| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0262/Э |
| Дугаар | 263 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 263
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бөд холбогдох эрүүгийн 19140005490332 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Ч.Б,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутагт нутаглах Ө.Аийн гэрийн гаднаас А.Нийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Ч.Бийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... бид хоёр Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт 1 дүгээр багийн нутгаар явж байгаад Ө.А гэдэг айлд очиход тал шил архи өгснийг бид хоёр хувааж уусан, А.Н унтаад өгсөн дуудахад ерөөсөө сэрэхгүй байсан, би Аийн эхнэрт А.Н сэрэхгүй байна би айлд оччихоод ирье гээд А.Нийн мотоциклийг нь унаж яваад Галуут сумын төв дээр ирээд Т.Х гэх хүнтэй уулзаад 100,000 төгрөг зээлээд оронд нь А.Нийн мотоциклийг нь үлдээчихээд явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /
Хохирогч А.Нийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
...Би 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багт ажлаар явж байгаад Ө.Аийнд хоносон. Өглөө босоод харахад миний унаж явсан 66-47 БНХ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоцикль алга болсон байсан учраас Цагдаагийн байгууллагад хандсан юм ... Би зарна гэж хэлээгүй, би хэрэв би тэгж хэлсэн бол мотоцикль алдсан гэж цагдаагаар шалгуулахгүй ... Аийнд орой 18:00 цагийн үед очсон, надтай хамт явсан Б нь миний мотоциклийг унаад яваад өгсөн байсан ... /хх-ийн 6, 21-23 /,
Иргэний нэхэмжлэгч Т.Хын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
... 2019 оны 07 дугаар сарын 25-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын төв дээр Ч.Б надтай тааралдаад хэдэн төгрөгийн хэрэг болоод мотоциклио зарчихмаар байна, эсвэл мөнгө зээлэх хүн байвал мотоциклио барьцаанд тавьчихаад сүүлд нь мөнгийг нь өгөөд авчихмаар байна гэхээр нь би надаас 100,000 төгрөг авбал авахгүй юу гэхэд мотоциклио надад үлдээчихээд 100,000 төгрөг аваад явсан юм. Би тэр үедээ мотоциклийг нь худалдаж авлаа л гэж бодсон. Би тэр мотоциклийг худалдан авсан 100,000 төгрөгөөр л олж авмаар байна. Тэр үед мөнгөний хэрэг гараад байна, мотоциклио зарчихмаар байна л гэж хэлсэн, би өөрийнх нь мотоцикль юм байх л гэж бодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,
Гэрч Ө..Аийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 07 дугаар сард манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг “Олгой нуур” гэдэг газарт байхад А.Н, Хадаа/Ч.Б/ нар хамт мотоцикль дээр сундалж суучихсан ирэхээр нь би шилний дундуур хэмжээтэй цагаан архи, бас 1 литр монгол архиа өгчихөөд би адуугаа харах гээд явсан юм. Би тэр өдрийнхөө шөнө 23:00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд А.Н нь ганцаараа манайд хоцорсон байсан. Маргааш өглөө нь надад А.Н нь Б миний мотоциклийг унаад явчихсан ирээгүй байна гэж манайд 2 хоноод замын унаанд суугаад явсан юм ... Намайг хамт байхад бол тэр хоёо мотоцикль зарах талаар ямар ч зүйл яриагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,
Гэрч Д.Хын мөрдөн байцаалтад өгсөн
... Манайд байхдаа зарж худалдах талаар ямар нэгэн юм юу ч яриагүй ээ ... Тэр өдөр А.Н, Ч.Б нар нь манайд архи ууж байгаад хоёулаа унтаад өгсөн. Унтаж байгаад Ч.Б нь А.Нээс түрүүлж сэрчихээд А.Нээг явъя явъя гээд дуудахад А.Н нь ерөөсөө сэрэхгүй байсан. Ч.Б нь би нэг айлд оччихоод ирье гээд мотоциклийг нь унаад яваад өгсөн, би тэр үед Ч.Бийн өөрийнх нь мотоцикль юм байх гэж бодсон юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,
“Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 403 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан гэх эд зүйлийн үнэ 720,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 42-43/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20/, шүүгдэгч Ч.Бийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Галуулт сумын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 85 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55, 65/, депозит дансны хуулгууд /хх-ийн 58-62/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 64/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 66/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор
аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутагт нутаглах Ө.Аийн
гэрийн гаднаас А.Нийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Ч.Бийн ... би Аийн эхнэрт А.Н дуудаад сэрэхгүй байна би айлд оччихоод ирье гээд А.Нийн мотоциклийг нь унаад явсан,... Галуут сумын төв дээр ирээд Т.Х гэх хүнтэй уулзаад 100,000 төгрөг зээлээд оронд нь А.Нийн мотоциклийг нь үлдээчихээд явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 /
Хохирогч А.Нийн ... өглөө босоод харахад миний унаж явсан 66-47 БНХ улсын дугаартай мустанг-5 маркийн мотоцикль алга болсон байсан,... би зарна гэж хэлээгүй... /хх-ийн 6, 21-23 /,
Иргэний нэхэмжлэгч Т.Хын ... Ч.Б надтай тааралдаад хэдэн төгрөгийн хэрэг болоод мотоциклио зарчихмаар байна гэхээр нь би надаас 100,000 төгрөг авбал авахгүй юу гэхэд мотоциклио надад үлдээчихээд 100,000 төгрөг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 /,
Гэрч Ө..Аийн ... А.Н нь ганцаараа манайд хоцорсон маргааш өглөө нь надад А.Н нь Хадаа /Ч.Б/ миний мотоциклийг унаад явчихсан ирээгүй байна гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,
Гэрч Д.Хын ... Ч.Б нь би нэг айлд оччихоод ирье гээд мотоциклийг нь унаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 /,
“Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 403 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан гэх эд зүйлийн үнэ 720,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тогдоогдож байна.
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор
аймгийн Галуут сумын Сүмбэр 2 дугаар багийн нутагт нутаглах Ө.Аийн
гэрийн гаднаас А.Нийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч А.Нийн мустанг-5 маркийн мотоциклийг 720,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Ч.Б нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Бийг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс Ч.Баянмөхийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч А.Нийн мотоциклийг нь биет байдлаар буцаан өгч хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, харин шүүгдэгч Ч.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад иргэний нэхэмжлэгч Т.Хад 100000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ч.Бөд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Ч.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Бөд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Бөөс хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн Ч.Бийн эзэмшлийн “... 5 тооны ямаа...”-г эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ч.Бөд буцаан олгож, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Ч.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Бөд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.Бөд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.Бийн эзэмшлийн “...5 тооны ямаа...”-г битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.Бөд буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
8 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бөд хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА