Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 228

 

Б.Лхагвасүрэн Д.Цэцэгбадам нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Өмгөөлөгч О.Болдсайхан, Ц.Туяа,

Хохирогч С.Оюундэлгэр

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 345 дугаар магадлалтай 2014250004992 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч О.Болдсайхан нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан Боржигон овогт Болдын Лхагвасүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д заасан “Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах”,

2. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Даваажавын Цэцэгбадам нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан “Гэмт хэргийг нуун далдлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Д.Цэцэгбадамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Б.Лхагвасүрэнг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан  онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч О.Болдсайхан нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч О.Болдсайхан, Ц.Туяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...насанд хүрээгүй гэрч Т.Болорцэцэгийн мэдүүлгээр, энэ л /Б.Лхагвасүрэн/ алсан гэдэгт чиглэж, түүнийг итгэл үнэмшил болгож шийтгэх тогтоолын нотолгоо болголоо. Талийгаачийг зохих хэмжээгээр ухаан ороход нь нэг ч байцаалт аваагүй, О.Түвшинсайхан өөрийг нь хэн зодсоныг хэлээгүй “гэдсэн дээр нь сууж байгаад зодсон, эмэгтэй хүний дуу гараад байсан” гэж хэлснийг шүүгч, мөрдөн байцаагч онцолж хараагүй. Талийгаач өөрийг нь хэн зодсоныг хэлэхгүй байсан нь дөрвөн хүүхдийнхээ эхийг хэрэгт оруулахыг хүсээгүй хэрэг юм. Д.Цэцэгбадам нь болсон хэргийн талаар цагдаагийн байгууллагад яагаад мэдэгдээгүй вэ гэдгийг тогтоох ёстой. Гэрч Бат-Эрдэнэ манайд архи, пиво уухад бид нар хоорондоо муудалцаагүй гэж үнэн зөвөөр мэдүүлсэн мөртлөө дараа нь намайг энэ хэргийг хийсэн байж магадгүй гэж гүтгэсэн байдаг. Талийгаач нь тэр шөнө буцаж гарч Бат-Эрдэнийн гэрт очиж дахин архи уусан байж магадгүй, хэрэг болсон өдөр бороотой, шавартай байсан, газар дуссан цусан толбо бороо шаварт арилна гэж бодож байна. Талийгаачийн ярьсан эмэгтэй хүний дуу гараад гэдэг нь хэрвээ тэнд зодоон болсон бол Бат-Эрдэнэ, Эрхэмбаатар нарын эхнэрүүд болох Туул, Болор-Эрдэнэ нар байсан байж болно. О.Түвшинсайханд “нойрны эм өгсөн” гэж гэрч Т.Болорцэцэг мэдүүлдэг. Нойрны эм гэдгийг тэр жоохон хүүхэд яаж мэдэв, О.Түвшинсайханы биед нойрны эмийн үйлчилгээний үлдэц байгаа эсэхийг шинжлээгүй. Мөн талийгаачийг зодсон гэх хутга, заазуур, алх зэргийг жорлон ухаад олоогүй. Бат-Эрдэнийн гэр талийгаачийнхаас 4-5 гудамжны урд байдаг байхад хэргийн газрын нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэлд 5 метр орчим гэж тэмдэглэж, хэргийн газрын үзлэг хийсэн нь хэргийн газрын үзлэгийг дутуу хийснийг илтгэж байна. Талийгаачийн эх С.Оюундэлгэр нь талийгаачийн хүүхдүүд болох Т.Болд-Эрдэнэ, Т.Болорцэцэг нарт үг зааж өгч энэ хэргийг намайг хийсэн болгож, худал мэдүүлэг өгүүлж намайг гэмт хэрэгтэн болгож хэлмэгдүүлж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Болдсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Насанд хүрээгүй гэрч Т.Болорцэцэг, Т.Болд-Эрдэнэ нараас байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.4-т тус тус заасан заалтуудыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн магадлалд хуулийн шаардлага хангаагүй тайлбар мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрчлэн амь хохирогч О.Түвшинсайханы амьд сэрүүн үедээ ярьсан болон насанд хүрээгүй гэрч Т.Болорцэцэгийн ярьсан гэж ам дамжин ярьсан зүйлийн талаар гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар давхар нотлохгүйгээр яллах нотлох баримт болгон шүүхээс дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Зодсон гэх галын дэгээ төмөрт хэрэгт холбогдолтой ул мөр илрээгүй, заазуурыг олж хурааж аваагүй, энэ нь насанд хүрээгүй гэрч Т.Болорцэцэг бусдын зааж өгсний дагуу худал мэдүүлэг өгснийг нотолж байна. Талийгаачийн биед гэмтэл учруулсан гэх хатуу мохоо ирмэгтэй зүйлийг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй атлаа Б.Лхагвсүрэнг амь хохирогч О.Түвшинсайханыг галын дэгээ төмөр болон заазуураар зодож гэмтэл учруулан амь насыг хохироосон гэж ял халдааж байгаа нь үндэслэлгүй юм. Амь хохирогч О.Түвшинсайханы ухаан саруул үедээ эхнэр, ээж болон бусад төрөл садандаа Б.Лхагвасүрэнг өөрийгөө зодсон гэж нэг ч удаа хэлж, ярьж байгаагүй, Б.Лхагвасүрэнгийн үйлдэл нь амь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд амь хохирогч нь тухайн шөнө гэрээсээ огт гараагүй, түүнийг унтаж байхад нь Б.Лхагвсүрэн галын дэгээ төрөм болон заазуураар зодсон нь нотлогдон тогтоогдсон гэж хэргийн байдлыг таамаглан буруу үнэлж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд Б.Лхагвасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь 2014 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө О.Түвшинсайханыг зодож амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан, улмаар О.Түвшинсайхан нь учирсан олон тооны шарх гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Лхагвасүрэн нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлдэг боловч хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан орон байранд хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, тэдгээрийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлд тулгуурлан, Б.Лхагвасүрэнг онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэм буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон нь онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарч байх тул анхан болон давж заалдах шатны шүүх Б.Лхагвасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад заасан гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд Б.Лхагвасүрэнгийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч О.Болдсайхан нарын “...хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.      

Шүүх Б.Лхагвасүрэнгийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч О.Болдсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 345 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч О.Болдсайхан нарын хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН