| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0263/Э |
| Дугаар | 265 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 265
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 1914006370365 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Б.О,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.О нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг СЭНА ХХК-ийн уурхайгаас 2019 оны 09 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар алт хулгайлж 1,008,740 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Огийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг “ СЭНА “ ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж алтны угаагчаар ажилд орсон. Түүнээс хойш ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр алт ялгаж угаахдаа өмсдөг улаан өнгийн резинэн бээлийг гарын алга хэсэгт нь цоолоод алтыг ялгаж авч байхдаа тэр цоорхой руугаа алтыг нь бага багаар нь хийж хэсэг алтыг авсан, өөрийнхөө өмсөж байсан хар хөх өнгийн саравчтай малгайны дотор талыг нь ураад хийж хадгалсан, маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бас алтаа ялгаж авч байгаад урьд өдрийнхөө үйлдлийг давтаж алт авсан, алтаа ялгаж дуусаад гарахдаа нөгөө цоорхойтой бээлийгээ ажлын байрнаасаа авч гараад явж байгаад уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан Г.Б ирж уулзаад миний бээлийг авч үзээд бээлийгээ цоолсон байна бээлийний хурууг нь үзэхэд бага зэргийн алт дотор нь байж байсан, тэгээд захирал Амаржавхланд бас үзсэн. Би 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр бага хэмжээний алт, маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мөн бага хэмжээний алт ялгаж авсан. Эдгээр алтыг нийлүүлээд уурхайн жин дээр жинлэж үзэхэд 7,85 грамм хэмжээтэй алт болж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 94-98 /
Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн
... Б.О нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж манай байгууллагад алтны угаагчаар ажиллаж эхэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр алт угаахдаа өмсдөг улаан өнгийн резинэн бээлийний нэг гарын бээлийгээ тайлж орхиод нэг гарын бээлийгээ халаасандаа хийгээд явахаар нь би Б.Отай уулзаад савтай алтыг бариулсан, тэгээд бид хоёр хамт лабораторид очоод Б.Огаас яах гэж бээлийгээ авч гарч ирсэн бээлийгээ гаргаад ир гэж бээлийг нь үзэхэд зөв зүгээр бээлий байсан. Нэг бээлий чинь хаана байна гэхэд угаалгын өрөөнд байгаа гэхээр нь Б.О бид хоёр хамт угаалгын өрөөнд очоод тэр бээлийг нь аваад үзэхэд бээлийний гарын алганы хэсэгт нь жижигхэн зүсчихсэн хуруунд нь алт хийсэн байхаар нь Б.О бид хоёр бээлийг алттай нь хамт аваад цуг дагуулж захирал Амаржавхлан дээр ирээд бээлийтэй алтыг нь үзүүлсэн. Бээлийнд нь байсан алтыг нь жин дээр жинлэж үзэхэд 6,36 грамм хэмжээтэй алт байсан.... Алт угаагч нь алтаа угааж дуусаад ажилдаа өмссөн бээлийгээ ажлын өрөөндөө үлдээгээд явах ёстой байдаг, уг бээлий нь манай компаниас ажилчдадаа олгодог ажлын бээлий байгаа. Харин малгайнаас гарсан алтыг нь бид нар тусад нь жинлэж үзээгүй, малгайнаас гарсан алтыг нь бээлийнээс гарсан алттай нь нийлүүлээд жинлэж үзэхэд 7,7 грамм хэмжээтэй алт байсан. Би алтыг Стандартчилал хэмжил зүйн газар дээр очиж жинлэхэд хамт байсан баталгаажсан жингээр жинлэсэн нь үнэн зөв жинлэсэн гэж бодож байна.. Би Баянхонгор аймгийн цагдаагийн газарт уурхай дээрээс ирж мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлтийн төлбөрт нийт 358,000 төгрөг зарцуулсан байгаа үүнийг нэхэмжилж байна, хураалгасан алтаа буцаан авна ...” гэх мэдүүлэг / хх-ийн 63-65 /
Гэрч Ж.Агийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай СЭНА ХХК-ны угаагч баяжуулагч ажилтай Б.О нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ баяжуулсан бүтээгдэхүүнээс резинэн бээлийгээ зүсэж хулгай хийж байгаад баригдсан.... Б.Огийн биеэс 7.7 гр алт олдсон. Энэ алт нь 2019 оны 09 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд ажиллахдаа авсан алт байгаа ... гэх мэдүүлэг / хх-ийн 9-10 /
Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Үнэт металл сорьц тогтоох лаборторийн дүгнэлт
1. 603/2953 дугаартай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон 7,85 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин маань Стандарт, Хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг.
2. ...7,85 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь алт мөн байна.
3. Алт мөн хэдий ч сорьцын шинжилгээ хийж тогтоож болохгүй.
Учир нь: Алтанд сорьцын шинжилгээ хийхэд Проберийн шинжилгээний арга буюу /150 11426:2017 / тодорхой стандартын дагуу тогтоодог 7.85 грамм алт нь сорьцын шинжилгээ хийхэд грамм нь хүрэхгүй байна. Иймээс манай лабораторийн шинжилгээ нь 100граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг.
4. ..7,85 граммтай металл нь үнэт металл буюу алт мөн гэж тогтоож байна ... гэх дүгнэлт /хх-ийн 77/
“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 471 дүгээр шинжээчийн ... алт гэх эд зүйлийн нийт үнэ 989,465 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-ийн 71-72/
“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 482 дугаар шинжээчийн ... эд зүйлийн нийт үнэлгээ 1,036,740 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-ийн 81-82/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 30-31/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28/, эд мөрийн баримт хадгалах өрөөнд хэрэг, материалыг эд мөрийн баримтыг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 29/, “Ай Эн Ди” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 32-33/, шүүгдэгч Б.Огийн ажилд орохыг хүссэн өргөдөл, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбрууд /хх-ийн 34-43/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-48/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 57/, шүүдэгчийн хувийн байдлын талаарх Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1754 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/, депозит дансны хуулгууд /хх-ийн 104-108/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 111/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 112/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч Б.О нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг СЭНА ХХК-ийн уурхайгаас 2019 оны 09 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар алт хулгайлж 1,008,740 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Огийн ....алт ялгаж угаахдаа өмсдөг улаан өнгийн резинэн бээлийг гарын алга хэсэгт нь цоолоод алтыг ялгаж авч байхдаа тэр цоорхой руугаа алтыг нь бага багаар нь хийж хэсэг алтыг авсан, өөрийнхөө өмсөж байсан хар хөх өнгийн саравчтай малгайны дотор талыг нь ураад хийж хадгалсан, маргааш бас алтаа ялгаж авч байгаад урьд өдрийнхөө үйлдлийг давтаж алт авсан,..эдгээр алтыг нийлүүлээд уурхайн жин дээр жинлэж үзэхэд 7,85 грамм хэмжээтэй алт болж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 94-98 /
Хохирогч Г.Бын ... Б.Огийн бээлийг нь аваад үзэхэд бээлийний гарын алганы хэсэгт нь жижигхэн зүсчихсэн хуруунд нь алт хийсэн байхаар дагуулж захирал Амаржавхлан дээр ирээд бээлийтэй алтыг нь үзүүлсэн,...бээлийнд нь байсан алтыг нь жин дээр жинлэж үзэхэд 6,36 грамм хэмжээтэй алт байсан,...малгайнаас гарсан алтыг нь бид нар тусад нь жинлэж үзээгүй, малгайнаас гарсан алтыг нь бээлийнээс гарсан алттай нь нийлүүлээд жинлэж үзэхэд 7,7 грамм хэмжээтэй алт байсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 63-65 /
Гэрч Ж.Агийн ... Б.Огийн биеэс 7.7 гр алт олдсон, ...энэ алт нь ажиллахдаа авсан алт байгаа ... гэх мэдүүлэг / хх-ийн 9-10 /
Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх Үнэт металл сорьц тогтоох лаборторийн дүгнэлт 1... 7,85 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь алт мөн байна,...манай лабораторийн шинжилгээ нь 100 граммаас дээш алтанд сорьцын шинжилгээ хийдэг... гэх дүгнэлт /хх-ийн 77/
“Энх-Нахиа” ХХК-ний 2019 он 09 дүгээр сарын 12-ны өдрийн 471 дугаар шинжээчийн ... алт гэх эд зүйлийн нийт үнэ 989,465 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-ийн 71-72/
“Энх-Нахиа” ХХК-ний 2019 он 09 дүгээр сарын 19-ний өдрийн 482 дугаар шинжээчийн ... эд зүйлийн нийт үнэлгээ 1,036,740 төгрөгөөр үнэлсэн ... дүгнэлт /хх-ийн 81-82/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тогдоогдож байна.
Шүүгдэгч Б.О нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг СЭНА ХХК-ийн уурхайгаас 2019 оны 09 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар алт хулгайлсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэргийн хохирогч Г.Б нь 7,7 грамм хэмжээтэй алтыг 1,008,740 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Б.О нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Од Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл түүний үйлдэлд нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүхээс Б.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Бын шинжээчийн дүгнэлтийн төлбөрт нийт 358,000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.Б ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 65-66/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Огийн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7,85 грамм жинтэй нунтаг алтыг СЭНА ХХК-д буцаан олгож,...хар өнгийг саравчтай малгай нэг ширхэг ...-ийг шүүгдэгч Б.Од буцаан олгож, ... улаан өнгийн өрөөсөн резинэн бээлий нэг ширхэг ...-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн Б.Огийн эзэмшлийн “... хөргөгч...”-ийг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Од буцаан олгож, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл , 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Б.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ог гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О нь гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7,85 грамм жинтэй нунтаг алтыг СЭНА ХХК-д, ...хар өнгийг саравчтай малгай нэг ширхэг ...-ийг шүүгдэгч Б.Од тус тус буцаан олгож, ... улаан өнгийн өрөөсөн резинэн бээлий нэг ширхэг ...-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Огийн эзэмшлийн “... хөргөгч...”-ийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлсийг эзэмшигч Б.Од буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Од хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА