| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 130/2017/00364/И |
| Дугаар | 001/ХТ2018/00187 |
| Огноо | 2018-02-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/00187
К.С-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 501 дугаар шийдвэртэй,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00120 дугаар магадлалтай,
К.С-н нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 -р ц-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгал шимтгэл, ээлжийн амралтын олговорт нийт 2.684.677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Ш.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч К.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ц сумын 3-р ц 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллах хөдөлмөрийн түр гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба тус цэцэрлэгийн шинээр томилогдсон эрхлэгч энэхүү гэрээ үндэслэлгүй хэмээн үзэж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн намайг ажлаас чөлөөлсөн юм. ҮҮний улмаас маргаан үүсэж, шүүхэд хандсан ба Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 212/МА2017/00030 дугаар магадлалаар эцсийн шийдвэр гарч намайг урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон билээ.
Иймд, миний ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 01, 02, 3 дугаар сар, 4 дүгээр сараас 5 хоногийн, нийтдээ 5 сар 5 хоногийн цалин 2.206.342 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 213.574 төгрөг, амралтын мөнгө 264.761 төгрөг, нийт 2.684.667 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ц сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч Ш.М би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, К.С-н нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ер нь К.С-н нь тус цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас эхлэн галчаар томилогдсон ба тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажил эрхлээгүй байсан юм. Ажил олгогч К.С-г хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ёсоор 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан тухайн байгууллагад 11 сар биеэр ажилласан нөхцөлд ээлжийн амралтын асуудлыг ярих ёстой. Гэтэл нэхэмжлэгч К.С- нь ажилд ороод 15 хоног хагас дутуу ажиллаад одоо ээлжийн амралтын нөхөн олговрыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. К.С- нь тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг төлүүлэх тухай асуудлыг хөндөөгүй байна. Манай байгууллагын нягтлан бодогч Б.Кикийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тооцоогоор ажил олгогчоос К.С-н үндсэн цалинг тооцоо хийхэд байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, нэхэмжлэгчийн цалингаас суутгах ашиг орлогын татварыг хассан ба нэхэмжлэгч К.С-н гарт нь шууд хүлээн авах мөнгийг 1.745.742 төгрөг байхаар тодорхой дурдсан.
Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 501 дугаар шийдвэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Ц сумын 3-р ц-ээс ажилгүй байсан хугацааны 2.034.040 төгрөгийг гаргуулан К.С-д олгож, илүү нэхэмжилсэн 650.637 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэл болох 203.404 төгрөгийг даатгуулагч К.С-гаас, 223.744 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын 3-р цэцэрлэгээс тус тус гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Ц сумын 3-р цэцэрлэгт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63.600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын 3-р цэцэрлэгээс 47.495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.С-д олгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00120 дугаар магадлалаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч Ш.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч К.С- нь 2016 оны 10 дугаар сард анх ажилд орсон ба 2017 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл ажилгүй байгаад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр ёсоор тус цэцэрлэгийн сантехникчийн ажилд эгүүлэн томилогдсон юм. Нэхэмжпэгч К.С- нь анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.206.342 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Ажил олгогч нь К.С- ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1.745.742 төгрөг олгох нь цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Кикийн гаргасан тооцоогоор нотлогдсон боловч анхан болон давж заалдах шатны шүүх нь К.С-н цалин хөлсөнд 460.600 төгрөг илүү олгуулахаар шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.
Иймд, шийдвэр, магадлалын хууль зүйн үндсийг хянан үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчийн хяналтын журмаар хангасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймгийн Ц сумын 3-р ц-ээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын олговор, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 2.684.677 төгрөг гаргуулахыг хүссэн К.С-н нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
К.С-г ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу Баян-Өлгий аймгийн Ц сумын 3 -р ц-ийн эрхлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар түүнийг галчийн ажилд томилсон үйл баримтын талаар зохигч маргаагүй ба 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан 5 сар 5 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 2.034.040 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд заасныг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх К.С-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорын хэмжээг сарын үндсэн цалин 388.317 төгрөгөөр тодорхойлсон нь зөв бөгөөд үүнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар 10 хувь буюу 203.404 төгрөгийг суутган нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгасныг буруутгах үндэслэлгүй байна.
Хэргийн 19-р тал дахь хариуцагч байгууллагаас гаргасан К.С-н ажилгүй байсан хугацааны цалинд 1.745.742 төгрөг олгогдоно гэх тооцоолол нь ажилтны үндсэн цалингийн дүнгээр бус, суутгал тооцсон хэмжээгээр бодогдсон байх тул энэхүү баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55-р тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс бодох журамтай нийцэхгүй.
Иймд “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг илүү бодсон” гэх хариуцагчийн төлөөлөгч Ш.М-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 501 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 212/МА2017/00120 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ш.Майгүлийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ