| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 137/2023/00268/И |
| Дугаар | 202/МА2026/00007 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 202/МА2026/00007
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн З сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Н.Ариунжаргал, шүүгч П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137/ШШ2026/00080 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: * /утас: */,
Хариуцагч: *,
Хариуцагч Ө.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч: *,
Хариуцагч: *,
Хариуцагч: * нарт холбогдох,
Тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 100,677,152 төгрөг, 2 ширхэг чингэлэг засварын зардал 3,500,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардал 3,000,000 төгрөг нийт 107,177,152 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагч О.Эын өмгөөлөгч С.Энхзул, хариуцагч Ө.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа нарын гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ /цахим/, хариуцагч Ө.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа, хариуцагч Д.Б , түүний өмгөөлөгч Г.Сүхээ /цахим/, хариуцагч О.Э, түүний өмгөөлөгч С.Энхзул /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн З боомтоор 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагын БНХАУлс дахь нийлүүлэгчээс ирүүлж байсан CICUI1844419 болон CICUI1843881 дугаартай чингэлэгт ачигдсан цонхны шил нийт 26 авдар барааг иргэн Ө.И нь Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбай хүрэх хооронд автомашин дээрээс унагаж осол гаргасан. Үүссэн хохирлын асуудлаар З сум дахь Хилийн цэргийн болон Цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай тухай бүр нь мэдэгдсэн. Цагдаагийн байгууллагаас үүссэн хохирлын асуудлаар шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр нийт 100,677,152 төгрөгийн хохирол учраад байгаа талаарх дүгнэлтийг гаргасан. Ослын улмаас үүссэн хохирол 100,677,152 төгрөг, 2 ш чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шил гаргах хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, нийт 116,177,152 төгрөгийг хариуцагч Д.Б , Ө.И нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Ө.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ковид-19 өвчин гарсантай холбоотойгоор Улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүс, З сумын нутгийн захиргааны байгууллага болон З боомтын хилийн хяналт, шалгалтын байгууллагыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тусгай горим тогтоосонтой холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/44 дугаар захирамжаар "З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам"-ыг баталж, уг захирамжийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/597 дугаар захирамжаар хүчингүй болгож, З боомтоор нэвтрэх ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан шинэчлэн баталж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг З сумын Засаг дарга Б.Ат чиглэл болгосны дагуу Замын- Үүд сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/279 дугаар захирамжаар "З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам"-ыг баталсан байна. Уг түр журмаар Эрээн-З боомтоор чингэлэг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байсан бөгөөд Хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайгаас чингэлгийг тээврийн хэрэгсэлд ачих, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлэх ажлыг "Монголын төмөр зам ТӨХК-ийн ажилчид, чингэлэг ачигдсан тээврийн хэрэгслийг Хил хамгаалах байгууллагын жолооч жолоодож хилийн бүсээс гаргаж импортын тээврийн хэрэгсэл татах жолоочид шилжүүлэх, уг жолооч нь Гаалийн хяналтын бүс /ложистикийн талбай/ хүртэл жолоодох үүргийг гүйцэтгүүлж байсан юм. Дээрх журам хэрэгжиж байсантай холбоотойгоор импортын тээврийн хэрэгсэл татах жолооч нар нь тээврийн хэрэгсэлд хэдэн тонны ямар бараа ачсан чингэлэг ачсаныг мэдэх боломжгүй байдаг юм. Тээврийн хэрэгслийн даацыг хэтрүүлэхгүй чингэлэг ачих, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлэх үүргийг Монголын төмөр зам ТӨХК-ийн ажилчид хариуцан гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн жинг стандартаар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх үүргийг Хил хамгаалах байгууллагын жолооч хүлээдэг учир нэгэнт ачигдаад ирсэн чингэлгийг Гаалийн хяналтын бүс рүү хүргэхээс өөр аргагүй юм. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ө.И нь З сумын иргэн Туулын хүсэлтийн дагуу иргэн Бгийн эзэмшлийн Beiben North benz маркийн * улсын дугаартай, * улсын дугаартай чиргүүлийн хамт жолоодон хилийн бүсэд чингэлэг ачих тээврийн хэрэгсэл байрлуулах талбайд байрлуулчхаад, чингэлэг ачигдаж ирэх хүртэл хүлээх хүлээлгийн байранд хүлээж байтал 10 цаг 30 минутын үед Хил хамгаалах байгууллагын жолооч 20 тонны /open top/ 2 чингэлэг ачуулаад тээврийн хэрэгслийг жолоодож ирээд жолоог шилжүүлэхдээ нэлээн хүнд ачаа шүү гэж хэлсэн байна. Тэгээд тээврийн хэрэгслийг жолоодоод 500 метр орчим яваад шороон зам руу салах үед чиргүүл дээр ачсан чингэлэг өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийн чиргүүл дээр унасан үйл явдал болсон байна. Ө.Иын жолоодон явсан тээврийн хэрэгсэл нь зургаан тэнхлэгтэй 44 тонны даацтай тээврийн хэрэгсэл юм. Чингэлэг унасны дараа чингэлэгт ачигдсан барааг шалгахад овор ихтэй, нурмаг ачаа ачих зориулалттай задгай чингэлэгт цонхны шилнүүдийг ямар ч бэхэлгээ, хамгаалалтгүй ачсан, чингэлгийг тээврийн хэрэгсэлд бэхлээгүй, даац хэтрүүлсэн зэрэг нь осол гарахад бүрэн нөлөөлсөн. З сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/279 дугаар захирамжаар баталсан З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам-ын 2.1-т "Хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайд чингэлэг шилжүүлэн ачигч техникийн оператор, чингэлгийг автомашинд ачих, автомашинаас буулгахад түгжээг тайлах түгжих 1-2 ажилтан, Хил хамгаалах байгууллагын 1 алба хаагч нар ажиллах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд хил хамгаалах байгууллагаас хяналт тавьж ажиллана, 4.2.1-т Чингэлгийн тээвэрлэлтийг "авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий стандарт" MNS 4598-2020 стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр "Ачааны чингэлэг, ашиглалт, аюулгүй ажиллагаа" MNS ISO 3874:2020 стандартын дагуу гүйцэтгүүлнэ" гэж заасан үүргээ хэрэгжүүлж ажилласан бол чингэлэг нурахгүй байх бүрэн боломжтой байсан бөгөөд дараах байгууллагуудын ажилчид ажлын байрны тодорхойлолт, мөрдөж ажиллах дүрэм, журам, стандартуудыг мөрдөөгүй учир гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй. Монголын төмөр зам ТӨХК-ийн чингэлэг шилжүүлэн ачигч техникийн оператор, чингэлгийг автомашинд ачих, автомашинаас буулгахад түгжээг тайлах түгжих ажилтнууд нь: Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартын:
4.4-т "авто тээврийн хэрэгслийн бүх жин: тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүлийн бүх жингийн нийлбэрээр тооцно,
4.6-т "тэнхлэг дээрх ачаалал: нэг буюу хэд хэдэн тэнхлэгээс дугуйгаар дамжин замын гадаргууд үзүүлэх бодит ачаалал"
-4.12-т "хагас чиргүүл: зүтгүүрт холбон ашиглах зориулалттай нийт массынх нь үлэмж хэсэг нь холбоосоор дамжин зүтгүүрт дээр ирэх чиргүүл",
-5.8.1.1-т "авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь зургаа болон түүнээс олон тэнхлэгтэй хагас чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хамгийн их жин тонн 44тн",
-5.8.2-т "Нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11,5 тн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тн-оос тус тус ихгүй байна",
-5.8.4-т "Зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарах тохиолдолд холбогдох байгууллагаас зохих зөвшөөрөл авна.",
-12.2-т "Чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд жин болон хагас чиргүүлийн тэнхлэгт ноогдох ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх нийт жингээс 1,5 дахин ихгүй байна" гэж заасныг,
Мөн MNS ISO 3874:2020 "Ачааны чингэлэг ашиглалт, аюулгүй ажиллагаа" стандартуудыг мөрдөж ажиллаагүй, Хил хамгаалах байгууллагын жолооч нь: Тээврийн хэрэгсэлд ачигдаж байгаа чингэлэг нь тухайн тээврийн хэрэгслийн даацаас хэтрүүлэхгүй ачуулах, чингэлгийг стандартын дагуу тээврийн хэрэгслийн чиргүүлд бэхэлсэн эсэхэд хяналт тавьж замын хөдөлгөөнийг эхлэх бүрэн боломжтой байсан. Учир нь хил хамгаалах байгууллагын жолооч нь хилийн 0 цэг рүү нэвтэрч тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд анх оролцуулж байгаа юм. Дээрх жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн: 24 дүгээр зүйлийн 24.1-т "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.", 24.2-т "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.", 24.3-т Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна: а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй; B/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөний эхлүүлсэн. Мөн чингэлэг шилжүүлэн ачих ажиллагаанд хяналт тавих Хил хамгаалах байгууллагын ажилтан хяналт тавьж, мөрдөх дүрэм, журам, стандартыг мөрдүүлээгүй ажилдаа хайнга хандсанаас дээрх осол гарсан. Ө.Ит жолоог шилжүүлсэн Хил хамгаалах байгууллагын жолооч нь жолоог шилжүүлэхдээ ямар ачаа бараа ачсан, ачигдсан бараа нь шаардлагын дагуу ачигдсан, жин тонны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Иргэний хуулийн 388 дугаар зүйлийн 388.6-т Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав, баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна.", 388.9-т "Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна." Мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-т Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна., 393.4-т Дараах нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6-393.8-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө: 393.4.1-т талууд шууд тохиролцон, дагалдах бичигт тэмдэглэснээр задгай тээврийн хэрэгсэл ашигласан; 393.4.2-т ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байсан; 393.4.4-т тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн буюу бүрэн гэмтэх аюул Ө.Иын жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлд ачигдсан ачаа бараанд байсан болох нь Дорноговь аймгийн З сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Золбоогийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн "Эрх бүхий албан тушаалтны магадалгаа", 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээс тодорхой харагдаж байгаа юм. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.6-д "Энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байх тул Ө.Ит холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И, Б, Э нарт холбогдуулан шаардлага гаргаж байгаа. Баримтад үндэслэн 107,177,152 төгрөгөөр тодорхойлсон. 2022 оны 11 сард осол гарсан. Осол болоход Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг тайлбар авсан байдаг. Жолооч Иын ур чадваргүй байдлаас болж уг осол гарсан иймд бид Иыг хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч учир бид хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байгаа. Эын хувьд өмнөх шүүх хуралдаан дээр Э гэж хүнээс цалин авч тээвэр хийдэг байсан. Ийм учир дангаараа хариуцахгүй гэх тайлбарыг И гаргаж байсан тул бид хариуцагчаар Эыг татсан. Одоо 107,177,152 төгрөгийг гурван хариуцагчаас нэхэмжилж байна.” гэжээ.
5. Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд энэ талаар мэдэхгүй. Тухайн үед ковидын үе байсан. Эзэмшигч, өмчлөгч нь машин дээрээ очих боломжгүй байсан. Машины түлхүүрийг голын хайрцагт үлдээдэг байсан. Машиныг Э аваад явсныг би мэдээгүй. Тухайн ослыг би дундын групп чатнаас мэдсэн. Э надад хэлэхгүй авч явсан тул би хариуцлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
6.Хариуцагч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцлагаа хүлээнэ. Бгийн машиныг би дур мэдэн авсан. Бг энэ осолд холбогдуулахгүй, Бг энэ хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Би хохирлын 30 хувийг зөвшөөрч байна. Идэрбатаар 70 хувийг төлөх ёстой гэж үзэж байна.” гэжээ.
7.Хариуцагч Ө.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр И нь хариуцагч Эын хүсэлтээр МУ-ын 0 цэгээс ложистик хүртэл 100,000 төгрөгөөр тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан байдаг. Тухайн тээврийн хэрэгсэлд 2 чингэлэгтэй ачаа ачигдсан байдаг. Тухайн ачаа барааг шалгах боломжгүй байсан. Тухайн үед ковидын цар тахлын үе байсан. Замын-Үүдийн Засаг даргаар түр журам хэрэгжиж байсан. Тухайн журмын дагуу И 3-ын хаалтнаас ложистикийн төв хүртэл жолоодох ёстой байсан. Тэгтэл журам зөрчигдөн И 0 цэгээс жолоодсон байдаг. Мөрдөгчийн магадалгаагаар Иын ЗХД-ийн 24.2,3-ийн зөрчсөн гэж үзэж торгож шийдвэрлэсэн. Хохирол төлбөрийг иргэний хуулиар шийдүүлэхээр зохицуулсан. 2025 оны техникийн шинжээчийн дүгнэлтээр тухайн ачааг бэхэлгээг дутуу хийсэн, жин тонн хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ослын газрын бүдүүвч мөн гарсан байдаг. Тухайн нөхцөл байдалд үүссэн журамд хариуцагч этгээдүүдийг заасан байдаг. Журмын дагуу ажилсан бол энэ 3 этгээд хариуцагч мөн үү гэдэг дээр анхаарах ёстой юм. Иын зүгээс нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрнө. ИХ-ийн 499 дүгээр зүйлд өмчлөгч Бг чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэж байна. ИХ-ийн 514-р нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжтой тул 50 хувиар багасгаж өгнө үү. Тээвэрлэлтийн хөлс, шилийг хогон дээр аваачсан гэх зардлаа нэхэмжлэгч тал нотолж чадаагүй тул татгалзаж байна. 14,931,858.6 төгрөгийг манай тал зөвшөөрч байна.” гэжээ.
8.Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие нь Н ХХК-ний нэхэмжлэлтэй 116,177,152 төгрөг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбараа гаргаж байна. Учир нь тухайн цаг үед Н ХХК-тай ачаа тээвэрлэлтийн талаар тохиролцоогүй, харин Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр, тус ажлын хэсэгтэй тохирсноор тэдний өмнөөс, хүлээн авсан ачааг тээвэрлэсэн тул Н ХХК-ний өмнө хариуцлага үүрэхгүй, бидний хооронд ямар нэгэн тохиролцсон зүйл гэрээний эрх, үүрэг байхгүй. Бид ачаа тээвэрлэлтийг зохих журмаар хүлээн авсан бол тухайн ачааг стандарт бус ачсан байгааг буюу ямар нэгэн бэхэлгээ тоноглолоор бэхлээгүй, уялт чангалалт хийгээгүйгээс үүдэх эрсдэлийг тооцож тавигдах шаардлагын түвшинд бэхлүүлэх улмаар ачааны буюу машины жин тонноор тохируулж ачна. Өмнө нь мөн энэ маягаар шил хагалсан шалтгаанаар улсаас хохирол авч байсан нь санаатай сул бэхэлгээ хийхгүйгээр ачиж осол гаргах нөхцөлийг бүрдүүлж үлдсэн шилийг /хагараагүй байсан/ ямар нэгэн татваргүй үнэгүйгээр ашиглаж буй залилангийн үйлдэл байна. Учир нь ачааг анхнаасаа осол гарах, нөхцөл боломжтой ачих замаар төрд хүлээлгэн өгч, түүний балгаас үүссэн асуудлаас устгал нэрээр эвдрэлгүй шилийг нь ашиглаж байгаа нь хууль бус үйлдэлд миний бие өртсөнд гомдолтой байна. 1. Улс хоорондын тээврийн буюу Хилийн тэг цэгээс Гаалийн хяналтын талбай хүрэх хүртэл тээврийн гэрээг бид хоорондоо хийгээгүй тул миний бие хариуцагч биш, 2. Хагараагүй шилийг хэрхэн үнэлсэн талаар тодорхойгүй тул гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хариу тайлбар гаргаж байна.” гэжээ.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 499.3, 510 дүгээр зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч нараас нийт 89,591,152 төгрөгийг буюу хариуцагч Ө.Иаас 53,754,691 төгрөг, хариуцагч Д.Б , О.Э нараас тус бүр 17,918,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,586,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч Д.Б нь цонхны 1500*2000*4 мм хэмжээтэй 10 хайрцаг, цонхны 1650*2200*4 мм хэмжээтэй 16 хайрцаг шилийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,835.76 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас 89,591,152 төгрөг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 605,906 төгрөгийн 60 хувь болох 363,544 төгрөгийг хариуцагч Ө.Иаас, Д.Б , О.Э нараас үлдэх 40 хувь болох 242,362 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож,
Хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
10.Хариуцагч О.Эын өмгөөлөгч С.Энхзул гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зөрчлийн хэрэгт шалгаж тогтоогоогүй нөхцөл байдал байна гэж үзэж хүсэлт гаргаад тухайн хүсэлт шийдвэрлэгдэж Иын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд ачигдсан байсан тэнхлэгтэй шил нь жин, тонн хэтрүүлэн ачсан, ачилтын стандартын дагуу ачигдаагүй нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэдэг дүгнэлт 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ШУТИС-ийн Механик инженерийн тээврийн сургуульд техникийн шинжилгээнд дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлт 4 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар хуудсанд авагдсан байгаа. Мөн жин тонн хэтэрсэн талаар буюу 60 тонн буюу 60,000 килограмм ачаа ачигдсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 152-154 дүгээр хуудсанд авагдсан гарал үүслийн бичиг авагдсан байдаг. Энэ нь мөн 3 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд авагдсан байдаг. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн Иын жолоодож явсан тээврийн хэрэгслийн жин, тонн хэтэрсэн талаар нотлох баримтууд хэрэгт авагдсан. Мөн нэгэнт буруутай үндэслэл нь жин, тонн хэтэрсэн байна гэдэг нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхад харьцуулан үнэлж дүгнэлт хийгээгүй. Мөн 10 сарын шүүх хуралдаанд өмгөөлөгч миний зүгээс зам тээврийн осол гарах нэг шалтгаан нөхцөл нь ачаа бараа стандартын бус ачигдсанд нөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бууруулах үндэслэл болж байна гэж мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр ямар нэгэн үндэслэлээр няцаасан талаар хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна. Хоёрдугаарт шүүхийн шийдвэрт хариуцагч Б тээврийн хэрэгслийн түлхүүрийг кабин дотор явсан, бусдад ашиглуулах боломжийг олгосон гэж буруутгаж төлбөр гаргуулахаар хариуцуулахаар шийдвэрлэсэн нь өөрөө үндэслэлгүй байдаг. Яагаад үндэслэлгүй гэхээр тухайн цаг үед ковид 19 цар тахлын үе байсан. Тухайн өвчний улмаас З суманд хөл хориотой онцгой комиссын заавар журмын дагуу том тээврийн хэрэгслийн жолооч нар машинаа нэг эгнээнд 50, 50-аар нь цувуулан болгоод тээврийн хэрэгслийн түлхүүр бүгдээрээ кабиндаа орхиж байсан. Машиныхаа урд талын шилэн наалт дээр утасны дугаараа нааж орхиод өөрсдийн тээврийн хэрэгсэл дээр очих ямар ч боломж байгаагүй. Зөвхөн тусгай хамгаалалтад байсан жолооч маань л тухайн тээврийн хэрэгслийн очерт очиж дараалалд байгаа тээврийн хэрэгслийг авч явахдаа утасны дугаараар нь өмчлөл эзэмшигчид нь мэдэгдээд хөдөлгөөнд оролцох зохион байгуулалттай байсан. Тухайн үед хариуцагч Э өөрөө дур мэдэн Д.Бгийн тээврийн хэрэгслийг аваад явчих гэсэн зөвшөөрлийг утсаар өгсөн байдаг. Энэ талаараа Б нь огт мэдээгүй, зөвшөөрөөгүй болох нь хэрэгт авагдсан хариуцагч Иын зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг, иргэний хэрэгт гаргасан тайлбар, Эын гэрчээр өгсөн мэдүүлэг болон хариу тайлбар, мөн гэрч Ө, О, Э нарын мэдүүлгээр тогтоогддог. Энэ нь 4 дүгээр хавтаст хэргийн 15-16, 40-41 дүгээр хуудсанд байгаа нотлох баримтууд болон бусад нотлох баримтаар Б энэ хэрэгт хамааралгүй байна. Өөрөө зөвшөөрөөгүй байхад нь Эын дур мэдээд аваад явсан гэдэг нотлох баримт нотлогдож шүүх энэ хэргийн үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй, харьцуулан үнэлээгүй, нотлох баримтуудыг огт үнэлээгүй орхисон байгаа. Хэрвээ няцаалт байгаа нь ямар үндэслэлээр няцаалт байгаа юм. Миний гомдолд дурдсан нотлох баримтуудыг шүүх огт няцаасан байдлаар нэг бүрчлэн дүгнээгүй байгаа. Тэгэхээр эдгээр нотлох баримтуудаар Б огт хамааралгүй болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д хариуцлагаас чөлөөлөгдөх зохицуулалт байгаа. Тэгэхээр Б тухайн асуудалд холбоогүй байна гэж гомдлоо гаргасан. Энэ хоёр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулаад нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн ачиж ирсэн тээврийн хэрэгсэлд ачсан ачаа бараа нь жин тонн хэтэрсэн шалтгаан нөхцөл болсон учраас нэхэмжлэлийн үнийн дүнгийн тодорхой хувиар бууруулаад буруутай хүнээр гэм буруугийн хэлбэрээр нь 60, 30-аар хувааж өгөхийг хүсэх байна. Яагаад бид нар Бг буруугүй гээд байгаа вэ гэхээр Э, Б хоёр бага наснаасаа найзууд байсан байдаг. Өнөөдөр энэ асуудлаас болоод энэ хоёрт хагарал хүртэл үүсээд байгаа. Хэдий Б дээр төлбөр гарахаар бол Э төлнө гэж байгаа. Өөрийнхтэйгөө болон Бгийнхтай хамт төлнө. Тэгтэл Б би шийдвэр дээр очвол надад өчнөөн асуудал үүсэх учраас яагаад ингээд байгаа юм бэ гээд өнөөдөр хоёр найзын дунд хагарал үүсээд сайдаж, муудах дээрээ тулчихсан өнөөдөр ингээд явж байгаа. Тэгэхээр шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн судалж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.” гэв.
11.Хариуцагч Ө.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн осол гарсан цаг хугацаанд ковид 19 цар тахлын үед З сумын Засаг даргын захирамж буюу 279 дугаартай захирамжаар Монгол Улсын 0 цэгээс ачаа барааг хэрхэн тээвэрлэх талаар зохицуулсан түр журам хэрэгжиж байсан. Тухайн журмаар ямар байгууллагууд ямар нөхцөл байдлыг хариуцаж ажиллах ёстой вэ гэдгийг журамлаж өгсөн байдаг. Үүн дээр жолоочийн хувьд ямар нэгэн байдлаар бусадтай харилцаанд орохгүй, тээврийн хэрэгсэлд ямар ачаа ачигдаж байгааг мэдэх боломжгүй, тээврийн хэрэгсэлд ачигдсан бараа бүтээгдэхүүнийг бэхлэх, даруулга хийх тэр боломжгүй нөхцөл байдалд тээвэрлэлт хийж байсан. Энэ осолтой холбоотойгоор З сумын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Золбоо хэрэг бүртгэл, зөрчлийн ажиллагаа хийдэг. Энэ дээр хавтаст хэрэгт зөрчлийн материалыг нэхэмжлэгч талаас болон хариуцагч Иын зүгээс нотлох баримтаар зөрчлийн хэргийг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд Золбоо өөрөө эрх бүхий албан тушаалтнаар оролцсон байдаг. Гэтэл мөрдөгчийн магадалгаагаа гаргахдаа Золбоо өөрийгөө томилоод өөрөө мөрдөгчийн магадалгаа гаргачихдаг. Мөрдөгчийн магадалгаагаараа юу гэдэг вэ гэхээр жолооч Иыг Замын хөдөлгөөний дүрмийн 24.2, 24.3-д заасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна гэж үзээд 100,000 төгрөгөөр торгодог. Гэтэл Шүүх шинжилгээний тухай хууль болон зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг мөрдлөг болгоно гээд хуульд заасан. Гэтэл нөгөө мөрдөгч гээд байгаа эрх бүхий албан тушаалтан нь мөрдөгчийн магадалгааг өөрөө томилоод өөрөө гаргачихдаг. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. Мөрдөгч өөрийгөө томилж, өөрөө дүгнэлт гаргах эрх бүхий этгээд биш. Тэгэхээр энэ дүгнэлтийг шүүх үнэлээд жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн юм байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг нь 70 хувийг нь хариуцуулж шийдвэрлэсэн. Тэгэхээр миний зүгээс Иын зүгээс тухайн ковид 19 цар тахлын үед мөрдөгдөж байсан захирамжаар цагдаагийн байгууллага ямар үүрэгтэй юм, ачаа өргөж байгаа тэр калмар өргөж байгаа ажилтан ямар үүрэгтэй юм. Чингэлэг цоожлогч гээд бас ажилтнууд байгаа. Эд нар бүгдээрээ үүрэгтэй оролцоод цагдаагийн байгууллага бас тухайн журмаараа цуваанд явж байгаа тээврийн хэрэгслийг ахлаад бусад хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар тээврийн хэрэгслийг зохицуулаад явж байх ёстой байсан. Гэтэл осол гарсан цаг хугацаанд тухайн байгууллагууд ерөөсөө журмаа мөрдөж ажиллаагүй. Цагдаагийн байгууллага ч энэ дээр ерөөсөө замын хөдөлгөөний дүрмийн аюулгүй зорчих боломжийг ерөөсөө хангаагүй, хяналтаа тавиагүй оролцсон байдаг. Тэгэхээр Иын зүгээс Б ч бай, Э ч бай өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар хэлдэг. Ковид 19 цар тахлын үед жолооч бусадтай харилцах боломж байдаггүй. Тээврийн хэрэгслээ шууд унаад явах л ийм үүрэгтэй оролцож байсан гэдгийг мэдүүлдэг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ дүгнэлтүүдтэй мөрдөгчийн магадалгаатай холбоотойгоор хүсэлтүүдийг өгч байсан. Ерөнхийдөө шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтийг татгалзаж шийдвэрлээд энэ мөрдөгчийн магадалгаагаар Иыг буруутай байна гэж үзсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад техникийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай техникийн дүгнэлт гарсан. Үүн дээр тээврийн хэрэгсэл дээр 60 тонн шилийг ямар нэгэн бэхэлгээгүйгээр ачиж явсан замын хөдөлгөөнд осол гарахад нөлөөлсөн байна гэдэг байдлаар дүгнэлтээ гаргасан. Энэ дүгнэлттэй холбоотойгоор анхан шатны шүүх хуралдаан дээр Иргэний хуулийн 514.1-ийг хэрэглэх боломжтой нөхцөл байдал байна гэдэг байдлаар хуралдаан дээр ерөнхийдөө мэтгэлцсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар няцаасан дүгнэлт ерөөсөө байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан Засаг даргын захирамж, шинжээчийн дүгнэлтээр жолооч нь тухайн осол гарахад нөлөөлсөн зүйл байхгүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т жолооч өөрөө тухайн осол гарахад нөлөөлсөн нь тогтоогдохгүй бол хариуцлагаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас Иыг хариуцлагаас чөлөөлж өгөөч гэсэн гомдлоо гаргасан байгаа.” гэв.
12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт жолооч И буруугүй, И нь осол гарахад нөлөөлөөгүй гэсэн ийм зүйлүүдийг яриад байна. Тийм асуудал байхгүй. Энэ осол аваар гарахад хамгийн гол нөлөөлсөн хүн нь жолооч байгаа. Жолооч яагаад буруутай байгаа вэ гэхээр замын хөдөлгөөний дүрмийн 24.2, 24.3-т заасан энэ үүргүүдээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 24.2-т заасан энэ тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахаас өмнө тухайн тээврийн хэрэгсэл ачаа, даруулга, бэхэлгээ хийгдсэн юм уу, даруулга бэхэлгээ нь стандарт норм журмаа хангаж байгаа юм уу гэдэг асуудлуудыг шалгаагүй. Энэ тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоос өмнө жолооч мэдүүлэхдээ цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ юу гэж мэдүүлдэг вэ гэхээр цагдаагийн байгууллагаас та энэ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцуулахаасаа өмнө ачаа бараа, даруулга, бэхэлгээ байгаа эсэхийг шалгасан юм уу гэдэг ийм асуултыг асуусан. Жолооч би шалгасан 20 тонны 2 чингэлгийн урд талын чингэлгийг бэхлээгүй арын чингэлгийг гинжээр даруулсан байсан. Нэгэнт ачигдаад ороод ирсэн учраас би ачааг аваад хөдөлгөөнд оролцсон гэдэг ийм мэдүүлгийг өгсөн байдаг. Энэнээс үүдээд осол аваар үүссэн. Хоёрдугаарт тээврийн хэрэгслийг харах боломжгүй байсан онцгой нөхцөл байдал байсан, ковид 19 цар тахлын үе байсан гэдэг тайлбаруудыг анхан шатны шүүх дээр хариуцагч талаас хэлсэн. Сая ч гэсэн дурдаж байна. Тухайн үед З сумын Засаг даргын түр журам гарсан байдаг. 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр гарсан журам байдаг. Гэтэл энэ журам 10 сард хүчингүй болсон байдаг. Ийм учраас онцгой нөхцөлийн дэглэмийг нь бууруулна. Гэтэл аваар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 7 цагт болсон. Өөрөөр хэлбэл хариуцагч талын яриад байгаа явах боломжгүй байсан. Ачаа даруулга шалгах боломжгүй байсан гэдэг тайлбар үндэслэлгүй ийм тайлбар байгаа. Б хариуцагчийн хувьд энэ хэрэгт хамааралтай этгээд гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх шийдвэрийг гаргахдаа харьцангуй амьдралд ойр, хуульд нийцүүлж ийм шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Тэгэхээр өмнө нь Э гэдэг хүнтэй харилцаа холбоотой байсан, өмнө нь машинаа өгч явуулдаг байсан, бидний хооронд ийм харилцаа байсан гэдгээ анхан шатны шүүх дээр мэдүүлсэн байгаа. Энэ хавтаст хэргийн материал дотор байгаа. Тэгэхээр хариуцагч талаас Э, Б нар хоорондоо ярьсан эсэх нь тодорхойгүй ч гэсэн түлхүүр үлдээсэн гэдэг. Түлхүүрийг нь Э Ит хэлж авч явсан гэдэг ийм нөхцөл байдалтай юмнууд ярьж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг ашиглах ийм нөхцөл боломжийг үүсгэсэн. Иргэний хуулийн 409 дүгээр зүйлийн 409.3-д заасан хэн нэгэн этгээд өмчлөгч ба эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм бурууг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруу бас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон гэж байгаа. Тэгэхээр энэ боломжийг хариуцагч олгосон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл дээр очсон. Тээврийн хэрэгслийнхээ түлхүүрийг машинд үлдээсэн ийм нөхцөл байдлууд байсан. Бид ингэж үзэж байгаа. Ийм учраас энэ анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий ийм шийдвэр болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хэрэг 2022 оны 11 сард бол болсон. 2022 оны 11 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд анхан шат болон давж заалдах шатны шүүхээр өмнө нь нэг удаа ороод анхан шатны шүүх дээр дахиад 2 дахь удаагаа давж заалдах шатны шүүх дээр ирсэн ийм хэрэг байгаа. Бүгд Найрамдах Хятад ард улсаас шил орж ирдэг. Тэр шилээрээ бараа материалаар цонх хийдэг ийм компани. Тухайн үеийн 100,000,000 төгрөг өнөөдрийн 100,000,000 төгрөгийн ялгаа, энэ цаг хугацааны хооронд маш их инфляцын зөрүү, хохирлын зөрүү их бодогдсон ийм байдалтай байж байгаа. Хариуцагчийн зүгээс удаа дараа анхан шатны шүүхэд хүсэлтүүдийг гаргадаг. Цаг хугацааны хувьд хохиролтой байгаа. Тийм учраас та бүхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
13.Хариуцагч Д.Б гийн өмгөөлөгч Г.Сүхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч боломж олгосон гэж байна. Тухайн үед Дорноговь аймгийн Засаг даргын А/279 дугаартай захирамж гарсан байсан. Хилийн шугам дээр очиж чинэглэг солилцох талбайд очих зэргийг төмөр зам хариуцаж байсан байх. Тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын бүс хүртэл жолоодох үүргийг гүйцэтгүүлж байсан. Э нь Бтай найз байсан. Өөрөөр хэлбэл Ит утсаар зөвшөөрөл өгсөн. Нөгөөдөх нь авч явсан бодит байдал ийм байна. Үүнийг шүүх үнэлээгүй. Машины жин тонн хэтэрсэн, стандарт бус ачигдсан гэж байна. Үүнийг мөн үнэлээгүй, Н компани шилийг гаалийн газарт татварыг төлөөд аваад явсан байгаа. Шинжээч аваад очиход хэргийн газрыг зааж өгч чадаагүй. Шил хаясан газарт нэг ширхэг шил байгаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гарын үсгээ зураагүй зугтаагаад яваад өгсөн байсан. Хариуцагч Э шилийг авъя гэхэд зөвшөөрөөгүй байдаг. Шил нь цул унахад захын 1, 2 шил хагарна бусад шил зүгээр байгаа. Миний үйлчлүүлэгч санаатай өгч явуулаагүй байхад төлбөрт орчхоод байгаа нь гомдолтой байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
14.Хариуцагч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна.” гэв.
15.Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би зөвшөөрөхгүй байгаа. Миний машиныг зогсож байхад аваад явсан. Энэ байр суурьтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагч О.Эын өмгөөлөгч С.Энхзул, хариуцагч Ө.Иын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярмаа нарын гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлуудыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Н” ХХК-ийн БНХАУ-аас орж ирсэн 2 чингэлэг буюу 26 авдар цонхны шил бараа Дорноговь аймгийн З боомтоор орж ирж иргэн Д.Б гийн өмчлөлийн Beiben Nort benz маркийн * улсын дугаартай автомашин, * улсын дугаартай чиргүүл дээр ачигдсаныг иргэн О.Э жолооч Ө.Иаар жолоодуулан З хилийн боомтын 0 цэгээс гаалийн хяналтын талбайд хүргэхээр жолоодож явах үед ачаа автомашин дээрээс унаж “Н” ХХК-д хохирол учирсан үйл баримт болсон тул автомашины өмчлөгч Д.Б , жолооч Ө.И нарт холбогдуулан шилний үнэ 100,677,152 төгрөг, 2ш чингэлэг засварын зардал 10,000,000 төгрөг, чингэлэг доторх хагарсан шилийг цэвэрлэх, хогийн цэгт хаях ажлын зардал 5,500,000 төгрөг, бүгд 116,177,152 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар О.Эыг хэрэгт татан оролцуулсан /2хх171/.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч чингэлэг засварын зардалд 6,500,000 төгрөг гэснээ 3,500,000 төгрөг болгож, чингэлэг доторх хагарсан шил гаргаж хаях ажлын зардлыг 3000,000 төгрөг болгож, нэхэмжлэлийн шаардлагаа 107,177,152 төгрөг /2хх12/ болгож багасгасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Н” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх5-6/, ослын талаар Дорноговь аймгийн З сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Ө.Ит Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар “...жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангаагүй тохиолдолд хөдөлгөөний үргэлжлүүлэхийг хориглоно” гэх Замын хөдөлгөөний дүрмийн 24.2, 24.3-т заасныг тус тус зөрчлийг гаргаж “Н” ХХК-нд “Ашид билгүүн” үнэлгээний ХХК-ийн дүгнэлтээр 100,677,152 төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай зөрчлийн хэргийн материал /1хх09-38/, чингэлэг доторх хагарсан шилийг цэвэрлэх ажлын хөлсөнд Г.М гэх хүнд 3,000,000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны хуулга /2хх14/, хогийн цэгт хагарсан шилнүүдийг аваачиж хаясан М.Мөнхжаргалыг гэрчээр асуулгасан тухай тэмдэглэл /3хх135-136/, шилний хогийг цэвэрлэсэн гэх Г.Мөнх-Эрдэнийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх139/ зэрэгт үндэслэсэн.
Хариуцагч Ө.И, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нэхэмжлэлийн шаардлагыг “...Иын жолоодож явсан Beiben Nort benz маркийн * улсын дугаартай автомашин 44 тонны даацтай автомашинд даац хэтрүүлж ачаа ачсан, ...ачигдсан ачаа нь эрсдэлтэй ачаа байсан, тээвэрлэгчээс ачааны мэдээллийг өгөөгүйгээс осол болсон, энэ нөхцөл нь жолооч Ө.Иыг буруутгах үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Дорноговь аймгийн З сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллагаа явуулсан хэргээс хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх59-65/, 2022 оны 10 дугаар сарын 14-ний Дорноговь аймгийн З сумын Засаг даргын А/279 дугаартай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 271 дүгээр зүйлд зааснаар З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам, түүний хавсралт /1хх66-74/, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны 01 сарын 18-ны А/14 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн З сумын нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар тусгай горим /З автозамын боомт, Монгол, Хятадын хил дээрх чингэлэг шилжүүлэн ачих талбай/ тогтоосонтой холбогдуулан "Улс хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг шилжүүлэн ачих журмаар зохион байгуулах үед З боомтод мөрдөх түр журам/1хх96-98/, Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 01 сарын 19-ний А/44 дугаартай З боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам /1хх99-107/, Монголын Төмөр зам Төрийн өмчит хувьцаат компанитай хөлсөөр ажиллах гэрээний дагуу чингэлэг өргөгч техникийн жолоочоор ажиллаж байсан жолооч нарын гэрээнүүд /1хх113-144/, “Ашид билгүүн” үнэлгээний ХХК-ийн шинжээч Ч.Жамъяанг гэрчээр асуулгасан тухай тэмдэглэл /1хх153-154/, Автотээврийн Үндэсний төвийн З салбарын “...CICUI1844419 болон CICUI1843881 дугаартай чингэлэг 2022 оны 11 дүгээр сарын 01-нээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд автожингийн хяналтын постын бүртгэлд ороогүй тухай 2023-11-15-ны №180 албан бичиг /1хх115-183/, чингэлэг өргөгч техникийн жолоочоор ажиллаж байсан гэрч Г.Бямбажаргал, Ч.Бат-Очир, Ц.Батжаргал нарыг асуусан тухай тэмдэглэл /1хх203-210/, “Н” ХХК-ийн гаалийн бүрдүүлэгчээр ажиллаж байсан Б.Уламбаярыг гэрчээр асуулгасан тухай тэмдэглэл /2хх8-9/, О.Эыг гэрчээр асуулгасан тухай тэмдэглэл /2хх173-175/, Ачааны чингэлэг, ашиглалт, аюулгүй ажиллагаа MNS ISO 3874:2020 стандартууд /2хх197-3хх48/, зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Ц.Золбоогийн ажил албан тушаалын тодорхойлолт, мөрдөгчийн магадалгаа гаргах эрх бүхий этгээд болох баримтууд /3хх59-71/,зэрэгт үндэслэсэн.
Хариуцагч Д.Б , түүний өмгөөлөгч О.Үүрцайх нараас нэхэмжлэлийн шаардлагыг “...Б болон “Н” ХХК-ийн хооронд ачаа тээвэрлэх гэрээ хэлцэл хийгдээгүй, ачааны эзэн өөрийнхөө ачааны аюулгүй байдал, эрсдэлээс хамгаалах үүргээ биелүүлээгүй байсны улмаас хохирол учирсныг би хариуцахгүй гэж маргасан, ...ослын улмаас хагарч эвдэрсэн шил, баглаа, хайрцаг савтай нь буюу 26 хайрцаг хагарсан шилийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааныг уг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан “Н” ХХК-ийн нэр дээр CICUI1844419 болон CICUI1843881 чингэлэгтэй барааг З дэх гаалийн хяналтын талбайд биет үзлэг хөндлөнгийн хяналт шалгалтын үйлчилгээ үзүүлж 0000208 тоот дүгнэлт /сертификат/ээр 26 авдар шил 185874 юанийн хохирол үүссэн гэж дүгнэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх150-154/, Замын-Үүдийн гаалийн газрын 01/498 дугаартай албан бичгээр “...CICUI1844419 болон CICUI1843881 дугаартай 20 тонны 2 чингэлэгт шил гэх нэрийн төрлийн бараа ачсан бүртгэлд бүртгэгдсэн боловч замдаа унасан тул бүртгэлийг хүчингүй болгосон байна” гэсэн агуулга бүхий үндэслэлтэй албан бичиг /2хх157/, 2 чингэлэг шилийг устгасан гэх хогийн цэг дээр очиж үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх89-92/, гэрч Б.Ө /4хх15-16/, Ц.Э /4хх18-19/ Я.О /4хх40-41/нарыг гэрчээр асуулгасан тухай тэмдэглэл, зэрэгт тус тус үндэслэсэн.
Хариуцагч О.Э нэхэмжлэлийн шаардлагыг “...таньдаг хүний ачааны автомашиныг авч ачаа ачсан, гэхдээ зориулалтын бус чингэлэгт, жин тонн хэтрүүлсэн байсан талаар мэдээгүй, ачаа бэхэлгээгүйгээс унаж хагарсан тул хүлээн зөвшөөрөхгүй, хагарсан шилнүүдийг авч ашиглах боломжтой гэдэг үндэслэлээр Байгальмаагийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байгаа” гэсэн агуулга бүхий үндэслэлээр хариу тайлбар гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан талаарх үндэслэлээ түүний өмгөөлөгч С.Энхзулаас иргэн Д.Б гийн өмчлөлийн Beiben Nort benz маркийн * улсын дугаартай автомашин, * улсын дугаартай чиргүүлийн машины жингийн тодорхойлолт /3хх164/, CICUI1844419 болон CICUI1843881 дугаартай 20 тонны 2 чингэлэгт ачигдсан 60,000 кг шил барааны гарал үүслийн гэрчилгээний орчуулга /4хх37/, ШУТИС-ийн Механик инженерийн тээврийн сургуулийн шинжээч нараас гаргасан “...Beiben Nort benz маркийн * улсын дугаартай автомашин, * улсын дугаартай чиргүүлд 60,000 кг буюу 60 тонн цонхны шил ачсан жингийн талаарх техникийн шинжээчийн дүгнэлт /4хх62-63/ зэрэг баримтуудад тус тус үндэслэцгээсэн.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч нараас 89,591,152 төгрөгийг гаргуулахдаа жолооч Ө.Иаас 53,754,691 төгрөг, машины өмчлөгч Д.Б , хамтран хариуцагч О.Э нараас тус бүр 17,918,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,586,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Энэ шийдвэрийг хамтран хариуцагч О.Эын өмгөөлөгч С.Энхзулаас “...жолооч Ө.Иын гаргасан осол шалтгаан нь ачааны жин тонн хэтэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгааг, ...машины жолооч Д.Б нь өөрийнх нь машинд ачигдсан ачааг О.Э дур мэдэж жолооч Ө.Ит зөвшөөрөл өгч хөдөлгөсөн тул Д.Б д хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ...харин нэхэмжлэгч байгууллагын буруутай үйлдэл байгаа бодит хохирол болох 89,591,152 төгрөгийг 50%-иар бууруулж, хариуцагч нарын гэм буруугийн хэлбэр хэмжээг харгалзан 60, 30 хувиар тогтоож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн үндэслэлээр,
Хариуцагч Ө.Иын өмгөөлөгч Н.Баярмаагаас “...нэхэмжлэгч “Н” ХХК 26 авдар шилний үнээ төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, ...ачааны жин тонн хэтэрсэн нөхцөл нь зам тээврийн осол болох шалтгаан болсон нь Зөрчил шалган шийдвэрлэсэн баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн Ө.Иыг хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн үндэслэлээр тус тус давж заалдсан гомдлууд гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Учир нь, 5.1.Хэргийн үйл баримтаас үзэхэд БНХАУ-аас Монгол Улсын З авто замын боомтоор орж ирсэн “Н” ХХК-ийн 2 чингэлэг буюу 26 авдар 60 тонн ачаа орж ирсэн 2022 оны 11 дүгээр сарын 25 буюу энэ цаг хугацаа нь дэлхий нийтээр тархсан “коронавирус” цар тахал тархсаны улмаас гамшгийн онцгой нөхцөл байдал бий болсон тул улс хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг шилжүүлэн ачих түр журмаар зохион байгуулагдаж байсан. Энэ нь Дорноговь аймгийн Засаг даргын А/44 дугаартай захирамж , З сумын Засаг даргын А/279 дугаартай захирамж, Хил хамгаалах ерөнхий газрын даргын А/14 дугаартай тушаал зэрэгт тус тус заасан журам үйлчилж байсан ба энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар болон хэрэгт хариуцагч Д.Б гийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Б.Ө /4хх15-16/, Ц.Э /4хх8-19/ Я.О /4хх40-41/нарын мэдүүлгүүдээр мөн тогтоогдсон.
Уг түр журмуудад зааснаар “...Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын улсын хилийн шугам дээр ачаатай болон ачаагүй чингэлгийг ачиж, буулгах тусгайлан бэлтгэсэн талбайгаас Дорноговь аймгийн З сум дахь Гаалийн хяналтын бүс хүртэл тээвэрлэлт хийгдэхдээ үүрэг гүйцэтгэх жолооч нарыг тээвэрлэлт хийхээс 3 хоногийн өмнө тусгаарлаж, 2 удаа шинжилгээ авч тээвэрлэлтэд гаргах, автомашины өмчлөгч нь чингэлэг солилцох талбайгаас З сумын хооронд хийгдэх тээвэрлэлтэд ажиллах тээврийн хэрэгслийг бэлэн байдалд буюу засвар үйлчилгээ хийгдсэн болон шатахуунаар бүрэн цэнэглэсэн автомашиныг түлхүүрийн хамт зогсоолд байршуулан тавих, “Монголын Төмөр зам” ТӨХК нь чингэлэг солилцох талбай болон гаалийн хяналтын талбайд чингэлэг шилжүүлэн ачигч техникийг байршуулан тэдгээрийн жолооч, чингэлэг түгжигч нарын халдвар хамгааллын дэглэм сахиулан ажиллуулах байдлаар улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг явагдаж байсан байна.
5.2.Хэргийн үйл баримтаас үзэхэд хамтран хариуцагч О.Э нь өөрийн найз Д.Б гийн өмчлөлийн Beiben Nort benz маркийн * улсын дугаартай автомашин, * улсын дугаартай чиргүүлийн машинд “Н” ХХК-ийн ачаа ачигдсан талаар мэдээллийг авсны дагуу машины эзэнд хэлэлгүйгээр тээвэрлэлт хийхээр журамд заагдсаны дагуу тусгаарлалтад орж бэлтгэгдсэн жолооч Ө.Ит зөвшөөрөл олгосон, жолооч Ө.И Монгол Улсын хилийн шугамаас гаалийн хяналтын талбай хүрэх тээвэрлэлт хийх үедээ ачааг унагасан зам тээврийн осол гаргасныг З сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, жолооч Ө.Иыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар “...жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангаагүй тохиолдолд хөдөлгөөний үргэлжлүүлэхийг хориглоно” гэх Замын хөдөлгөөний дүрмийн 24,2, 24,3-т заасныг зөрчсөн гэж үзэж, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл /1хх9-38/ хүлээлгэсэн байна.
5.3.Хариуцагч О.Эын өмгөөлөгч С.Энхзулаас гаргасан хүсэлтийн дагуу ШУТИС-ийн Механик инженерийн тээврийн сургуулийн шинжээч нараас техникийн шинжээчийн дүгнэлт /4хх61-62/ гарсан ба дүгнэлтэд осол болсон шалтгаан нөхцөлийг “...Beiben Nort benz маркийн * улсын дугаартай автомашин өөрийн жин 92000 кг, даац 30720, бүх жин 39920 кг, * улсын дугаартай чиргүүлийн өөрийн жин 6800 кг, даац 25000 кг, бүх жин 31800 кг, нийт даац буюу ачиж болох ачааны зөвшөөрөгдөх жин 55720 кг болно. Иймээс уг тээврийн хэрэгслээр 6000 кг буюу 60 тонн ачааг тээвэрлэхийг хориглоно. Мөн задгай дээвэртэй чингэлгийг тээврийн хэрэгсэлд ачих үеийн бэхэлгээг стандартын дагуу бүрэн хийгээгүй үед тээврийн хэрэгсэл чиглэлээ өөрчлөхөд чингэлэг гулсаж унана.Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслээр даац хэтрүүлж тээвэр хийсэн, мөн ачааг бүрэн бус бэхэлсэн тохиолдолд энэ нь зам, тээврийн осол гарах шалтгаан болно. ...хоёр чингэлгийн жин 4458 кг, шилний жин 58344 кг, нийлбэр жин 62801 кг тус тус болно” гэж дүгнэсэн.
5.4.Эдгээр нөхцөл байдлуудаас үзвэл нэхэмжлэгч “Н” ХХК-ийн БНХАУ-аас оруулж ирсэн 2 чингэлэг цонхны шил нь Beiben Nort benz маркийн * улсын дугаартай автомашины даацаас хэтэрсэн, ачаанд бэхэлгээ хийгдээгүй байсан болох нь тогтоогдсон.
Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар тогтоосон түр журамд улс хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг шилжүүлэн ачих журмаар зохион байгуулахдаа уг үйл ажиллагаанд хамаарагдах бүх этгээдүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг тус тус тодорхой зааж өгсөн ба уг журам нь ачаа хүлээн авагч, тээвэрлэгч, автомашины өмчлөгч, жолооч нарт бүгдэд нь хамааралтай байна.
Журамд зааснаар ачааны эзэн нь ачааны мэдээлэлд үндэслэн ачааны жин тоо, аюулгүй байдалд хяналт тавих, ...аюултай ачааны тээвэр зохион байгуулалтыг хийхэд тээвэр зуучийн байгууллагад дэмжлэг үзүүлж болох нөхцөлүүдийг тус тус тусгасан нь ачаа хүлээн авагч ачааныхаа бүрэн бүтэн байдал, эрсдэлээс хамгаалах, ачааны даацыг хэтрүүлэхгүй байхын тулд хийж болох боломжуудыг зааж өгсөн байна, харин ачаа хүлээн авагч энэ эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, хяналт тавьсан талаар, анхаарсан нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна, энэ талаар гаргаж байгаа хариуцагч нарын тайлбарууд үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Энэ байдал нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар “ ..гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэх нөхцөл бий болсон байх тул нэхэмжлэгч “Н” ХХК-д өөрийн ачаа бараанд хяналтыг хангалттай тавьж анхаараагүй нь ачаанд эрсдэл бий болоход нөлөөлөх хүчин зүйл болсон гэж үзэж гэм хорын хэмжээний 30%-иар нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэж, хариуцагч нарын хариуцлагыг мөн хэмжээгээр багасгах нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэж, шийдвэрлэлээ.
5.5.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан жолооч Ө.И, машины өмчлөгч Д.Б , хамтран хариуцагч О.Э нарыг тус тус гэм хорын хохирлоос чөлөөлөх боломжгүй гэж үзсэн.
Учир нь, жолооч Ө.Ит Дорноговь аймгийн З сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар “...жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангаагүй тохиолдолд хөдөлгөөний үргэлжлүүлэхийг хориглоно” гэх Замын хөдөлгөөний дүрмийн 24,2, 24,3-т заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасан буруутай нь Цагдаагийн байгууллагад өгсөн түүний мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон зөрчлийн хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон.
Хариуцагч Д.Б “...О.Эд би машины зөвшөөрлийг өгөөгүй, мэдээгүй” гэж маргаж байх боловч тухайн цаг хугацаанд улс хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг шилжүүлэн ачих журмаар зохион байгуулах З боомтод мөрдөх түр журмыг Дорноговь аймгийн Засаг даргын А/44 дугаартай захирамж , З сум дундын Засаг даргын А/279 дугаартай захирамж, Хил хамгаалах ерөнхий газрын даргын А/14 дугаартай тушаал зэрэгт заасан журмуудыг автомашин өмчлөгч Д.Б хүлээн зөвшөөрч тээвэрлэлт хийж байжээ гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, уг журмуудад зааснаар автомашины өмчлөгч нь чингэлэг солилцох талбайгаас З сумын хооронд хийгдэх тээвэрлэлтэд ажиллах тээврийн хэрэгслийг бэлэн байдалд буюу засвар үйлчилгээ хийгдсэн болон шатахуунаар бүрэн цэнэглэсэн автомашиныг түлхүүрийн хамт зогсоолд байршуулан тавих, машинд ачаа ачигдсан тохиолдолд тусгаарлалтад байгаа жолооч буюу бусад этгээд тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй ба энэ дагуу тээвэрлэлт явж байсныг түүний хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан Б.Ө /4хх15-16/, Ц.Э /4хх18-19/ Я.О /4хх40-41/нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Ийм учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар автомашины өмчлөгч Д.Б гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж давж заалдах шатны шүүх мөн үзсэн.
Хариуцагч О.Эын хувьд “нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн ачаа даацыг хэтрүүлсэн, аюултай, эрсдэлтэй ачааны талаар тээвэрлэгчид мэдээлээгүй буруутай нь осол болох нөхцөл болсон тул хохирлын 50%-ийн 30%-иар хохирлыг хариуцна” гэж маргасан боловч Beiben Nort benz маркийн * улсын дугаартай автомашин, * улсын дугаартай чиргүүлийн машины нь өмчлөгч этгээд биш байж Д.Б гийн тээврийн хэрэгслээр “Н” ХХК-ийн ачааг дур мэдэн тээвэрлэлт хийсний улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан.
Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч нар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хамтран хариуцна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч нарын өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
5.6.Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч “Н” ХХК-д 2 чингэлэг буюу 26 авдар цонхны шил хагарч бутарч “Ашид билгүүн” үнэлгээний ХХК-ийн дүгнэлтээр 89,591,152 төгрөгийн бодит эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо арилгуулахаар шаардах эрх үүссэн байна.
Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-т тус тус зааснаар зохигчдын хооронд тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас үүссэн гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх маргаан зохигчдын хооронд үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 107,177,152 төгрөг гэж тодорхойлсныг анхан шатны шүүх нэхэмжлэгч 60 тонн цонхны шил тээвэрлүүлсний зардалд 11,086,000 төгрөг төлсөн тухай, хагарч бутарсан 2 чингэлгийн засварын үнэ 3,500,000 төгрөг, шилийг хогийн цэгт аваачиж цэвэрлэсний зардалд 3,000,000 төгрөгийг тус тус зарцуулсан талаар баримт гаргаж өгөөгүй, эдгээр нь нотлогдоогүй гэж үзэж нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг 89,591,152 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй, зөв болсон.
5.7.Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 30%-ийн хариуцлага хүлээлгэх буюу 26,877,346 төгрөгөөр гэм хорын хохирлын хэмжээг багасгаж, үлдэх 70% буюу 62,713,806 төгрөгийн 40% буюу 35,836,461 төгрөгийг жолооч Ө.Ит, 30% буюу 26,877,346 төгрөгийг хариуцагч Д.Б , О.Э нарт хувь тэнцүүлэн тус бүрээс 13,438,673 төгрөг гэж тус тус гэм хорын нөхөн төлөх хэмжээг тогтоож, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох, үлдэх 44,463,346 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих ба зохигчдоос гаргаж өгсөн хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь харьцуулан үзэж, үнэлсний үндсэн дээр дээрх хариуцлагын хэр хэмжээг тогтоох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэх юм.
6.Анхан шатны шүүхийн шийдвэр оруулсан эдгээр өөрчлөлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлд хамаарч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн З сум дахь Сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137/ШШ2026/00080 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтад “...Иргэний хуулийн 514-р зүйлийн 1”-ийг нэмж, мөн ...хариуцагч нараас цонхны шилний үнэ буюу 62,713,806 төгрөгийг гаргуулахдаа хариуцагч Ө.Иаас 35,836,461 төгрөгийг, хариуцагч Д.Б гаас 13,438,673 төгрөг, хариуцагч О.Эаас 13,438,673 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлага болох шилний үнээс 26,877,346 төгрөгийг, 60 тонн цонхны шил тээвэрлүүлсний зардал 11,086,000 төгрөг, 2 чингэлгийн засварын үнэ 3,500,000 төгрөг, шилийг хогийн цэгт аваачиж цэвэрлэсний зардал 3,000,000 төгрөг бүгд 44,463,346 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3-р заалтад “...нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 337,132 төгрөгийг Ө.Иаас, 225,143 төгрөгийг тус бүр Д.Б , О.Э нараас гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч О.Эаас төлсөн 247,541 төгрөг, хариуцагч Ө.Иаас төлсөн 426,723 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
А.САЙНТӨГС