Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 504

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болотбект холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:           

           

          ялтан Б.Болотбек, түүний өмгөөлөгч Д.Батхуяг,

          нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Болотбекийн өмгөөлөгч Д.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 2602 2621 дугаартай Б.Болотбект холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Молхо овгийн Байталовын Болотбек, 1986 оны 10 дугаар сарын 7-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, математик загварчлал мэргэжилтэй, “Капитал” банкны “Капитал Таун” салбарын захирлаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 22-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЗ86100776/.

 

Б.Болотбек нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Капитал” банкны “Капитал Таун” салбарын захирлаар ажиллаж байхдаа хувийн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 12 цаг 54 минутад албаны суурин компьютерийг ашиглан [email protected] цахим хаягнаас “ажил хүлээлцэх акт” нэрээр 16 төрлийн мэдээ баримтуудыг өөрийн хувийн [email protected] мэйл хаяг руу илгээж “Капитал” банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах 14 төрлийн мэдээ баримтыг хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Болотбекийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Болотбекийг хувийн бусад сэдэлтээр банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар Б.Болотбекийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Болотбек нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Болотбек цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Болотбект урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Б.Болотбекийн өмгөөлөгч Д.Батхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу ойлгож хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байсан.

 

Гэвч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 164 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт тооцогдохгүй болсон тул хуулийг буцаан хэрэглэж өгнө үү ...” гэв.

 

 Ялтан Б.Болотбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие банкны нууц мэдээллийг олж аваагүй. Тухайн е-майл хаяганд явуулсан баримтыг нээгээгүй байсан талаар цагдаа нар шалгаж тогтоосон ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Б.Болотбек нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Капитал” банкны “Капитал Таун” банкны захирлаар ажиллаж байхдаа хувийн сэдэлтээр 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 12 цаг 45 минутад албаны суурин компьютерийг ашиглан [email protected] цахим хаягнаас “ажил хүлээлцэх акт” нэрээр 16 төрлийн мэдээ баримтыг өөрийн хувийн  boshko_[email protected] мэйл хаяг руу илгээж “Капитал” банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах 14 төрлийн мэдээ баримтыг хууль бусаар олж авсан үйл баримт тогтоогдсон, анхан шатны шүүхээс Б.Болотбекийн гэм буруутай байдалд хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

 

Харин Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид Б.Болотбекийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан Эрүүгийн хууль /2002 он/-ийн тусгай ангийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Болотбект холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 201626022621 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан тухайн дүүргийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.ОЧМАНДАХ

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ