Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01125

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/02782 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

Гэрээний үүрэг болон алдангид 295,899,999 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, *******тоот “Kawai business center”-ийн 6 давхарт байрлах 188 м.кв талбай бүхий Лоунж чиглэлийн үл хөдлөх эд хөрөнгө, 7 давхарт байрлах 188 м.кв талбай бүхий Караоке чиглэлийн үл хөдлөх эд хөрөнгө, нийт 376 м.кв талбайг хоёр жилийн хугацаагаар сарын 50,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон.

1.2. Хариуцагч нь 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор эхний сарын түрээсийн төлбөр 50,000,000 төгрөг болон гэрээнд заасан барьцаа төлбөр 50,000,000 төгрөг нийт 100,000,000 төгрөгийг төлөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 50,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөр огт төлөөгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ цуцлах саналыг хариуцагч компанид тавьсан. Энэ саналыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдээд гэрээг цуцалсан. Иймд түрээсийн төлбөр 158,333,333 төгрөг, алданги 79,166,666 төгрөг нийт 237,499,999 төгрөг гаргуулна.

1.3. Мөн 11,800,000 төгрөгийн үнэ бүхий 47 нэр төрлийн 511ш бараа материал, Герман улсын EGER брэндийн 2 ширхэг тус бүрийн үнэ 350,000 төгрөг нийт 700,000 төгрөгийн хавтан, KAWAI UPRIGHT PIANO брэндийн 39,100,000 төгрөгийн үнэ бүхий төгөлдөр хуурыг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Мөн 2 сарын хугацаанд 6,800,000 төгрөгийн төгөлдөр хуурын VIP сургалт авсан.

Иймд түрээсийн төлбөр болон алданги 237,499,999 төгрөг, барааны үнэ 12,500,000 төгрөг, төгөлдөр хуур болон сургалтын төлбөр 45,900,000 төгрөг нийт 295,899,999 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай төлөх ёстой үлдэгдэл төлбөртэй таарахгүй байна. Дагалдуулж өгсөн барааны үнэ 11,800,000 төгрөг, түрээсийн төлбөр 114,838,710 төгрөг, төгөлдөр хуурын үнэ 39,100,000 төгрөг нийт 165,738,710 төгрөгийг зөвшөөрнө. Үлдэх төлбөрийг зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч *******-аас түрээсийн төлбөр 116,666,666 төгрөг, алданги 58,333,333 төгрөг, хохирол 56,876,106 төгрөг нийт 231,876,105 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 64,023,894 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,795,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,321,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс хариуцагч талыг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцааг мэргэжлийн өмгөөлөгчөөс авах эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэснийг юун түрүүнд дурдах нь зүйтэй байна. Учир нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчаас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан төлөөлөгч өвчтэй байгаа учир цаашид уг хуралд оролцох боломжгүй тухайн төлөөлөгчөөс татгалзаж байгаагаа шүүхэд мэдэгдэж хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс өмгөөлөгч авах хүсэлт гаргасан хэдий ч шүүх уг эрхийг эдэлсэн хэмээн үзэж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ огт байхгүй бөгөөд зөвхөн итгэмжлэл олгож хуулийн этгээдийн төлөөлөгчөөр томилсон байсныг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

4.2. Анхан шатны шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангасан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хуульд тусгайлан заасан шаардлагыг хангасан мэтээр дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт гэрээ хүчин төгөлдөр эсэхийг нотолсон ямар ч бичгийн нотлох баримт авагдаагүй байхад шүүх гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байгаад зогсохгүй хариуцагчийг түрээсийн гэрээний дагуу алдангийг төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хариуцагчид илт хохиролтой шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг үндэслэл болгосон бөгөөд уг заалт нь зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд яригдан хэрэглэгдэх боломжтой байхад үүнийг огт анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнээс үүдэж хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн учир нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу түрээсийн гэрээний 3.1.8-д заасан алданги шаардах эрх үүссэн гэж үзнэ хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хариуцагчийг илт хохироосон шийдвэрийг гаргажээ.

4.3. Үүнээс гадна хавтаст хэргийн 46-47 дахь талд тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч талаас хэрэгт гаргаж өгсөн байх бөгөөд уг 2 хуудас баримт нь хоорондоо илт зөрүүтэй буюу 46 дугаар хуудас дахь тооцоо нь 316,733,333 төгрөгийн үлдэгдэлтэй гэснээ гарын үсэгтэй буюу тооцоо нийлэх үед хүлээн зөвшөөрч байсан 226,733,333 төгрөг байсныг хуурамч нотлох баримт бүрдүүлэн буюу огт байгаагүй зүйлсийг 46 дугаар хуудаст оруулан бичиж үнийн дүнг нэмэгдүүлснийг шүүх үнэн зөв гэж үзэж уг тооцоо нийлсэн актыг үндэслэж мөн л нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

4.4. Хариуцагч байгууллагын захирал миний бие хууль зүйн мэдлэггүй бөгөөд уг нөхцөл байдлыг шүүх хуралдааны үед огт мэдээгүй бөгөөд сүүлд өмгөөлөгч авч хэргийн материал танилцуулсны дараагаар хэрэгт ямар учиртай баримтууд байсан, мөн болоогүй зүйлийг тооцоо нийлсэн гэж үнийн дүн зөрүүтэй нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгснийг мэдсэн болно. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төгөлдөр хуурын үнэ 39,100,000 төгрөг нь яаж тогтоогдсон гэж үзэж байгааг ойлгоогүй бөгөөд зах зээлийн үнийг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүх уг хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь мөн л хэргийн бодит байдал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдон тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч талд давуу байдал бий болгож хэргийг шийдвэрлэсэн болохыг илтгэж байна.

4.5. Мөн төгөлдөр хуурыг хариуцагч нь аваагүй бөгөөд ******* миний бие хувьдаа хүүхдэдээ авч өгөх санаатай авсан төгөлдөр хуур байсан бөгөөд ийм өндөр үнийн дүнтэй байсан бол хувьдаа авахгүй байсан бөгөөд уг төгөлдөр хуурын төлбөрийг ******* нь хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн төгөлдөр хуурын сургалтын төлбөр мөн л үнийн дүн нь хэрхэн яаж тооцоологдон гарч ирсэн төлбөр болоод хэрхэн сургалтаа орсон талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй нэхэмжлэгч үүнийг нотлоогүйн дээр хариуцагч ******* нь хариуцвал зохих этгээд гэж ямар баримтыг үндэслэн тогтоож буйг ойлгохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

4.6. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулах болсон шалтгаан нөхцөлийг шүүх тодруулаагүй буюу анх хэлэлцэн тохиролцож байснаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас өөрийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртөө бетон зуурмаг авч төлбөрт нь түрээсийн гэрээний зүйл болсон объектыг түрээслэн ашиглаж байх санал тавьсны дагуу уг түрээсийн гэрээ байгуулагдаж байсан юм. Улмаар нэхэмжлэгч байгууллага анх хэлэлцэн тохиролцож байснаараа өөрийн хэрэгжүүлэх байсан төслөө эхлүүлээгүйн дээр тухайн төсөлдөө хэрэглэх байсан бетон зуурмагаа огт аваагүйгээс үүдэж уг маргаан үүссэн гэдгийг шүүх анхаарч үзээгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анх байгуулагдаж байсан хэлцлээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас түрээсийн төлбөрийг төлөхгүй байх, хугацааг хожимдуулах үр дагавар үүссэн гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй байна. Энэ нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан үйл явдал нь дан ганц хариуцагч байгууллагаас шалтгаалаагүй гэдгийг нэмж дурдах нь зүйтэй байна.

4.7. Шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг бодож тооцоолохдоо Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчиж алдаатай бодож шийдвэрт тусгасан.

Шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгоогүй нь захирал миний бие хууль зүйн мэдлэг ур чадвар дутуу дулимаг болохыг харуулж байхаас гадна, хэргийн талаар үндэслэлгүй бүрэн бус, бодит бус дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул ийнхүү давж заалдах журмаар гомдлыг гаргаж байгаа болно. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч өмгөөлөгч авах хүсэлтээ шүүхэд ирүүлсэн. Хариуцагчийн гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхээс хангаж, шүүх хуралдааныг 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаагаар хойшлуулсан. Шүүх хуралдаан товлогдсон өдөр *******-аас *******т итгэмжлэл олгосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй бөгөөд холбогдох баримтыг хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн. Тухайн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч ******* биечлэн оролцохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт болон нотлох баримт гаргаж өгөөгүй. Үүний дараа 03 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч ******* нь өмгөөлөгч ******* оролцох боломжгүй болсон гэх үндэслэлээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс тус хүсэлтийг хангаагүй буюу 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгч авах эрхээр хангаж хойшлуулсан, өнөөдрийн шүүх хуралдаанд шинэ өмгөөлөгчтэй оролцох боломжтой байсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг үгүйсгэх болон буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч тал холбогдох арга хэмжээ авч шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан. Нэхэмжлэгч тал болон шүүхийн зүгээс хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш сар гаруй хугацаанд ямар шалтгааны улмаас өмгөөлөгч авч чадаагүй талаараа хариуцагч тайлбарлаж чадаагүй.

5.2. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх тохиолдол байдаг. Тухайлбал, маргаан бүхий эд хөрөнгө нь 7 давхар бөгөөд үүний 6-7 дугаар давхрын 388 м.кв талбайг хариуцагч байгууллагад тодорхой хугацаанд түрээслүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслүүлсэн тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгүүлсний үндсэн дээр гэрээ хүчин төгөлдөр болдог. Зарим хэсэг буюу 6-7 дугаар давхрыг түрээслүүлсэн тохиолдолд гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх тухай ойлголт байх боломжгүй. Бид уг эд хөрөнгийн шударга өмчлөгч нь мөн гэдгээ нотлох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, үүний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.

5.3. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед энэ асуудлын талаар яригдаагүй бөгөөд хариуцагч тал тухайн баримтыг хүлээн зөвшөөрч байгаагаа хэлсэн бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болох гарын үсэг тус баримтад зурагдсан. 2 байгууллагын гүйцэтгэх удирдлага буюу захирлууд уулзаж, харилцан тохиролцон тооцоо нийлж, гэрээ цуцлах санал илэрхийлсэн бөгөөд тухайн үед бүх тооцоогоо жагсаан бичсэн баримтыг ******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл хариуцагч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед болон тооцоо нийлсэн акт үйлдэх үед хүлээн зөвшөөрч байсан төгөлдөр хуурын 39,100,000 төгрөг болон 2 сарын төгөлдөр хуурын сургалтын төлбөр, 2 хавтан, мөн түрээсийн гэрээ хэрэгжиж эхлэх үед хүлээлгэж өгсөн бараа, материалуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна, шинжээч томилох ёстой байсан гэх агуулгыг давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Шинжээч томилуулах асуудлын талаар хариуцагч тал тухайлан тайлбар хэлсэн бөгөөд ******* нь 39,100,000 төгрөгийн төгөлдөр хуур худалдаж авах талаар хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан хэр нь шинжээч томилуулах байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Шинжээч томилуулах нь хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй байсан учраас шүүх хүлээн зөвшөөрч зурсан гарын үсэг бүхий баримтыг үнэлсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрлэсэн.

5.4. Бартер гэх үг, үсэг гэрээнд дурдагдаагүй. Харин тооцоо нийлсэн актад ******* гэх хүний хүсэлтээр төлбөрийг бэлнээр болон бартераар гэж нэмж бичсэн. Шүүхэд гаргасан тайлбартаа төлбөрийг бартераар төлөх хүсэл зориг илэрхийлж байсан гэж хариуцагч тайлбарладаг боловч бодит байдал дээр төлбөр төлөх талаар бодитой үйлдэл хийсэн зүйл байхгүй. Бартерт 2-3 автомашин өгөх талаар ******* хэлж байсан боловч ийм автомашиныг тэдэн төгрөгт өгч, тооцоогоо дуусгавар болгоё гэж хүсэл зоригийг илэрхийлж байгаагүй. Харин ч маргааныг шийдвэрлүүлэхгүй зугтаж, эрэн сурвалжлагдаж, шүүхийн мэдэгдэх хуудсыг гардаж авалгүй явсан байдаг.  

5.5. Улсын тэмдэгтийн хураамжийг хангаж шийдвэрлэсэн хэсгээр буюу 1,317,330.53 төгрөг гэж шүүхийн шийдвэрт тусгах ёстой байсан боловч 1,321,830 төгрөг гэж бичсэн нь техникийн шинжтэй тооцооллын алдаа болсон. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн шийдлийг хэвээр үлдээх боломжтой.   

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан ч өөрчлөгдөх зүйл байхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан түрээсийн төлбөр 158,333,333 төгрөг, алданги 79,166,666 төгрөг, барааны үнэ 12,500,000 төгрөг, төгөлдөр хуурын үнэ 39,100,000 төгрөг, төгөлдөр хуурын сургалтын төлбөр 6,800,000 төгрөг нийт 259,899,999 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зарим эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, алданги тооцох хугацааг буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагаас алдангид холбогдох хэсгээс заримыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

3.1. ******* нь *******-тай 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* тоот “Kawai business center” 6 давхарт байрлах 188 м.кв, 7 давхарт байрлах 188 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг лоунж, караоке чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшилд шилжүүлэх, ******* нь нэг сарын 50,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

3.2. Учир нь, ******* тоот хаягт байршилтай, 1,335 м.кв талбай бүхий үйлчилгээ, сургалтын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь *******-ийн өмчлөлд бүхэлдээ бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба уг үл хөдлөх эд хөрөнгөөс 6 болон 7 давхрын нийт 376 м.кв талбайг *******-д түрээсэлжээ.  

Энэ тохиолдолд талуудын байгуулсан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр байна.

Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээслүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага хамааралгүй. Энэ талаар анхан шатны шүүх дүгнээгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч ийнхүү гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

3.3. Хариуцагч байгууллага нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр төлөөгүй үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч тал гэрээг цуцлах хүсэл зориг илэрхийлснээр талууд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр акт /хх-46-47/ үйлдэж, гэрээг дуусгавар болгосон талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх гэрээг цуцлах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэж, 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч байгууллага нь түрээсийн төлбөрт нийт 206,666,666 төгрөг /4 сар х50,000,000 + 50,000,000 : 30 хоног х 4 өдөр/ төлөхөөс төлсөн 90,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 116,666,666 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн.

Талуудын тооцоо нийлсэн актад гэрээ цуцлагдах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг буруу тооцсон боловч шүүх актыг үндэслэн хариуцагчийн төлбөл зохих түрээсийн төлбөрийг тогтоогоогүйгээс гадна нийт дүнгээс хариуцагчийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 40,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 50,000,000 төгрөгийг хассан дүнгээр төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулжээ. Иймд илт зөрүүтэй тооцоо нийлсэн актыг үндэслэн түрээсийн төлбөр гаргуулсан гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.    

3.4. Талуудын байгуулсан гэрээний 3.1.8-д заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэсэн боловч алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тогтоосон нь алдаатай болсон.

Хариуцагч байгууллага сар бүрийн 8-ны өдөр түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн тул 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл буюу гэрээ цуцлах хүртэл сар бүрийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс талуудын тохирсон 0.5 хувиар алдангийг тооцоход 28,250,000 төгрөгийг /2024.09.08-2024.10.08-ны өдрийг хүртэл 60,000,000 /50,000,000 + 10,000,000 өмнөх үлдэгдэл/ х 0.5% х 30 хоног = 9,000,000 төгрөг, 2024.10.08-2024.11.12-ны өдрийг хүртэл 110,000,000 х 0.5% х 35 хоног = 19,250,000 төгрөг/ алдангид төлөх үүрэгтэй байна. Энэ үндэслэлээр алдангиас үлдэх хэсэг хэрэгсэхгүй болно.

4. Мөн хариуцагч байгууллага нь түрээсийн зүйлийг хүлээн авахдаа 11,176,106 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн, нэг бүр нь 350,000 төгрөгийн үнэтэй нийт 700,000 төгрөгийн 2 ширхэг хавтан хүлээн авч, үнийг төлөхөөр тохирсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бараа хүлээн авсан баримт, тооцоо нийлсэн акт /хх-45, 46/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

4.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ нь аж ахуйн зориулалтаар эд хөрөнгийг ашиглах, үр шимийг хүртэх, үүнтэй холбогдуулан төлбөр төлөх, гэрээ дуусгавар болсноор эд хөрөнгийг буцаан өгөх харилцааг зохицуулна. Харин талуудын хувьд дээрх бараа, материалыг түрээсийн зорилгоор ашиглах хүсэл зориг илэрхийлээгүй, нэг талаас эд хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэх, нөгөө талаас үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний хүсэл зориг илэрхийлэгдсэн байхад анхан шатны шүүх эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ түрээслэгч биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгчид учирсан хохиролд тооцож, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болсон.  

4.2. Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан эд хөрөнгүүдийн үнийг төлөөгүй талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй, мөн талуудын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актад бараа, материалын үнэ төлөгдөөгүй талаар тусгагджээ.

Иймд анхан шатны шүүх бараа хүлээн авсан баримт болон тооцоо нийлсэн актыг үндэслэн барааны үнэ 11,176,106 төгрөг, хавтангийн үнэ 700,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй боловч хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт хийснийг дээрх байдлаар залруулж дүгнэв. Энэ шийдэлд хариуцагч тал гомдол гаргаагүй. 

5. Мөн талуудын тооцоо нийлсэн актаас үзэхэд хариуцагч байгууллага нь төгөлдөр хуурын үнэ 39,100,000 төгрөг, төгөлдөр хуурын сургалтын төлбөр 6,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон байна.

5.1. Иймд дээрх баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчээс төгөлдөр хуурыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, мөн төгөлдөр хуурын сургалтад хамруулах, үүнтэй холбогдох төлбөрийг хариуцагч нь төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримт тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.    

5.2. Гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч байгууллага нь төгөлдөр хуурыг шилжүүлсэн, төгөлдөр хуурын сургалтын үйлчилгээг үзүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч байгууллагаас гэрээний үнийг шаардах эрхтэй байна.  

Харин дээрх мөнгөн төлбөрийн үүргийг түрээслэгчийн эд хөрөнгийг хугацаанд нь буцаан өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбогдох хохиролд хамааруулан шүүх дүгнэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болсон. Мөн 2 гэрээний үнэ болох 45,900,000 төгрөгөөс шүүх 45,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс шийдлийг хэвээр үлдээнэ.    

6. Түүнчлэн, хариуцагч байгууллага нь төгөлдөр хуурын үнийг арилжааны хэлбэрээр /бартер/ төлөх боломжтой байхаар тохирсон учраас тухайн үед үнийг хүлээн зөвшөөрсөн байсан, зах зээлийн үнээс хэт өндөр тул шинжээчээр үнийг тогтоолгох байсан, уг хүсэлтийг шүүх хангаагүй нь хэргийн бодит байдал болон нэхэмжлэлийн шаардлага бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

Учир нь талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохын хувьд гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.

Өөрөөр хэлбэл, гэрээний төлбөр төлөх арга, хэлбэрийг хэрхэн тохирсноос үл хамааран гэрээний үнийг талуудыг тохирсон гэж үзнэ.  

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох хариуцагчийн төлөөлөгчийн дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

7.1. 2026 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг мөн өдрийн 192/ШЗ2026/03251 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-54/ хангаж, шүүх хуралдааныг 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.  

Улмаар, хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцуулахаар өмгөөлөгч *******т итгэмжлэл олгосон байх ба 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр хойшлуулсан байна. Хуулийн этгээд нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа гэрээ болон итгэмжлэл олгох хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлж оролцуулж болох тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүх хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

7.2. Мөн хариуцагч байгууллагын зүгээс төгөлдөр хуурыг иргэн ******* авсан, ******* хариуцах этгээд биш, нэхэмжлэгч тал бетон зуурмаг авах хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн төлбөрийн хугацаа хожимдох үр дагавар үүссэн гэх агуулгаар бичгээр тайлбар, нотлох баримт гаргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй. Иймд дээрх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.  

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/02782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 201,792,772 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 94,107,227 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “...1,321,830” гэснийг “1,166,914” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,321,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.УУГАНБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                                           Д.ЗОЛЗАЯА

 

                                                              Т.ГАНДИЙМАА