| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/13247/И |
| Дугаар | 210/МА2026/01174 |
| Огноо | 2026-05-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/01174
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
18,390,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******тэй 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр малын тэжээл болох эрдэнэшишийн дарш тариулахаар амаар тохиролцож, 4 га талбайд тариалалт хийхээр 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Талууд 1 га талбайгаас 20-50 тонн ургац хураан авахаар харилцан тохиролцож, 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тариалангийн бордоонд 840,000 төгрөг зарцуулж, Төв аймгийн Баяндэлгэр сум дахь хариуцагчийн фермд хүргүүлсэн. Гэвч хариуцагч тохиролцсон үүргээ биелүүлээгүй, эрдэнэшишийн дарш хүлээлгэн өгөөгүй бөгөөд тариалалт хийгдсэн эсэх нь тодорхойгүй тул 4,840,000 төгрөгийг буцаан гаргуулна.
1.2. Мөн өөрийн 23 тооны үхрийг хариуцагчийн сүрэгтэй нийлүүлэн маллуулахаар тохирч, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нүүж очихдоо үхрийн тээврийн зардалд 400,000 төгрөг, гэрийн тээврийн зардалд 500,000 төгрөг нийт 900,000 төгрөг зарцуулсан боловч малчин нь ажлаа орхин явсан тул хариуцагч өөрийн 40 тооны үхрийг дараагийн малчин ажилд авах хүртэл хугацаанд маллаж өгөхийг хүссэн. Үүний дагуу талууд 1 сарын 3,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр амаар тохиролцож, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 50 хоног малчнаар ажилласан. Иймд тээврийн зардал 900,000 төгрөг, малчнаар ажилласан ажлын хөлс 5,000,000 төгрөгийг гаргуулна.
*******гийн үхрийг маллаж байх хугацаандаа 2025 оны 9 дүгээр сарын 02, 09-ний өдрүүдэд тус бүр 650,000 төгрөгөөр нийт 1,300,000 төгрөгийн үнэ бүхий пивоны шаар худалдан авч түүний үхрийг тэжээсэн тул уг зардлыг мөн гаргуулна.
1.3. Түүнчлэн, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл өөрийн 23 үнээнээс саасан сүүг хариуцагчийн *******-тай байгуулсан гэрээний дагуу нийлүүлж, нийт 6,450,000 төгрөгийн тооцоо үүссэнээс хариуцагч нь 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3,950,000 төгрөгийг төлөөгүй.
1.4. Мөн 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өвс хадах зориулалттай тракторыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 33 хоног түрээслүүлэхээр амаар тохиролцож, түрээсийн төлбөрт 200 боодол өвс өгөхөөр болсон. Тухайн үед нэг боодол өвс 12,000 төгрөгийн үнэлгээтэй байсан, хариуцагч тохирсон өвсийг хүлээлгэн өгөөгүй тул өвсний үнэ 2,400,000 төгрөг гаргуулна.
Иймд нийт 18,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь 2025 оны 5 дугаар сарын сүүлээр холбогдож, өвс тэжээлийн нөөц муу байгаа тул эрдэнэшиш тариалж өгөхийг хүссэн. Ингээд ******* газрын түрээс, эрдэнэшишийн үр болон газар хагалах түлшний зардлыг хариуцах, ажлын хөлсийг 400,000 төгрөгөөр тохиролцож, нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн, мөн бордоог хүлээн авсан. Уг мөнгөөр 200 кг эрдэнэшишийн үр худалдан авч, түлш, талбайн түрээсийн төлбөр зэрэг нийт 4,500,000 төгрөгийн зардал гарган тариалалтын ажлыг хийсэн бөгөөд хурааж өгнө гэж тохиролцоогүй.
2.2. ******* фермээ худалдсан тул 11 дүгээр фермийг түрээслэн эхнэр, хүүхдийн хамт нүүж ирсэн. Манай малчин ажлаас гарсан тул *******той тохиролцож, 30 тооны үхрийг сарын 3,000,000 төгрөгийн хөлстэйгөөр маллуулсан. Улмаар талууд хамтран ажиллахаар тохиролцож, ******* нь цалин авахгүйгээр фермийн түрээс, цахилгааны зардлаа өөрөө хариуцах, харин миний бие өвс, тэжээл бэлтгэхээр болсон.
Ингээд хадлан, тэжээлээ бэлтгэхээр явсны дараа 10 дугаар сарын эхээр утсаар ярьж, ажиллахаа болилоо гэж хэлсэн. Энэ хугацаанд хураалттай байсан 3,200 боодол өвсийг өөрийн болон бусдын малд хэрэглэсний улмаас фермерийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, хохирол учруулсан. Мөн миний бие хоёр талын малыг тэжээхэд нийт 4,500,000 төгрөгийн тэжээл зарцуулсан бөгөөд нэхэмжлэгч миний нэг үнээг гэмтээж 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан.
2.3. 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 54 хоногийн хугацаанд нийлүүлсэн сүүний төлбөр 5,170,000 төгрөг болсон, үүнээс 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг өвс, тэжээлийн маргаан шийдвэрлэгдэх хүртэл түр хойшлуулсан.
2.4. Тракторын түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд зөвхөн ажлын хөлсөнд 2 портер өвс өгөхөөр тохиролцсон байсан боловч мөн өвсний асуудлаас болж хойшилсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 287 дугаар зүйлийн 287.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* /*******/-гээс 13,720,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* /*******/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,670,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 58.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 226,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хавтаст хэрэгт хариуцагч нь ургацыг хурааж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх ёстой гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тогтоож шийдвэрлээгүй. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Хэргийн үйл баримтаас харахад хариуцагч нь 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж эрдэнэшиш тариалах ажлыг биечлэн гүйцэтгэж тохиролцсон ажил үүргээ гүйцэтгэсэн.
4.2. ******* нь 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ферм дээр нүүж ирээд надаас 1500 ш ногоон тэжээлийг тухайн үеийн ханшаар 1 ш тэжээлийг 12,000 төгрөгөөр бодож нийт 18,000,000 төгрөг болсон ба тэжээлийн төлбөрийг сүүний мөнгө болон ажлын хөлсөөрөө төлнө гэж худалдаж авсан. Ингээд 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаанд өөрийн 25 тооны саалийн үхэр 9 тооны тугалаа ферм дээр маллаж тэжээж байгаад нүүж явсан.
Дээрх 2 сарын хугацаандаа 2 өрөө амьдрах байр, үхэр услах худаг, үхрээ саах фермийн байр, өвс тэжээл зуурах техник зэргийг ашигласны төлбөр болох 4,000,000 төгрөг, тог усны мөнгө болох 938,785 төгрөг, үхрийн баасаа авах 3 дугуйт тэвштэй мотоцикл түрээсэлж ашигласны төлбөр 1,500,000 төгрөг нийт 6,438,785 төгрөгийг төлөлгүй нүүж явсан. Төлбөр мөнгөний зөрүү болох 14,368,785 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч тохиролцсон хугацаанд гаргаж өгөхгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй учир үндэслэл бүхий шийдвэр гаргасангүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн 4,840,000 төгрөгийг буцаан гаргуулах, ажлын хөлс 5,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг, сүүний үнэ 3,950,000 төгрөг, хохирол 2,200,000 төгрөг нийт 18,390,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагчаас 13,720,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 4,670,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
3.1. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 13,720,000 төгрөгийн 7,720,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс 4,670,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй тул шийдлийн хувьд хэвээр үлдэх бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзсан үнийн дүнд хамаарна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/03262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* нь нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр *******т төлөх, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,390,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Т.ГАНДИЙМАА