| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00643/И |
| Дугаар | 212/МА2026/00030 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх , |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2026/00030
Х.Б нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 302/ШШ2025/00865 дугаартай шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр багт оршин суух У** шого овгийн Х***** Б****** нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэг /ерөнхий эмч буюу дарга Н.Е /-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн [****] сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай буюу Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн хашааны доторх уурын зуухын өмчлөгчөөр тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026.02.28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Я.С, хариуцагч тус аймгийн Н****** эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэг /ерөнхий эмч Н.Е/-т холбогдуулан тус эмнэлгийн хашаан дотор байршилтай уурын зуухны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
1.2. Т***** тус эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг аймгийн ИТХ-ын Т************* 2003 оны 23 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл уг барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гэхэд эмнэлгийн захиргаа тухайн газрыг өөрийн эзэмшлийнх гэж зөвшөөрөхгүй маргаан үүсгэж, газрын асуудал шийдвэрлэгдэхгүй олон жил болсон тул шүүхээс уг уурын зуухны өмчлөгчөөр тогтоож өгөхийг хүсжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд татгалзсан үндэслэлээ: Иргэн Х.Б нь тус эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг аймгийн ИТХ-ын Т************* 2003 оны 23 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2,200,000 төгрөгөөр худалдаж авсан гэх боловч уг тогтоол бодит байдал дээр хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв тухайн үед дуудлага худалдаагаар худалдаж авсан нь үнэн бол улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах ёстой байсан хэмээн маргажээ.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 302/ШШ2025/00865 дугаар шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б Баян-Өлгий аймгийн [****] сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр байршилтай Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн хашааны доторх уурын зуухны барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 302/ШШ2025/00865 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүйгээс нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
4.2. Иргэн Х.Б нь тус эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг аймгийн ИТХ-ын Т************* 2003 оны 23 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2003 оны 03 сард 2,200,000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн болно.
4.3. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Х.Б өмчлөгч мөн болох нь илт тодорхой байхад шүүх баримтыг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ИХШХШТХ-ийн 40.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн.
4.4. Анхан шатны шүүх уг маргаанд хамгийн ойр хамааралтай бөгөөд дуудлага худалдааг зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн О*** нутгийн өмчийн газрыг ИХШХШТХ-ийн 27.3-т заасны дагуу хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй явдалд гомдолтой байна.
4.5. Өмгөөлөгч Я.С 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд хүсэлт гаргаж, маргаан бүхий уурын зуухны барилга нь одоо эмнэлгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа эсэх, хасагдсан бол хэдэн онд хасагдсан зэрэг санхүүгийн мэдээллийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн.
4.6. Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч болон хариуцагч талын нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг ханган шийдвэрлэсэн мөртлөө тэдгээрийн дагуу ирүүлсэн бичгийн баримтуудыг нэхэмжлэгч, өмгөөлөгч нарт албан ёсоор танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
4.7. Шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагт хийхээр хойшлуулсан атлаа нэхэмжлэгч, өмгөөлөгч нарыг ирээгүй байхад буюу өглөөний 09:00 цагт хуралдааныг явуулсанд гомдолтой байна.
4.8. Нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаан 10:00 цагт эхэлнэ гэж тооцон 09:40 цагт очиход шүүхийн цагдаа хуралдаан 09:00 цагт эхлээд үргэлжилж байгаа тул оруулах боломжгүй гэж мэдэгдсэн.
4.9. Хүчин төгөлдөр захирамжаар товлосон цагаас нэг цагийн өмнө шүүх хуралдааныг нууц байдлаар явуулж, биднийг оролцуулаагүй нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн тул ИХШХШТХ-ийн 167.1.5-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Шүүх хуралдаан нэг удаа хойшлогдсон. Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтад гарын үсэг зураад явсан. Яг хэдэн цаг хүртэл хойшилсныг сайн мэдэхгүй байна. Би тухайн өдөр 09:00 цагт ирэхэд, нэхэмжлэгч тал ирээгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлээд явуулсан.
5.2. Шүүгч хурлаа товлоод, нарийн бичгийн дарга нь тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан. Би өөрөө тухайн шүүх хуралдааныг товлосон цагт буюу 09:00 цагт ирсэн гэж бодож байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Х.Б нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Н****** эмнэлэгт холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны байх зарчмын үндсэн шаардлага нь шүүх хэргийн бодит нөхцөл байдалд материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг агуулга, зорилгод нь нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах явдал юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг баримтлаагүй тул шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй гэж үзнэ.
8. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос үзвэл, анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй /материаллаг эрх зүйн үндэслэл/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татан оролцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн /процессын зөрчил/ гэсэн дөрвөн үндэслэлээр гомдол гаргажээ.
9. Давж заалдах гомдлын процессын эрх зүйн үндэслэлүүдийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл,
- анхан шатны шүүхийн 2025.10.22-ны өдрийн шүүх хуралдааны 302/ТМ2025/00625 дугаар тэмдэглэлээр мөн өдрийн 09:03 цагт эхэлсэн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И оролцсон,
- үүнээс өмнө тус шүүхийн 2025.09.17-ны өдрийн 302/ШЗ2025/02715 дугаар “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” шүүгчийн захирамжаар тус хэргийн шүүх хуралдааныг 2025.09.24-ний өдрийн 09:00 минутад хийхээр товлож, мөн өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С шүүхэд гаргасан Х.П гэрчээр асуулгах, хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох болсон И.И хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2025.10.01-ний өдрийн 09:00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан,
- мөн шүүхийн 2025.10.01-ний өдрийн шүүх хуралдаанаар "...Баян-Өлгий аймаг дахь З********* хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны [**] тоот албан бичиг, аймгийн ЗДТГ-ын А****** тасгийн [**] тоот албан бичиг зэргийг болон маргаан бүхий уурын зуухны хуучин барилга (1977 онд ашиглалтад орсон, 2003 оны балансын үнэ 1,590,000 төгрөг, худалдах үнэ 1,100,000 төгрөг байсан) нь одоо аймгийн Н****** эмнэлгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа эсэх, хасагдсан бол хэдэн онд хасагдсан зэрэг санхүүгийн мэдээллийг хариуцагчаас тодруулан хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй" гэж дүгнэн, тус шүүхийн 2025.10.01-ний өдрийн 302/ШЗ2025/02865 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг 2025.10.22-ны өдрийн 09:00 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
- тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.И, гэрч Х.П нар биечлэн оролцсон. Тухайн шүүх хуралдааны дараа гэрч Х.П гэрчээр мэдүүлэг /2025.10.01-ний өдөр/ авсан байх бөгөөд гэрч асуусан тэмдэглэлийн огноог 2025.09.30-ны өдөр гэж тэмдэглэсэн нь гэрчид хууль сануулсан баримтын огноо 2025.10.01-ний өдөр гэсэнтэй зөрүүтэй тусгагджээ.
- Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е үйлдсэн /шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэх/ “Орчуулагч, хэлмэрч, гэрчид хууль тайлбарласан тухай” №9 дугаартай баримтад /хэргийн 104 дэх тал/ “Шүүх хуралдаан болох танхим” гэсний дараа “2025.10.22-ны өдрийн 09:00” гэж гараар бичсэн байх ба хэргийн оролцогч нар уг баримтад гарын үсэг зурсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С танилцаж гарын үсэг зурсны доор “...шүүгчийн захирамж 10 цаг гэж гарсан...” гэж гараар бичжээ.
- Т***** давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоо “...Бид шүүх хуралдааныг 2025.10.22-ны өдрийн 10:00 цагт явагдана гэж ойлгон ажил төрлөө зохицуулан, тус шүүхэд 2025.10.22-ны өдрийн 09:40 цагт хүрэлцэн очиход шүүхийн цагдаа “Та нартай холбоотой шүүх хуралдаан өглөө 09:00 цагт эхэлчихсэн, одоо үргэлжилж байна, шүүх хуралдаанд оруулах боломжгүй” гэсэн хариу өгсөн. Иймд шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч бид нарыг оролцуулаагүй буюу товлосон цагаас нэг цагийн өмнө шүүх хуралдааныг нууц байдлаар явуулсан нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн...” гэж тайлбарлажээ.
10. Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2025.10.01-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулахдаа дараагийн шүүх хуралдааны товыг 2025.10.22-ны өдрийн 09:00 цагт, эсхүл 10:00 цагт товлосон эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх боловч нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Я.С нарыг шүүх хуралдааны товыг мэдсээр байж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж дүгнэн тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим бүрэн хангагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Учир нь хэргийн 104 дүгээр талд авагдсан баримтад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шүүгчийн захирамж 10 цагт гэж гарсан” гэж тэмдэглэл бичсэн бөгөөд уг нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн эсэх”-ийг шүүх тодруулсны эцэст хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэх байжээ.
11. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С 2025.10.21-ний өдрийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийн дагуу нийт 8 хуудас бичгийн нотлох баримтуудыг, тэр дотор хариуцагчаас “...Тус эмнэлгийн хашааны доторх хуучин уурын зуух нь нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байхгүй ба хэзээ хэдэн онд ямар үндэслэлээр бүртгэлээс хасагдсан талаар баримт архиваас гарахгүй байгааг үүгээр мэдэгдье” гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд эдгээр бичмэл нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
12. Хариуцагчийн ирүүлсэн 2025.10.21-ний өдрийн 351 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт нь түүний урьд шүүхэд хариу тайлбар болгож ирүүлсэн нотлох баримттай агуулгын хувьд зөрүүтэй байх бөгөөд шүүх тэдгээр нотлох баримтуудын алийг нь үнэн зөв гэж үзсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна.
13. Хариуцагч Н****** эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Е 2025.09.15-ны өдрийн 318 дугаар албан бичгээр хариу тайлбар ирүүлэхдээ /хэргийн 54 дэр тал/ “...аймгийн Н****** эмнэлгийн хашааны доторх уурын зуух Н****** эмнэлгийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй байгаа...” гэсэн боловч 2025.10.21-ний өдрийн 351 дүгээр албан бичигт /хэргийн 124 дэх тал/ “...Тус эмнэлгийн хашааны доторх хуучин уурын зуух нь нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байхгүй...” гэж зөрүүтэй нөхцөл байдал үүсгэсэнтэй холбоотой хариуцагчийг солих, Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулах асуудлыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан ажиллагааг нэхэмжлэгч талаас тодруулах замаар гүйцэтгэх бөгөөд хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулах үүднээс эдгээр ажиллагааг шүүх идэвхтэй байр сууринаас хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд харшлахгүйг тэмдэглэх нь зүйтэй.
14. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Я.С нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг, хэргийн материалыг нэхэмжлэгч талд бүрэн танилцуулаагүй бөгөөд хэрэгт авагдсан агуулгын зөрүүтэй нотлох баримтын талаар зохигчоос тодруулж, хуульд заасан ажиллагааг /хариуцагчийн солих, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татан оролцуулах/ явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын агуулгад нийцээгүй тул давж заалдах гомдлын “процессын зөрчил” гэж тодорхойлсон хэсгийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь заалтын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.
Хэргийг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар дахин хянан шийдвэрлэх тул нэхэмжлэгч талын материаллаг хуулийн хэрэглээтэй холбогдуулж гаргасан давж заалдах гомдолд тус шүүх урьдчилж хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.
15. Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Я.С нарын давж заалдах гомдлын зарим үндэслэлүүдийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгоно.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулна”, 163.2 дахь хэсэгт “З*****, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй.”, 163.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Я.С нь анхан шатны шүүхийн 302/ШШ2025/00865 дугаар шийдвэрийг 2025.12.01-ний өдөр гардан авч, уг шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 2025.12.11-ний өдөр гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх гомдлыг мөн өдөр шүүхийн дардас дарж хүлээн авчээ. У***** анхан шатны шүүх тус гомдолтой хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх албан бичгийн дугаарыг 2025.12.19-ний өдрөөр авч, хэргийг 2026.02.28-ны өдөр хүргүүлж, дээрх хуульд заасан хугацааг 44 хоног хэтрүүлэн ирүүлснийг тэмдэглэж, цаашид хуульд заасан журмыг чанд баримталж ажиллахыг тусгайлан тэмдэглэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 302/ШШ2025/00865 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, нэхэмжлэгч Х.Б буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК