| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 309/2025/01491/И |
| Дугаар | 202/МА2026/00011 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 202/МА2026/00011
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Хариуцагч: *,
Хариуцагч: * нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, нотариатын зардал нийт 18,648,123.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
хариуцагч Б.Бны давж заалдсан гомдолд үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэтогтох, хариуцагч Б.Бн /цахим/, түүний өмгөөлөгч Д.Урансувд /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Нямцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Г, Б.Бн нар нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Голомтбанк-тай ЗГ4715112954 дугаарт зээлийн гэрээ байгуулж 12,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 1838 хоногийн хугацаа хэтрэлттэй, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9,793,205.09 төгрөг, зээлийн хүү 7,700,246.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,154,671.89 төгрөг нийт 18,648,123.86 төгрөгийг С.Г, Б.Бн нараас гаргуулж өгнө үү. С.Г нь Б.Бныг зээл авсан анкет дээр эхнэр гэж бичсэн байсан. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учраас Б.Бныг хариуцагчаар татан оролцуулж байгаа. Зээл авсан өдрөө Б.Бны данс руу 1,364,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. гэжээ.
2.Хариуцагч Б.Бн хариу тайлбартаа: С.Г бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд, эхнэр, нөхрийн харилцаа байхгүй. Зээл авахдаа эхнэр гэж бичсэнийг мэдээгүй. Зээл авах гэсэн юм хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гээд гуйгаад байхаар нь гарын үсэг зурж өгсөн юм. Зээлийг би авч хэрэглээгүй учраас төлөхгүй гэж үзэж байна. Би хамтран зээлдэгч болоод төлнө гэж ойлгоогүй нь миний буруу байсан байна гэжээ.
3.Хариуцагч С.Г хариу тайлбартаа: Б.Бн бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа. Ангийнхаа Б.Бныг гуйгаад гарын үсэг зуруулсан. Энэ зээл Б.Бнд хамааралгүй би гуйгаад гарын үсэг зуруулсан. Зээл авсан анкет дээр эхнэр гэж би өөрөө бичсэн. Тэрийг өөрт нь хэлээгүй. Б.Бнаас мөнгө зээлсэн байсан учраас зээл аваад тэр өдөр түүний данс руу зээлсэн мөнгөө шилжүүлсэн. Эхнэр гэж бичээд зээл авсан нь миний буруу. Бие өвдөөд эмнэлгээр явж байгаад зээлээ төлөөгүй. Зээлийн хүүг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч С.Г, Б.Бн нараас зээлийн гэрээний үүрэгт 18,648,123.86 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,191 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г, Б.Бн нараас улсын тэмдэгтийн хураамжид 251,191 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5.Хариуцагч Б.Бн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний хугацаа 2022.07.09-ний өдөр дууссан. Тэрнээс хойш Голомт банкнаас надтай огт холбогдоогүй. Гэрийн хаяг, утас дугаараа огт өөрчлөөгүй. Гэтэл миний хаягийг эрэн сурвалжлуулсан юм уу С.Гын хаягийг эрэн сурвалжлуулсан юм уу хэзээ шүүхийн шийдвэр хэргийн материалд авагдсан бэ, би энэ талаар хэргийн материалтай танилцахдаа олж хараагүй. Өмгөөлөгч маань энэ талын нотлох баримт байгаагүй гэсэн. Харин шүүхээс Цагдаагийн газрын албан бичиг болон шүүгчийн захирамжийг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь эргэлзээтэй байна. Талуудад танилцуулахад энэ баримт нь хаана байсан юм бэ. Хариуцагч гэж намайг үзээд байгаа би хаягаа огт өөрчлөөгүй байхад над руу нэг ч удаа залгаагүй, сурж ирээгүй байж хаяг тодорхойгүй гэдэг нь ямар учиртай юм би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Түүнчлэн үндсэн зээлдэгч гэх С.Г нь хүлээн зөвшөөрөөд би зээлээ төлье гээд байхад түүний хамтран зээлдэгчээр орсон гээд надаас заавал гаргуулах нь ямар учиртай юм. Хэрвээ гаргуулах бол ядаж би 50 хувийг төлье, С.Гаас 50 хувийг нь гуулах зэргээр шийдэж болно биз дээ. Зээлийн гэрээ гэдэг нь тухайн зээлдэгчдээ өгөө шилжүүлснээр үүрэг үүсдэг. Гэтэл банкны зээл болохоор хамтрагч нь мөнгө аваагүй байж үүрэг гүйцэтгэнэ гээд хохирч байгаа нь буруу.
Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү үндсэн зээлийн үүрэг зэрэгт ямар тооцоолол ж хянаагүй байна. энэ тал дээр маргаагүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй юу үгүй гэдгийг шүүх яагаад хянадаггүй юм бэ. Энэ мэтчилэн шүүхээс сан шийдвэр нь бодит байдалд нийцээгүй шударга бус, хуульд нийцэхгүй дүгнэлт сан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагч нарт танилцуулаагүй хаанаа дарж байсан юм бэ. гэв.
6.Хариуцагч Б.Бны өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бны хувьд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 277 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч болох С.Г, Б.Бн нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэдэг дээрээ маргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан үүссэн. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Үүнийг шийдсэн цаг хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байсан. Тэгэхээр хариуцагч Б.Бн болон миний зүгээс хавтаст хэргийн материалтай танилцахад Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн захирамжтай холбоотой ямар нэгэн нотлох баримт байгаагүй. Хэрвээ шинээр нотлох баримт гаргаж ирсэн бол яагаад танилцуулаагүй вэ гэдэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг гаргасан. Энэ нотлох баримтыг хараагүй байсан учраас шүүх хуралдаан дээр хуулийн хугацаа тасалдсан байна гэх агуулгаар тайлбар гаргаж байсан. Тэгэхээр бидний хэргийн материал танилцсан цаг хугацаа, тухайн нотлох баримтыг аль талаас нь хэзээ гаргаж ирсэн бэ гэдэг тал дээр санал дүгнэлтээ гаргаад шийдвэр гаргах байх. Мөн хариуцагч Б.Бн нь С.Г гэх хүний эхнэр нь биш, бид нэг анги байсан. Тэгэхээр энэ хүн зээлээ төлөөгүйн төлөө хамтран зээлдэгч гээд явж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очлоо гэхэд С.Г нь ажил хийдэггүй, орлого олдоггүй тул би төлөх нөхцөл байдалд хүрч байна. Хоёр тал хоёулаа үүрэг гүйцэтгэх ёстой бол үүргийг 50, 50 хувиар оногдуулах хүсэлтэй байна. Голомт банкны нэхэмжилж байгаа үнийн дүнг хариуцагч нараас 50, 50 хувиар гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү. Мөн Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нар мөнгөн дүн дээр маргаагүй гэдэг агуулгаар шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байгаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн зээл, хүү, алданги нь хэд байна гэдгийг нягтлан харах үүрэг нь шүүхэд байгаа. Тэгэхэд эдгээр 3 асуудал дээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэдэг тал дээр хариуцагчийн зүгээс гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тухайн төлбөрийн 50 хувийг хариуцагч Б.Бнаас гаргуулж өгнө үү. гэв.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна. Энэ нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахаасаа өмнө ажиллагаанууд хийгээд явж байсан. Анх 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжилсэн, бүртгэлтэй боловч хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрэгсэхгүй болгох захирамж гарч байсан. Үүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлт өгөөд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эрэн сурвалжлуулах захирамж нь гараад 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хаяг олдсон цагдаагийн тоот ирээд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хаягийнхаа дагуу нэхэмжлэл гаргасан. 50, 50 хувиар төлүүлж болох уу гэж байна. Үүн дээр хэлэхэд аль аль тал нь гарын үсэг зурж гэрээ хийсэн, хамтран зээлдэгч орж байж гэрээ баталгаажсан гэдэг үүднээсээ 50, 50 хувь байх боломжгүй. Та өөрөө төлөхгүй байлаа гэхэд С.Г бүрэн төлж болно. Заавал та хоёрт хувь зааж өгөхгүйгээр төлөх боломжтой. Гол нь С.Г тогтсон ажил төрөлгүй байгаа учраас хамтран зээлдэгч болох танаас гаргуулах хүсэлтэй байна гэдэг талаас хандаж байгаа. Хамтран зээлдэгчээр Б.Бн нь гарын үсэг зурж зээлийн гэрээ баталгаажиж байгаа учраас 50, 50 хувиар гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг нь дэмжих үндэслэл байхгүй. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хамтран хариуцагч Б.Бны давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г ХК, хариуцагч С.Г, Б.Бн нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ4715112954 тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 15.6 хувийн хүүтэй цалингийн зээл авсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй, зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан тул нэхэмжлэгч Г ХК-аас ЗГ4715112954 тоот гэрээний дагуу үндсэн зээл 3,7393,205.09 төгрөг, хүү 7,700,246.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,154,671.89 төгрөг, нийт 18,648,123.86 төгрөгийг хариуцагч С.Г, Б.Бн нараас гаргуулахаар нэхэмжилжээ.
3.Хариуцагч Б.Бн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...С.Г бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд, эхнэр, нөхрийн харилцаа байхгүй. Зээл авахдаа эхнэр гэж бичсэнийг мэдээгүй. Зээл авах гэсэн юм хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гээд гуйгаад байхаар нь гарын үсэг зурж өгсөн юм. Зээлийг би авч хэрэглээгүй учраас төлөхгүй гэж маргасан,
Хариуцагч С.Г ...Г ХК-аас зээл авсан нь үнэн, нэхэмжилсэн 18,648,123,86 төгрөгийг бүрэн төлөхөө зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж тайлбар гаргасан.
4.Харин хариуцагч Б.Бн нь ...зээл авсан С.Г нь дангаараа төлөх ёстой гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзсэн.
Учир нь, 5.1.С.Гын хүсэлтээр Б.Бн Г ХК-тай 12,000,000 төгрөгийн цалингийн зээл авахаар хамтран зээлдэгчээр оролцож, гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээ байгуулагдсан нь С.Г, Б.Бн нарын хооронд хэлцэл хийгдсэн буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан ...хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэсэнд нийцсэн.
Энэ талаар хариуцагч нар хүлээн зөвшөөрч, маргадаггүй.
Г ХК зээлдэгч С.Г, хамтран зээлдэгч Б.Бн нарын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ4715112954 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжид нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд зээлдэгч С.Г нь зээлийн гэрээний дагуу зээл төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буюу нийт 18,648,123,86 төгрөгийн зээл төлөх үүргээс хамтран зээлдэгч Б.Бныг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
5.2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зээлийн төлбөрийг хариуцагч С.Г, Б.Бн нараас гаргуулж Г ХК-нд олгохоор шийдвэрлэснийг хамтран хариуцагч Б.Бны зүгээс ...С.Г зээлийн төлбөрөө төлөхгүй нөхцөл үүсвэл зээл аваагүй надаас зээлийн үүрэг бүхэлдээ нэхэгдэх эрсдэлтэй тул зээлийн үүргийн 50%-иар нь хязгаарлалтыг шүүхээс хийлгүүлэх гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д ...хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан нь нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжилсэн 18,648,123,86 төгрөгийн зээлийн үүргийг хариуцагч нар тэнцүү буюу 50, 50%-иар хүлээнэ гэж ойлгогдоно.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч С.Гын хувьд зээлийг бүхэлд нь хүлээн авсан ба зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байх хэдий ч хариуцагч Б.Бны зүгээс хамтран үүрэг хүлээхээр зөвшөөрч, зээлийн гэрээнд оролцсон байх тул Иргэний хууль болон зээлийн гэрээний дагуу түүнийг үүргээс чөлөөлөгдөхгүй ч үндсэн зээлдэгч С.Гын тухайд зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь биелүүлж, нэхэмжлэгч Г ХК-нд төлбөрийг бүрэн төлж, хүлээлгэж өгсөн нөхцөлд хариуцагч Б.Бн чөлөөлөгдөх боломжтой юм.
5.3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хөөн хэлэлцэх хугацааны дотор байна гэж дүгнэж, хамтран хариуцагч Б.Бны татгалзлыг хүлээж аваагүй нь үндэслэлтэй, зөв болсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэнд нийцсэн.
6.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хамтран хариуцагч Б.Бнаас гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 308/ШШ2026/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бны гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар хариуцагч Б.Бны давж заалдах журмаар төлсөн 251,191 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
Н.БОЛОРМАА
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
А.САЙНТӨГС