Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1702

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/0428 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Автомашины урьдчилгаанд өгсөн 7 400 000 төгрөг, түүний 7 сарын 1.7 хувийн хүү болон 880 600 төгрөг, ХХХХХХ-ны зээлийн төлбөрт төлсөн 4 418 500 төгрөг, нийт 21 137 526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХХХ нь анх 2013 онд “ХХХ” ХХК-д инженерээр ажилд орж, 2014-2015  онд талбайн даамал, талбайн инженерээр ажилласан. Компани түүнийг холоос ажилдаа явдаг, цаашдаа тогтвор суурьшилтай ажиллах байх гээд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр түүнд “Тоёота Приус 20” загварын автомашин авахад нь урьдчилгаанд 7 400 000 төгрөг бэлнээр өгснийг ХХХХХ-д тушаасан байдаг. Компанийн дэд захирал ХХХХХ түүнтэй хамт явж, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн. Энэхүү зээлэнд 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ХХХХХХ-ны ХХХХын дансанд нийт 4 418 500 төгрөгийг компани төлсөн. Гэтэл тэрээр 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа халагдах өргөдөл өгөхөд нь өр төлбөрөө яаж төлөх талаар асуухад барилгын заслын ажил хийж өгч 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусна гэсэн тул өргөдлийг бичүүлсэн. Мөн үүнийгээ гэрээ болгон баталгаажуулж авсан. 2015 оны 12 дугаар сар хүртэл ХХХХ компанид ямар ч төлбөр төлөөгүй.

Шүүхэд анх 21 137 526 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж машины урьдчилгаанд өгсөн 7 400 000 төгрөг, ХХХХХХ-ны зээлийн төлбөрт данс болон бэлнээр тушаасан 4 418 500 төгрөг болон хүү алдангийн нийт 14 045 900 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэдэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Компанид ажиллах хугацаанд зээл авч байгаагүй. Хариуцагч өөрийн мөнгөөр машин худалдан авч унасан. 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ХХХХын зээлийн төлбөрийг компани төлж байсан гэх боловч ямар нэгэн мөнгө төлсөн зүйл байхгүй. Уг компанийн нягтлан бодогч нь ХХХХын банкинд төлбөр төлсөн хугацаатай нь холбогдуулж баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ХХХХ 7 600 000 төгрөгийг өөрсдөөсөө гарган урьдчилгаанд байршуулсан. Энэ мөнгө хурим хийхэд цугларсан мөнгө ба эхнэр ХХХХХ-ын данснаас бэлнээр авсан, хуулгаар нь нотлогдоно. Санхүүгийн баримтад 7 400 000 төгрөг авсан гэж ХХХХ өөрөө гарын үсэг зураагүй, нягтлан бодогч нь үүнийг бичсэн гэдгийг гомдлын хурал дээр нэхэмжлэгч өөрөө тайлбарласан.

Мөн ХХХ-наас 6 500 000 төгрөгийг зээлээр авч, төлөлтийг цалингаасаа хийж байсныг нэхэмжлэгч банкны зээлийг нь төлж байснаар тайлбарлаж байна. Харин ажлаас гарсны дараа 716 000 төгрөг ямар учраас тушаасныг ойлгохгүй байна. Энэ мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХаас нийт 3 349 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 469 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “ХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 68 534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 8 469 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт цугларсан ХХХХХХ-ны 0193875 тоот мэдэгдэл гэсэн баримтад: Түрээсийн зүйлийн үнийн дүн 13 800 000 төгрөг урьдчилгаа төлбөрийн дүн 7 300 000 төгрөг төлсөн, мөн 2014 оны 9 дүгээр сарын 22-нд ХХХХХХ-ны 5000823348 дансны дугаарт 7 300 000 төгрөг санхүүгийн түрээсийн өглөг ХХХХ урьдчилгаа шилжүүлэв. гэсэн баримтаар 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ХХХ ХХК-иас ХХХХ 7 300 000 төгрөгийг бэлнээр аваад ХХХХХ-д тушаасан болох нь нотлогдож байгааг шүүх үнэлсэнгүй.

2. Шүхээс хариуцагч ХХХХын эхнэр ХХХХХ-ын ХХХ дахь данснаас 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 6 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1 600 000 төгрөг, нийт 7 600 000 төгрөгийн зарлага гарсан, ХХХХ 7 600 000 төгрөгийг ХХХХХ-д тушаасан болох нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн орлогын баримтаар нотлогдож байна. Эдгээр баримтаас үзэхэд автомашины урьдчилгаанд ХХХХХ-д 7 600 000 төгрөгийг ХХХХ төлсөн гэж үзэхээр байна гэснийг зөвшөөрөхгүй. Хариуцагч удаа дараагийн шүүх хуралдаан хойшлуулахдаа мөнгө аваагүй гэдгээ нотолж чадаагүй, автомашины урьдчилгаа төлсөн баримтыг гаргаж өгөөгүй, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралд ХХХХХ-ын ХХХ-ны дансны хуулгыг гаргаж өгсөн нь нотлох баримтыг шалгуулах бололцоогүй болгосон.

3. 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 6 000 000 төгрөгийг ХХХХ данснаасаа аваад ХХХХ автомашины урьдчилгаанд тушаасан гэсэн нь нотлогдохгүй байхад шүүх 14 хоногийн дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 19-нд автомашины урьдчилгаанд тушаасан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

4. Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажлаас гарахдаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор автомашины үлдэгдэл 13 800 000 төгрөгийг хүүтэй нь төлж дуусгана гэж гараараа бичиж өгсөн нь компаниас автомашины урьдчилгаа мөнгө болон зээлээ төлүүлж байсан гэдгийг хүлээн зөввшөөрсөн болохыг шүүхээс үнэлж дүгнэсэнгүй.

5. Компанид өгсөн өргөдлийг үндэслэж 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн нягтлан бодогч ХХХХтэй хийсэн зээлийн гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон ба мөнгө авахдаа гарын үсэг зураагүй, компанийн салан задгай байдлыг ашиглаж мөнгө аваагүй гэж, мөн гэрлэлтээ батлуулаагүй байж 2 газар хурим хийж, компаниас 5 000 000 төгрөг авсан атал аваагүй гэж худал тайлбарлан, машинаа өөр хүнд худалдах болсон зэрэг нь компанийн мөнгийг өгөхгүйн тулд заль хэрэглэсэн гэж үзэж байна.

6. Шүүхээс гэрч ХХХХХгийн мэдүүлгээр болон түүний 5 удаагийн мөнгө тушаасан баримтаар 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300 000 төгрөг, мөн ХХХХийн интернет банкнаас 3 удаа тушаасан мөнгөнөөс 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 358 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ХХХХХХ 5000922166 тоот данснаас хариуцагчийн зээлийн дансанд 2 удаа тушаасан нийт 391 000 төгрөгийг хасч тооцсоныг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар ХХХХХХ-ны ХХХХын нэртэй зээлийн дансанд тушаасан 1 069 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Иймд шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй тул ХХХХХ-ын 7 600 000 төгрөгийн бэлнээр авсан ХХХ-ны дансны хуулгыг ХХХХХХ-ны дансанд автомашины урьдчилгаа төлбөр төлсөн гэж үндэслэлгүй буруу дүгнэлт хийснийг хүчингүй болгож, нотлох баримттай 1 069 500 төгрөгийг үндэслэлгүй хассан тул анхан шатны шүүхийн шийдвэрт ХХХХаас 8 469 500 төгрөгийг ХХХ ХХК-д гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 137 526 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа багасгаж, автомашины урьдчилгаа төлбөрийн 7 400 000 төгрөг, түүний хүү 880 600 төгрөг, алданги 1 346 800 төгрөг, ХХХХХХ-ны зээлийн төлбөрт төлсөн 4 418 500 төгрөг, нийт 14 045 900 төгрөг гаргуулана гэж өөрчилсөн байна.

/хх-ийн 55,56 дугаар тал/

 

Хариуцагч ХХХХ дээрх шаардлагыг эс зөвшөөрч, эхнэр ХХХХХ-ын данснаас авсан 7 600 000 төгрөгийг автомашины урьдчилгаа төлбөрт байршуулж, ХХХ-наас 6 500 000 төгрөгийг зээлээр авч, үүнийгээ цалингаас суутгуулан төлсөн байхад нэхэмжлэгч нь уг төлбөр болон банкны зээлийг төлж байсан мэтээр шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн үнийг компаниас урьдчилгаа төлбөр гэх 7 400 000 төгрөг, банкинд дансаар болон бэлнээр тушаасан гэх 4 418 500 төгрөгийн нийлбэр дүнгээр нийт 11 818 500 төгрөг гэж дүгнэснийг нэхэмжлэгч зөвшөөрч буйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар “ХХ” ХХК-иас хариуцагч ХХХ-д автомашин худалдан авахад нь зориулж бэлнээр 7 400 000 төгрөгийг бэлнээр буюу зээлээр өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн Мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг нь хариуцагчийн гарын үсэггүй, зөвхөн нэхэмжлэгч талын үйлдсэн баримт учраас шүүх үнэлээгүй нь зөв юм.

/хх-ийн 79, 80 дахь тал/

 

Талуудын хооронд маргааны зүйл болж буй автомашины урьдчилгаа төлбөрийг хариуцагч ХХХХ 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ХХХХХ-д 7 600 000 төгрөг байршуулан төлсөн нь тус банкнаас шүүхэд ирүүлсэн орлогын баримт, гэрч ХХХХХ-ын мэдүүлэг, ХХХ-ны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг /хх-ийн 53, 54 дэх тал/ нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагчид зээл олгосон, түүний өмнөөс дээрх төлбөрийг бэлнээр төлсөн гэж дүгнэх буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн ХХХ-наас авсан зээлийн өрийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 13 удаагийн төлөлтөөр нийт 4 418 500 төгрөгийг төлж байсан үйл баримт хэрэгт авагдсан ХХХХХХ-ны орлогын болон төлбөрийн баримт тус бүрээр тогтоогдож, хариуцагч ХХХХ үүнийг баримтаар няцаагаагүй байхад шүүх зарим төлбөрийг тооцохгүйгээр 3 349 000 төгрөгийн хэмжээнд төлбөр гаргуулсныг зөвтгөх нь зүйтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч ХХХХын бусдад төлөх зээлийн өрийг өмнөөс нь төлснөөр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасантай нийцэх байтал шүүх бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх харилцаа гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болж байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад давж заалдах шатны шүүхийн нэрийг буруу бичсэн байх тул залруулах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/0428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХаас 4 418 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 7 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “68 534 төгрөг” гэснийг “133 350 төгрөг” гэж,

4 дэх заалтын “Иргэний хэргийн давж заалдах шатны 10 шүүхэд” гэснийг “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 614 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Т.ТУЯА