| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 308/2025/01289/И |
| Дугаар | 202/МА2026/00012 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 202/МА2026/00012
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
хариуцагч: * холбогдох,
хашаа байшин худалдах, худалдан авах гэрээг цуцалж 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрт төлсөн 176,900 төгрөг, бүгд 80,176,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
хариуцагчийн өмгөөлөгч С.Шинэбаярын гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Баттуяа, хариуцагч Ү.Ш, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга, үндэслэл, тайлбартаа: Анх 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн зар дээрээс хашаа байшин зарна гэсэн зарын дагуу Ү.Ш эгчтэй ярьсан. Анх ярихад 100,000,000 төгрөгөөр зарна гэхдээ бэлэн мөнгөнд 5,000,000, 10,000,000 төгрөг татаад өгч болно гэж ярьсан. 11 дүгээр сарын 20-ны өдөр манай аав Ү.Ш эгчтэй ярихад ирээд үзэж болно гэсэн хариу өгсөн байсан. Тэгээд манай дүү эгчтэй очиж хашаа байшинг үзсэн. 10 дугаар сарын 22-нд манай аав Ү.Ш эгчтэй ярихад 80,000,000 төгрөгт өгч болно гэж ярьсан. 10 дугаар сарын 22-ны өдөр банк дээр очиж миний нэр дээр зээл гарах эсэхийг судлуулаад над дээр зээл гарна гэсэн учраас хашаа байшинг худалдаж авахаар шийдсэн. 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээ байгуулаад 10 дугаар сарын 29-нд анх байшиндаа нүүж орсон. 11 дүгээр сарын дундаас эхлээд байшин нэлээн хүйтэн болж эхэлсэн. Хаалга, цонх, ханаараа салхи сийгэж байсан. Халаалт нь цахилгаанаар шийдсэн байсан. Цахилгаан нь ачааллаа даахгүй байнга унтраад байсан. Оршин суух ямар ч боломжгүй маш хүйтэн байсан учраас бид хэд 12 дугаар сард байшиндаа байхаа болиод нагац ахындаа хэсэг байж байгаад 01 дүгээр сард байшингаас бүх зүйлээ аваад нүүсэн. Тэнд дахиж амьдрах боломжгүй гэж үзэж байгаа учраас худалдах худалдан авах гэрээгээ цуцлуулж, 80,176,900 төгрөг нэхэмжилж байгаа. гэжээ.
2.Хариуцагч Ү.Ш хариу тайлбартаа: Хашаа байшин зарна гэж зар тавьсан. Зарын дагуу холбогдоод 5-10 сая төгрөг яриад өгнө гэсэн. Аавтай ярилцаад манайх хол нүүх гэж байгаа учраас тавилга чирмээргүй байгаа. Дотор бүх зүйлтэй нь 90,000,000 төгрөгт базаад өгнө гэж хэлсэн. Манай тавилга нь хөргөгч, камин зуух, буйдан гээд бүх зүйл орсон байгаа гэхэд аав нь гэр бүлийнхээ хүмүүстэй ярилцаад эргээд яръя гэсэн. Хэд хоногийн дараа эргээд ярихдаа бид нарт тавилга хэрэггүй гэсэн. Намайг ганц байшингаа үнэлээд өг гэсэн. Тэгээд би тавилгаа 10,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан тул хасаад байшингаа 80,000,000 төгрөгөөр тохиролцсон. Би тухайн үед амьдрах газраа хайж байсан тул эзгүй явж байсан. Улаанбаатар хотод явж байхад та яаралтай хүрээд ирээч гэрээгээ хийе гэсэн. Би тэрний дагуу очоод Б.Э болон аавтай цуг явж байгаад худалдах, худалдан авах гэрээгээ хийсэн. Надад урьдчилгаа нэг ч төгрөг өгөөгүй байж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр шилжүүлээд авсан. Би тоглоом шоглоомоор Б.Эд эгч нь нэг төгрөг аваагүй байж гэрчилгээгээ шилжүүлээд өгчихдөг зөв үү буруу юу гэж хэлж байсан. Би энэ хүмүүст итгэсэн. Би хүлээлгэж өгөхдөө бүх зүйлийг хэлж өгсөн. 380 цахилгаантай энэ нь хаяад байсан тул нэмэлтээр паскатл хийлгэсэн гэж хэлж байсан. Халаагуурыг бүгдийг нь хэлж өгсөн. Усыг мөн адил хэлж өгсөн. Шинэ шүршүүртэй усанд орж ч үзээгүй байгаа. Тоолуураа ч холбуулж амжаагүй хүлээлгэж өгсөн. Урьд 2024 оны 12 дугаар сарын эхээр байшингаа бариад дотроо байж байгаад 12 сарын дундуур орсон. Тэгэхэд 2 ой хүрээгүй хүүхэдтэй өвөлжсөн. Тэр үед усаа татуулж амжаагүй 12 сар болсон. 11 сараас хойш Чандмань-Илч ОНӨХХК ус тавихгүй гэсэн. Бид тэр өвлөө зөөврийн усаар өвөлжсөн. Эхлээд бичиг баримт хөөцөлдөхдөө Б.Эгаас 2,000,000 төгрөг авсан. Урьдчилгаа 28,000,000 төгрөг өгсөн. Дараа нь зээл гарахаар үлдсэн мөнгөө өгье гэсэн. Үлдсэн мөнгөө 5, 6 хоногийн дараа Б.Эгаас авч байсан. Цахилгааны мөнгө гарсан байна та төлөх үү гэхэд төлнө гэж байсан. Тухайн үед халуураад бие өвчтэй байхад залгасан. Би мөнгөгүй байна гэж хэлээд төлнө гэж хэлсэн. Түүнээс хойш ус хөлсөн гэж нэг ч удаа яриагүй. Би өвчтэй байсан мөн нөхөр минь ажилгүй байсан болохоор мөнгө явуулж чадаагүй. 1 дүгээр сарын 20-д гаргаад над руу шүүхээс залгаад надад холбогдуулж нэхэмжлэл ирсэн гэж холбогдсон. Надад хэлээгүй байж яагаад шүүхэд хандаж байгаа юм. Ус хөлдсөн талаар нэг ч удаа яриагүй. Тэр байшинд хэдэн сар болсон учир хариуцахгүй гэж үзэж байна. Цахилгааны 176,900 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 253 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч Ү.Шаас 80,176,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Шаас 557,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь гарсан өдрөөс хүчинтэй ба үүнээс хойш 10 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарлаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч С.Шинэбаяр гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Ү.Ш, Б.Э нарын хооронд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ хийгдэж, Дорноговь аймгийн * тоот 74,83 мкв хувийн орон сууцыг, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдэж Дорноговь аймгийн * тоот 700 мкв газрын хамт шилжүүлсэн байна. Ү.Ш, Б.Э нарын тайлбар мэдүүлгээр улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Эгийн нэр дээр шилжсэн гэдэг боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.
Анхан шатны шүүх эд хөрөнгийн доголдол гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д" эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана. гэж заасантай зөрчилдсөн, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хэрэв гэрээний гол нөхцөл болох байшингийн байдлыг шалгаж, эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө аваагүй бол худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдана гэж Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбар, Улсын дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид дурдсан байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Холбооны 5-р гудамж 516a тоот 74,83 мкв хувийн орон сууцыг худалдаж авахдаа худалдан авагч буюу Б.Э нь тухайн байр нэгдсэн халаалтад хамрагдахаар болж байгаа, усаа татуулж амжаагүй, халаагуур хэрэглэдэг, тоолуураа тавиулаагүй, 380 квт-ын цахилгаантай боловч пускатель нь хаядаг, нэмж пускатель тавьсан гэдгийг мэдсэн, энэ нь байрыг хүлээлцэхэд мэдэгдэж байсан, үүнийг мэдсээр байж анх худалдах үнийг 20,000,000 төгрөгөөр буулган сайн дурын үндсэн дээр Б.Э нь худалдан авсан, худалдах худалдан авах гэрээнд энэ талаар тусгагдаагүй болох нь Зохигчдын мэдүүлэг, тайлбар, баримтуудаар тогтоогдож байна.
Худалдагч нь худалдан авагчид уг орон сууцыг худалдан авахыг шаардаагүй, худалдан авагчийн хүсэл зориг, харилцан тохиролцсоны үндсэн дээр Худалдан авсан байдаг. Худалдсан орон сууц нь биет байдлын болон эрхийн 056 Scanned with CS CamScanner 059 доголдолгүй бөгөөд орон сууцыг газрын хамт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ" гэж, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийг биет байдлын болон эрхийн доголдолгүй гэж үзнэ гэв.
5.Хариуцагч Ү.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би биет байдлын доголдолтой эд хөрөнгө гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл би анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа энэ талаар Б.Эд усаа саяхан татуулсан, тоолуураа тавьж амжаагүй, өрөө болгондоо цахилгаан халаагууртай гэж хэлсэн. Мөн ус хөлдсөн, мөнгөө буцааж ав, байраа авъя гэж хэлээгүй. Тогны мөнгөө төл гэж нэг удаа залгасан. Тухайн үед миний бие өвдөөд хоолой сөөчихсөн байсан учраас утсаар ярих боломжгүй, утсыг нь таталсан. Намайг байрны үнээ 10,000,000 төгрөгөөр хоёр удаа буулгаж залилсан гээд байна. Би анх бүх тавилгатайгаа 90,000,000 төгрөг гэхэд тавилга авахгүй гэхээр нь тавилгагүй 80,000,000 төгрөгт өгөхөөр болсон. гэв.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байшин анх 150,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхад нь өөрийн нүдээр хараагүй утсаар яриад үнийг нь хоёр удаа буулгасан байдаг. Эхлээд Б.Э яриад 90,000,000 төгрөг болгон буулгасан. Дараа нь Б.Эгийн аав нь яриад 80,000,000 төгрөг болгож үнийг нь буулгасан. Эд хөрөнгийн доголдлыг мэдээд байрны үнийг бууруулсан асуудал байхгүй. Мөн газар болон орон сууцыг худалдан авсан гэрээний төлөлтийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд шилжүүлсэн. Эд хөрөнгийн доголдлын тухайд хүн амьдрах хугацаандаа дулаахан, тухтай, хүн амьдрах стандартад нийцсэн газарт л амьдрахыг хүснэ. Гэтэл тухайн байрны шалны халаалтыг залгахаар пускатель буугаад ямар ч тоггүй болчихдог. Энэ байдлаа Ү.Ш ын зүгээс анхнаасаа Б.Эд хэл тайлбарлаагүй. Сүүлд тогны үлдэгдэл төлбөрөө төлөөрэй, мөн энэ пускатель нь буугаад байдаг юм байна гэсэн чинь нээрээ тэгдэг, давхар пускатель тавьчихаарай гэж тайлбарлаж хэлсэн байдаг. Түүнээс өмнө энэ талаар огт дурдаагүй. Мөн цахилгааны төлбөрөө төл гэж залгаснаас нь хойш Б.Эгийн дугаар болон фейсбүүкийг блоклочихсон учраас Б.Эгийн зүгээс холбогдох боломж байгаагүй. Улмаар Ү.Ш ын хүүд халаалт нь болохгүй байна, бид нар өвөлжиж чадахгүй нь гэдэг байдлаар тайлбарлаж хэлсэн. Яаж ийм барилгын стандартын шаардлага хангаагүй байр барьсныг мэдэхгүй. Мөн нэхэмжлэгч тал тухайн байранд өөрсдөө туршилт хийсэн. Туршилт хийсэн бичлэгийг анхан шатны шүүх хуралдаан дээр гар утсанд үзлэг хийх байдлаар шинжлэн судалсан. Ү.Ш шүүх хуралдаанд оролцсон учраас тус бичлэгтэй танилцсан байх. Мөн цэвэр усны шугам нь хөлдөөд гэрт нь ус гарахаа больсон. 80,000,000 төгрөгт тухайн хашаа, байшин, нойлын үнэ багтсан. Гэтэл хашаа, нойл нь нураад уначихсан. Тийм учраас эд хөрөнгийн доголдолтой гэж үзэхээс өөр аргагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл энэ талаарх мэдээллийг өгөөгүй, тоолуураа тавиулаагүй л гэж хэлснээс пускатель буудаг гэж хэлж байгаагүй. гэв.
7.Нэхэмжлэгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл надад 380 кВт-ын цахилгаан тавиулсан учраас ямар асуудалгүй гэж хэлсэн. Мөн зөвхөн ус, халаалтын талаар ярих нь учир дутагдалтай. Байшин хэдэн талаасаа нэвт салхи хийгээд байгаа учраас ямар ч халаалт тавьсан нэмэргүй, өвлийн улиралд хэрэглэх боломжгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитойгоор хянан хэлэлцээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийдвэрт өөрчлөлт орох үндэслэл болсон.
2.Хэрэгт авагдсан баримтуудыг хянан хэлэлцвэл нэхэмжлэгч Б.Э, түүний аав нар нь Хувийн орон сууц зарна гэсэн зарын дагуу хариуцагч Ү.Штай утсаар холбогдож үнийг 80,000,000 төгрөгөөр тохирсны дараа * тоотод байрлах 700 м2 газартай 74,83 м2 хувийн орон сууцыг очиж үзээд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үзэж худалдаж авахаар тохирч худалдах, худалдан авах болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан, орон сууцны үнэ 80,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 27, 28, 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тус тус 3 хувааж төлж байранд амьдарч эхэлсэн ба өрөөнүүдийн цахилгаан халаалтыг залгахад тогны хүчдэл нь унтардаг, халаалтыг байнга ажиллуулах боломжгүйгээс байр хүйтэн, цэвэр, бохир усны систем нь стандартын дагуу хийгдээгүйгээс усаа зөөж хэрэглэдэг, хүйтэнд гэр доторх жорлон хөлдсөн, сууцны цонх, хананы дулаалга муу учраас цонх, ханаар салхи нэвтэрдэг зэрэг доголдлуудын улмаас байрандаа амьдрах боломжгүй болсон тул байрнаасаа нүүж, өөр газар амьдарч байгаа, мөн хариуцагч Ү.Ш нь өөрсдийн хэрэглэж байсан цахилгааны төлбөр 176,900 төгрөгийг төлөөгүйгээс Эрчим хүчний байгууллагаас цахилгаан тасалсан зэрэг нөхцөл байдлуудыг Ү.Шд мэдэгдэхэд хүлээж авалгүйгээр Б.Эгийн утсыг өөртэйгөө харьцах боломжгүй болгосны улмаас 2025 оны 12 дугаар сарын 04-нд орон сууцыг Ү.Шд буцааж, төлбөрөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа ...орон сууцны үнийг төлсөн тухай банкны шилжүүлгийн мэдээллүүд, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах болон газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээний хуулбарууд, нэхэмжлэгчийн гар утсан дахь орон сууцны бодит байдлыг харуулсан бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийн дагуу хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, орон сууцны доголдлын талаар Ү.Шд явуулж байсан гар утасны мессежний зураг, БЗӨБЦТС ТӨХК-нд хариуцагч Ү.Шын хэрэглэсэн цахилгааны төлбөр 176,900 төгрөг төлсөн тухай банкны баримт зэрэгт үндэслэсэн.
Хариуцагч Ү.Ш нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба ...цэвэр усаа холбуулж тоолуур тавиулж амжаагүй байгаа гэдгээ хэлж шинэ тоолуур хүлээлгэж өгсөн, ...цахилгааны төлбөр 176,900 төгрөг гарсныг эрчмийн байцаагчаас асууж байж төлнө, төлөхгүй гэж хэлээгүй, ...бие өвчтэй байсан учраас утсаар яриагүй, 80,000,000 төгрөгийг буцаан төлөх боломжгүй гэсэн хариу тайлбарыг гаргасан ба эдгээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзлаа үндэслэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хариуцагч Ү.Шаас 80,176,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгохоор шийдвэрлэсэн.
4.Хариуцагч Ү.Шын өмгөөлөгч С.Шинэбаяраас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ...нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэж өгөхдөө орон сууцны бодит байдлыг мэдэгдсэн, эдгээрийг мэдэж үнийг буулгаж худалдаж авсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэргийг шийдвэрт дараах үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Үүнд. 5.1.Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь доголдолтой байсан гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүх маргааны зүйлд хамаарах Иргэний хуулийг зөв хэрэглээгүй, мөн гэрээ цуцалсантай холбоотой гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаахтай холбоотой үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс түүний гар утсанд хийгдсэн бичлэгт үзлэг хийхэд ...2025 оны 11 дүгээр сарын 25-ны орой 17 цаг 35 минутад хийсэн бичлэг байх ба бичлэгт ...гадаа хаалга болон дотор хаалганы завсраар салхи сийгэж байгаа болохыг, ...мөн 00-ийн өрөөний ханын завсраар салхи сийгэж байгаа болохыг тус тус 00-ийн цаас барихад 00-ын цаас хийсэж байгааг, ...цонх, цонхны амлагаа хоорондын завсраар салхи сийгэж байгаа нь хөшиг хөдөлж байгааг харуулсан бичлэг, ...2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийсэн бичлэгт 00-ийн өрөөнд байсан төмпөнтэй ус хөлдсөн байдал, 00-ийн өрөөний бойлуураас ус гоожиж ханаа дагаад урссан нь хөлдсөн байгаа нь харагдаж байгаа болох нь /хх32/-т тус тус тэмдэглэгдсэн ба нэхэмжлэгч Б.Э, Ү.Ш нарын харилцсан гар утасны мессеж /хх36-38/, цонх, хананы завсраар зайтай, нар гэрэлтсэнийг болон гэрийн жорлонгийн почкины ус нь хөлдсөн байгааг тус тус харуулсан гэрэл зураг /хх39/ зэргээр Ү.Шын худалдсан хувийн орон сууц чанар муутай баригдсан, дулааныг цахилгаанаар шийдвэрлэсэн боловч цахилгааны хүчдэл муугаас болж халаалт нь байнгын хэвийн ажиллах боломжгүй, байрны хана, хаалга, цонхоор дулаан алдагдал ихтэй, ус, бохирын систем бүрэн ажиллагаагүй нөхцөлүүд нь хүн дулаан тохилог байдлаар амьдрах боломжгүй байр болох нь тогтоогдсон, мөн хариуцагчид хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан байна.
Харин хариуцагч Ү.Шд худалдан авсан байрны бодит нөхцөл байдлыг мэдэгдсэний дараа буюу сууцны үнийг бүрэн авсны дараагаас нэхэмжлэгчийн гар утасны дугаарыг өөрийн дугаартайгаа харилцах боломжгүй болгосон талаар мөн дээрх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гар утасны зурваст бичигджээ.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эдгээр нотлох баримтууд нь худалдагч Ү.Ш нь сууцны доголдлын талаар худалдан авагч Б.Эд мэдэгдээгүй, Б.Э орон сууцыг худалдан авсны дараа мэдэж, түүнд эдгээр нөхцөл байдлуудыг мэдэгдэхэд хүлээж авалгүйгээр хариуцагч өөрийн утсаа нэхэмжлэгчээс ирсэн дуудлагыг хүлээж авахгүй, түүнтэй харьцахгүй байх горимд зориуд шилжүүлсэн нь доголдлын талаар мэдэх боломжгүй нөхцөл байдалд байшинг худалдсан гэж үзэх үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбарласнаар уг худалдсан сууцыг нэхэмжлэгч ...говьд дулаан байдаг 10 сард худалдаж авсан дулаан алдалт болон бусад доголдлын талаар мэдэх боломжгүй байсан, 11 сард хүйтрэхэд мэдсэн талаарх түүний тайлбар бодит байдалд нийцэж байна
Энэ нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан ...худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэх нөхцөл байдал үүссэн ба мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдаагүй буюу нэхэмжлэгч гэрээг цуцалж, төлсөн 80,000,000 төгрөгийн төлбөрөө буцаан шаардсан байна гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлогдож байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнээгүй, шүүхийн шийдвэрийн үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан алдааг гаргасан.
Иймд хариуцагчид Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасан үүрэг үүссэн тул хариуцагчаас 80,000,000 төгрөг, хариуцагчийн төлбөл зохих цахилгааны төлбөр 176,900 төгрөг нийт 80,176,900 төгрөгийн хамт хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс хашаа, байшинг гаргуулж хариуцагчид буцааж олгох, улмаар хариуцагч төлбөрийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн үед улсын бүртгэлд уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийхийг даалгасан шийдвэрийг гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх байдлаар энэ өөрчлөлтийг оруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нийцнэ гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
5.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан ...хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэнд шүүхийн шийдвэр үндэслэгдээгүй байна гэж үзсэн.
Учир нь, хариуцагч Ү.Ш нь нэхэмжлэгчид орон сууцаа худалдсаны дараа буюу 2025 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймгийн * суманд шилжин суурьшсан тул хариуцагчийн оршин суугаа шүүхийн харьяаллаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй, орхигдуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл буюу Шүүхийн онцгой харьяаллыг шүүгч буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн 16.1 дүгээр зүйлд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгийг байгаа газрын шүүхэд гаргана гэж хуульд заасан.
Нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлахтай холбоотой байхад үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх гэх нөхцөлтэй адилтган буруу ойлгож, хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь буруу болсон.
Гэвч анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Ү.Шыг цахимаар оролцуулж хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Ү.Ш нь биеэр оролцсон байдлуудыг харгалзан анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн харьяаллыг зөрчсөн боловч давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.
5.3.Нэхэмжлэгч Б.Э 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш 91 хоногийн дараа буюу 2026 оны 03 дугаар сарын 12-нд нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхдаа буюу 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг гаргасан зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, 72 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах хугацаа, 76 дугаар зүйлд заасан шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа зэрэг хуульд заасан хугацаа, ажиллагаануудыг хууль ёсны дагуу явуулаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс магадлалд тэмдэглэж, шүүгчид анхааруулж байна.
6.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэхдээ хариуцагч Ү.Шын өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 308/ШШ2026/00344 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 255 дугаар зүйлийн 255.2, 256 дугаар зүйлийн 256.1-д тус тус зааснаар хариуцагч Ү.Шаас хашаа, байшингийн үнэ 80,000,000 төгрөг, хариуцагчийн төлбөл зохих цахилгааны төлбөрт төлсөн 176,900 төгрөг, нийт 80,176,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэгч Б.Эгаас Дорноговь аймгийн * тоотод байрлах 700 м2 газартай 74,83 м2 хувийн байшинг гаргуулж хариуцагч Ү.Шд олгосугай,
2-р заалтад Дорноговь аймгийн * тоотод байрлах 700 м2 газартай 74,83 м2 хувийн байшингийн өмчлөх эрхийг зохих ёсоор бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгасугай гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, 2, 3, 4 дугаарыг 3, 4, 5 гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ү.Шын өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдах журмаар төлсөн 558,835 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
О.ОДНЯМАА
Н.БОЛОРМАА
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
А.САЙНТӨГС