| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2025/01380/и |
| Дугаар | 224/МА2026/00010 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 224/МА2026/00010
2026 05 04 224/МА2026/00010
Я.Б-т холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00210 дугаар шийдвэртэй,
С.Б-ийн нэхэмжлэлтэй, Я.Б-т холбогдох, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, алдангид нийт 17,140,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Я.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б-, хариуцагч Я.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага: зээлээр авсан 10,000,000 төгрөг, алданги 7,140,000 төгрөг, нийт 17,140,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Я.Б-т 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд буцаан төлөхөөр тохиролцож, 11,000,000 төгрөг зээлээр өгсөн. Я.Б- нь тухайн 11,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдөр надад буцаан өгөхөөр тохиролцож бичиг хийж өгсөн. Гэтэл тухайн хугацаандаа элдэв шалтаг тоочоод мөнгөө өгөөгүй. 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 5819209441 тоот данснаас 1,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Я.Б- нь үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хариуцагч Я.Б-аас үндсэн 10,000,000 төгрөг, алданги 7,140,000 төгрөг, нийт 17,140,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Я.Б-ын татгалзлын үндэслэл: “С.Б- бид 2 бизнесийн харилцаатай хамтарч ажиллаж байсан. 2021 оны намар 9 дүгээр сард хонь худалдаж авахаар тохиролцсон. Хонь их хэмжээгээр цуглуулж өгөөч, хотоос санхүүжилт хийгдэнэ, хоёулаа ашгаа хуваая гэж анх С.Б- надтай ярьсан. Би М, Х, З сумуудаар явж мал цуглуулахаар тохирсон. 2021 оны 9 дүгээр сарын 08-нд анх УБ хотоос хонь авхуулах хүний мөнгө орж ирсэн гээд эхний 115,000,000 төгрөгийг над уруу шилжүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 03-нд Б- нь “мөнгө хэрэгтэй байна” гэж яриад өөрийн 5819059776 дугаар дансанд 1,400,000 төгрөгийг буцаан шилжүүлж авсан.
2021 оны 10 дугаар сарын 19-нд 2 дахь удаагийн мөнгө 25,000,000 төгрөгийг над уруу шилжүүлсэн. Мөн 2022-01-28-нд 3 сая төгрөг, 2024-07-01-нд 1 сая төгрөгийг тус тус надаас буцаан шилжүүлж авсан.
Би 913 тооны хонь цуглуулсан, ингэхдээ нэг хонийг дунджаар 135,000 төгрөгөөр тооцож, нийт 123,225,000 төгрөгөөр мал авсан. Энэ 3 сумдаас мал цуглуулахад гарсан зардал буюу мал маллагааны болон малчны хөлс, нядалгааны хөлс, хоол, хүнс, бензин, түлш, тээврийн зардал, ажилчдын хөлс, малын хорогдол /3 мал/ гэх мэтэд нийт 11,000,000 төгрөг зарцуулсан. Худалдаж авсан малаа би Зүүнговь суманд нядалсан. Нэг мал нядлахад, дунджаар 3,500 төгрөгийн ханштай, 900 гаруй мал нядлахад бараг 4,000,000 төгрөг болж байгаа. Дахиад 3 сумаас мал цуглуулахад тусалж ажилласан хүмүүсийн хөлс, дор хаяж мянган малын баасыг зөөгөөд асгахад 1 машин 50,000 төгрөг, хөлсний машин аваад хогийн цэг дээр асгах хүртэл 3, 4 км гэх мэт урсгал зардлууд зөндөө байгаа. Энэ мөнгө нь надад өр болж үүсээд байгаа 11,000,000 төгрөг юм. Нядалгаа болж дуусаад махаа Зүүнговь сумаас хот руу ачуулах гэхэд н.Золбаяр гэх С.Б-ийн хамаатных нь хүн ирж ачсан. Би 17,268 кг мах жолоочид хүлээлгэж өгөөд ачуулаад явуулсан. С.Б- У-д байсан, өөрөө огт оролцоогүй. Гэтэл тухайн хиллээд /жинлээд/ ачуулсан махнаас 400кг мах дутсан гэж ярьсан. УБ хотод МИ компанид махаа тушаасан гэх боловч падаан баримтаа надад харуулаагүй, ямар үнэ ханшаар борлуулснаа хэлээгүй, ашиг гараагүй гээд тооцоо нийлэхгүй байсаар өдийг хүрсэн.
Мал бэлтгэхэд гарсан зардлаа хасаад нэг малаас багадаа 10.000-12.000 төгрөгийн ашиг тооцохоор анх тохирсон боловч тооцоо нийлээгүй. Би энэ хүнээс 17,140,000 төгрөг зээлээгүй, надад бэлнээр 11,000,000 төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй. С.Б- нь над уруу ярьж, “хөзөр тоглож байна, 1,000,000 төгрөг шилжүүлээч” гэсэн тул 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нэхэмжлээд байгаа мөнгө нь мах бэлтгэхэд гарсан үйл ажиллагааны зардал юм. Үүнийг мал бэлтгэсэн, нядалгаа хийсэн тухайн сумын иргэд нотолно.
Мөн 17,268 кг махыг МИ компанид хүлээлгэн өгсөн буюу худалдан борлуулсан баримт, падааныг шаардаж байна. Тэр баримтад үндэслэн үйл ажиллагааны зардал буюу цалин хөлс, ашиг зэргийг тооцоолох ёстой. Би нэхэмжлэгчийн 17,140,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00210 дугаар шийдвэрээр:
- Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч Я.Б-аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг хариуцагч Я.Б-аас гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгохоор шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Я.Б- давж заалдсан гомдолдоо: “...Нэхэмжлэгч С.Б-ээс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд буцаан төлөхөөр тохиролцож 11,000,000 төгрөг аваагүй.
Хамтран мах бэлтгэсэн буюу 914 тооны хонь худалдан авч, тээвэрлэж, хүлээлгэн өгөх хүртэлх бүх тооцоог хийсэн. 11,000,000 төгрөгийн үйл ажиллагааны зардал гарсныг бэлнээр надад зээлдсэн гэх мэтээр худлаа нэхэмжлэл гаргасан байна.
Мал цуглуулахад гарсан үйл ажиллагааны зардлын мөнгийг мал авхуулсан гэх Улаанбаатар хотын хүнд харуулна гэж худал ярьж, гарын үсэг зуруулаад ашиг, бусад зүйлийг тооцохдоо зардлаа тооцно гэж хэлсэн боловч одоог хүртэл гаргаж өгөөгүй байна.
2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр С.Б- нь утсаар ярьж надаас хөзөр тоглох мөнгө хэрэгтэй байгаа талаар хэлж, 1,000,000 төгрөг зээлдэж авсан. Иймд С.Б-т 10,000,000 төгрөг өгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.
6. Хариуцагч Я.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөнгө зээлсэн гэдэг нь худлаа. Учир нь тухайн 11 сая төгрөг нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4 сумаас мах цуглуулсны зардал байсан. Нэхэмжлэгч нь хийлгэсэн ажлын хөлсөө надаас нэхэмжилж байгаа.
Үүнээс гадна бид ашгаа хувааж авна гэж тохирсон байгаа. Би 01 дүгээр сарын 02-ны өдөр З сумаас махаа ачуулаад Улаангом сум руу явуулсан. Бид махаа агуулахад буулгахгүйгээр жингийн үзье гэж тохирсон боловч тэр өдөр нь үзэхгүйгээр 3 хоногийн дараа үзэхэд 140 кг мах дутсан.
С.Б- анх хотод байгаа нэг хүнээс мөнгө авсан гэж хэлсэн ч одоо миний мөнгө байсан гэж хэлээд байгаа. Тухайн үед би гарын үсэг зурахдаа зарлага гарсан мөнгөний хэмжээнд зурсан болохоос бэлэн мөнгө авсан гэж зураагүй. Бэлнээр мөнгө аваагүй, мөн дансны хуулгаа хавсаргасан байгаа.
Нэхэмжлэгч санхүүгийн баримтаа МИ ХК-аас авч өгөөгүй. С.Б-ийн дүү нь мах ачиж авч яваад, манай ах МИ ХК-д хүлээлгэж өгсөн. Урьд нь би МИ ХК-д мах хүлээлгэж өгөхдөө санхүүгийн баримтаа авч байсан.
Ашиг олоогүй гэх үндэслэлээр би С.Б-ээс мөнгө авч чадаагүй байгаа. Мах бэлтгэхэд гарсан зардлуудыг надаас нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй” гэв.
7. Нэхэмжлэгч С.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Болдбаатар нь 2021 оны 8 дугаар сард 22 тонн мах буюу 22 кг-ийн дундаж жинтэй, 1000 тооны мал авч өгнө гэж хэлээд надаас мөнгө авсан. Би Х банк ХК-аас зээлсэн, хүүтэй мөнгөөр наймаа хийдэг.
Надад 17 тонн мах шилжүүлж өгсөн, үлдэгдэл мөнгөнөөс зардлаа хасаад, 11 сая төгрөг надад өгөх ёстой байсан. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны үед махаа зараад, мөнгө нь орж ирсэн баримт надад байгаа.
Улаанбаатар хотоос санхүүжүүлдэг ямар ч хүн байхгүй. Тухайн үед нь би 11 сая төгрөгөө авахаар тохироод, нотариат орж баталгаажуулъя гэсэн боловч ороогүй учир 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохирч, гарын үсгийг нь зуруулаад, нүүрний маскийг нь авхуулж байгаад бичлэгээр баталгаажуулж авсан. Тус бичлэгийг хэрэгт хавсаргасан байгаа. Худалдаж авсан малын махнаас ямар ч ашиг гараагүй.
Надад хариуцагчаас 1 сая төгрөг зээлсэн зүйл байхгүй, би өөрөө 500 сая төгрөгийг 1.6%-ийн хүүтэй зээлж, эргэлдүүлдэг. 2022 оны 01 дүгээр сараас хойш банкны зээлийн хүүд 7 сая төгрөг төлсөн байгаа” гэв.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагч Я.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00210 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
2.1. Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хоёр өөр ойлголт. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөлөө тодорхойлж буй байдал, өөрөөр хэлбэл, өөрийнх нь гаргаж буй шаардлага ямар шалтгаан, үндэслэлтэй болохыг илэрхийлж байгаа хэлбэр юм. Харин нэхэмжлэлийн шаардлага гэдэг нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг ойлголт. Тухайлбал, энэхүү маргааны тохиолдолд, нэхэмжлэгч нь хариуцагчаас 17,140,000 төгрөг гаргуулж өөрт нь олгохыг шүүхээс хүссэн.
Нэхэмжлэгч С.Б- энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “Я.Б-т 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11,000,000 төгрөгийг зээлээр өгсөн. Мөнгийг 2022 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд буцаан төлөхөөр анх тохиролцож, бичиг хийж өгсөн. Гэтэл өдий хүртэл шалтаг тоочоод өгөөгүй, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хариуцагч Я.Б-аас үндсэн 10,000,000 төгрөг, алданги 7,140,000 төгрөг, нийт 17,140,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
Дээрх байдлаар, нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх боловч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээс үзэхэд, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан үндэслэл, түүний үндсэн дээр гаргасан шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргаж байгаа ба хэргийн нөхцөл байдал бүрэн, хангалттай тогтоогдоогүй гэж дүгнэв.
Тодруулбал, нэхэмжлэлд дурдсан “хариуцагчаас 17,140,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага нь зээлийн гэрээнээс, эсхүл хамтран ажиллах, худалдах, худалдан авах /бэлтгэн нийлүүлэх/, ажил гүйцэтгэх гэх зэрэг ямар төрлийн гэрээний харилцаанаас үүссэн болохыг шүүх тодорхойлоход хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ, зээлсэн мөнгөө буцаан гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, бидний хооронд мөнгө зээлсэн асуудал байхгүй буюу зээлийн харилцаа үүсээгүй, харин мал худалдан авч борлуулахаар хамтарч ажилласан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй нь тэдний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харагдаж байх боловч талуудын хооронд анх ямар нөхцөлтэй гэрээ /хэлцэл/ хийгдсэн болох, гэрээний талууд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн буюу гэрээ биелэгдсэн байдал зэргийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй.
Түүнчлэн ямар төрлийн, хэчнээн хэмжээний мах бэлтгэн нийлүүлэхээр тохирсон, махны кг-ийн үнийг хэдэн төгрөгөөр тохирсон, мах бэлтгэн нийлүүлэхтэй холбогдон гарах зардлуудыг талууд хэрхэн хариуцах, нэхэмжлэгч нь хариуцагчид мах бэлтгэн нийлүүлэх ажил гүйцэтгэсний хөлс төлөхөөр тохиролцсон уу, эсхүл ашиг хуваахаар тохиролцсон эсэх, түүнчлэн нэхэмжлэгч хэчнээн хэмжээний мах хүлээн авсан зэрэг асуудал хэрэгт тодорхой бус, энэ талаар талууд маргаантай байх бөгөөд маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.
2.3. Шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд, талуудын хооронд ямар төрлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийн биелэлт буюу хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөн, үүрэг дуусгавар болсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.
Талуудын хоорондох маргаан ямар харилцаанаас үүссэнийг зөв тогтоосноор маргааны зүйл тодорхой болох төдийгүй шүүхээс тухайн маргааныг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг оновчтой хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах, үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцөл бүрддэгийг дурдах нь зүйтэй.
3. Дээр дурдсанаар, маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцэхүйц, хангалттай нотлох баримт цуглараагүй байхад анхан шатны шүүх “талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн” гэж үзэж, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7,140,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
4. Түүнчлэн шүүх шийдвэртээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч татгалзах үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж нотлоогүй гэжээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг хэлэлцсэн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Я.Б- “Бид 2 хамтарч мал худалдан авч зарж борлуулсан. МИ компанид мах нийлүүлсэн баримт нэхэмжлэгчид байгаа, түүнийг хармаар байна” гэх тайлбар гаргасантай холбоотойгоор шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар нэхэмжлэгч С.Б-ээс “МИ ” ХК-д мах нийлүүлсэн талаарх нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байх боловч хэрэгт тухайн баримт авагдаагүй байна.
Шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий гэж үзэж, нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж биелэгдээгүй атал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, түүнчлэн тухайн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй шалтгаан, үндэслэл, нэхэмжлэгч тал өөрөө гаргаж өгөх боломжтой байсан эсэхийг тодруулах зэргээр нотлох баримт гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа хийгээгүй байна.
Дээрх байдлаар шүүх хэргийн зохигчийн хүсэлтээр нотлох баримт цуглуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Я.Б-т олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Я.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН