Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01124

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03202 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох

620,000,000 төгрөг гаргуулж, 2000м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий 2 савыг чөлөөлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******-тай 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2000м3 багтаамжтай 2 савыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сарын 50,000,000 төгрөгөөр ашиглахаар тохиролцсон.

1.2. Дээрх гэрээний үүргээ ******* зөрчиж, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 700,000,000 төгрөгөөс 400,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 300,000,000 төгрөгийг төлөөгүй.

1.3. Мөн талууд гэрээний хугацааг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, сарын түрээсийн төлбөрийг 90,000,000 төгрөгөөр тогтоосон. Энэ хугацааны түрээсийн төлбөр болох 540,000,000 төгрөг төлөгдөөгүй, 2025 оны 7, 8 дугаар сарын төлбөр 180,000,000 төгрөг нэмэгдсэн.

1.4. *******-ийн хамаарал бүхий ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулах гэрээ”-ний дагуу газрын тосны бүтээгдэхүүн хадгалуулж байсан, тус компанийн 2023 оны 9, 10 дугаар сарын нийт 100,000,000 төгрөгийг ******* хариуцахаар тохирсон, уг төлбөр төлөгдөөгүй байна.

 1.5. *******-аас гэрээний төлбөрт 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 450,000,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 320,000,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 180,000,000 төгрөг тус тус төлж, үлдэгдэл төлбөр 170,000,000 төгрөг болсон. Үүн дээр 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 1 дүгээр сарын төлбөр 450,000,000 төгрөг болж, нийт төлбөрийн үлдэгдэл 620,000,000 төгрөг болсон байна. 

1.6. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч хадгалуулсан бараа, бүтээгдэхүүнээ аваагүй тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2000м3 багтаамжтай 2 савыг чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******-тай байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ”-ний дагуу иргэний хэрэг үүссэнээс хойш нийт 450,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийн асуудал нь саванд байгаа бараа бүтээгдэхүүнд хэмжилт хийж, баталгаажуулсны дараа тодорхой болох боломжтой байсан. Манай компанийн зүгээс саванд байгаа бараа, бүтээгдэхүүнд хэмжилт хийснээр 500,000,000 төгрөгийг шилжүүлэх талаар нэхэмжлэгчээс хүссэн боловч нэхэмжлэгч татгалзсан. Иймд үлдэгдэл төлбөр асуудлыг одоогоор хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас нийт 390,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгон, хариуцагч *******-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэхэмжлэгч *******-ийн Нефтийн бүтээгдэхүүний агуулахын 2,000 м.куб багтаамжтай 2 савыг чөлөөлөхийг даалгаж, үлдсэн 230,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 8,235,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,178,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь *******-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах” гэрээг байгуулсан бөгөөд гэрээний №1 хавсралтаар 1 сарын хадгалалтын төлбөрийг 50,000,000 төгрөгөөр, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №3 дугаар хавсралтаар гэрээг 5 сарын хугацаагаар сунгаж, 1 сарын хадгалалтын төлбөрийг 90,000,000 төгрөгөөр тооцохоор гэрээг байгуулж, хадгалуулагч болон хадгалагч талын захирлууд, нягтлан бодогч нар гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ болно. Шүүх нэхэмжлэлийн дүнг үндэслэлгүйгээр багасгаж шийдвэрлэжээ.

Талууд харилцан гэрээг байгуулж, гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулан төлбөр тооцоо хийгдэж байсныг шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 4, 5 дугаарт дурдан дүгнэжээ. Ийнхүү шүүх гэрээг байгуулсан гэж дүгнэн зөвшөөрсөн атлаа талуудын төлбөрийн дүнг нэмэхээр хэлэлцэн тохирсон гэрээний чөлөөт байдалд нөлөөлж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хөндлөнгөөс оролцон, гэрээний хавсралт №3-аар баталгаажуулсан гэрээний үнийн дүн 1 сарын 90,000,000 төгрөг гэснийг ямар ч үндэслэлгүйгээр бууруулан 50,000,000 төгрөг гэсэн тоог гаргаж, 230,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэх хуулийн заалт зөрчигдсөн байна. Гэрээний төлбөр сарын 90,000,000 төгрөгөөр үнэлэгдэх учиртай. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн шүүх хөндлөнгийн байх, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн.

4.2. Түүнчлэн нэхэмжлэгч тал гэрээний хавсралт №3-аар тохиролцсон үнийн дүн болох 90,000,000 төгрөгөөр тооцож төлөгдөөгүй төлбөрийн нэхэмжлэхийг удаа дараа хүргүүлж, хариуцагч хэд хэдэн удаа төлбөр хийсэн. 90,000,000 төгрөгийн тооцооллыг эсэргүүцсэн, няцаасан, мэдэгдэл ирүүлж байгаагүй. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага зэргийг гардаж аваад ямар ч татгалзсан, эсэргүүцсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болохыг анхаарсангүй. Иймд төлбөрийн дүнг 2 тал хамгийн сүүлд гэрээний №3 хавсралтаар 1 сарын дүнг 90,000,000 төгрөгөөр тохиролцсоноор тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хадгалалтын гэрээний төлбөр гэж тодорхойлж байсан. Гэрээний хугацаа 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлага тавьсан. Харин хариуцагч хэмжилт хийж бараагаа хүлээн авах шаардлага тавьсны улмаас талуудын хооронд маргаан үүссэн. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны гэрээний үлдэгдэл төлбөр болох 950,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.

5.2. Нэхэмжлэгч тал гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаа гэх үндэслэлээр 90,000,000 төгрөгийн үнийн дүнгээр тооцох шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хадгалалтын зардлын асуудал болон гэрээ байгуулагдсантай холбоотой асуудлаар талууд маргаагүй. Хэрэв хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацааны хадгалалтын төлбөрийг гаргуулахаар шаардах гэж байгаа тохиолдолд тусдаа нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэх агуулгаар маргасан. Шүүх дундаж зардлын хэмжээгээр буюу 50,000,000 төгрөгөөр тооцож, хэргийг шийдвэрлэсэнд бид маргаагүй бөгөөд тухайн зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 620,000,000 төгрөг гаргуулж, ******* гудамж, байршилтай 2000м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий 2 савыг чөлөөлж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй, хадгалуулсан бараагаа авч, агуулах /2000м3 багтаамжтай 2 сав/ чөлөөлж өгөхгүй байгаа үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол” гэх агуулгаар тайлбарлаж, 2023 оны 9, 10 дугаар сарын төлбөр 100,000,000 төгрөг, 2024 оны төлбөрийн үлдэгдэл 300,000,000 төгрөг, 2025 оны 1-8 дугаар сарын төлбөр 720,000,000 төгрөг нийт 1,120,000,000 төгрөг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 9 дүгээр сараас 2026 оны 1 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, үүнээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасаж, 620,000,000 төгрөг гаргуулахаар тодорхойлжээ.  

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. ******* нь *******-тай 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хадгалуулах тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь ******* гудамжинд байрлах агуулахад байршилтай тус бүр 2000м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 2 ширхэг саванд газрын тосны бүтээгдэхүүнийг журмын дагуу хадгалах, ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нэг сарын 50,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 9-11/

3.2. Талууд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 сарын хугацаагаар сунгаж, нэг сарын түрээсийн төлбөрийг 90,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. /хх-ийн 12/

3.3. Дээрх гэрээнүүдийн дагуу ******* нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 400,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 950,000,000 төгрөг тус тус төлсөн үйл баримтад талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны төлбөрийг төлөх эсэх асуудал болжээ. 

4. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулна.

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.

Хариуцагч байгууллага нь гэрээний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэг сарын хөлсийг 50,000,000 төгрөгөөр тооцож, 14 сарын 700,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэг сарын хөлс 90,000,000 төгрөгөөр тооцож, 6 сарын 540,000,000 төгрөг нийт 1,240,000,000 төгрөг төлөхөөс төлсөн 400,000,000 төгрөгийг хасаж, 840,000,000 төгрөг, мөн *******-ийн 2023 оны 9, 10 дугаар сарын хөлс болох 100,000,000 төгрөгийн өр нэмэгдэж, үлдэгдэл 940,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа болон талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. /хх-ийн 14-15/ 

Дээрх үйл баримтад талууд маргаагүй байхад анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар тогтоосон нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

5. Харин талууд 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны хөлсийг төлөх эсэх асуудлаар маргаантай байх ба анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссан боловч дээрх хугацаанд хариуцагч байгууллага хөлс төлөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, нэг сарын төлбөрийг 50,000,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэл муутай болсон. Учир нь

5.1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.4.2 дахь хэсэгт зааснаар хадгалалтын гэрээний хугацаа дуусахад хадгалуулагч нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хадгалуулсан эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээс хадгалагч татгалзах эрхтэй талаар мөн хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.8 дахь хэсэгт заасан. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл гэрээний хугацаа дуусахад хариуцагч байгууллага 940,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан, уг үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч байгууллага нь хадгалуулсан эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй байх тул энэ хугацааны хөлс болон хохирол шаардах эрхтэй гэж дүгнэх нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч тал төлбөрөө төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын саатуулан барих эрхийн хүрээнд эд хөрөнгө хадгалалтад хэвээр байгаа нөхцөлд гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэхгүй. Иймд шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үргэлжлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй.

5.2. Улмаар, хариуцагч байгууллага нь 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 450,000,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 320,000,000 төгрөг, 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 180,000,000 төгрөг нийт 950,000,000 төгрөг төлж, гэрээний дагуу төлвөл зохих хөлсийг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төлж дууссан. Ийнхүү гэрээний үүргээ гүйцэтгэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгийг саатуулан барих эрх үргэлжилсэн байх тул 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны нэг сарын хөлсийг 90,000,000 төгрөгөөр тооцож, 585,000,000 төгрөг /6 х 90,000,000 + 90,000,000 : 2 /15 хоног/, 2026 оны 1 дүгээр сарын 15-31-ний өдрийг хүртэл хугацааны хохирлыг хадгалалтын хөлсөөр тооцож 45,000,000 төгрөг нийт 630,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Учир нь, анхан шатны шүүх талуудын дуусгавар болгосон гэрээний үнээр дээрх хугацааны төлбөрийг тооцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцэхгүй, харин 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгчид эд хөрөнгийг саатуулан барих эрх үүссэн тул энэ хугацааны хөлсийг тухайн гэрээний үнээр тооцох нь талуудын зарчимд нийцнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана. 

6. Дээрхийг нэгтгэвэл, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч байгууллагаас 620,000,000 төгрөг /630,000,000 - (950,000,000 – 940,000,000)/ гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

7. Анхан шатны шүүх ******* гудамж, байршилтай 2000м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий 2 савыг чөлөөлж өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, энэ  талаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээнэ.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2026/03202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 620,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, 2000м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий 2 савыг чөлөөлж өгөхийг хариуцагч *******-д даалгасугай.” гэж,

2 дахь заалтын “...2,178,150” гэснийг “3,257,950” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.УУГАНБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                                           Д.ЗОЛЗАЯА

 

                                                              Т.ГАНДИЙМАА