| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0181/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2019-06-26 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 182
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч А.У түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа
Шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.У Д.Г, А.С нарт холбогдулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1814006470149 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Д.Г,
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, А.У
3. Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, Урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан, А.С,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.У Д.Г, А.С нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын 2 дугаар багийн нутаг Цагаан дэрс гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 1.453.214 төгрөгийн үнэ бүхий 14.56 грамм алт буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 3827.5 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч А.Сийн мөрдөн байцаалтад өгсөн
... Б.Г, А.У бид нар ярилцаж байгаад Баяхонгор аймгийн Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар руу чулууны алтанд явахаар 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр машинтай, наймуулаа яваад Цагаан дэрс гэх газар очиход хуучин ухсан 5-6 нүх байсан, тухайн газраа 1 өдөр, шөнө ажилласан. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой Баянхонгор аймаг руу буцаж байхад Б.Г хүнтэй утсаар яриад Баянлиг сумын Овоон шандын нүх нь онгойсон, хүмүүс орж байгаа сураг байна, замаараа дайраад явъя гэж хэлээд 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө Овоон шандад 10-н цагийн үед ирэхэд саарал дээлтэй мотоцикльтой хүн ирсэн. Тухайн хүн өөрийгөө байгаль орчны байцаагч Ваанчиг гэдэг хүн байна гэж хэлсэн, бид нар тухайн хүн энд хүмүүс ирсэн, нүх нь нээгдсэн байна гэж хүмүүсээс сураг сонссон гэж хэлэхэд, ямар нэг нүх нээгдсэн зүйл байхгүй явж гэж хэлэхээр нь бид нар буцаад явж байгаад замын хажуугийн толгойн ард зогсоод ярилцаж байгаад шөнө хүмүүс ороод байж магадгүй гэж бодоод шөнө очиж үзье гээд тэндээ амраад орой бүрэнхий болж байхад Овоон шандын нүхэн дээр очиход номергүй саарал пажеро машинтай 5-6 хүн ирээд бид нар орох гэж байгаа гэж хэлээд байсан, нэг хүн нь толгой дээр гараад утсаар яриад эргэж ирээд сумаас хөөлөг гарлаа гэж хэлээд хүрээд ирсэн, тухайн хүмүүс хөдлөөд яваад өгсөн, бид нар бас хөдлөөд өдөр амарч байсан газраа очоод ачаагаа ачих гээд байж байтал цагдаа болон бусад хүмүүс хүрээд ирсэн, бид нарыг дагуулаад буцаж Овоон шанд ороод нүхний дээд шороог хуулуулж авахуулаад тагыг нь аваад шороо дүүртэл хийлгэсэн. Тухайн газраасаа бүгд сумын төв явсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128 /,
Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 11 дүгээр сарын 06-нд Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу машинтай найман хүн явсан, Цагаан дэрс гэх газар очиход ухсан нүхтэй газар байсан, нүхэн дээр бид нар 2 хоног ажиллаад 16-н шуудай чулуу гаргасан. Баянлиг сумын Овоон шанд гэх газар нүх нь онгойсон хүмүүс ажиллаж байна гэж сураг дуулдахаар нь замаараа Овоон шанд ороод явъя гэж ярилцаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой гараад Баянлиг сумын Овоон шандад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө ирээд Овоон шандын нүхэн дээр очиход Саарал өнгийн пажеро маркийн машинтай хүн ажиллах боломжгүй гэж хэлж байсан, удалгүй араас нь мотоцикльтой хүн ирээд энд ажиллахгүй, нүх байхгүй гэж хэлэхээр нь бид нар Баянлиг сум руу явж байгаад жалганд орж амраад тэндээ ярилцаж байгаад орой нүх рүү очиж үзэхээр болоод харанхуй болгоод Овоон шандын нүхэн дээр ирээд байж байтал өдрийн таарсан саарал өнгийн пажеро машинтай хүн ирээд хөөлгө ирлээ гээд саарал пажеро машинтай хүн уруудаад яваад өгсөн. Бид нар хөдлөөд Баянлиг сум руу явж байхад өмнөөс цагдаа нар ирээд бид нарыг зогсоогоод шалгасан, тэндээсээ буцаад Овоон шанд дээр ирээд тагласан байсан нүхийг дээр нь дахиж шороогоор даруулчихаад Баянлиг сум руу явсан ... 33-86 БНХ улсын дугаартай машинд ачиж яваа 16-н уут чулууг Шинэжинст сум Цагаан дэрс гэх газраас 2 өдөр ажиллаж авсан, Баянлиг сумын Овоон шанд гэх газраас ямар нэг алтны чулуу аваагүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36, 135-136 /,
Шүүгдэгч А.Уын мөрдөн байцаалтад өгсөн
... Би найз А.С, Д.Г нартай ярилцаж байгаад Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу явахаар тохироод, ажиллах хүмүүсээ олохоор болоод нийт 5 ажилчин олсон. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу явсан, очиход хуучин Хятадын ухсан гэх газар байсан, ороход нэлээд гүнзгий нүх байсан нүхэнд байсан цагаан чулуунаас авсан 16-н шуудайг аваад байж байтал А.С, Д.Г нар Баянлиг сумын Овоон шанд онгойсон байна, хүмүүс ороод байна гэхээр нь бид нар Баянлиг сумын Овоон шанд руу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой гараад 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өглөө ирчихээд буцаад явж байгаад цагдаагийн байгууллагад саатуулагдсан...Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газрыг чулууны алт гарч байхыг мэднэ, хуучин хятадын алтны уурхай байсан, хүмүүс тухайн газар луу явж чулуу авдаг талаар мэднэ. Шинэжинст сумын Цагаан дэрс явах санааг Д.Г, А.С бид 3 ярилцаж байгаад явахаар болсон юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146 /,
Иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй, хуучин ухаж байсан газар байгаа юм...манай байгууллагаас одоо 80 литр шатахууны үнэ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 /,
Гэрч Х.Вгийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө эргүүл хийгээд Овоон шандын нүхийг эргээд явж байхад нүхэн дээр машин 10 гаран хүнтэй байсан. Би тухайн хүмүүстэй очоод уулзахад Шинэжинст сумаас явж байна. Овоо шандыг нээгдсэн хүмүүс ухаж байна гэх сургаар ирлээ гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өсгөн
... 2018 оны 11 сарын 06-нд Б.Г, А.У Б.Б, Х.М, С.Э нартай бид нар уулзаад Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу чулууны алтанд явна гэж ярилцаад тухайн өдрөө Шинэжинст сумын Цагаан дэрс газраа очсон, очиход хуучин Хятадын алтны үйлдвэр байсан газар гээд 3-4 их нүх байсан. Бид нар хоёр хоног ажиллаад аймгийн төв рүү буцах гэж байсан, цуг ажиллаж байсан хүмүүсээс Баянлиг сумын Овоо шанд гэх газар онгойсон сураг байна, замаараа дайраад явъя гээд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой Цагаан дэрс гэх газраас гараад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Баянлиг сумын Овоо шанд гэх газарт ирсэн ... Би тухайн газрыг өмнө Хятадын алтны уурхай ажиллаж байсан гэдгийг мэднэ, би Шинэжинст суманд төрснөөс хойш байж байгаад 2003 онд Баянхонгор аймагт орж ирсэн, харин би Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу явах санаа зорилго байгаагүй, өдрийн 40.000 төгрөгөөр ажиллах уу гэхээр нь явсан, миний хувьд эрхэлсэн тодорхой ажил байхгүй болохоор ажил хийж хэдэн төгрөг ольё гэж бодсон, би өмнө чулууны алтанд явж байгаагүй ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53, 69-70 /,
Гэрч С.Эийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 11 дүгээр сарын 06-нд Б.Г, А.У Ц.Б, Б.Б, Б.М, С.Э нартай Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу чулууны алтанд явна гэж тэндээ 2 хоног ажиллаад 16 уут чулуу гаргасан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 /,
Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
...А.У А.С, Д.Г, Х.М, Б, Д.Б, Дэнхэр нарын хамт 2018 оны 11 сарын 06-нд Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу чулууны алтанд яваад тэндээ 2 хоног ажилласан би тухайн хүмүүсийн тогоочийг хийж явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57 /,
Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн
... ...А.У А.С, Д.Г, Ц.Б, Б.М, Ц.Б бид нар 2018 оны 11 сарын 06-нд Шинэжинст сумын Цагаан дэрс газар 2 хоног ажиллаад 10 гаран уут чулуу аваад Баянхонгор аймаг буцах гэж байхад Баянлиг сумын Овоо шанд гэх газар нээгдсэн хүмүүс байна гэхээр нь замаараа Баянлиг сумын Овоо шанд орно гээд 2018 оны 11 дүгээры сарын 08-ний орой гараад 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө ирээд нүхэн дээр байж байтал саарал дээлтэй мотоцикльтой хүн ирээд нүх онгойгоогүй оруулдаггүй газар гэж хэлэхээр нь бид нар Баянлиг сум руу явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59 /,
Э.Гэрч Х.Мын мөрдөн байцаалтад өгсөн
“...манай найз Б 2018 оны 11 дүгээр сарын 05-нд Баянхонгор аймгийн Шинэжинст сум руу алтанд явах уу гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд 2018 оны 11 дүгээр сарын 06-нд Шинэжинст сумын цагаан дэрс гэх газар луу найман хүн машинтай явсан. Цагаан дэрс гэх газар 2 хоног ажиллаад 16-н шуудай чулуу гаргасан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61 /,
Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн ... 1814006470149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 14.56 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан...14.56 грамм жинтэй шар өнгөтэй товчин хэлбэртэй металл нь алт мөн байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 155 /,
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2-р баг Цагаан дэрс хэмээх газар эвдэрсэн газрын байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан
...2019 оны 04 сарын 07-ны өдрийн байдлаар нийт эвдэгдсэн талбайн хэмжээгээр газрын гадарга газрын хэвлий, хөрс ургамлан бүрхэвчийн экологи эдийн засгийн хохирлыг тооцлоо ... Тус хэсгийн хөрс болон ургамалан бүрхэвч газрын нөөцийн хохирлын хувьд бидний судлан тогтоосноор тус газар 2013.05 сарын сансрын зурганд нэгэнт эвдэгдсэн байсан нь нотлогдох учир 1814006490149 дугаартай хэргийн холбогдогч нарын явуулсан хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хохирол учирсан гэж үзэх боломжгүй болно. Иймд 1814006490149 дугаар бүхий хэргийн холбогдогч нарын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг нотлох баримтанд үндэслэн тооцоход 3827.5 төгрөг болж байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 167-215 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 217 дугаартай “...14.56 грамм алтны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн Монгол банкны зах зээлийн үнэ ханшаар 1 453 214 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 229-230 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 288 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ яллагдагч нарын унаж явсан гэх авто тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн үнэ ханшийг тогтоосон ... дүгнэлт / 2-р хх-ийн 71-72 /,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 119-120, 129-130, 139-140 /, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 09-26/, эд зүйл түр хураан авсан тухай /1-р хх-ийн 28/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29-30 2-р хх-ийн 61/, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 114 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 85-86/, ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7/8833 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 87-88/, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 90-91/, Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/89 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 94-95/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 96-99, 100-103, 104-110, 2-р хх-ийн 53-60, 62-65/, Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 369 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 160/, Хөрсний задлан шинжилгээний дүн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлт /1-р хх-ийн 218-200 2-р хх-ийн 1/, шүүгдэгч А.У А.С, Д.Г нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2-р хх-ийн 2, 5, 7/, шүүгдэгч А.У А.С, Д.Г нарын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 3, 6, 8/, шүүгдэгч А.Уын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 4/, шүүгдэгч Д.Гын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 9/, тээврийн хэрэгслийн лавлагаанууд /2-р хх-ийн 10-12/, шүүгдэгч нарын депозит дансны хуулгууд /2-р хх-ийн 13-20/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 21-22/, пүүний баримт /2-р хх-ийн 23/, шүүгдэгч А.У А.С, Д.Г нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд /2-р хх-ийн 24-25/, шүүгдэгч А.Сийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 26/, шүүгдэгч Д.Гын Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 27/, шүүгдэгч А.Уын оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 28/, шүүгдэгч А.Сийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 30-33/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч А.У Д.Г, А.С нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын 2 дугаар багийн нутаг Цагаан дэрс гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 1.453.214 төгрөгийн үнэ бүхий 14.56 грамм алт буюу ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 3827.5 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгтүйлдсэн болох нь
шүүгдэгч А.Сийн ... Овоон шандад 10-н цагийн үед ирэхэд саарал дээлтэй мотоцикльтой хүн ирсэн. Тухайн хүн өөрийгөө байгаль орчны байцаагч Ваанчиг гэдэг хүн байна гэж хэлэд ямар нэг нүх нээгдсэн зүйл байхгүй гэсэн... шөнө хүмүүс ороод байж магадгүй гэж бодоод шөнө очиж үзье гээд тэндээ амраад орой бүрэнхий болж байхад Овоон шандын нүхэн дээр очиход номергүй саарал пажеро машинтай 5-6 хүн ирээд бид нар орох гэж байгаа гэж хэлээд байсан, нэг хүн нь сумаас хөөлөг гарлаа гэж хэлээд тухайн хүмүүс хөдлөөд яваад өгсөн, бид нар бас хөдлөөд өдөр амарч байсан газраа очоод ачаагаа ачих гээд байж байтал цагдаа болон бусад хүмүүс хүрээд ирсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128 /,
шүүгдэгч Д.Гын ... Цагаан дэрс гэх газар очиход ухсан нүхтэй газар байсан, ухсан нүхэн дээр бид нар 2 хоног ажиллаад 16-н шуудай чулуу гаргасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36, 135-136 /,
шүүгдэгч А.Уын ... Би найз А.С, Д.Г нартай ярилцаж байгаад Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу явахаар тохироод, ажиллах хүмүүсээ олохоор болоод нийт 5 ажилчин олсон, ...Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар очиход хуучин Хятадын ухсан гэх газар байсан, нүхэнд байсан цагаан чулуунаас авсан 16-н шуудайг авсан..... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146 /
иргэний нэхэмжлэгч Ц.Пгийн ... Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй, хуучин ухаж байсан газар байгаа юм...80 литр шатахууны үнэ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 /,
гэрч Х.Вгийн ... өглөө эргүүл хийгээд Овоон шандын нүхийг эргээд явж байхад нүхэн дээр машин, 10 гаран хүнтэй байсан. Би тухайн хүмүүстэй очоод уулзахад Шинэжинст сумаас явж байна гэж хэлж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49/,
гэрч Б.Бын ... бид нар уулзаад Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу чулууны алтанд явна гэж ярилцаад явсан, очиход хуучин Хятадын алтны үйлдвэр байсан газар гээд 3-4 их нүх байсан, хоёр хоног ажилласан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-53, 69-70 /,
гэрч С.Эийн ... Б.Г, А.У А.С, Ц.Б, Б.Б, Х.М, С.Э нартай Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу чулууны алтанд явна гэж тэндээ 2 хоног ажиллаад 16 уут чулуу гаргасан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 /,
гэрч Ц.Бийн ...А.У Б.Г, А.С, Х.М, Б.Б, Д.Б, Дэнхэр нарын хамт Шинэжинст сумын Цагаан дэрс гэх газар луу чулууны алтанд яваад тэндээ 2 хоног ажилласан би тухайн хүмүүсийн тогоочийг хийж явсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57 /,
гэрч Д.Бийн ... А.У Б.Г, А.С, Ц.Б, Х.М, Б.Б бид нар Шинэжинст сумын Цагаан дэрс газар 2 хоног ажиллаад 10 гаран уут чулуу авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59 /,
гэрч Х.Мын “.. Шинэжинст сумын цагаан дэрс гэх газар луу найман хүн машинтай явсан, 2 хоног ажиллаад 16-н шуудай чулуу гаргасан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61 /,
Үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн ... 1814006470149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 14.56 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан...14.56 грамм жинтэй шар өнгөтэй товчин хэлбэртэй металл нь алт мөн байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 155 /
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2-р баг Цагаан дэрс хэмээх газар эвдэрсэн газрын байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан ... холбогдогч нарын үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг нотлох баримтанд үндэслэн тооцоход 3827.5 төгрөг болж байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 167-215 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 217 дугаартай “...14.56 грамм алтны 2018 оны 11 сарын 12-ны өдрийн Монгол банкны зах зээлийн үнэ ханшаар 1 453 214 төгрөг болохыг тогтоосон ... дүгнэлт /1-р хх-ийн 229-230 /,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 288 дугаартай “...гэмт хэрэг үйлдэхдээ яллагдагч нарын унаж явсан гэх авто тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн үнэ ханшийг тогтоосон ... дүгнэлт / 2-р хх-ийн 71-72 / зэрэг болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.У Д.Г, А.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А.У Д.Г, А.С нарыг бүлэглэн тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.У Д.Г, А.С нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч А.У Д.Г, А.С нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.У Д.Г, А.С нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч А.У Д.Г, А.С нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс А.У Д.Г, А.С нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заажээ.
Шүүгдэгч А.У Д.Г, А.С нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... шүүгдэгч Д.Г, А.У А.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-86 БНХ улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгсэлийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №288 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ... 3.000.000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч Д.Г, А.У А.С нараас 3.000.000 төгрөг тэнцүү хуваан гаргуулж, улсын орлого болгох , мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... 14,56 грамм алт бүхий /үнэ 1,453,214/ шар өнгийн металл ... -г улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч А.Уын эзэмшлийн ... dell маркийн компьютер, самсунг маркийн 49 инчийн зурагт, iphoe 6 маркийн гар утас ... А.Сийн эзэмшлийн .... самсунг маркийн 49 инчийн зурагт, serene маркийн хөлдөөгч, угаалгын машин ..... Д.Гын эзэмшлийн ... dell маркийн нөөтбүүк, 32 инчийн зурагт, iphone 6 маркийн гар утас ...-ыг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч А.У А.С, Д.Г нарт буцаан олгов.
Харин шүүгдэгч А.Уын .... 84-39 УБП улсын дугаартай ланд-80 маркийн, шүүгдэгч А.Сийн... 33-86 БНХ улсын дугаартай истана,.. маркийн, шүүгдэгч Д.Гын... 02-00 БНХ улсын дугаартай ланд-100 ... маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн боловч эдгээр тээврийн хэрэгслүүд эзэмшигч Д.Хүчитбаатар, Д.Мэндбаяр, Нэт капитал ХХК-д гэх иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй талаар автотээврийн хэрэгслийн лавлагаа хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч А.У А.С, Д.Г нар нь тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэж, эзэмшиж байсан байх тул эзэмшигч нарт тус тус буцаан олгуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.У А.С, Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Г, А.У А.С нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Г, А.У А.С нарыг тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г, А.У А.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Д.Г, А.У А.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 33-86 БНХ istana маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Г, А.У А.С нараас 1,000,000 төгрөг тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч А.У А.С, Д.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14,56 грамм алт бүхий /үнэ 1,453,214/ шар өнгийн металлыг улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч А.Уын эзэмшлийн ... dell маркийн компьютер, самсунг маркийн 49 инчийн зурагт, iphoe 6 маркийн гар утас ... А.Сийн эзэмшлийн .... самсунг маркийн 49 инчийн зурагт, serene маркийн хөлдөөгч, угаалгын машин ..... Д.Гын эзэмшлийн ... dell маркийн нөөтбүүк, 32 инчийн зурагт, iphone 6 маркийн гар утас ...-ыг битүүмжилсэн тогтоолууудыг хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, хохирол төлөгдсөн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч А.У А.С, Д.Г нарт буцаан олгож, ... 33-86 БНХ улсын дугаартай истана ... , ... 02-00 БНХ улсын дугаартай ланд-100 ..., .... 84-39 УБП улсын дугаартай ланд-80 ... авто тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг эзэмшигч Д.Хүчитбаатар, Д.Мэндбаяр, Нэт капитал ХХК-д тус тус буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.У А.С, Д.Г нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА