Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01127

 

 

******* хэлтсийн

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2026/04722 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ******* хэлтсийн хүсэлттэй,

*******ийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд ******* /цахимаар/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь согтуурсан мансуурсан үедээ өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.

2. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

2.1. Ганц 2 өдөр уучхаад явна гэдэг байж болохгүй, архины албадан эмчилгээнд явахаас татгалзаж байна.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон ******* овогт *******ийн ******* /*******/-ыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад захиргааны журмаар албадан эмчилж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн архины албадан эмчилгээнд явуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т зааснаар албадан эмчилгээний хугацааг тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн тогтоож, дуусгавар болгохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/59 дугаартай “Согтуурах мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан анхны эмчилгээг гурван сараас зургаан сар, давтан эмчилгээг зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ” гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэрт ямар хугацаагаар албадан эмчилгээ хийх талаар заагаагүй нь миний үйлчлүүлэгчид бүх насаар нь албадан эмчилгээ хийлгэх шийдвэр гаргасан мэт хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хэрэгжүүлэх боломжгүй, эргэлзээтэй байна.

4.2. Мөн шүүх хуралдаан болсон өдөр миний үйлчлүүлэгч *******т өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг нь тайлбарлан өгөөгүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг хийж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг нь ноцтой зөрчсөн.

4.3. Эмч нарын дүгнэлтээр согтуурах, мансуурах донтой гэх дүгнэлт гараагүй бөгөөд шинжээч томилсон тогтоолыг оролцогч нарт танилцуулан шинжээчээс татгалзах, шинжээчид нэмэлт асуулт тавих эрхээр хангаагүй.

4.4. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргаан үүсгэдэггүй, гэртээ ороод унтаад өгдөг бөгөөд өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэл гаргадаггүй байхад эсрэгээр нь өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж дүгнэсэн боловч дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар дүгнэж хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн, төрөл садны хүн, хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багийн хурлаас цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасныг үндэслэж шүүхэд хандсан байна” гэж дүгнэсэн боловч бодит байдал дээр хурлыг хийсэн мэтээр баримт бүрдүүлэн хүсэлт гаргаагүй байхад шүүхэд албадан эмчлэх санал оруулж, шүүхээр шийдвэр гаргуулсан байна.

4.5. Мөн ******* нь бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг тул таксинд явж автомашин болон зээлээр авсан орон сууцныхаа өрийг төлдөг бөгөөд албадан эмчилгээнд явснаас хойш өр зээлээ төлөх боломжгүй болж банкнаас мэдэгдэл ирсээр байна. Иймд бага насны 2 хүүхдийг харах, тэжээн тэтгэх хүнгүй үлдээж, түүний болон хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчих боломжийг бүрдүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******ийн эмчилгээг зогсоож, суллаж өгнө үү.  

5. Давж заалдах гомдолд хүсэлт гаргагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна.” гэж заасан.

2.1. Согтуурах дон өвчтэй эсэхийг цагдаагийн байгууллагын хүсэлтийг үндэслэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллага тогтоох бөгөөд хэргийн 20 дугаар талд авагдсан Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтэд *******т үзлэг хийгдэж, захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болох талаар тусгагдсан байх боловч өвчний оношийг бичээгүй нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.6 дахь хэсэгт заасан журмын дагуу дүгнэлтийг гаргаагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх ******* нь согтуурах донтох өвчтэй болох нь *******ийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул энэ талаарх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хангагдана.

2.2. Түүнчлэн, *******ийг согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж шүүх дүгнэхдээ ******* хэлтсийн тодорхойлолт, гуравдагч этгээдийн авга дүү, ******* хорооны оршин суугчаас гаргасан өргөдөл, тайлбар, мэдүүлэг, сангийн мэдээлэл зэрэг баримтыг үндэслэсэн гэжээ.

Гэтэл хэрэгт гуравдагч этгээдийн авга дүү болон ******* хорооны оршин суугчаас гаргасан өргөдөл, тайлбар, мэдүүлэг гэх баримтууд авагдаагүй байх тул эдгээр баримтыг үндэслэсэн гэх шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслээгүй байна. 

Мөн *******ийн гаргасан зөрчлийн талаарх цагдаагийн байгууллагын бүртгэлийн сангийн мэдээллээс үзвэл 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд захиргааны зөрчил гаргасан, эрүүлжүүлэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна түүний гэр бүлийн гишүүн *******ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, түүнээс авсан тайлбар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргээр *******ийг өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон гэж дүгнэхээргүй байна. Иймд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангана.

3. Харин шүүхээс *******т хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж өгсөн байх ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэл зориг илэрхийлээгүй, мөн түүний өөрийнх нь болон ******* нарын тайлбараар эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тогтоогдсон байх тул өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг тайлбарлаагүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулж эрх зөрчсөн, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдээсэн гэх агуулга бүхий гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.  

Мөн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацааг эмчлүүлэгчийн биеийн байдал болон эмчилгээний үр дүнг харгалзан эмнэлгийн байгууллага тогтоох тул шүүх эмчилгээний хугацаа заагаагүй нь хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

4. Дээрхийг нэгтгэвэл, анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад *******ийг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2026/04722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******ийг албадан эмчилгээнд хамруулах тухай ******* хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ЗОЛЗАЯА

 

                                              ШҮҮГЧИД                                            Б.УУГАНБАЯР

 

                                                                                                           Т.ГАНДИЙМАА