| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00923/И |
| Дугаар | 212/МА2026/00032 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 212/МА2026/00032
М.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Боттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 302/ШШ2026/00122 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.А нэхэмжлэлтэй, хариуцагч **** банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Ж.Ө/-т холбогдох,
“**** банкны Баян-Өлгий салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан **** банкны Баян-Өлгий салбарын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Ө илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.А, түүний өмгөөлөгч А.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Н.А, Я.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга:
1.1. **** банк ХК нь "харилцагч ирээгүй үед дотоодын хураамжийн данснаас удаа дараа хий орлого, зарлагын гүйлгээ хийж, залилан хийх нөхцөл бүрдүүлсэн" гэх үндэслэлээр намайг ажлаас үндэслэлгүй халсан. Б*********** үйлчилгээний зөвлөх Ж.А бүрдүүлсэн гүйлгээний баримтууд нь дансны дугаар, регистр, мөнгөн дүн зэрэг банкны журмын дагуу бүрэн бөглөгдсөн, систем дэх харилцагчийн баталгаат гарын үсэгтэй тохирч байсан тул хяналтаар илрүүлэх боломжгүй байсан. Мөн Д****** бүтээгдэхүүний үйл ажиллагааны журмын 2.8.5.1, 5.2-т орлогын гүйлгээг данс эзэмшигчээс гадна бусад этгээд хийж болно гэж заасан.
1.2. Орлого, зарлагын мэдүүлгийн бөглөх хэсгүүд бүрэн хангагдсан, систем дэх гарын үсэгтэй таарч байсан. Ж.А нь бусад харилцагчийн данснаас гүйлгээ хийх явцдаа ирээгүй харилцагчийн гүйлгээг давхар хийдэг байсан тул камерын бичлэгээр ердийн үйлчилгээ мэт харагддаг, илрэх боломжгүй байв. Гүйлгээ хийлгэсэн харилцагч нар нь тухайн өдөр касс хаахаас өмнө банканд ирж баримтад гарын үсэг зурж, баримтаа авдаг байсныг камераар баталгаажуулсан.
1.3. Ж.А санхүүгийн бус гүйлгээний баримтыг “CRM” программд бүрэн оруулж зөвшөөрөл авдаг байсан тул тэндээс зөрчил гаргаагүй, харин өдрийн санхүүгийн гүйлгээнээс зөрчил гаргасан. Б*** 2024.03.07-ны өдрийн С***** бичгээр 20 сая төгрөгөөс дээш гүйлгээнд ахлах ажилтнаас зөвшөөрөл авдаг хяналтыг цуцалж, теллерүүдэд бүтэн эрх нээж өгсөн. Х******** 3 тооцооны төвд өдөрт 700-800 гүйлгээ гардаг тул камерын бичлэгийг нэг бүрчлэн хянах боломжгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтын дагуу сэжиг бүхий үед түүвэрлэн хянаж ирсэн.
1.4. Хяналтын мэргэжилтний хянасан баримтыг тооцооны төвийн захирал, ТТХ-ийн мэргэжилтэн болон Т** банкны зайнаас хянах аудитын баг шат дараалан шалгаад илрүүлж чадаагүй. Үүнээс үзэхэд Ж.А ажлын байрны давуу талыг ашиглан шунахайн сэдлээр урьдчилан төлөвлөж гэмт хэрэг үйлдсэн бөгөөд харилцагч нартай хуйвалдсаныг дотоод аудитын дүгнэлтэд тусгасан. Түүнчлэн, теллерт байх ёсгүй “Дотоодын хураамжийн данс”-аас гүйлгээ хийх эрхийг системээс нээж өгсөн нь Ж.* ******* **** ********* банк өөрөө олгосон.
1.5. Санхүү удирдлагын газраас 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр данс улайсан тухай мэдэгдсэнээр зөрчлийг мэдсэн. З******** 140 баримтыг бид шалгаж хүргүүлсэн. Тухайн үед Ерөнхий нягтлан бодогч амралттай, түүнийг орлож байсан ТТХМ З.Ү хотод шатрын тэмцээнд явж, эзэнгүй байх хугацаанд Ж.А дотоод данснаас мөнгө завшсан тул удирдлага үйл ажиллагааг зөв зохион байгуулаагүйгээс 99 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. З****** 99 сая төгрөгийг Ж.А 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлүүлж банкийг хохиролгүй болгосон. Б***** удирдлага гэмт хэргийг цагдаад мэдээлэлгүй нуун дарагдуулсан бөгөөд миний удирдлагад байсан теллер санаатай гэмт хэрэг үйлдсэн тул хяналтын ажилтан намайг буруутгах үндэслэлгүй. Иймд Салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож, ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж өгнө үү.
1.6. Салбарын захирал Л.Ө 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн [**********] дугаартай тушаал нь намайг бусдын гэмт хэрэгт хамжигчаар оролцсон мэтээр үндэслэлгүй дурдаж, банк, төрийн албанд ажиллах эрхийг хязгаарласан тул тушаалыг цуцалж, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах хүсэлттэй байна.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. М.А ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. М.А нь хяналтын мэргэжилтнээр ажиллах хугацаандаа нэгжийн кассын өдрийн гүйлгээ, үйл ажиллагаанд биечилсэн болон зайнаас зохих ёсоор хяналт тавих үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан. Үүнээс болж хариуцсан нэгжийн ажилтан харилцагч ирээгүй байхад удаа дараа хий орлого, зарлагын гүйлгээ хийж, кассыг бодит бусаар тааруулж, дотоодын хураамжийн данснаас өндөр дүнтэй зарлага гаргасан залилан хийх нөхцөлийг бүрдүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5.7.13 дахь хэсэгт заасан "удирдах, хянах үүргээ биелүүлээгүйгээс доод албан тушаалтан ноцтой зөрчил гаргах" гэх гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарна.
2.2. Ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн [**] тоот тушаалаар цуцалсан шийдвэр үндэслэлтэй. Ж.А нь 4 сар гаруй хугацаанд ажлын байрны давуу тал, гүйлгээ хийх эрхээ ашиглаж, хий орлого, зарлага хийн бэлэн мөнгийг авч ашигласнаас 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр касст 18 сая төгрөгийн дутагдал үүссэн. Үүнийг нуухын тулд дотоодын хураамжийн данснаас 99 сая төгрөгийн зарлагын гүйлгээ гаргасан. М.А ээлжийн амралттай байсан хугацааг хасаад түүний хариуцсан төв тооцооны төв дээр 13 удаагийн үйлдлээр 543,600,000 төгрөгийн хий орлого, 5 удаагийн үйлдлээр 207,500,000 төгрөгийн хий зарлагын гүйлгээ, дотоод данснаас 99,000,000 төгрөг завшигдсан зөрчил гарсан. М.А өдрийн гүйлгээний баримтууд алдаатай, гарын үсэг зөрүүтэй байхад "зөв байна" гэж хяналтын нүүр хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулсан нь дотоод аудитын хэсэгчилсэн шалгалт болон шүүхийн үзлэгээр тогтоогдсон.
2.3. Хяналтын мэргэжилтний гол зорилго нь банкны аливаа гүйлгээ, үйл ажиллагаа журам, хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршдог гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн [**] тоот тушаалын хавсралт 3, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Х******* мэргэжилтний гарын авлага, 2016 оны [**] тоот тушаал, 2025 оны [**] тоот тушаал болон холбогдох С***** бичгүүдэд (2025 оны [**] тоот, 2024 оны [**] тоот, 2023 оны 3.2/87, 3.2.[**] тоот) хяналтын мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагаанд биечилсэн болон зайнаас хяналт тавих, өдрийн гүйлгээний баримтыг шалгах, амралтын үед орлон ажиллах үүргийг тодорхой зохицуулсан байдаг.
2.4. Хяналтын мэргэжилтэн өдөр бүр системийн тайлан, гүйлгээний хуудас хоорондын зөв эсэхийг тулгаж, харилцагч өөрөө ирсэн эсэх, баталгаат гарын үсэг таарч байгаа эсэхийг хянаж, шаардлагатай бол камер шалгах үүрэгтэй. Гэвч М.А үүргээ биелүүлээгүйн улмаас 4 сарын хугацаанд 37 удаагийн зөрчилтэй гүйлгээ хийгдэж, кассын дутагдал, дотоод дансны 99 сая төгрөгийн зөрчил гарах нөхцөл бүрдсэн. Б******** алдаатай байхад хянасан мэтээр "зөв байна" гэж гарын үсэг зурсан нь хөдөлмөрийн гэрээний үүргийн зөрчил мөн. Энэхүү зөрчил нь Д***** аудит, Хөдөлмөрийн дотоод журам, А****** ёс зүйн дүрэм болон Хөдөлмөрийн гэрээний 3.2.12, 3.2.13, 5.7.13 дахь заалтыг зөрчсөн тул хөдөлмөрийн харилцааг цуцлах шийдвэр хууль ёсны дагуу гарсан. Иймд М.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 302/ШШ2026/00122 дугаар шийдвэрээр:
3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М******** А******* **** банкны Баян-Өлгий салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан **** банкны Баян-Өлгий салбарын хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 302/ШШ2026/00122 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй.
4.2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “М.А нь 2025 оны 02 дугаар сарын 21-ээс 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зөрчилтэй гүйлгээнд хяналт тавих үүргээ хангалттай биелүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй” гэж буруу дүгнэсэн.
4.3. Хэрэгт авагдсан Маргаан таслах комиссын тэмдэглэл, М******* технологийн аудитын газрын тайлан, шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон гэрчүүдийн (И.Х, Х.О, И.З, З.Ү) мэдүүлгээр Ж.А нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дотоод данснаас 99.0 сая төгрөг завшсаныг С***** удирдлагын газар илрүүлсэн байдаг. Ү**** дагуу менежер З.Ү мэдэгдэж, ажлын хэсэг байгуулан 149 сэжигтэй гүйлгээг хувааж шалгасан процесс тогтоогдсон.
4.4. Ажил олгогч зөрчлийг 2025 оны 06 дугаар сарын 29-ний байдлаар илрүүлсэн атал 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан “илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулна” гэсэн хугацааг зөрчсөн. **** банкны “М******* технологийн аудитын газар” нь Б***** тухай хуулийн 31.7 болон ТУЗ-ийн дүрмийн дагуу зөвхөн систем, технологийн эрсдэлийг хариуцдаг дотоод нэгж тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123.6-д заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зогсоох “аудит”-д хамаарахгүй.
4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “аудит” гэдгийг А****** тухай хуульд заасан, гэрээний үндсэн дээр санхүүгийн баримтыг хөндлөнгөөс хянаж дүгнэлт гаргадаг хараат бус, мэргэжлийн аудитын хуулийн этгээдийн үйл ажиллагаа гэж үзэх ёстой.
4.6. Хавтаст хэрэгт эрх бүхий байгууллагаас **** банкны ажилтныг “залилах гэмт хэрэг” үйлдсэнийг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр баримт байхгүй атал маргаан бүхий тушаалд “...ажилтныг залилан үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн” гэж буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.
4.7. Т*********** хийсэн гүйлгээ болгоныг камераар нэг бүрчлэн хянах боломжгүй, зөвхөн сэжигтэй тохиолдолд түүвэрлэн шалгадаг болохыг гэрч З.Ү шүүхэд мэдүүлсээр байхад шүүх уг нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт өгөөгүй.
4.8. Нэхэмжлэгч М.А нь тус банканд 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж, шагнагдаж байсан бөгөөд өөрөөс нь хамаарсан субьектив зөрчил гаргаж байгаагүй. Б**** ажилтны (Ж.А) гаргасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үндэслэн түүнийг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь хууль бус бөгөөд шударга ёсны зарчимд нийцээгүй.
4.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 302/ШШ2026/00122 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг (ажилд эгүүлэн тогтоох, цалин гаргуулах) бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
5.Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 302/ШШ2026/00122 дугаар шийдвэр нь доорх үндэслэлийн дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
5.2. 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр С********* удирдлагын газрын хяналтаар Баян-Өлгий салбарын Т** тооцооны төвийн Б*********** үйлчилгээний зөвлөх Ж.А 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дотоодын хураамжийн данснаас 99.0 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийснийг илрүүлж, Баян-Өлгий салбарт мэдэгдсэн. Ү**** дагуу **** банк ХК-ийн М******* технологийн аудитын газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн ба шалгалтын ажиллагаа дуусаж, ажилтнуудтай холбоотой зөрчлийг тогтоосон аудитын тайлан 2025 оньт 7 дугаар сарын 25-ны өдөр гарсан байдаг. Тус аудитын тайлангаар нэхэмжлэгч Х******* мэргэжилтэн М.А тухайн олон удаагийн зөрчилтэй гүйлгээнд хяналт тавьж ажиллаагүй, ажлын байрны үндсэн ажил үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил илэрсэн ба ажил олгогчийн зүгээс тус илэрсэн зөрчлийн дагуу 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д “... ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хуулийн хугацаанд багтаан сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.
5.3. **** банк ХК-ийн дотоод аудит нь Б***** тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.6-д заасны дагуу гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулагдсан ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Б***** дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах зарчмаар ажиллана. ” гэж заасны дагуу хуулийн дагуу зохион байгуулагдсан, банкны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий субьект юм.
5.4. Түүнчлэн дотоод аудит нь аудитын хамрах хүрээнээс шалтгаалан өөрийн харьяа дахь ямар ч зохион байгуулалтаар аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. М******* технологийн аудитын газрын хувьд зайнаас ч мөн аливаа аудитыг хийж гүйцэтгэдэг ба банкны хэмжээнд гарч буй залилан, эрсдэлд холбогдох аудитын чиг үүргийг хэрэгжүүлэх, зөрчлийг шалган тогтоох эрх бүхий нэгж юм. Иймээс нэхэмжлэгчийн **** банк ХК-ийн М******* технологийн аудитын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасан “аудит”-д хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Н**** талаас “зөрчил тогтоогдсон байх” хуулийн шаардлагын дагуу дотоод аудит шалгалтыг хууль, журамд заасны дагуу хийж “зөрчлийг тогтоосон” байна. Т** тооцооны төвийн Б*********** үйлчилгээний зөвлөх Ж.А нь харилцагчийн данснаас хий орлого, зарлагын гүйлгээ хийж, дотоодын хураамжийн данснаас 99.0 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийж залилан үйлдсэн, эдгээр зөрчил нь Х******* мэргэжилтэн М.А ажил үүргийн дагуу зохих хяналтыг тавьж ажиллагаагүйгээс урт хугацаанд, олон удаагийн үйлдлээр үйлдэгдсэн байна гэдгийг дотоод аудитын шалгалтаар тогтоосон, Ж.А нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймээс зөрчил тогтоогдсон байна.
5.5. Х******* мэргэжилтэн нь бүх гүйлгээний баримт дээрх мэдээлэл, гарын үсгийг систем дээрх мэдээлэл, баталгаат гарын үсэгтэй тулган шалгах, шаардлагатай тохиолдолд камерын бичлэгтэй тулгаж шалгах хяналтаа хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь илт алдаатай сэжигтэй гарын үсэг, мэдээлэл бүхий баримтуудыг шалгаагүй, нягтлан шалгаж камерын бичлэгтэй тулгаагүй буюу хяналтын ажиллагааг огт хэрэгжүүлэхгүйгээр гарын үсгээ зурсан ба энэ нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримт, гүйлгээний баримтууд болон харилцагчийн гарын үсгийн зөрүүтэй байдал, камерын бичлэг дээрх зөрүүтэй байдал зэргээр хангалттай баталгааждаг. Тодруулбал, аудитаар илэрсэн зөрчилтэй гүйлгээнүүдийн талаар гэрч З.Ү болон Х.О нарын мэдүүлэгтээ “С******* тохиолдолд камерын бичлэгийг хянах ёстой. Б******* харж сэжигтэй гүйлгээг илрүүлэх боломжтой”, “камерын бичлэгтэй тулгаж шалгаад харилцагч нар ирээгүй баримтууд дээр гарын үсэг зураагүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа”, “тухайн үед нь илрүүлэх боломжтой байсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрчүүд болон нэхэмжлэгч өөрөө тайлбар мэдүүлэгтээ бид аудитаас өгсөн чиглэлийн дагуу дараа нь шалгахад зөрчилтэй байгаа нь илэрсэн гэдгээ ч нотолдог. Хэрэв Х******* мэргэжилтэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан бол эдгээр зөрчилтэй гүйлгээнүүд хийгдэхгүй таслан зогсоогдох бүрэн боломжтой байсан.
5.6. Борлуулалтын үйлчилгээний зөвлөхөөр ажиллаж байсан Ж.А нь Б****** хуурч залилан ажлын байрны давуу талаа ашиглаж 4 гаруй сарын хугацаанд олон удаагийн зөрчилтэй гүйлгээг хийж ноцой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ тухай аудитын тайланд тодорхой дурдсан байдаг. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “залилан үйлдсэн нь тогтоогдоогүй байхад энэхүү үйлдлийг тушаалдаа дурдсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
5.7. Нэхэмжлэгч М.А ногдуулсан сахилгын шийтгэл нь гагцхүү М.А Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, дотоод хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн зөрчлийг нь үндэслэсэн болно. М.А нь Х******* мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байсан. Я***** Х******* мэргэжилтэн ажилладаг вэ? Х******* мэргэжилтний ажлын байрны зорилго, үндсэн үүрэг нь Х***** хэрэгжүүлэх явдал юм. Энэ тухай түүнтэй байгуулсан ажлын байрны тодорхойлолтын зорилго хэсэгт “Н****** өдөр тутмын үйл ажиллагаанд биечилсэн болон зайны хяналтыг тогтмол тавих, шат дараалсан хяналтын тогтолцоог зохих түвшинд хангах” гэж заасан байдаг. Мөн Б***** аливаа гүйлгээ, төлбөр тооцооны үйл ажиллагаанд заавал тэрхүү үйлдлийг хянаж баталгаажуулдаг. Энэхүү хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Х******* мэргэжилтэн гэсэн тусдаа ажлын байр байдаг. А***** ашиглан залилан үйлдэхээс сэргийлж, харилцагчийн итгэлд суурилсан банкны бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ахлах болон хянах процесс хэрэгждэг. 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/[**] тоот “У****** оффис төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай Г******** захирлын тушаалын Х******* 3-т Х******* мэргэжилтний хийгдэх ажилд “Ө***** гүйлгээний баримтыг шалгах” тухай зохицуулсан. Гэтэл энэхүү үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Ө***** гүйлгээний баримтууд дутуу байхад гарын үсгийн баталгаа, гүйлгээний баримт, камерын бичлэг, стандарт тайлан гэх мэт бүхий л талуудаас тулган шалгах үүргээ биелүүлээгүй, гарын үсэг зөрүүтэй, баримт дутуу байхад бүрэн хянасан мэтээр зурж байсан.
5.8. Хяналтын мэргэжилтний ажил үүргийн талаар болон хэрхэн хяналтыг хэрэгжүүлж ажиллах талаар Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тушаал зэргээс гадна дараах С***** бичиг, тушаалаар тодорхой зохицуулсан ба хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнд: 2024 оны 7 сарын 22-ны өдрийн 01/[**] тоот “У****** оффис төсөл”- ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай ГЗ-н тушаалын Х******* 3-т Х******* мэргэжилтний хийгдэх ажилд “Ө***** гүйлгээний баримтыг шалгах” тухай зохицуулсан.
5.9. 2023 оны 11 сарын 20-нд батлагдсан Х******* мэргэжилтний гарын авлагад Х******* мэргэжилтний ажлын байрны зорилгыг “ОНИБ-н нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд биечилсэн болон зайны хяналтыг тогтмол тавих, шат дараалсан хяналтын тогтолцоог зохих түвшинд хянаж ажиллах” гэж тодорхойлсон байна. Г***** үүрэг "Б****** учирч болзошгүй аливаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зайлсхийх арга хэмжээг авч ажиллах, эрсдэлийн талаар мэдээлэх, хяналт тавих” гэж зохицуулсан. Тус гарын авлагын 4 дүгээр хуудас болон 16 дугаар хуудаст Х******* мэргэжилтний өдрийн гүйлгээний баримтад хяналт тавих тухай зохицуулсан байна.
5.10. 2025 оны 5 сарын 02-ны өдрийн 02/[**] тоот Г******** захирлын тэргүүн орлогчийн “А*** үүрэгт өөрчлөлт оруулах тухай” тушаалын Х******* 1-т Х******* мэргэжилтний үндсэн чиг үүргийг тодорхой зохицуулсан. Х******* 3-т орлон ажиллах тухай болон и-мэйлээр ажил үүргээ хүлээлцэх талаар зохицуулсан. 2025 оны 5 сарын 02-ны өдрийн 02/[**] тоот Г******** захирлын тэргүүн орлогчийн тушаалд “Б***** нэгжийн дотоод хяналтын үйл ажиллагаанд ашиглах хуудсыг батлах тухай” тушаалын Х******* “Х******* мэргэжилтний хяналт тавьж ажиллах” ажил үүргийг тодорхойлсон.
5.11. 2025 оны 5 сарын 16-ны өдрийн 03/[**] тоот “Б***** нэгжийн шалгах хуудас, хяналтын толь бичиг ашиглах тухай” санамж бичгээр Х** дагаж мөрдөх тухай буюу Х******* мэргэжилтэн (ХяМ) дагаж мөрдөнө гэж, Х******* толь бичгийг хэрхэн танилцах, хэрэглэх тухай заасан. 2024 оны 8 сарын 29-ний 03/[**] тоот “У****** оффис төсөлд шилжиж ажиллахтай холбоотой мэдээлэл” -ээр ХяМ-н ажил үүргийн талаар, 2023 оны 4 сарын 24-ний 3-2/[**] тоот “Ухаалаг оффис төсөлд шилжсэн нэгжийн үйл ажиллагааны зохицуулалт, ажилтны өдөр тутмын үндсэн чиглэл” -ээр Б***** дотоод хяналтын бүтцийн чиглэл болон ХяМ-ний хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулсан.
5.12. М.А гаргасан зөрчил нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон ноцтой зөрчилд тусгагдсан. Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний 5.7.13-т “Х***** тавих, удирдах зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх зааварчлах зэрэг үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах” гэж ноцтой зөрчлийг тодорхойлон заасан байна.
5.13. Дээрх үндэслэлийн дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтыг үндэслэн цуцалсан ба энэхүү тушаал хуульд нийцсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй үлдээж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.А гомдлоор хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэв. Хэргийг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүхээс **** банкны Баян-Өлгий салбарын захирлын 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан хяналтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага нь шүүхээс материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байх, мөн хууль ёсны нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон байхыг тус тус ойлгоно.
8. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн ажлаас буруу халсан маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч М.А ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. **** банкны Баян-Өлгий салбарын захирлын 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5180/0069/25 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.6-д заасныг баримтлан Баян-Өлгий салбарын хяналтын мэргэжилтэн М.А нь хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд зохих хяналтыг тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжийн ажилтан нь харилцагчийг банканд ирээгүй байхад удаа дараагийн үйлдлээр хий орлого болон зарлагын гүйлгээ хийсэн, ажилтныг залилан үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн нь **** банкны Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.1, 4.3.18, 4.4.3, 4.4.11, **** банкны салбар, нэгжийн ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.10.1, Хөдөлмөрийн гэрээний 3.2.12, 3.2.13, 3.2.20, 5.7.13, А**** байрны тодорхойлолтын 2.1, 2.2, 2.9, 2.10, 2.17 заалтуудыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ.
10. Анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх шийдвэрийн үндэслэлд эрх зүйн үнэлэлт өгч, (1) хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хяналтын мэргэжилтэн М.А хариуцсан нэгжийн ажилтан **** банкны Баян-Өлгий салбарын борлуулалт үйлчилгээний зөвлөх Ж.А нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын байрны давуу тал, төлбөр тооцоо хийх эрх мэдлээ ашиглаж харилцагчийг банканд ирээгүй байхад өндөр дүнтэй хий орлого хийсэн, дотоодын хураамжийн данснаас их хэмжээний бэлэн зарлагын гүйлгээ хийж банкны тухай хууль тогтоомж, тус банкны дотоод хэм хэмжээг зөрсөн нь тогтоогдсон байх ба **** банкны М******* технологийн аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн КВ/53/04/IAO/25-15 дугаартай хэсэгчилсэн аудитын тайлангаар Баян-Өлгий салбарын хяналтын мэргэжилтэн М.А ажлын байрны тодорхойлолтод заасан хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжид нийт 13 удаагийн үйлдлээр 534.6 сая төгрөгийн хий орлогын гүйлгээ, 5 удаагийн үйлдлээр 207.5 сая төгрөгийн хий зарлагын гүйлгээг харилцагч ирээгүй үед хийгдсэн, дотоодын хураамжийн данснаас 99 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийгдсэн үйл баримт тогтоогджээ.
11. Түүнчлэн (2) ажил олгогч болон М.А нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.7, 5.7.13 дахь хэсэгт хяналт тавих, удирдах, зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах үүргээ ажилтан зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар харилцан тохиролцсон, (3) нэхэмжлэгч М.А нь 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн **** банкны Баян-Өлгий салбарын хяналтын мэргэжилтнээр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтууд, **** банкны М******* технологийн аудитын газрын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн КВ/53/04/IAO/25-15 дугаартай хэсэгчилсэн аудитын тайлангаас үзэхэд ажилтан М.А нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дээр дурдсан зөрчилтэй гүйлгээ хийгдсэн үед хяналт тавих үндсэн чиг үүргээ хангалттай түвшинд, зохих ёсоор хийж ажилласан гэж үзэх үндэслэлгүй тул ажил олгогчоос түүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс (1) ажил олгогч зөрчлийг 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн атал 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан нэг сарын хөөн хэлэлцэх хугацааны журам зөрчсөн; (2) **** банк ХК-ийн "М******* технологийн аудитын газар" нь зөвхөн дотоод систем, технологийн эрсдэлийг хариуцдаг нэгж тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зогсоох нь “аудит”-д хамаарахгүй; (3) Эрх бүхий байгууллагаас теллерийг залилах гэмт хэрэг үйлдсэнийг хуулийн дагуу эцэслэн тогтоогоогүй байхад М.А "залилан үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн" гэж буруутгасан ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байхад анхан шатны шүүх үүнд эрх зүйн дүгнэлт өгөөгүй; (4) Ө*** тутмын олон зуун гүйлгээг камераар нэг бүрчлэн хянах боломжгүй бөгөөд зөвхөн сэжиг бүхий нөхцөлд түүвэрлэн шалгадаг тухай гэрч З.Ү мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болгож анхаараагүй; (5) Нэхэмжлэгч М.А тус банканд 15 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллахдаа өөрөөс хамаарсан субьектив зөрчил гаргаж байгаагүй атал бусад ажилтны үйлдсэн зөрчлийг хариуцуулж ажлаас халсан нь хууль бус, шударга бус шийдвэр болсон гэж давж заалдах гомдол гаргажээ.
12.1. Хэрэгт авагдсан баримтуудаар анх 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр С********* удирдлагын газрын хяналтаар Баян-Өлгий салбарын Төв тооцооны төвийн Борлуулалтын үйлчилгээний зөвлөх Ж.А 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дотоодын хураамжийн данснаас 99.0 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийснийг илрүүлж, **** банкны Баян-Өлгий салбарт мэдэгдсэний дагуу тус банкны М******* технологийн аудитын газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн ба шалгалтын ажиллагаа дуусаж, ажилтнуудтай холбоотой зөрчлийг тогтоосон 2025 оны 07 дугаар сарын 25-ны КВ/53/04/IAO/25-15 дугаартай хэсэгчилсэн аудитын тайланг гаргажээ. Тус аудитын тайлангаар нэхэмжлэгч, тус банкны Баян-Өлгий салбарын хяналтын мэргэжилтэн М.А нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дээр дурдсан зөрчилтэй гүйлгээ хийгдсэн үед хяналт тавих үндсэн чиг үүргээ хангалттай түвшинд, зохих ёсоор хийгээгүй ноцтой зөрчил илэрсэн ба ажил олгогчийн зүгээс тус илэрсэн зөрчлийн дагуу 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 5180/0069/25 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
12.2. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.6 дахь заалтаар банкны дотоод аудитын нэгжийг гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар зохион байгуулж, түүний төсөв, орон тоог батлах тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7 дахь хэсэгт зааснаар банкны дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, үйл ажиллагаанд мөрдөх журмын хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан зөв эсэхэд хяналт тавьж, актив хөрөнгийг хамгаалан үр ашгийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр банкны төлөөлөн удирдах зөвлөлд ажлаа тайлагнах зарчмаар ажилладаг банкны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий субъект мөн юм.
**** банкны Баян-Өлгий салбарын хяналтын мэргэжилтэн М.А нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжид нийт 13 удаагийн үйлдлээр 534.6 сая төгрөгийн хий орлогын гүйлгээ, 5 удаагийн үйлдлээр 207.5 сая төгрөгийн хий зарлагын гүйлгээ харилцагч ирээгүй үед хийгдсэн, дотоодын хураамжийн данснаас 99 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийгдсэн алдаа зөрчлийг илрүүлэн тогтоосон банкны дотоод хяналтын аудитын үйл ажиллагааг хууль болон банкны дотоод дүрэм, журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан ажилтанд хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах замаар дуусгавар болгох үндэслэлийг үгүйсгэхгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.
12.3. Хяналтын мэргэжилтэн М.А нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод журмын дагуу банкны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын данс бүртгэлийг зөрүүгүй байлгах, кассын үйл ажиллагаанд зайнаас болон камераар тогтмол хяналт тавих үндсэн үүрэгтэй. Гэвч тэрээр ажлын байрны тодорхойлолтод заасан хяналтын үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хариуцсан нэгжид нь харилцагч ирээгүй байхад 13 удаагийн үйлдлээр 534.6 сая төгрөгийн хий орлого, 5 удаагийн үйлдлээр 207.5 сая төгрөгийн хий зарлагын гүйлгээ хийсэн харьяалах нэгжийн ажилтны удаа дараагийн, үргэлжилсэн, давтан шинжтэй, их хэмжээний хохирол, хор уршиг учруулж болохуйц зөрчлүүдийг тус тус илрүүлж чадаагүй буюу чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй ноцтой зөрчил гаргасан байна.
12.4. Дээрх нөхцөл байдлаас гадна ажилтны хяналтад байх банкны ажилтан банкны дотоодын хураамжийн данснаас 99.0 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийсэн байхад түүнийг илрүүлээгүй ажилтны эс үйлдэхүй буюу чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байдал нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.12 /ёс зүйн дүрэм болон банкны дотоод журам, бусад хэм хэмжээг сахих/, 3.2.13 /ажилтанд тавигдах нийтлэг шаардлага/, 3.2.20 /хуулийн хэрэгжилтийг хангаж, хууль зөрчсөн сэжигтэй үйлдлийг мэдэгдэх/ дахь заалтуудыг зөрчсөнөөс гадна мөн гэрээний 5.7.13-т “хяналт тавих, удирдан зохион байгуулах, чиглүүлэх, шийдвэрлэх, зааварчлах үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс шууд удирдлага дахь ажилтан болон хариуцсан нэгжийн ажилтан ноцтой зөрчил гаргах” гэсэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан нь банкны дотоод хяналт шалгалтаар хангалттай тогтоогдсон, бүтээгдэхүүний үйлчилгээний зөвлөх Ж.А үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох бүрэн боломжтой боловч уг үүргээ биелүүлээгүй, нягтлан шалгаагүй, уг ажил үүрэгтэй нь холбогдуулж дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлээгүй буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцалсан үндэслэл бүрэн нотлогдсон байна.
13. Иймд **** банкны Баян-Өлгий салбарын хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан М.А Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.7, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1 дэх заалтуудыг тус тус баримталж “хариуцсан нэгжийн кассын үйл ажиллагаанд зохих хяналтыг тавьж ажиллаагүйгээс хариуцсан нэгжийн ажилтан нь харилцагчийг банканд ирээгүй байхад удаа дараагийн үйлдлээр хий орлого болон зарлагын гүйлгээ хийж ноцтой зөрчил гаргасан, дотоодын хураамжийн данснаас их хэмжээний бэлэн зарлагын гүйлгээ хийсэн, ажилтныг залилан үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн” буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул М.А нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 302/ШШ2026/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК