Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/906

 

2019        10           22                                   2019/ШЦТ/906                                     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0905/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Н.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1909030590914 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дижитал маркетинг мэргэжилтэй, “Ворлд Плас” ХХК-д олон улсын харилцаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхон 29/2 дугаар байрны                30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Д.Г /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Революшн” гэх үйлчилгээний газарт иргэн Э.Давхарбаяртай маргалдаж, улмаар найз эмэгтэйг цохьсон гэх шалтгаанаар түүний духанд шар айрагны үнийн жагсаалт бүхий хуванцар хавтсаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г-н өгсөн:  “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 19 цагийн үед найз охинтойгоо хамт “Революшн” бааранд орж суусан. Тамхи татах цэг дээр очиход Давхарбаяр чи комеди хийдэг сонин залуу шүү гэж байсан. Миний таньдаг ах гарч ирээд ах гэж дуудсан чинь Давхарбаяр намайг ах гэж дуудсангүй гээд уурлаад байсан. Ширээний хажуугаар хэл үгээр доромжлоод, яваад байсан.  Жавхлан ах хамт сууя гэхээр нь найз охин бид хоёр ширээн дээр нь очиж хамт суусан. Давхарбаяр ирж ширээн дээр байсан архинаас уусан. Хажууд байсан хүмүүс Давхарбаярыг хөөгөөд явуулсан. Тэгээд гадаа тамхи татахаар гарсан Давхарбаяр бас гарч ирээд надад агсам тавьсан. Тэгээд би таныг ахаа гэж дуудъя тайвшир гэж хэлсэн. Нээх удалгүй  над руу  гар далайгаад тэр нь манай найз охиныг цохисон. Үүнээс болоод би уурлаад Давхарбаярыг цохисон.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Давхарбаярын мэдүүлэг, Н.Бэлгүүн, Б.Амарсанаа нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №9819 тоот дүгнэлт зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч Давагсүмбэрэлийн Д.Г нь согтуугаар 2019.08.12-ноос 13-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Революшн гэх   шөнийн цэнгээний газарт хохирогч Энхбаатарын Давхарбаяртай найз эмэгтэйд гар хүрлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогчийг тус газраас гарч явах үед араас нь очиж түүний толгойн тус газарт менюний хуванцар самбараар цохиж эрүүл мэндэд нь духанд шарх, тархи доргилт, 2 гарын сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Давхарбаярын өгсөн: “...Би Жавхлантай бага зэрэг маргалдаад тооцоогоо хийчихээд гарах гэж явтал Д.Г гэх залуу араас хүрч ирээд миний нүүрний дух хэсэгт шилээр 1 удаа цохьчихсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

Гэрч Н.Бэлгүүний өгсөн: “...Би Давхарааг холдуулах гэж оролдоход зангидсан гараараа миний толгойн зүүн чихний дээр тархи руу цохьчихсон юм. Тухайн үед Д.Г-н уур нь хүрээд найз охин руу гар хүрлээ гээд ширээн дээр байсан пивоны үнэ бичсэн хуванцар менюг аваад Давхараа руу шидэхэд түүний духанд нь оночихсон юм. Ингээд Давхараагийн духанд шалбархай үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Гэрч Б.Амарсанаагийн “...хаалганы хавьд Давхарбаяр буцаж ирээд гарах гэтэл нэг зүс мэдэх Д.Г гэх нүдний шилтэй залуу ирээд саарал өнгийн шил юм уу хуванцар материалтай зүйлээр Давхарбаярын дух хэсэгт нь цохьчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №9819 тоот: “...Э.Давхарбаярын биед духанд шарх, тархи доргилт, 2 гарын сарвуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...зөөгч нар Давхарбаярыг пабаас гаргахаар хаалга руу аваачих ба яг хаалган дээр очих үед буюу 03:00:06 секундэд дэлгэцийн баруун доод булангаас Д.Г баруун гартаа уг пабын ширээн дээр тавьсан байсан 3 талтай хуванцар үнийн самбарыг барин гарч ирж Давхарбаяр руу гүйж очоод 03:00:08 секундэд Давхарбаярын дух хэсэг рүү үнийн самбараар цохин, үнийн самбар нь газар шидэгдэн унаж буй нь харагдаж байв.” /хх-ийн 30 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогч хэн хэнийх нь хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явж чадалгүй, бусдыг илтэд үл хүндэтгэн, уур бухимдал, хүч бяраар асуудлыг шийдвэрлэх гэсэн балмад түрэмгий зан байдал нөлөөлжээ.

Шүүгдэгч Д.Г нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Г-н  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн зүгээс шүүгдэгч Д.Г-с өнөөдрийн байдлаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх бөгөөд шүүх энэ асуудал дээр хохирогчийг хүсвэл цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчийн зүгээс санал гомдолгүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх    хэсэгт зааснаар   торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг болсон “Революшн” рестораны камерын бичлэгийг бичсэн CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, цагаан өнгийн 3 талтай, дотроо Legend гэсэн бичиг, пивоны зураг, үнэ бүхий хуванцар меню 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, цагаан өнгийн 3 талтай, дотроо Legend гэсэн бичиг, пивоны зураг, үнэ бүхий хуванцар меню 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Э.Давхарбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР