Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01149

 

 

                                                           *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02854 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 725,332,330 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 21-436 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулж, ******* нь труба, булан, хэв, тулаас гэх нийт 3135 ширхэг бараа материалыг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хэсэгчилсэн байдлаар хүлээн авч, түрээсэлсэн боловч түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Мөн буцаан түрээслүүлэгч талд хүлээлгэн өгөх ёстой бараа материалаас 903 ширхэг бараа материалыг дутаасан.

Талууд 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж түрээсийн төлбөрийн үлдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тооцоход 434,659,010 төгрөг болсон. *******ийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гаргасан хүсэлтийг харгалзан нэхэмжлэгчээс нэмэлт хугацаа олгож 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн гэрээний хугацааг сунгасан. Тус 18 хоногийн түрээсийн төлбөр 2,175,210 төгрөг болсон.

1.2 *******-ийн захирал ******* нь 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргахдаа ...2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор мөнгө болон, өөр бараа материалаар орлуулж хүлээлгэн өгнө гэсэн боловч нэмэлт хугацаанд хүлээлгэн өгөөгүй, өгөхгүй болох нь тодорхой болсон ба тус бараа материалын үнийг төлөөгүй. Иймд дутагдуулсан 903 ширхэг бараа материалыг түрээсийн гэрээний 7.3-т заасны дагуу зах зээлийн үнээр буюу борлуулагдаж байгаа үнэлгээгээр тооцож гаргуулна.

1.3 Мөн гэрээний 7.2-т заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон сүүлийн өдөр болох 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх алдангид 393,150,780 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 218,417,110 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулна.

Иймд хариуцагч *******-иас гэрээний үлдэгдэл төлбөр 436,834,220 төгрөг, алданги 218,417,110 төгрөг, дутуу бараа материалын үнэ 70,081,000 төгрөг, нийт 725,332,330 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэлийн үнийн дүн ойлгомжгүй байна. Гэрээнд заасан сарын түрээс хэдэн төгрөг болох талаар баримтгүй, тодорхойгүйгээс өвөл болон бусад улирлын түрээсийн төлбөрийг хэрхэн бодсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, ******* нь ашиглаагүй хугацааны буюу өвлийн улирлын түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өвлийн улиралд нийт 378,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Тооцоо нийлсэн баримтад хэзээний төлбөр шаардсан нь тодорхойгүй. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бид төлбөрөө төлж чадахгүй байсан тул тооцоо нийлсэн санагдаж байна.

2.2 ******* нь бараа материал дутаагаагүй, дутаасан гэх баримтгүй. Ашиглаагүй хэв хашмалын тооцоог нэмж үндэслэлгүйгээр үнийн дүнг тооцсон. Мөн *******д тооцоо нийлэх эрх олгогдоогүй. Хэргийн 21 дүгээр талд авагдсан итгэмжлэлээр гэрээ байгуулах эрх олгосон, тооцоо нийлэх эрх олгоогүй.

2.3 Гэрээ хуулийн шаардлага хангаагүй эрх бүхий этгээд гэрээ байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 480,121,410 төгрөгийг гаргуулж, *******-д олгож, илүү нэхэмжилсэн 245,210,920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,784,612 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,558,557 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг шинжээчийн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч *******-иас 1,000,000 төгрөг, хариуцагч *******-иас 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, -ийн / MN/-д шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Гэрээний 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Гэрээний дагуу хариуцагчид төлбөр төлөх тодорхой хугацаа тогтоож өгсөн. Талууд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг хугацаанаас эхэлж гэрээний хариуцлага буюу алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт нийцнэ.

4.2 Мөн талууд алданги шаардах эрхтэй эсэхэд маргаагүй. Зөвхөн өвлийн цагийн хуваарийн дагуу түрээсийн төлбөрийг багасгах ёстой байсан талаар маргасан байхад шүүх талуудын маргаагүй асуудлаар алданги хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.3 Мөн анхан шатны шүүх шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу хувь тэнцүүлэн хуваарилах ёстой байтал ижил хэмжээгээр хуваарилсан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 698,538,520 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Тооцоо нийлсэн акт үйлдсэнээс өмнөх цаг хугацааны өглөг авлагыг дүгнэхдээ тооцоо нийлсэн акт дээр алданги тооцсон байдлаар акт үйлдээгүй. Тооцоо нийлсэн актыг дүгнэхдээ төлөх хугацааг заагаагүй. Төлөх хугацаа заагаагүйтэй холбогдуулан алданги тооцогдох талаар эцсийн тооцоо нийлсэн актад тусгаагүй.

5.2 Гэрээ 2 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд цаашид сунгагдсан эсэх, сунгасан бол сунгасан гэрээнд алдангийн талаар заасан заалт байхгүй. Алдангийн талаар талууд маргасан бөгөөд гэрээний дагуу алданги шаардаж буй нь үндэслэлгүй.

5.3 Гэрээг нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан. Уг гэрээний дагуу итгэмжлэл олгогдчихсон байсан гэж тайлбарласан боловч тухайн итгэмжлэлд *******-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурах, гэрээний дагуу өглөг, авлагыг дүгнэх гэсэн агуулгатай олгогдсон эрх итгэмжлэл дээр байхгүй.

Иймд алдангитай холбогдолтой асуудалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тооцооллын хувьд учир дутагдалтай байдлаар дүгнэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг өвөл, зуны улирал бүтэн тооцож нэхэмжилсэн. Барилгын туслах материалын түрээсийн гэрээ нь жилийн турш тогтсон үнийн дүнгээр төлж явах боломжгүй онцлогтой байдаг ба өвлийн саруудад барилгын ажил явагдах боломжгүй шалтгааны улмаас түрээсийн төлбөрөөс хасах, нэг бол бага үнээр түрээслэх мэтээр харилцан тохиролцдог. Хэргийн 30 дугаар талд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр *******-ийн захирлын хүсэлт байх бөгөөд дээрх хүсэлтийн агуулга нь түрээсийн бараа материалууд барилгын талбай дээр өнжих нөхцөл байдал үүссэн тул өвлийн улирлын түрээсийн тооцоогоор бодож өгөхийг хүссэн байдаг.

Гэрээний дагуу 1 сарын түрээсийн төлбөр 21,953,000 төгрөг ба энэхүү үнийн дүнгээр өвлийн саруудад тооцох боломжгүй. Гэвч түрээсийн гэрээ байгуулагдсан цагаас эхлэн өвлийн саруудад түрээсийн зүйлийг ашиглаагүй буцаан өгсөн ч түрээслэгч тал мөн адил ашиг орлого олох боломжгүй үед зуны улирлын тооцоогоор бодож байгаа нь үндэслэлгүй. Өвлийн сараар тооцож үзвэл дээрх үнийн дүнгээс 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1 Гэрээний хүчин төгөлдөр байдалтай талууд маргаагүй бөгөөд төлөөлөх эрхтэй этгээд хийсэн, хийгээгүй гэдэгт маргаан өрнөдөг. Үүнд холбогдох итгэмжлэл болон Иргэний хуульд заасны дагуу төлөөлөгч учраас уг төлөөлөгчийн хийсэн хэлцлийг зөвшөөрч байгаа тохиолдолд тухайн гэрээг хүчин төгөлдөр байна гэдэг агуулгаар гэрээний хүчин төгөлдөр байдал нь хуульд нийцэж байгаа.

7.2 Талуудын зүгээс 2, 3 удаагийн тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан. Уг акт дээр үндсэн төлбөр тооцоонд маргаан байдаггүй. Хэргийн 12-16 дугаар талд хариуцагч компанийн одоогийн захирал гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж төлбөр тооцоог хүлээн зөвшөөрч тодорхой хугацаанд төлье гэдэг албан бичгүүд хэрэгт авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр *******, ******* нар гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд талуудын хооронд өвлийн хуваарийн асуудал яригдаагүй. Магадгүй хэрвээ уг асуудлыг ярьсан бол гэрээнд өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлээд явах боломжтой гэж тодорхой дурддаг.

Иймд хариуцагчийн гаргасан 10,000,000 төгрөгийг хасуулъя гэх гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 436,834,220 төгрөг, алданги 218,417,110 төгрөг, дутуу бараа материалын үнэ 70,081,000 төгрөг, нийт 725,332,330 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. *******-ийн ерөнхий захирал ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б/01 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай тушаалаар компанийн тооцооны нягтлан албан тушаалтай *******д компанийн хөрөнгө буюу барилгын туслах материалыг түрээслэх, компанийн нэрийн өмнөөс түрээсийн гэрээ байгуулах эрхийг олгосон байна. /хх 21/

3.1 Улмаар, *******-ийг төлөөлж ******* болон *******-ийг төлөөлж захирал ******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 21-436 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр түрээслүүлэгч ******* түрээслэгч талд барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах бараа материал буюу эд хөрөнгийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 2 сарын хугацаатай түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 9-11/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.

4.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч түрээслэгч нь түрээсийн зүйлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түрээсэлж, өөрийн эзэмшилдээ байлгаж байсан талаар зохигч маргаагүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

5. Талууд 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Уг баримтаар хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт буюу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт нийт 434,659,010 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн, дээрх төлбөрийг хариуцагч талаас нэхэмжлэгчид төлөх талаар удаа дараа хүсэлт гаргаж байжээ. /хх 12-14, 31-33/

5.1 Дээрх баримтад нэхэмжлэгч талыг төлөөлж нягтлан ******* гарын үсэг зурж, компанийн санхүүгийн тэмдэг даран баталгаажуулсан байгааг *******д тооцоо нийлэх эрх олгогдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан эсэх нь нэхэмжлэгч буюу төлөөлүүлсэн этгээд болох нэхэмжлэгчийн зөвшөөрлөөс шалтгаална. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй, маргаагүйгээс гадна уг баримтыг дэмжин оролцсон байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээг нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэх татгалзал үндэслэлгүй.

5.2 Хариуцагч нь ...гэрээний дагуу нэг сарын түрээсийн төлбөр 21,953,000 төгрөг ба энэхүү үнийн дүнгээр өвлийн саруудад тооцож явах боломжгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд өвлийн улиралд түрээсийн төлбөрийг багаар тооцож тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.3 Мөн *******-иас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн төлбөрөөс тодорхой хэмжээний төлөлтийг өвлийн хугацаанд багасгах агуулга бүхий хүсэлтийг *******-д хүргүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан. Уг баримтаар талууд гэрээний төлбөрийг өвлийн улиралд багасгахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн баримт нь нэг талын буюу хариуцагчийн баримт байхаас гадна нэхэмжлэгч үүнд маргаж байх тул талууд гэрээнд улирлаас хамаарч үнийн дүнд өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй. /хх 30/

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 434,659,010 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6. Харин хэргийн 15 дугаар талд авагдсан Хүлээн авсан бараа материалын акт-аар хариуцагчийг 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 2,175,210 төгрөгийн эд зүйлийг түрээсэлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч үүнд давж заалдах гомдол гаргаагүй.

7. Гэрээний 7.2-т Түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэжээ.

7.1 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан. Талууд гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг буюу алдангийг хэзээнээс эхлэн тооцох талаар заагаагүй байх тул анхан шатны шүүх уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар алданги шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгч хууль болон гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүснэ. Гэтэл гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг заагаагүй байх тул хариуцагчийг түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

7.2 Түүнчлэн, талуудын тооцоо нийлсэн баримтад төлбөр төлөх хугацааг мөн заагаагүй байх тул уг өдрөөс буюу 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй. Иймд ...алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт нийцнэ гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7.3 Харин анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас дутагдуулсан эд зүйлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШЗ2025/27307 дугаар захирамжаар шинжээчээр -ийг томилсон. /хх 172-173/

8.1 -ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлан-аар ...*******-ийн *******-иас нэхэмжилж буй 903 ширхэг эд зүйлийн нэхэмжилсэн үнэ 70,081,000 төгрөг, эд зүйлийн зах зээлийн үнийг 45,462,400 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой байна гэж олдсон мэдээллийн хүрээнд дүгнэж байна гэжээ. /хх 179-186/ Иймд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутаасан бараа материалын үнэ 45,462,400 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцсэн байна.

9. Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ шинжээчийн зардал 2,000,000 төгрөгийг талуудаас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт тэнцүү хуваарилан гаргуулсан нь үндэслэлгүй болсон байх тул шинжээчийн зардлыг нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр нэхэмжлэгч, хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан өөрчлөлтийг оруулна. Өөрөөр хэлбэл, дутсан эд зүйлийн үнэ 70,081,000 төгрөгийн шаардлагаас 45,462,400 төгрөг хангасан байх тул шинжээчийн зардлыг хувь тэнцүүлэн нэхэмжлэгчээс 702,600 төгрөг, хариуцагчаас 1,297,400 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч -д олгосон өөрчлөлт оруулна. Мөн шүүхийн зардлыг хуваарилсан хуулийн холбогдох хэсгийг буруу баримталсныг зөвтгөхөөс гадна шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнийг залруулан өөрчилнө.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02854 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 480,121,410 төгрөгийг гаргуулж, *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245,210,920 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,784,612 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,558,557 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-иас 702,600 төгрөг, хариуцагч *******-иас 1,297,400 төгрөгийг тус тус гаргуулж, шинжээч / MN/-д шилжүүлэхийг даалгасугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас төлсөн 1,250,035 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН