| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/01122/И |
| Дугаар | 212/МА2026/00031 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2026/00031
Б.С нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 302/ШШ2026/00064 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух Е******* овогт Б******* С******* нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс /дарга Д.М/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025.09.17-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026.03.03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, хариуцагч тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.М, түүний өмгөөлөгч Т.С /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч Б.С нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025.09.17-ны өдрийн Б/05 дугаартай “Г**** цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
1.2. Б.С нь тус байгууллагад 2009 оноос хойш тасралтгүй, ямар нэгэн сахилгын шийтгэлгүй ажиллаж ирсэн. А*** олгогч түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн, тушаалдаа хуулийн зүйл заалт болон чөлөөлөх үндэслэлээ тодорхой дурдаагүй тул хууль бус шийдвэр гэж үзэж байна.
2.1. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/407 тушаалаар тус хэлтсийн гэрээт ажилтны хязгаарыг 2 (үйлчлэгч 1, жолооч 1) болгон шинэчлэн тогтоож, харуулын орон тоо хасагдсан тул гэрээг цуцалсан.
2.2. Дээрх тушаалыг Б.С 2025.09.03-ны өдөр танилцуулж, улмаар 2026.09.17-ны өдрийн Б/05 тушаалаар ажлаас чөлөөлөн, тушаалыг тухайн өдөр нь өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулсан.
2.3. Б*********** зүгээс Б.С хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин 2019, 2022 онуудад "А*** гүйцэтгэх гэрээ" байгуулан ажиллуулж байсан. Энэ нь орон тооны ажлын байр биш, иргэний эрх зүйн харилцаа тул гэрээг цуцалснаар үүрэгт ажил дуусгавар болсон.
2.4. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн.
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2-д заасныг баримтлан хариуцагчийн Б/05 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.С гэрээт харуулын ажилд нь эгүүлэн тогтоосон.
3.2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, түүний урьд төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч байгууллагаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
4.2. Шүүхээс нотлох баримтуудыг нотариатаар баталгаажуулж ирүүлэхийг шаардсан. Орон тоо хассан Б/407 тушаал нь цахимаар ирдэг тул орон нутгийн нотариат гэрчлэх боломжгүй байснаас Улаанbaatar хотоос баталгаажуулж шуудангаар ирүүлэх хооронд шүүх хуралдаан болж, гол нотлох баримтуудыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.
4.3 УБЕГ-ын даргын Б/407 тушаалаар харуулын орон тоо байхгүй болсон нь тодорхой байхад шүүх уг баримтыг үнэлээгүй. Мөн "гэрээт ажилтны тоон хязгаар" гэх хөдөлмөрийн эрх зүйн ойлголтыг иргэний эрх зүйн шинжтэй ажил гүйцэтгэх гэрээнд хамааруулан буруу дүгнэлт хийсэн.
4.4. Талуудын хоорондын харилцаа нь хөдөлмөрийн бус иргэний эрх зүйн харилцаа байхад шүүх хууль зүйн дүгнэлтийн алдаа гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдвэл иргэний гэрээг хөдөлмөрийн гэрээ болгох буруу жишиг тогтох, батлагдсан орон тоо байхгүй тул шийдвэр биелэх боломжгүй болох, улсын төсөвт дарамт учрах эрсдэлтэй.
4.5. Гомдлын шаардлага: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсжээ.
5.1. Тус байгууллагад 2009 оноос хойш ажиллаж байгаад 2025.09.17-ны өдрийн Б/05 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. А*** олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан хугацааны мэдэгдлийг өгөлгүй ажлаас чөлөөлсөн нь хууль ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн.
ХЯНАВАЛ:
6. Шүүхийн шийдвэр хууль ёсны байна гэдэгт шүүх процессын хэм хэмжээг чанд мөрдөж, хэрэгт цугларсан, ач холбогдолтой, хамааралтай, хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг үндэслэлтэй сэргээн тогтоож, түүнд материаллаг хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэсэн байхыг ойлгох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан уг шаардлагыг хангаагүй байна.
7. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж “тус хэлтсийн даргын 2025.09.17-ны өдрийн Б/05 дугаартай “Г**** цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан харуулын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...тус байгууллагад 2009 оноос 2025.09.17-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж ирсэн. Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан ажлаас чөлөөлөх тухай 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүргээ ноцтой зөрчиж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой. Мөн чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүйгээс гадна үндэслэл болон албан тушаалыг дурдаагүй...” гэж тайлбарласан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...УБЕГ-ын даргын Б/407 тушаалаар тус хэлтсийн гэрээт ажилтны хязгаарыг 2 (үйлчлэгч 1, жолооч 1) болгон шинэчилж, харуулын орон тоог хассан. Уг тушаалыг Б.С 2025.09.03-ны өдөр урьдчилан танилцуулж, улмаар Б/407 тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс түүнийг 2025.09.17-ны өдрийн Б/05 тушаалаар ажлаас чөлөөлөн, тухайн өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулсан. Т***** гаргахдаа албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс олон талаас судалсан бөгөөд түүнийг анх 2016 онд гэрээт ажилтнаар томилж, 2019, 2022 онуудад “А*** гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулан ажиллуулж байжээ. Б*********** зүгээс түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, харин орон тооны бус ажлын байранд “А*** гүйцэтгэх гэрээ”'-ээр ажиллуулж байсан тул “Г**** цуцлах тухай” тушаал гаргаж хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан мэдэгдэл өгөх эрх үүрэг талуудын хооронд үүсэхгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүхээс “...ажил олгогч тушаалдаа УБЕГ-ын даргын Б/407 болон А/1716 дугаартай тушаалуудыг үндэслэл болгосон боловч тэдгээрийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир энэ талаар дүгнэлт хийх боломжгүй. Хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй...” гэж дүгнэж, талуудын хооронд үүссэн маргааны гол үндэслэл болсон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2025.07.23-ны өдрийн Б/407 дугаар тушаал, 2023.11.08-ны өдрийн А/1716 дугаар тушаалын хавсралтаар баталсан Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, мэтгэлцэх зарчмын агуулгад нийцээгүй буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
9. Хөдөлмөрийн маргаан бүхий харилцаанд талууд тэгш байх боломж харилцан адилгүй бөгөөд ажилтан бүхий л нөхцөл байдлыг нотолж чадах нь эргэлзээтэй учир түүнээс “хариуцагчийн шийдвэрийн үндэслэл”-ийн талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эсэх, маргааны үйл баримтыг бүрэн тогтоох зорилгоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эсэх зэргийг шүүхээс тодруулах нь мэтгэлцэх зарчмыг зөрчихгүй. Н**** талаар ажил олгогчийн “хөдөлмөрлөх эрхийн харилцаа”-г дуусгавар болгосон гол үндэслэл буюу хариуцагчийн татгалзлын үндэс болсон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2025.07.23-ны өдрийн Б/407 дугаар тушаал, 2023.11.08-ны өдрийн А/1716 дугаар тушаалын хавсралтаар баталсан Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тодруулах замаар үүнтэй холбоотой баримт, сэлт, мэдээллийг хэрэгт тусгахгүйгээр, шүүх энэ талаар эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь маргааны зүйл болон хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход сөрөг нөлөө үзүүлжээ.
10. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийг тодруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, мэтгэлцэх зарчмыг хангах, улмаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож, хуулийг зөв хэрэглэх нөхцөлийг бүрдүүлдэг. Н**** талаар, нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл, хариуцагчийн татгалзал ба түүний үндэслэл нь тодорхойгүй байхад шүүх түүнийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болдог. Хэрэв хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт тодорхой бус, талууд энэ талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй бол шүүх хууль хэрэглэж, шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй ба шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх учиртай. Энэ нь шүүгч гагцхүү хуульд захирагдах эрх зүйн нийтлэг зарчмын агуулгыг тодорхойлох юм.
11. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрхийн маргаанд шүүх идэвхтэй байж, талуудын шаардлага, татгалзлын үндэслэлийг тодруулах нь мэтгэлцэх зарчмыг зөрчих бус, харин ч уг зарчмыг хангах, хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой. Иймд маргааны зүйлийн агуулгыг тодорхойлох хариуцагчийн гаргасан шийдвэрийн үндэслэлд тусгасан эрх зүйн баримт бичгүүдийг талуудаас тодруулахгүйгээр, тэдгээр баримтын эрх зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх болон хууль ёсны зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.
12. Иймд дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх саналын хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим үйл баримтыг тодруулсны эцэст уг хөдөлмөрийн эрхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх нь гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх журамд нийцэх учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шүүх хуралдаанаас дүгнэв.
13. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцаагчийн төлөөлөгчийн маргааны үйл баримттай холбогдуулан “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас урьдчилж дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 302/ШШ2026/00064 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК