй энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан эрх зүйн үр дагаврыг шаардах эрхтэй боловч харилцан буцаалцах зүйл байхгүй. Орон сууц захиалгын гэрээний дагуу өгсөн, авсан зүйлийг харилцан буцаах бол нэхэмжлэлийн үнэ болох 160,000,000 төгрөгийг аваагүй, тийнхүү хөрөнгийн шилжүүлэг хийгээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
2.2. Орон сууц захиалгын гэрээний хавсралт 2-ын 1 болон 2-т заасан зохицуулалтаар ******* ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах 5560 м.кв газрыг 160,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 39.1.1-д ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно гэж зохицуулснаас үзэхэд газар ашиглах эрх авсан газар ашиглагч нь бусдад өөрийн газраа хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэн ашиглуулахыг хориглосон байх ба ийнхүү шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх ,ад ч байдаггүй.
Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан зохицуулалтуудаас үзэхэд газар эзэмшигчийн хуулиар олгосон зарим эрх, үүрэгтэй адил байх боловч мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан эрхүүдийг хуулиар олгоогүй байгаагаас үзэхэд газар ашиглах эрхийн тухайд уг эрхийг газар ашиглагчаас бусдад шилжүүлэх, газар ашиглах шийдвэр гаргасан этгээдээс түүнийг бусдад шилжүүлэх тухай шийдвэр гаргах нь хориглогдсон гэж үзэхээр байна. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах нь тусгай зөвшөөрөлд хамаардаг.
Талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байх тул тусгай зөвшөөрөл, тэр дундаа тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх буюу газар худалдсан гэж үзэхгүй, тухайн газрыг худалдах эрх зүйн боломж анхнаасаа байгаагүй. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 19-т Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно гэж заасан тул газар худалдах, худалдан авахаар тохиролцсон хэлцэл нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, хууль зөрчсөн хэлцэл юм. Харин ******* ХХК-ийн хувьцааг бусдад худалдах, эрх шилжүүлсэн эсэх нь манай компанид хамааралгүй бөгөөд менежер *******т компанийн эрхийг шилжүүлсэн эсэх нь манай компаниас 160,000,000 төгрөг шаардах эрх зүйн үндэслэл биш байх бөгөөд ийнхүү шаардах эрхгүй гэж үзнэ.
3. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хоёр хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. *******ын нэхэмжлэлд надтай байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж буй атлаа 160,000,000 төгрөг гаргуулах нь эрх зүйн үндэслэлгүй, хууль бус нэхэмжлэл гэж үзэж байна. Учир нь миний бие *******аас газар худалдаж аваагүй, харин ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан байхад 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах эрхийг бусдад худалдах боломжгүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдад худалдах боломжтой бөгөөд ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ, хэлцэл нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн хувьцааг буцаан авах боломжтой буюу өгсөн, авснаа буцаах эрх зүйн үр дагавартай байдаг. Тодруулбал, ******* ХХК-ийн хувьцааг миний бие бусдад шилжүүлээгүй ба аливаа компанийн хувьцаа нь өгсөн, авснаа буцаалцах боломжтой хөрөнгө учраас 1,000,000 төгрөгийн үнийг гаргуулахаар шаардах эрхгүй юм.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 160,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрт маргааны зүйл нь 2023 оны 02 сарын 01 өдрийн орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр эсэх, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг шаардах эрхтэй эсэх талаар маргасан гэсэн буруу дүгнэлтийг хийснээр хууль бус шийдвэр гарах шалтгаан болсон. Тус хууль бус шийдвэртээ Иргэний хуулийн зүйл заалтуудыг буруу хэрэглэж, хамааралгүй хууль тогтоомжуудыг шийдвэрт тусгаж, хэрэглэх ёстой хуулиудыг орхигдуулж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын маргаагүй асуудлыг маргасан мэтээр хууль бус дүгнэлтийг хийсэн. Шүүхийн хэлэлцүүлгээс харахад талууд 2023 оны 02 сарын 01 өдрийн орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэгтэй аль аль нь маргахгүй хүлээн зөвшөөрдөг, харин тус гэрээний хавсралт 2 гэх хуудсыг бие даасан хэлцэл мөн эсэх дээр маргасан.
Тухайн хавсралт 2 гэх хуудас нь дээрх орон сууц захиалгын гэрээ байгуулахаас өмнөх тохиролцоог баталгаажуулсан байдаг бөгөөд тэрхүү тохиролцоо нь аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхтэй компанийн эрхийг 160,000,000 төгрөгөөр хариуцагч компани болон түүний хамаарал бүхий этгээдэд худалдаж байгаа бие даасан үүргийн хэлцлийн шинжийг агуулж байна. Харин 2023 оны 02 дугаар сарын 01 өдрийн орон сууц захиалгын гэрээ нь дээрх үүргийн хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангах санаа зорилго агуулж хийгдсэн байгаа нь хэргийн үйл баримтаас тодорхой харагддаг. Гэвч шүүх энэхүү тодорхой асуудлын талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд тухайн асуудалд хууль эрх зүйн дүгнэлтүүдийг удаа дараа буруу хийж, буруу хуулиудыг хэрэглэж, шаардлагагүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлийг хууль зөрчиж хэсэгчилж хангасан. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 02 сарын 01 өдрийн орон сууц захиалгын гэрээний хавсралт 2 хуудас гэх баримт бол талуудын хооронд анхнаасаа хийгдэж байсан улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаартай 5560 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай гэрчилгээтэй ******* ХХК-ийн эрх, үүргийг 160,000,000 төгрөгт тооцсон үүргийн хэлцэл байгуулж тус үүргийн хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээгээр хангахаар тохиролцсон үйл баримт хэргийг хэлэлцэх үед тогтоогдсон.
Гэрээний эрх зүй нь Иргэний хуулийн 8 зүйлийн 8.1.1-д тусгаснаар хэлцлийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаанд хамаардаг. Эдгээр гэрээний гол нөхцөлийг агуулсан зохицуулалтуудыг авч үзвэл тухайн гэрээг байгуулснаар холбогдох үүрэг үүснэ хэмээн тэмдэглэсэн байдаг. Ийнхүү үүрэг үүсгэхэд чиглэсэн үүргийн эрх зүйн шаардах эрх л олгож байдаг гэрээ хэлцлийг үүргийн хэлцэл гэдэг. Энэ онолын тайлбараас улбаалан үүргийн хэлцэл бий болсон, хүчинтэй эсэх нь бодит нийлүүлэлт хийгдсэн эсэх буюу мөнгө төлсөн зэргээс шалтгаалахгүй. Тиймээс худалджээ гэдэг үгийг хуулийн утгаар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ гэж ойлгох нь зүйтэй юм. 2023 оны 02 сарын 01 өдрийн орон сууц захиалгын гэрээний хавсралт 2 хуудсаар тохиролцож байгаа нөхцлүүд нь гэрээ байгуулах үйл явцаас түүний гүйцэтгэлийг тусгаарлаж үзэхээр Иргэний хуульд тус тусад нь зохицуулсан тул аливаа нэг компанийн эрх үүргийг худалдаж байгаа тухайд хэдэн ч үүргийн хэлцэл хийж, гэрээ байгуулах боломжтой. Харин үүргээ гүйцэтгэж чадах эсэх нь гэрээ байгуулсан гэж үзэхэд нөлөөлөхгүй. Шүүх дээрх үйл баримтууд, мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед тогтоогдсон нөхцөл байдлуудыг дээрх байдлаар буруу тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан байх үндэслэлтэй байна.
5.2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу тогтоосон. Тодруулбал, хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон өгсөн орон сууц захиалгын гэрээний хавсралт 2-т ******* ХХК-ийг 160,000,000 төгрөгт тооцон шилжүүлж өгнө гэдгийг талууд харилцан тохиролцож, гарын үсэг зуран баталгаажуулсан. Гэтэл шүүх энэхүү хамгийн чухал үүргийн хэлцлийг үнэлэлгүй, зөвхөн талуудын хооронд байгуулагдсан компани худалдах, худалдан авах гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь хангалттай үнэлэх үүргээ биелүүлээгүй, тус хэргийг шийдвэрлэхдээ хайнга хандсан үйлдэл юм.
Аливаа гэрээг заавал Иргэний хуулийн 195 зүйлийн 195.1-т заасан журмын дагуу байгуулна. Тухайлбал тодорхой эрх зүйн үр дагаварт чиглэсэн, гэрээ байгуулах санал ба хүлээн зөвшөөрөх саналаас бүрдсэн, дор хаяж хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл тодорхой агуулгаар нэгдсэн байхыг гэрээ гэх ба энэ нь ихэвчлэн хоёр талын хэлцэл гэсэн ангилалд багтдаг. Дээрх үүссэн нөхцөл байдал болох үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай субсумц хийж шалгахад нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 02 сарын 01 өдрийн орон сууц захиалгын гэрээний хавсралт 2 гэдэг хуудсаар Хутулла ХХК-ийн эрх үүргийг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах үүргийн хэлцэл байгуулагдсан байна. Хариуцагч компани болон хариуцагч иргэн нь тухайн үүргийн хэлцлийн дагуу тохиролцсон төлбөр болох 160,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Талуудын маргааны гол зүйл нь орон сууц захиалгын гэрээ болон түүний хавсралт-2 нь бие даасан хэлцэл мөн эсэх асуудалд оршино. Хэрэв уг хэлцлийг бие даасан хэлцэл гэж үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хориглосон, дархан цаазат газрыг бусдад худалдах, шилжүүлэх эрх зүйн асуудал хөндөгдөх юм. Анхан шатны шүүх гэрээний хавсралт 2-ыг орон сууц захиалгын гэрээний салшгүй хэсэг гэж зөв дүгнээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэв давж заалдах гомдолд дурдсанчлан хавсралт 2-ыг бие даасан хэлцэл гэж үзвэл уг баримтыг талууд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн. Тухайн цаг хугацаанаас 01 сарын өмнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиас бусад тохиолдолд зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг шууд хориглохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэх замаар тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, шилжүүлэх аливаа үйлдлийг Зөвшөөрлийн тухай хуулиар бүрэн хязгаарласан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд *******, ******* нарын хооронд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн мэт харагдах боловч талуудын хүсэл зоригийн бодит агуулга нь орон сууц захиалгын гэрээний үнийг хэрхэн төлөх тухай харилцаа байдаг. Тодруулбал, талууд 248,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулж, үүнээс 160,000,000 төгрөгийг хэрхэн төлж барагдуулахыг гэрээний хавсралтаар тохиролцсон бөгөөд уг тохиролцоогоо цуцалсан байна. Энэ нөхцөл байдалд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээний агуулгыг талуудын хүсэл зоригийн нэгдэл, гэрээний зорилгод нийцүүлэн тайлбарлах зайлшгүй шаардлага үүсэж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний гол нөхцөл болох үнэ нь тодорхой байсан эсэх асуудлыг хөндсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээ байгуулах санал болон түүнийг хүлээн зөвшөөрсөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тохиролцоо үүссэн эсэх асуудалд тайлбар өгөхдөө тухайн хавсралтыг гагцхүү үүргийн гүйцэтгэлийг хангах арга байсан гэж тайлбарладаг. Хэрэв үүнийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэж үзвэл Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийг баримтлах шаардлагатай юм.
Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан анз, баталгаа, барьцаа зэрэг тухайн тохиролцоонд хамаарахгүй, харин Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан хуульд заасан бусад арга гэдэгт багтах эсэх асуудал яригдана. Иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын зарчмаар талууд үүргийн гүйцэтгэлийг хангах өөр аргыг тохиролцож болох хэдий ч тухайн арга хуульд нийцсэн, зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Гэтэл талуудын байгуулсан тохиролцоо нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Учир нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар дархан цаазат газарт ямар нэгэн байдлаар газар өмчлөх, эзэмших эрх үүсдэггүй, зөвхөн ашиглах эрх олгогддог. Гэтэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь зөвхөн өмчийн зүйлийг худалдах үүрэг хүлээдэг. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангах хууль ёсны арга гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь газар ашиглах эрх бүхий компанийн хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд энэ нь гадаадын иргэнд газар өмчлүүлэхийг хориглосонтой адил хориглолт байх ёстой гэж тайлбарладаг. Үүнтэй ижил агуулга бүхий хязгаарлалтыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулиар хуульчилсан. Иргэний эрх зүйн харилцаанд үүсэж буй үүрэг нь хууль ёсны байх ёстой. Талуудын байгуулсан гэрээний хавсралт 2-ыг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу талуудын хүсэл зоригийн нэгдэл буюу бие даасан хэлцэл гэж үзвэл энэ хэлцэл нь хууль зөрчөөгүй, өөр хэлцлийг халхавчлаагүй байх шаардлагыг хангах ёстой.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх маргаан бүхий тохиролцоог бие даасан хэлцэл гэж үзээгүй гэж тайлбарласан боловч шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д талуудын байгуулсан хэлцлийг бие даасан хэлцэл гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь компанийн эрх, үүргийг 160,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарладаг боловч түүний шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн 2 болон 9 дэх талд авагдсан орон сууц захиалгын гэрээний хавсралт-2 болох төлбөрийн графикт газар ашиглах эрхийг 160,000,000 төгрөгт тооцсон гэж үгийн шууд утгаар тодорхой заасан. Үүнийг компанийн эрх, үүргийг 160,000,000 төгрөгөөр худалдсан гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Нэхэмжлэгч нь гэрээний саналыг ******* болон ******* ХХК нарт хүргүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл *******т ******* ХХК-тай холбоотой ******* ХХК-ийг 160,000,000 төгрөгөөр худалдаж авах гэрээний санал ирээгүй бөгөөд ******* нь тухайн гэрээний нэг тал болоогүй.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитой үнэлээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний хавсралт-2 болох төлбөрийн графикт ******* ХХК-ийг 160,000,000 төгрөгт тооцно гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хэрэгт авагдсан баримтад үйлчилгээний зориулалттай газрыг 160,000,000 төгрөгт тооцож, *******ийн нэр дээр шилжүүлэхээр тусгасан байдаг. Тухайн үйл баримтаас газрыг худалдан борлуулсан болох нь харагдаж байгаа учир нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь компанийг худалдаж авах хүсэл зорилготой байж болох хэдий ч энэ нь хүсэл зоригийн илэрхийллийн ноцтой төөрөгдөл юм. Хэрэв ноцтой төөрөлдсөн тохиолдолд үүнийг мэдсэн даруйдаа нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч нь мэдэгдээгүй бөгөөд ноцтой төөрөгдлийн улмаас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж үр дагавраа шаардах нэхэмжлэл гаргаагүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэжээ.
8. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
8.1. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нарын хүсэл зориг нэгдсэн ******* ХХК-ийн ,ын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тушаал, Тусгай хамгаапалттай нутгийн удирдпагын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тоот гэрчилгээгээр , Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг дотор Нүхтийн амны хязгаарпалтын бүсэд 5 жилийн хугацаатайгаар аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах отоглох зориулалтаар 5,560 м.кв тапбай бүхий газрыг ашиглах эрхийг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэл нь Зөвшөөрпийн тухай хуулийн 1.5 дугаар зүйпийн 19-д Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ зүйлийн 18-д зааснаас бусад зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно. гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно гэж тус тус заасныг зөрчсөн.
Нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор газар ашиглагчийн эрхэд газар ашиглах эрхээ бусдад шилжүүлэх буюу худалдах, бэпэглэх, барьцаалах, түрээслэх эрх олгогдоогүй. Өөрөөр хэлбэл, Газар ашиглагчид газар эзэмшигчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг олгоогүй тул ашиглах эрхтэй газраа аливаа этгээдтэй үнэ тохирон худалдах, худалдан авах хэлцэл хийсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон Газрын тухай хууль зөрчсөн агуулга бүхий байна.
8.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний хавсралт 2-т орон сууцны төлбөрийн графикийн 1-т Захиалагч нь орон сууцны төлбөрт ******* ХХК-ийн Монгол Улс , аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаартай 5,560 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай газрыг 160,000,000 төгрөгт тооцон ******* ХХК-ийн менежер *******ийн нэр дээр шилжүүлэх, 2-т 2023 оны 06 дугаар сард ******* ХХК-ийн захирал *******ын Хаан банк тоот дансанд газрын үнэ болох 160,000,000 төгрөгийг шилжүүлж энэхүү орон сууц захиалгын гэрээг цуцпахаар талууд харилцан тохиролцож энэхүү орон сууц тохиролцооны гэрээг байгуулав. 3-т Үүгээр газар худалдах худалдан авах төлбөртэй холбоотой асуудал дууссан гэж үзнэ. гэх агуулга бүхий хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд *******, ******* ХХК-ийн хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 01.02.404 дугаартай орон сууц захиалгын гэрээ нь хууль зөрчсөн хэлцлийг халхавчилсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн боловч үүргийн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д харшилсан шалтгаанаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл бол эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу 160,000,000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй талаар дүгнээгүй нь буруу болжээ.
Түүнчлэн, дээр дурдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох орон сууц захиалгын гэрээний хавсралт-2 орон сууцны төлбөрийн графикт тохиролцсоны дагуу мөн өдөр ******* ХХК-ийг *******т компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 болон мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхад хүчин төгөлдөр халхавчлагдсан хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.1-т Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, ...энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ... гэж, 5.3-т Мөн зүйлийн 5.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино, гэж 5.7-д Мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрхзүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино гэж тус тус тайлбарласан.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны мэтгэлцэх явцад нэхэмжлэгч талаас ******* ХХК-ийг 1,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зориггүй, гагцхүү тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхтэй 5,560 м.кв газрыг 160,000,000 төгрөгөөр ******* ХХК-д худалдах хүсэл зоригтой байсан болох нь тодорхой илэрхийлэгдсэн. Мөн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 01.02.404 дугаартай орон сууц захиалгын гэрээ-ний хавсралт 2 орон сууцны төлбөрийн графикг тохиролцсоны дагуу хариуцагч *******т ******* ХХК-г шилжүүлсэн, хариуцагч *******ийн хувьд ******* ХХК-ийг 1,000,000 төгрөгөөр худалдан авч, үйл ажиллагаа явуулах хүсэл зориггүй байсан болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* ХХК нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхтэй 5,560 м.кв газрыг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцэлд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-ийг *******т шилжүүлсэн.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ нь анхан шатны шүүхээс хууль зөрчсөн гэж дүгнэсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбоотой байна. Мөн нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэхдээ газар ашиглах эрхтэй ******* ХХК-ийн хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээ байгуулах замаар шилжүүлж байх тул компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ нь газар ашиглах эрхийг худалдах, худалдан авах хэлцлийг халхавчилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч П.Энхгуул, хариуцагч ******* ХХК нар нь ашиглах эрхтэй газар 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах агуулга бүхий хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хоёр талт хэпцлийн үүргийг тодорхойлохдоо нэхэмжпэгч *******аас ******* ХХК-ийн менежер *******т ******* ХХК-ийг шилжүүлнэ гэж тохиролцож, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдаг авах, эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
8.3. Хариуцагч *******ийн хувьд нэхэмжлэгч *******, ******* ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ болон газар ашиглах эрх худалдах, худалдан авах хэлцэлд гэрээний тал болж оролцоогүй. Гагцхүү нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулсан хууль зөрчсөн хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдэд хүлээлгэж өгөхөөр тохиролцсон тохиролцоо буюу ******* ХХК-ийг *******т шилжүүлэх гэж 01.02.404 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний хавсралт 2-т орон сууцны төлбөрийн графикийн 1 дэх хэсэгт тохиролцсоны дагуу ******* ******* ХХК-ийг *******т шилжүүлсэн. Аливаа компанийн хувьцаа түүнд хамаарах эрхийг бусдад шилжүүлэхэд худалдах, худалдан авах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээг эрх шилжүүлэх гэрээний хамт байгуулж, шилжүүлэх боломжтой тул ******* ******* ХХК-г *******т шилжүүлэхдээ худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр ******* ХХК- ийн 1 бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, 100 ширхэг хувьцааг, 1,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээний 3.2-т төлбөр тооцоо дууссан. Бодит байдалд 1,000,000 төгрөг төлөх үүрэг ******* хүлээгээгүй тул *******д ямар нэг төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч ******* ч компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөр 1,000,000 төгрөгийг *******оос шаардаагүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн, халхавчилсан аль алинаар нь бодож болно гэж хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 01.02.404 дугаартай Орон сууц захиалгын гэрээ нь тус гэрээний хавсралт 2 орон сууцны төлбөрийн графикаар тохиролцсон тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт 5,560 м.кв, газар ашиглах эрхийг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хууль зөрчсөн хэлцлийг халхавчилсан хэлцэл бөгөөд газар ашиглах эрхийг бусдад шилжүүлэхийн тулд газар ашиглах эрхтэй ******* ХХК-ийг гуравдагч этгээд болох хууль зөрчсөн хэлцлийн тал биш *******т шилжүүлэхээр тохиролцож, мөн өдөр нэхэмжлэгч *******, *******той байгуулсан ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийсэн хууль зөрчсөн хэлцлийг халхавчилсан хэлцэл байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төпөх үүрэг үүсэх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулан гэж тодорхойлж, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
9.1. ******* ХХК нь ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд юм. Тус компанийн газар ашиглах гэрээний нөхцөл, газар ашиглалтын зориулалт нь хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан. Уг гэрээгээр тухайн газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудлах, отоглох зориулалттайгаар ашиглах зөвшөөрлийг олгосон. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хуулиар тогтоосон хязгаараас гадуур өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Өмчлөгч захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлнэ гэдэг нь энэ компанийн эрхийг хэнд шилжүүлэх, үнийг хэдэн төгрөгөөр тооцож өгөх зэрэг асуудал юм. Хэргийн бодит нөхцөл байдлаас үзвэл талуудын хооронд компани худалдах, худалдан авах хэлцэл бодитоор явагдсан эсэх нь тодорхой харагддаг.
Талууд гэрээний гол нөхцөл болох үнийг 160,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь гэрээний хавсралт 2-т тусгагдсан орон сууц, төлбөрийн графикт тусгагдсан газар гэх үгэнд ач холбогдол өгч тайлбар гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зөвшөөрлийн тухай хуулийг иш татаж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна. Гэтэл Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй компанийн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглосон заалт байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй компанийг шилжүүлэхэд шилжүүлж байгаа этгээдийн захиран зарцуулах эрхэд хууль бусаар халдах, хязгаарлах боломжгүй. Тухайн компанид тодорхой хэмжээний өмч хөрөнгө, эрх байгаа учраас компанийн хувьцааг 1,000,000 төгрөгөөр үнэлж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн суурь ойлголт мөн тул шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзэхийг хүсэж байна.
9.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн. Хэрэв шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн бол үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх ёстой байсан. Тодруулбал, анхан шатны шүүх энэ агуулгаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгсөн бол ******* ХХК-ийн эрх *******д шилжих ёстой байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт тухайн асуудлаас үүссэн үр дагаврыг хэрхэн шийдвэрлэх ёстой болох талаар дүгнэлт тусгагдаагүй. Бид ******* ХХК-ийг шилжүүлсэн учраас гэрээний дагуу холбогдох төлбөрийг нэхэмжилсэн. ******* нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад ******* нь миний бие ******* ХХК-д ажилладаг бөгөөд тус компанийн удирдлагуудтай ах дүүгийн хамааралтай тул намайг нэр дээрээ ав гэсний дагуу авсан гэж тайлбарладаг.
Иймд ******* ХХК нь хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.
10. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хамаарах хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ******* нь тухайн 1,000,000 төгрөгийн хэлцлийг байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөл байдал харагддаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.1.10 гэсэн 4 заалт дурдагдаж хэрэглэгдсэн байдаг. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн эрх зүйн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаах эсхүл үнийг төлж арилгана. Гэтэл шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д өгсөн авснаа харилцан буцаах, үр дагаврыг арилгах агуулга тусгагдаагүй учир энэ асуудалд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******ийг татан оролцуулсан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлыг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийг 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-ийн 59 тал/
3.2. ******* ХХК-д ,ын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар , Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй 5560 м.кв талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрхийн дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон.
Улмаар ******* ХХК нь болон тай 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-г 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. /хх-ийн 59-60 тал/
3.3. ******* нь ******* ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн,, ******* хотхон, хаягт байрлалтай, 63,59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч ******* нь орон сууцны төлбөрт төлөх нийт 286,155,000 төгрөгийг хавсралт 2-т заасан графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 6-8 тал/
3.4. Дээрх гэрээний хавсралт 2-т захиалагч нь орон сууцны төлбөрт ******* ХХК-ийн , аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаартай, 5560 м.кв аялал жуулчлалын зориулалттай газрыг 160,000,000 төгрөгт тооцон ******* ХХК-ийн менежер *******ийн нэр дээр шилжүүлэх, 2023 оны 06 дугаар сард ******* ХХК-ийн захирал *******ын Хаан банк тоот дансанд газрын үнэ болох 160,000,000 төгрөгийг шилжүүлж, орон сууц захиалгын гэрээг цуцлахаар талууд харилцан тохиролцож энэхүү орон сууц тохиролцооны гэрээг байгуулж үүгээр газар худалдах, худалдан авах төлбөртэй холбоотой асуудал дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцжээ. /хх-9 тал/
3.5. ******* нь *******той 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр худалдагч ******* нь ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа болох 100 ширхэг хувьцааг нэг бүр нь 10,000 төгрөг буюу нийт 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг *******т худалдахаар тохиролцон, гэрээний 3.2-т төлбөр тооцоо дууссан гэж тусгажээ. /хх-ийн 7 тал/
3.6. Энэ өдөр талууд Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр эрх шилжүүлэгч ******* нь хувьцаанд ногдох эрх, үүргээ шилжүүлэн авагч *******т шилжүүлэх, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр компанитай холбоотой эрх шилжүүлэгчийн эрх, үүрэг шилжүүлсэн хэмжээгээр дуусгавар болж, эрх шилжүүлэн авагч нь шилжүүлэн авсан хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хариуцлага хүлээхээр тохиролцсон. /хх-ийн 11-12 тал/
3.7. ******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус компанийн 100 ширхэг хувьцааг *******т шилжүүлж, гүйцэтгэх захирлаас *******ыг чөлөөлж, *******ийг томилж, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн байна. /хх-ийн 59-61/
4. Орон сууц захиалгын гэрээгээр нэхэмжлэгч ******* 286,155,000 төгрөгөөр орон сууц захиалан бариулах, хариуцагч ******* ХХК 63,59 м.кв орон сууц барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч орон сууцны төлбөрт тусгай хамгаалалттай газар нутагт байрлах 5,560 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай газрыг 160,000,000 төгрөгт тооцож, *******ын дансанд ******* ХХК шилжүүлэн өгснөөр орон сууц захиалгын гэрээг цуцлахаар тохиролцсоноос үзвэл талууд уг хэлцлийг хийх хүсэл эрмэлзлэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгож, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх зөв дүгнэжээ.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд худалдах, худалдах гэрээний харилцаа үүссэн, харин нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-ийн хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл бүрдээгүй тул гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж, хариуцагч *******оос 1,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 159,000,000 төгрөг болон хариуцагч ******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг дараах байдлаар залруулна.
4.2. Хэргийн баримтаар нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний хавсралт 2-т нэхэмжлэгч нь өөрийн компанийн нэр дээр ашиглаж буй тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт байрлах газрыг шилжүүлэх, хариуцагч ******* ХХК нь 160,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. Энэ нь бие даасан гэрээний шинжийг агуулж байхаас гадна нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний салшгүй нэг хэсэг гэж үзэхгүй.
Учир нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал хүлээн зөвшөөрч талууд хүсэл зориг нэгдсэн тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үздэг. Иймд ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Дээрх гэрээгээр талууд хариуцагч ******* ХХК-ийн нэрлэн заасан этгээд *******ийн нэр дээр уг газрыг нэр шилжүүлэхээр тохиролцсонтой холбоотойгоор нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******той 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг байгуулж, ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа, эрх үүргийг шилжүүлснээр тусгай зөвшөөрөл бүхий газар ашиглах эрхтэй компанийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэрлэн заасан этгээд болох хариуцагч *******ийн нэр дээр тусгай зөвшөөрөл бүхий газар ашиглах эрхтэй ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон эрх, үүргийг шилжүүлсэн байна.
5. Хариуцагч нар ******* ХХК-ийн аялал жуулчлалын зориулалттай улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах 5560 м.кв газрыг 160,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.
5.1. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараас үзвэл , Богдхан уулын дархан цаазад гарын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй 5560 м.кв талбайг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газрыг ашиглах зөвшөөрөлтэй ******* ХХК-ийг 160,000,000 төгрөгөөр хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн Тусгай зөвшөөрлийн жагсаалтад 1.18, 1.5 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул хариуцагчийн тайлбар, татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
5.2. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гэрээний үнийг 1,000,000 төгрөг, төлбөр тооцоо дууссан гэсэн нь бодитой бус уг төлбөр төлөгдөөгүй байх тул талууд худалдах, худалдан авах гэрээгээр тусгай зөвшөөрөл бүхий газар ашиглах эрхтэй ******* ХХК-ийг 160,000,000 төгрөг худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хариуцагч компани болон түүний хамаарал бүхий этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхтэй компанийн эрхийг 160,000,000 төгрөгөөр худалдсан... гэх агуулга бүхий гомдлыг хангав.
6. Харин ******* нь хариуцагч ******* ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч *******тай компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан тул тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч *******ийн хувьд нэхэмжлэгч *******, ******* ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ болон газар ашиглах эрх худалдах, худалдан авах хэлцэлд гэрээний тал болж оролцоогүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байгааг зөвтгөж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 160,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2026/03782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 160,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, 3, 4 гэсэн дугаарлалтыг 2, 3 гэж өөрчлөн дугаарлаж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 957,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 957,950 төгрөгийг, хариуцагч *******ийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 28,600 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ