Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 224/МА2026/00009

 

 

 

 

 

         2026         04          22                                      224/МА2026/00009

 

Увс аймгийн ПГ-ын нэхэмжлэлтэй,

Д.О-д холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж:

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 318/ШШ2026/00083 дугаар шийдвэртэй,

Увс аймгийн ПГ-ын нэхэмжлэлтэй, Д.О-д холбогдох, төрд учруулсан гэм хорын хохирол 18,732,565 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А , хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Увс аймгийн ПГ нь “төрд учруулсан гэм хорын хохирол 18,732,565 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж;

- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албан хаагчийг хууль бусаар халсан, чөлөөлсөн, өөр албан тушаалд шилжүүлсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс тус ПГт ирүүлснийг хүлээн авч Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. УДЦ  ББН-ийн дарга Д.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 дүгээр, “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Ч.Т-ийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс тус эрүүл мэндийн төвийн үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн байна. Ч.Т- нь тус тушаалыг эс зөвшөөрч, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Т-ийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу УДЦ  БНН-ийн үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ч.Т-т ажилгүй байсан хугацааны цалин 18,732,565 / арван найман сая долоон зуун гучин хоёр мянга таван зуун жаран таван/ төгрөгийг УДЦ  ББН-ийн төсвөөс нөхөн төлж барагдуулсан байна. Иймд УДЦ  ББН-ийн төсвөөс ажилтан Ч.Т-т шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр олгосон ажилгүй байсан хугацааны цалин 18,732,565 төгрөг нь төрийн хөрөнгө юм. Эрх бүхий албан тушаалтан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол буюу хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, нөхөх олговрыг иргэн, хуулийн этгээдээс төлсөн татвараас бүрдэх төсвийн хөрөнгөнөөс нөхөн төлж арилгаснаар төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.., мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1,498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан. Иймд эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас ажилтанд учруулсан хохирлыг төрийн хөрөнгөөр нөхөн төлж, уг гэм хорын хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах үндэслэл бий болсон байна. Иймд төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулахад эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас төрд гэм хорын хохирол учирсан, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна” гэх агуулгаар тайлбарлажээ.

2. Хариуцагч Д.О- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь өрхийн эрүүл мэндийн нөхөрлөл нь Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж ажилладаг.

Манай байгууллага нь төрийн байгууллага биш, төрөөс цалинждаггүй. Нөхөрлөлийн гишүүдийн ажилласан жил төрийн алба хаасан хугацаанд тооцогддоггүй. Манай өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлснийхээ хөлсийг авдаг хувийн хэвшлийн байгууллага. Миний бие Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Увс аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би болон манай байгууллагын албан хаагчид төрийн албан хаагч биш. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид төрийн албан хаагчид тооцогдож, төрийн албан хаагчийн программд бүртгэгддэггүй.

УДЦ  нөхөрлөл нь гүйцэтгэлийн санхүүжилт буюу эрүүл мэндийн даатгалаас худалдаж аваад байгаа санхүүжилт болон дөрвөн багц тусламж үйлчилгээ зэрэг 2 төрлийн санхүүжилтээр санхүүждэг. Тухайн санхүүжилтийг нөхөрлөлийнхөө хүрээнд бүрэн зарцуулах эрхтэй. Жишээлбэл манай байгууллага 2024 оны 01 дүгээр сарын байдлаар сард 33,000,000 төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалаас авсан. Төрийн байгууллагуудад нийгмийн даатгал, татвар зэрэг нь тогтсон дүнгээр санхүүждэг бол манай байгууллагын санхүүжилт нийт дүнгээрээ бодогдож, тухайн санхүүжилтээс хэдэн хувь нь нийгмийн даатгал, татвар цалин зэргийг хэд байхыг нөхөрлөлийн гишүүдээрээ шийдвэрлэдэг. Санхүүжилт төрийн сангаар ордоггүй. Арилжааны банкаар ордог. Манай байгууллагын ажилчдыг чөлөөлөх эрх ганц надад байхгүй. Нөхөрлөлийн гишүүд нэгдэж Ч.Т-ийг ажлаас чөлөөлсөн. Ч.Т-т олгосон 18,732,565 төгрөгийг төрд учирсан хохирол гэж үзэхгүй байгаа. Манай байгууллага нь төрийн байгууллага биш, ашгийн төлөө байгууллага учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан байна.

3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 318/ШШ2026/00083 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О-эс 10,069,588 төгрөг гаргуулж, УДЦ  нөхөрлөл ББН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,668,977 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож;

- нэхэмжлэгч Увс аймгийн ПГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.О-эс улсын тэмдэгтийн хураамж 176,063 (нэг зуун далан зургаан мянга жаран гурав) төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхам дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Ч.Т-ийг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахын өмнө нөхөрлөлийн дарга Д.О- нөхөрлөлийн гишүүдийн хурлаар оруулж, гаргасан зөрчлийг нь гишүүдээрээ хэлэлцээд ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Хоёр шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Т-ийн ажилгүй байсан хугацааны цалинг байгууллагаас гаргаж болох эсэх талаар нийт гишүүдийн саналыг авч, бүх гишүүд зөвшөөрсөн байдаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1,498.2, 498.4- т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.

Энэ тохиолдолд гэм хорыг арилгасан байгууллага Эрүүл мэндийн даатгалын газар биш, Төрийн албаны зөвлөл, прокурорын байгууллага ч биш. Харин УДЦ  ББН-ийн бүх гишүүд тухайн байгууллагын удирдлага бөгөөд өөрсдөдөө учирсан хохирлыг гэм буруутай гэх Д.О-эс шаардах эрхтэй, шаардахгүй байх ч эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан.

Хариуцагч Д.О-ийн хувьд Ч.Т-т олгосон цалинг байгууллагаас гаргуулсан боловч түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дан ганц түүний шийдвэр биш бөгөөд Эрүүл мэндийн газрын Ёс зүйн хорооны шийдвэрийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн. Мөн нөхөрлөлийн гишүүдийн зөвшөөрлийг авсан учраас гишүүд бүгдээрээ хамтран хариуцлага хүлээх ёстой байтал дээрх нэхэмжлэлийг зөвхөн нэг талаас нь харж зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгаар буюу анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Д.О-эс 10’069’588 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлоо давж заалдах шатны шүүх хуралдаанд дэмжиж оролцжээ. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн ПГ-ын ахлах прокурор А.А  “...Ч.Т-ийг ажлаас халсан тушаал нь хууль бус байсан гэдгийг 2 шатны шүүхээр тогтоосон шийдвэрүүд гарч, хүчин төгөлдөр болоод, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Тухайн шийдвэрийг нэхэмжлэгч тал нь албадан гүйцэтгүүлэх хүсэлт өгөөд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийн дагуу УДЦ  нөхөрлөлийн дансыг битүүмжилж, албадан гүйцэтгүүлсэн баримт хэрэгт байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьсан шиг хариуцагч Д.О- нөхөрлөлийн ашгаасаа сайн дураараа биелүүлсэн зүйл байхгүй гэдэг нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байгаа.

Ч.Т-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг эрүүл мэндийн сан буюу улсын төсвөөс санхүүжүүлээгүй, нөхөрлөлийн олсон орлогоос санхүүжүүлсэн гэж яриад байна. Энэ талаар хэрэгт баримт байхгүй. Тус хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр иргэний хэрэгт ажиллагаа явуулсан боловч баримтууд нь гарч ирдэггүй. Үүнээс улсын төсвөөр санхүүжүүлсэн гэдэг нь тогтоогдоод байгаа юм. Яагаад гэхээр, “БЖХА” ХХК-ийн УДЦ  нөхөрлөл ББН-ийн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар өөрийн орлого нь 792,200 төгрөг гэж тогтоосон. Ийм хэмжээний орлого олсон нөхөрлөл 18 сая төгрөгийг Ч.Т-т өөрийн орлогоос өгсөн гэдэг нь үндэслэлгүй зүйл.

Нөхөрлөлийг ашгийн төлөө байгууллага гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ төрөөс өөрийн хийж гүйцэтгэх зарим үүргийг гэрээний үндсэн дээр нөхөрлөлд шилжүүлж, гүйцэтгүүлж байгаа. Үүний дагуу төсвөөс буюу эрүүл мэндийн даатгалаас мөнгө гарч байгаа учир төрд учирсан хохирол гэж прокурор нэхэмжлэл гаргаж байгаа. Ийм учраас хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна” гэх агуулгатай тайлбар гаргажээ.

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн  өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 318/ШШ2026/00083 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Увс аймгийн ПГ нь хариуцагч Д.О-д  холбогдуулан, төрд учруулсан гэм хорын хохиролд 18,732,565 төгрөг гаргуулж, УДЦ  нөхөрлөл ББН-д олгохыг  шаарджээ.

3. Хариуцагч Д.О- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, манай байгууллага нь төрийн байгууллага биш, төрөөс цалинждаггүй, төрийн сангийн дансаар гүйлгээ хийгддэггүй, арилжааны банкаар дамждаг, ашгийн төлөө байгууллага юм. Өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ хөлсийг гүйцэтгэлийн санхүүжилт болон 4 багц тусламж үйлчилгээний санхүүжилтээр санхүүждэг. Тухайн санхүүжилтийг нөхөрлөлийнхөө хүрээнд бүрэн зарцуулах эрхтэй, хувийн хэвшлийн байгууллага. Би болон манай эрүүл мэндийн төвийн албан хаагчид төрийн албан хаагчид хамаардаггүй, төрийн албан хаагчийн программд бүртгэгддэггүй.

Ажилтан Ч.Т-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр нь дан ганц нөхөрлөлийн дарга Д.О- миний шийдвэр биш, нөхөрлөлөөрөө хуралдаад нийт гишүүдээс гарсан шийдвэр учраас зөвхөн надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан маргасан байна.   

4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О-эс 10,069,588 төгрөг гаргуулж, УДЦ  нөхөрлөл ББН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,668,977 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

5.1. Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч Д.О- нь УДЦ  нөхөрлөлийн даргаар ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/04 тушаалаар тус нөхөрлөлд үйлчлэгчээр ажиллаж байсан Ч.Т-ийг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, ажил, албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг ажилтан эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 152/ШШ2022/00430 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 224/МА2022/00022 дугаартай магадлалаар Ч.Т-ийг тус нөхөрлөлийн үйлчлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн;

- Ч.Т- дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн байх ба Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Ч.Т-т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,482,204 төгрөгийг “УДЦ ” нөхөрлөл ББН-өөс гаргуулж олгохоор шийдвэрлэж, уг магадлал хуулийн төгөлдөр болсноор нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр УДЦ  нөхөрлөл ББН-өөс 18,482,204 төгрөгийг албадан гаргуулж, Ч.Т-т олгосон үйл баримт тус тус хэрэгт тогтоогдсон байна. 

5.2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т: “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн зүйлийн 498.2-т: “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж, мөн зүйлийн 498.5-т: “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар  ажилтны албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа хуулийн этгээд хариуцан арилгах бөгөөд мөн зүйлийн 498.5-д зааснаар уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий харилцааны хохирол шаардах эрх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлогдоно.

Иймд хохирлыг төлсөн буюу гэм хорыг арилгасан байгууллага болох “УДЦ ” нөхөрлөл ББН гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо эхний ээлжид шаардах эрхтэй байна.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т: “прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”,

- Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т: “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж тус тус заасан.

Монгол Улсын дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоол, мөн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар, “Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэх агуулгаар тус тус тайлбарласан.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолоор “нийтийн ашиг сонирхол” гэх ойлголтод юу юуг хамааруулах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн хүрээ, хязгаар, агуулга, түүнчлэн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд буюу хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн эрх зүйн байдлын талаар тус тус тайлбарласан. Тухайлбал Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.4, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг болон хуулийн бусад холбогдох зохицуулалтын дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь прокурорын үйл ажиллагааны нэг хэсэг тул энэ хүрээнд прокурор нэгд, төрийн байгууллагын хүсэлтээр, хоёрт, өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үндсэн нэхэмжлэгч, эсхүл гуравдагч этгээдээр оролцохоор, ингэхдээ өөрийн санаачилгаар оролцох тохиолдолд итгэмжлэлгүйгээр, харин төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд итгэмжлэлийн үндсэн дээр оролцоно гэх агуулгаар тайлбарлажээ.      

Хуулийн дээрх зохицуулалт болон тайлбарын агуулгаар, прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл зөвхөн төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт /итгэмжлэлээр/, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, эсхүл гуравдагч этгээдээр оролцох эрхтэй байна. Прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй гэж ойлгоно.

Төрийн тусгай чиг үүрэг бүхий прокурорын байгууллага нь төрийн байгууллагын хүсэлтээр төрийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ,  нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд /төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд/ нь төрд учирсан гэм хорын хохирлыг шаардахаас татгалзсан, зайлсхийсэн, сануулсаар байхад нэхэмжлэл гаргахгүй байгаа, эсхүл тухайн шаардах эрх бүхий байгууллага татан буугдсан, албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг тодорхой шалтгааны улмаас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах этгээд байхгүй тохиолдолд төр болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс нэхэмжлэл гаргаж болохоор байна.

5.4. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна” гэж заасан. “УДЦ  нөхөрлөл” ББН нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө хуулийн этгээд буюу хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.

“УДЦ  нөхөрлөл” ББН-ийн дарга Д.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас төрийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж, төрд учирсан хохирлыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан Увс аймгийн ПГ нь тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэгчээр оролцох тодорхой үндэслэл, шаардлага үүсээгүй байхад өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Прокурор шүүх хуралдаанд: “Прокурорын байгууллага нь Төрийн албаны зөвлөлийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Д.О-эс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх олгогдсон” гэж тайлбарласан боловч энэхүү тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй, прокурор төрийн байгууллагын хүсэлтээр төрийг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй байна.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т: бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар заасан. Прокурор энэхүү маргаанд  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан  гэж дүгнэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанлхамын давж заалдах шатны шүүхэд гаргасан “прокурор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай гомдол үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т: “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “...энэ хуулийн ...65.1.3-65.1.8, 65.1.10-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус хуульчилсан.         

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан үндэслэлээр, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Увс аймгийн ПГ-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох, төрд учруулсан гэм хорын хохирол 18,732,565 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 9. Хэргийг шаардах эрхийн хүрээнд буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шаардлага гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийн гэм буруу болон хохирлыг хариуцах үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй болно. Мөн зохих шаардах эрх бүхий этгээд энэхүү агуулгаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,612 /хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Д.О-д олгох үндэслэлтэй байна.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 318/ШШ2026/00083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Увс аймгийн ПГ-ын нэхэмжлэлтэй, Д.О-д холбогдох, төрд учирсан гэм хорын хохиролд 18,732,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,612 /хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.АЛТАН

                   ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ