Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/919

 

2019      10           29                                     2019/ШЦТ/919                                 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/0916/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,

Нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн 1809055281068 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол Аса циркийн үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажилтай боловч тус байгууллагаас хүүхэд асрах чөлөө авсан, одоо Үлэмж Грийс ХХК-д менежер ажилтай гэх, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 3-29 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О.А /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.А нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Баттулгад 15 сая төгрөгөөр гэрээ хийж байгаа гэж итгүүлэн 10 сая төгрөгөөр гэрээ хийн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 5 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Монгол Улсын Пауэрлифтингийн холбооноос 2019 оны 6 дугаар сард тэмцээн зохион байгуулахаар ирж уулзсан. Тухайн үед 15.000.000 төгрөгөөр гэрээ хийсэн. Тэрний өмнө Боксын холбооныхон  дэлхийн аваргын тэмцээн хийхээр болж нарийн бичгийн дарга Батнасан нь надад урьдчилгаа гэж 10.000.000 төгрөгийг өгсөн. Тухайн арга хэмжээ хагас, бүтэн сайны өдрүүдэд зохион байгуулагдсан. Би үлдэгдэл 5.000.000 төгрөгөө хий гэхэд “амралтын өдөр таарч байгаа ах нь чамд нэг дэх өдөр зохицуулаад шилжүүлье” гэж хэлсэн. Би тухайн үед  Пауэрлифтингийн холбооны дансаас 5.000.000 төгрөгийг авч, Боксын холбооны данс руу шилжүүлсэн. Би боксын холбооны  Батнасантай одоог хүртэл уулзаагүй байгаа. Би өөрөө мөнгийг авч боксын дансанд хийсэн учир гэм бурууг хүлээж байна...” гэх мэдүүлэг;

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Баттулгын өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Баттулгын “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга, яллагдагч О.А-н “ХААН” банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга, Нийгэм, хамт олон, бие хүнд үзүүлэх үйлчилгээний гэрээ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч О.А нь Монгол Аса циркийн үйл ажиллагаа хариуцсан менежерийн ажлыг хийж байхдаа 2019.03.13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол Аса циркийн байранд хохирогч Монголын Пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ажилтай Д. Баттулгад  Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Аса циркийн байранд 6 хоног зохион байгуулж явуулахад түрээсийн зардалд 15 сая төгрөг болно, манайх 15 сая төгрөгөөр Нийгэм, хамт олон, бие хүнд үзүүлэх үйлчилгээний гэрээ хийж байгаа гэж итгүүлэн 10 сая төгрөгөөр хийх ажил үйлчилгээг 15 сая төгрөг болгон бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 5 сая төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

О.А-н яллагдагчаар өгсөн: “...Би циркэд тухайн үед үйл ажиллагааны менежер хмйдэг байсан. Тэгэхэд Пауэрлифтингийн холбооны Баттулга гэдэг хүн Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулна гэж ирж надтай уулзсан. Тэгээд уулзаад өдөр тайзаа тохироод явсан. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай ажил дээр ирж гэрээгээ хийсэн. Тухайн үед захирал гадагшаа явсан байсан учир Баттулгаар батлуулаад захирлаар тамга даруулчихаад өгнө гэж хэлээд 2 хувь гэрээг аваад үлдсэн. Тэгээд нилээн олон сарын дараа 2018 оны 6 дугаар сарын сүүлээр байх Баттулга ах надтай холбогдоод “Холли Дайе” гэсэн сүлжээ зочид буудалд хийхээр болсон, гэрээгээ цуцалмаар байна гэж хэлсэн. ...Баттулгад гэрээ цуцалсны мөнгө гэж 8.000.000 төгрөгийг өгөөд үлдсэн 5.000.000 төгрөгийг яаралтай өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш Баттулгатай холбогдож чадаагүй байгаа. ...Тэрний дараа Баттулга ахтай холбогдоод “мөнгийг чинь өгнө, өөрөөсөө ч хамаагүй өгнө, хоёулаа нотариатаар ороод гэрээ хийчихье надад хэцүү байна гэж хэлэхэд Баттулга “би чамайг цагдаад өгвөл гомдолтой юу” гэж хэлэхэд би гомдолгүй ээ, мөнгийг чинь олж өгнө гэж хэлсэн. ...Бүх гэрээнүүд 2 хувь байгуулагддаг, би Баттулгатай 15.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

Д.Баттулгын хохирогчоор өгсөн: “...2018 оны 01 дүгээр сард Паурлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болоод ...цирк дээр очсон. Тэгсэн циркийн менежер О.А гэх охин байсан. Тэгээд 6 хоногийн хугацаанд 15 сая төгрөгөөр түрээслэхээр болсон. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр О.А над руу яриад та гэрээгээ хийчих, би гэрээг чинь бэлдчихсэн, мөнгөө бэлэн аваад ирвэл сайн байна гэхээр нь би энэ албан мөнгө учраас ямар нэгэн дансанд буюу танай байгууллагын дансанд хийе гэж хэлсэн. Тэгтэл та миний данс руу хийчих, байгууллагын данс руу хийхээр татвар нэхээд байдаг юм гэж хэлсэн. ...дансны дугаар над руу явуулсан, тэгээд би тэр данс руу нь 15 сая төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд 2018 оны 7 дугаар сард Олон улсын холбооноос Циркийг бохир байна гээд гэрээг цуцлахаар болсон. Тэгээд би албан тоотыг Циркэд аваачиж өгсөн. Тэгтэл цирк хүлээн зөвшөөрөөд гэрээний 20 хувийг авч үлдээд 80 хувийг буцааж өгнө гээд 8 сая төгрөг надад өгсөн. Тэгтэл О.А надад би дундаас нь 5 сая төгрөг авчихсан. Танд би эргүүлээд удахгүй өгнө та манай дарга нарт хэлэлгүй хүлээж бай гэж гуйсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 28 тал/,

Хохирогч Д.Баттулгын “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16 тал/,

Яллагдагч О.А-н “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56 тал/,

Нийгэм хамт олон, бие хүнд үзүүлэх үйлчилгээний гэрээ /хх-ийн 59-61 тал/,

Гэрч Ц.Лонжидмаагийн “...Пауэрлифтингийн холбоо манай байгууллагад тэмцээн зохион байгуулаагүй, танай байгууллагад тэмцээн зохион байгуулах боломжгүй гээд тэмцээнээ цуцалж мөнгөө авья гэдэг хүсэлт гаргасны дагуу гэрээнд зааснаар үнийн дүнгийн 20 хувийг суутгаж, үлдсэн мөнгө болох 8.000.000 төгрөгийг байгууллагын данснаас Баттулга гэдэг хүний данс руу хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.А-н хувьд бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.А-н хувьд ажил төрлийн байдлаа ашиглан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай зан байдал нөлөөлсөн байна.  

Шүүгдэгч О.А-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч Д. Батулга, шүүгдэгч О.А нар нь эвлэрлийн гэрээ байгуулж, хохирогч нь 5 000 000 төгрөгийн хохирлоо төлөгдсөн, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 78 тал/ гэсэн байх тул шүүгдэгч О.А-г хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.А-г залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч О.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР