Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 258

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн 1914005470356 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой малын эмч мэргэжилтэй, Ногоон овогт С.Э,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 12 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гүнж дэлгүүрийн лангуу дээрээс О.Тын гээгдүүлсэн эд хөрөнгө болох хувай п-20 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 775 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч С.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

... Тухайн өдөр “Гүнж” дэлгүүрээс ус, ундаа авах гээд ороход лангуун дээр гар утас байхаар нь авсан. Нэг хүн залгаад утсыг авах гэхэд гар утас унтарсан. Тэгтэл манай хүүхэд таны гар утас авч байгаа бичлэгийг фейсбүүк дээр тавьсан байна гэсэн. Тэгээд тэр дугаар руу нь яриад хаягаар нь гар утсыг явуулсан гэв.

Шүүгдэгч С.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн

... өглөө нь буюу 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 11-12 цагийн үед би Улаанбаатар хот руу явахаар Баянхонгор аймгийн Есөнбулаг 9 дүгээр багт байрлах “Гүнж” нэртэй дэлгүүрт орж ус ундаа зэрэг зүйл авсан бөгөөд дэлгүүрийн лангуун дээр хар өнгийн хавтастай гэртэй гар утас байхаар нь хүн үлдээгээд явсан юм байна гээд уг гар утсыг авсан. Уг гар утас намайг авахад асаалттай байсан бөгөөд удаагүй нэг дуудлага ирэхээр нь би аваад ярих гэхэд цэнэг нь дууссан юм уу унтарчихсан. Би Улаанбаатар хотод байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед буцаж Баянцагаан суманд хөдөө гэртээ очсон. Утсыг цэнэглэж дахин асаагаагүй. 2019 оны 09 дүгээр сарын 04-05-ны үед Улаанбаатар хотод байдаг манай хүүхэд над руу утсаар яриад дэлгүүрийн лангуун дээр байсан гар утсыг аваад гарч байгаа таны бичлэгийг фейсбүүкэд тавьчихсан байна, тавьсан хүнийх нь утасны дугаар байна гэсэн. Тэгээд тухайн утсаар нь холбогдоод гар утсыг нь явуулчихсан. Миний хувьд уг гар утасны марк нэрийг нь мэдэхгүй. Уг гар утсыг асааж ашиглаагүй, бүрэн бүтнээр нь байлгаж байгаад буцаагаад өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 /

Хохирогч О.Тын мөрдөн байцаалтад өгсөн

            ... Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сум Есөнбулаг 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Гүнж” нэртэй хүнсний дэлгүүрт орж үйлчлүүлэхдээ өөрийн эзэмшлийи Хувай П-20 маркийн гар утсаа гээгдүүлээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Мөн тухайн үед манай эхнэр Т.Э нь “Гүнж” дэлгүүрийн камерын бичлэгийг фейсбүүкэд тавьсан байсан. Манай эхнэр Т.Эын утас руу танихгүй эмэгтэй хүн яриад би Улаанбаатар хотод байдаг юм, манай эцэг, эх хоёр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд хөдөө байдаг, ээж дэлгүүрээс гар утас олсон гэсэн. Утас нь Баянцагаан суманд манай ээж, аав хоёрт байгаа, утсыг чинь 2 хоногийн дараа явуулчихна, та фейсбүүкт тавьсан бичлэгээ устгаад өгчих гэж хэлсэн тэгээд фейсбүүкт тавьсан бичлэгээ устгачихсан. 2019 оны 09 дүгээр сарын 11- ний өдөр нөгөө эмэгтэй дахин утсаар яриад утсыг чинь явуулчихсан Баянхонгор аймгийн Тээврийн биржийн тээш хадгалах газраас аваарай гэхээр нь очиж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 /

Гэрч Т.Эын мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр О.Т нь Баянхонгор аймгийн Баянхонгор сум Есөнбулаг 9 дүгээр багт байрлах “Гүнж” нэртэй дэлгүүр рүү орж юм авахдаа гар утсаа улдээгээд гарсан юм. Тэгээд дэлгүүрийн камерыг шүүсэн чинь танихгүй эмэгтэй авсан байна гэж надад хэлсэн. Би тухайн өдөр дэлгүүрийн худалдагчаар камерын бичлэгийг шүүлгэж дэлгүүрийн дотор болон гадна камерын бичлэгийг гар утасныхаа камераар бичиж авсан. Тухайн өдрүүд нь амралтын өдрүүд байсан болохоор 2 хоногийн дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл бичиж Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 /

Гэрч И.Огийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би дэлгүүртээ ганцаараа зогсож байхад өдрийн 12 цагийн үед нэг эрэгтэй хүн орж ирж худалдаа хийчихээд гараад явсан удаагүй буцаж орж ирээд би гар утсаа танай дэлгүүрт үлдээсэн байна уу гэсэн. Тэгэхээр нь би энд утас харагдаагүй гэж хэлэхэд хамт явж байсан хүнийхээ утсаар өөрийнхөө утас руу залгаж байснаа 2 удаа дуудаад холбогдох боломжгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн дотор камерын бичлэгийг шүүхэд тэр залуу дэлгүүрээс юм аваад гарахдаа лангуун дээр гар утсаа үлдээгээд гарсны ойролцоогоор 5 орчим минутын дараа нэг танихгүй эмэгтэй орж ирээд нөгөө лангуун дээр байсан гар утасны дэргэд өөрийнхөө гар утсыг тавиад дэлгүүрээс ус ундаа аваад нөгөө хоёр утасныхаа дээрээс нь тавиад хамт аваад гарсан бичлэг байсан. Харин дэлгүүрийн гадна талын бичлэгт нөгөө эмэгтэй манай дэлгүүрээс гараад хар хөх өнгийн хойд талдаа тэвштэй жийп машинд суугаад шууд засмал зам руу ороод уруудаад явчихаж байгаа харагдсан. Би нөгөө гар утсаа орхиж гарсан хүний эхнэрт дэлгүүрийн гадна болон дотор камерын бичлэгээс өөрийнх нь гар утасны камераар нь бичиж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 /

“Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 377 дугаартай “ ... гээгдүүлсэн гэх Хувай П-20 маркийн гар утасны зах зээлийн үнэ ханш нь 775 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 53-54 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02/, эд зүйл, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зарлан мэдээлэл, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20-22/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-31/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 78 /, шүүгдэгч С.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 66/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68/, депозит дасны хуулгууд /хх-ийн 71-76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 /, эвлэрлийн гэрээ /хх-ийн 80/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 12 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гүнж дэлгүүрийн лангуу дээрээс О.Тын гээгдүүлсэн эд хөрөнгө болох хувай п-20 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 775 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч С.Эгийн ... “Гүнж” нэртэй дэлгүүрт орж ус ундаа зэрэг зүйл авсан дэлгүүрийн лангуун дээр хар өнгийн хавтастай гэртэй гар утас байхаар нь хүн үлдээгээд явсан юм байна гээд уг гар утсыг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 /

Хохирогч О.Тын ... “Гүнж” нэртэй хүнсний дэлгүүрт орж үйлчлүүлэхдээ өөрийн эзэмшлийи Хувай П-20 маркийн гар утсаа гээгдүүлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

Гэрч Т.Эын ... дэлгүүрийн камерыг шүүсэн чинь танихгүй эмэгтэй авсан байхаар нь дэлгүүрийн худалдагчаар камерын бичлэгийг шүүлгэж дэлгүүрийн дотор болон гадна камерын бичлэгийг гар утасныхаа камераар бичиж авсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 /

Гэрч И.Огийн ... танихгүй эмэгтэй орж ирээд нөгөө лангуун дээр байсан гар утасны дэргэд өөрийнхөө гар утсыг тавиад дэлгүүрээс ус ундаа аваад нөгөө хоёр утасныхаа дээрээс нь тавиад хамт аваад гарсан бичлэг байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 /

“Энх нахиа” ХХК-ын шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 377 дугаартай “ ... гээгдүүлсэн гэх Хувай П-20 маркийн гар утасны зах зээлийн үнэ ханш нь 775 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... дүгнэлт /хх-ийн 53-54 /, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч С.Эг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Э нь тохиолдын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Э нь хохирогч О.Тын Хувай П-20 маркийн маркийн гар утсыг буцааж өгсөн / хх-ийн 36-37/, хохирогч О.Т нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч С.Э бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч О.Т ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 36-37/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.Эг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тус хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ... хяналтын камерын бичлэг бүхийн нэг ширхэг СД ...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулж, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч С.Эгийн ... гар утас ... –ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Эд буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл , 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ногоон овогт С.Эг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Эг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... камерийн бичлэг бүхий нэг ширхэг СД ...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч С.Эгийн эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу С.Эд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА