| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/34848/И |
| Дугаар | 210/МА2026/01186 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01186
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШШ2026/10033 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******,*******,******* хаягт байршилтай, 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 118 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт нийт 87,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэж тайлбарлан маргажээ.
4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,855,698 төгрөгийн 11,325,698 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч ******* нь үлдэх 10,530,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлбөрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,282,500 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,282,500 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2,282,500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2,282,500 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /хх-ийн 50-52 тал/
4.2. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02286 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24261488 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоолоор дээрх шийдвэрт албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх-ийн 48-49, 59/
4.3. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******,*******,******* хаягт байршилтай, 388 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай 118 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 92-94, 100-101/
4.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тоот мэдэгдлээр талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч ******* нь газар болон үл хөдлөх хөрөнгийг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 25/10/202 дугаартай тогтоолоор ХХК-ийн үнэлгээчин ийг шинжээчээр томилон эрх, үүргийг тайлбарласан. /хх-ийн 109-110/
4.5. Шинжээч Файн-Эстимэйт ХХК нь *******,*******,******* хаягт байршилтай, 388 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 118 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 87,300,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тоот мэдэгдлээр нэхэмжлэгч *******ад мэдэгдсэн байна. /хх-ийн 111-139, 142/
5. Шинжээч нь газрын хөрөнгийн үнэлгээг хийхдээ өртгийн, орлогын, зах зээлийн гэсэн 3 хандлагаас өртгийн болон орлогын хандлагыг хэрэглэх шаардлагагүй, харин зах зээлийн хандлагаар тайланг гаргаж *******,*******,******* хаягт байршилтай, 388 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэ цэнийг 47,300,000 төгрөгөөр, мөн хувийн сууцны хөрөнгийн үнэлгээг хийхдээ өртгийн, орлогын, зах зээлийн гэсэн 3 хандлагаас орлогын хандлагыг хэрэглэх шаардлагагүй, харин өртгийн хандлагаар тайланг гаргаж *******,*******,******* хаягт байршилтай 118 м.кв талбайтай, хувийн сууцны зах зээлийн үнэ цэнийг 38,000,000 төгрөгөөр, газар болон хувийн сууцыг зах зээлийн хандлагаар албадан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг нийт 87,300,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцжээ.
6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь үнэлгээг хууль зөрчсөн, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхаас гадна хөрөнгийн үнэлгээний тайланд мэдээлэл буруу бичигдсэн уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
7. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...байршил, хөрөнгийн шинж байдал, онцлог зэргийг харгалзан бодитоор үнэлээгүй, үзлэгийг дутуу хийсэн, хөрөнгийг үнэгүйдүүлж үнэлгээ хийсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 197/ШШ2026/10033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ