Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0147/З |
Дугаар | 221/МА2020/0447 |
Огноо | 2020-07-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2020/0447
Г.Т-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 302 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн давж заалдах гомдлын дагуу нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагч Г.Т, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч Х.А нарыг оролцуулан Г.Т-ийн гомдолтой, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр:
“Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А-ын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0030658 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д
заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч Г.Т давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 302 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. Давж заалдах гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч нь Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0030658 дугаар шийтгэх тогтоол гарах үндэслэл болсон Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.2.1-д заасан “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын ..., хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны ..., гарын үсэг, захиргааны актын ... , он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3-д тус тус заасны дагуу хугацаа сунгасан захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй буюу акт бүхэлдээ хууль бус байна. Түүнчлэн хуулийн шаардлага хангаагүй буюу хууль зөрчсөн тогтоолыг үндэслэн гарсан шийтгэх тогтоол нь илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлийг бүрдүүлж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08 ны өдрийн 302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн эмч Г.Т нь өөрийн ажлын байран дээрээ лаа асаасны улмаас гал түймэр гаргасан болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон камерын дүрс бичлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0030658 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.Т нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн тул торгууль 1,000,000 /нэг сая/ төгрөгийн шийтгэл оногдуулж, хохиролд 4,965,000 /дөрвөн сая есөн зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргагч нь маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасанд анхан шатны шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Харин гомдол гаргагчаас давж заалдах гомдолдоо Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангахгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас нь 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй учир илт хууль бус гэжээ.
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай” тогтоолын тухайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан Б.М нь тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай байх тул зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах эрх бүхий этгээд мөн боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн акт нь хэлбэрийн хувьд албажаагүй буюу гарын үсэг зурагдаагүй, тамга дарагдаагүй байна.
Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актыг захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа байхаар зохицуулсан бөгөөд дээрх тогтоол нь хуулийн дээрх шинжийг бүрэн агуулаагүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан дотогшоо чиглэсэн агуулга бүхий шийдвэр байх тул захиргааны акт гэж үзэхгүй.
Иймд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай” тогтоолд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын илт хууль бус байх хуулийн зохицуулалтууд үл хамаарах учир гомдол гаргагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” гэж зааснаар зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол тус хуульд заасан шийтгэлийг хохирлын хэр хэмжээнд тохирсон байдлаар зайлшгүй оногдуулахаар заажээ.
Иймээс анхан шатны шүүх “..зөрчлийн хэргийн хугацаа сунгах тогтоол албажиж хийгдээгүй байгаа нь гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл болохгүй, тэр дундаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй...” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА