| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 318/2026/00213/и |
| Дугаар | 224/МА2026/00008 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 224/МА2026/00008
“УДЦ” нөхөрлөл ББН-д
холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 318/ШШ2026/00249 дүгээр шийдвэртэй,
Ч.Т-ийн нэхэмжлэлтэй, “УДЦ” нөхөрлөл ББН-д холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин нийт 21,935,616 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагатай, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Т- “ажилгүй байсан хугацааны цалин нийт 21,935,616 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 16 сар, 7 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,935,616 төгрөг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ” гэх агуулгаар тайлбарлажээ.
3. Хариуцагч “УДЦ” өрхийн эрүүл мэндийн төвийг төлөөлж, дарга Д.О-э нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нь өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг бодит нөхцөлд тохирохгүй хэт өндөр тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин нэхэмжлэгч Ч.Т-ийн нэг сарын дундаж цалин хөлсийг 899,097 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлс 14,385,562 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарласан байна.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 318/ШШ2026/00249 дүгээр шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УДЦ нөхөрлөл ББН-өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,935,616 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-т олгохоор,
- нэхэмжлэгч Ч.Т-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасан журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч УДЦ нөхөрлөл ББН-д даалгаж,
- нэхэмжлэгч Ч.Т-ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч УДЦ нөхөрлөл ББН-өөс улсын тэмдэгтийн хураамж 267,628 (хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун хорин найм) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгч Д.О-э давж заалдах журмаар гаргасан гомдлоо:
5.1. “...Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримталж Ч.Т-ийн ажилгүй байсан хугацааны цалинг 21,935,616 төгрөгөөр буюу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр тооцон, хариуцагч УДЦ нөхөрлөл ББН-өөс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь өөрийн сүүлийн гурван сард авсан цалингийн дунджаар нэхэмжлэх ёстой байсан гэж үзэж байна. Түүний хувьд 2021 оны 12 дугаар сард 1,081,700 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард 915,593 төгрөг, 2024 оны 4 дүгээр сард 700,000 төгрөгийн цалин тус тус авсан. Дээрх 3 сүүлийн сарын цалингийн дундаж 899,097 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг, түүний ажилгүй байсан 16 сараар үржүүлэхэд 14,385,562 төгрөг болж байна. Энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ илэрхийлсэн боловч шүүх хүлээж аваагүй.
Энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацаа нь өмнөх шүүхийн шийдвэр дээрх хугацаанаас зөрүүтэй тохиолдолд сүүлийн 3 сарын цалингаар 1 сарын дундаж цалинг тооцож гаргуулах нь хууль хэрэглээний хувьд зөв бөгөөд энэ тохиолдлыг шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх нь үндэслэлгүй.
...Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 249 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 7,550,000 төгрөг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх;
5.2. “Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар иргэн хэдийд ч хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлтийг гаргасан боловч шүүх хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэдийгээр тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн боловч өмгөөлөгч авах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан суурь эрх гэж үзэж байна” гэх агуулгатай хоёр үндэслэлээр гаргажээ.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагч УДЦ ББН-ийн дарга Д.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 318/ШШ2026/00249 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Ч.Т- ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 21,935,616 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч УДЦ ББН-ийн дарга Д.О-э “нэхэмжлэгч нь өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг бодит нөхцөлд тохирохгүй хэт өндөр тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэгч Ч.Т-ийн нэг сарын дундаж цалин хөлсийг 899,097 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлс 14,385,562 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрч байна” гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УДЦ нөхөрлөл ББН-ээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,935,616 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т-т олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хариуцагчийн төлөөлөгчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Д.О-э анхан шатны шүүх хуралдаанд: “Миний бие өмгөөлөгч авах хүсэлтэй байна. Би өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа тухайгаа нарийн бичгийн даргад хэлэхэд шүүх хуралдаан дээр хүсэлтээ гаргаарай гэсэн учраас би өмгөөлөгчтэй гэрээ байгуулаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж, түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй нь хэргийн зохигчийн үндсэн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд : Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, мөн зүйлийн 14-т “...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн энэхүү үндсэн эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах боломж, нөхцөлөөр хангагдах, эрх тэгш оролцох, мэтгэлцэх зарчмын хүрээнд байр сууриа бүрэн илэрхийлэх эрхтэй бөгөөд шүүх энэ эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хангах үүрэгтэй.
Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зарим төрлийн хэрэг, маргааныг ердийн бусад хэргээс богино хугацаанд үр дүнтэй, хялбар, зардал багатай журмаар шийдвэрлэх зорилготой бөгөөд хууль тогтоогч энэ зорилгын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болон хариуцагч сөрөг шаардлага гаргах хүрээ, хугацааны хязгаарыг тогтоосон, мөн тухайн маргаанд хамтран нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд татан оролцуулахыг тус тус хязгаарлах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тусгайлан тодорхойлж, хэргийг ердийн журмаас харьцангуй богино хугацаанд хянан шийдвэрлэдэг онцлогтой байхаар хуульчилсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 752 дугаар зүйлийн 752.1-д “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэх зохицуулалт нь шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээг хязгаарлах агуулгаар хэрэглэгдэхээс бус зохигчийн үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Хэргийн зохигчийн өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөгчөөр төлөөлүүлэх эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжийг шүүх хангаагүй нь мэтгэлцэх зарчим, талуудын эрх тэгш байдлыг алдагдуулсан, оролцогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гэж үзнэ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчийн хуульд заасан өмгөөлөгч авах эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно” гэх үндэслэлд хамаарна.
Уг зөрчлийг арилгуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
7. Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй буюу анхан шатны шүүх дундаж цалинг буруу тогтоосон” гэх, мөн “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хангаагүй” гэх агуулгатай хоёр үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатны шүүх оролцогчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдсон тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Харин шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул нэхэмжлэлийн хэмжээний буюу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний талаар дүгнэлт хийхгүй болно.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,750 /нэг зуун гучин таван мянга, долоон зуун тавь/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч “УДЦ” нөхөрлөл ББН-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 318/ШШ2026/00249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,750 төгрөгийг /нэг зуун гучин таван мянга, долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “УДЦ” нөхөрлөл ББН-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧИД Б.МӨНХЗАЯА
Н.МӨНХЖАРГАЛ