Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 163

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              А.Энхтуяа

 Хохирогчийн өмгөөлөгч           Р.Атарцэцэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч           Г.Амартүвшин

 Нарийн бичгийн дарга            Ө.Энх-Амар нар оролцов.

 

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харцагууд овогт Хүрэлбаатарын Хүлэгүүнд холбогдох эрүүгийн 1931001490081 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар хэсэг 001 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, Харцагууд овогт Хүрэлбаатарын Хүлэгүүн, РД:/МЮ91091410/        

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Х.Хүлэгүүн нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” баарны гадна Н.Мөнхнасанг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Хүлэгүүн нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 14-ноос 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” баарны гадна Н.Мөнхнасанг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт шүүгдэгч Х.Хүлэгүүн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх  дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч Х.Хүлэгүүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Ер нь бол зодооныг би эхлүүлээгүй, Н.Мөнхнасан эхлүүлсэн. Хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг

    Хохирогч Н.Мөнхнасангийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-нд Зүүнбүрэн сумаас “Багш дуулж байна” нэртэй тэмцээнд оролцож дэд байранд орсон. Тэгээд шагналаа тэмдэглэх гээд найзууд болон эхнэрүүдийн хамт Сүхбаатар сумын “Коллектив” бааранд орж тэндээс хүн бүр нэг нэг пиво мөн 0.75 гр архи авч ширээнд сууцгаасан. Тэгээд Сүхбаатар сумын 6 дугаар баг “Коллектив” баарны гадна тухайн үл таних залуу, одоо нэрийг нь мэдэх болсон Х.Хүлэгүүн нь миний зүүн нүдэн тус газар 1 удаа, мөн зүүн хацар орчим гараараа 1 удаа тус тус цохиж зүүн нүдний ухархайн дотор хана 2.3 см өргөн хөндий рүү нь 0.4 см цөмөрсөн хуралттай, дух яс хацар ястай нийлэх заадсаар хугарч гэмтсэн. Хотод нэгдүгээр эмнэлэгт нүдний ухархайн, эрүү нүүрний хагалгаанд тус тус орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар тал/

  Гэрч Х.Бүрэнжаргалын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Н.Мөнхнасан 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Багш дуулж байна” дууна тэмцээнд оролцож шагналт байранд орсон юм. Ингээд тэмцээнийг үзэх гээд найзуудын хамт Зүүнбүрэн сумаас явцгаасан юм. Тэгээд Сүхбаатар сумын “Модерн номадс” зоогийн газарт гадаад нэртэй 1 литрийн архи 2 шил ууцгаагаад урд талд үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” бааранд орцгоож 0.75гр архи мөн пиво авцгаасан. Тэгээд гадаа тамхи татаад зогсож байхад зүс таних Хөөбий буюу /Хүлэгүүн/ гэдэг согтуу залуу баарны ариун цэврийн өрөөнд Н.Мөнхнасантай мөрлөлцсөн гэх шалтгаанаар Н.Мөнхнасантай хэрүүл маргаан үүсгэж гараараа нүүр лүү нь 1  удаа цохьсон. Х.Хүлэгүүн нь баарны гаднах хашааг тойрч ирэн шатны хашлага дээр сууж байсан Н.Мөнхнасанг араас нь татаж газар унагаан 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/

Гэрч С.Долгормаагийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Сүхээ орж ирээд Н.Мөнхнасанг цохьчихлоо гээд ирэхээр нь тэнд байсан бид нар бүгд баарнаас гарч харахад баарны гадаа шатны баруун талын хашлаган дээр Н.Мөнхнасан нүдээ дарчихсан хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай сууж байсан. Ингээд болсон явдлын талаар асуухад “үл таних цагаан цамцтай туранхай өндөр залуу цохьчихлоо” гэж тэнд баарны гадаа “та нар надтай нэг нэгээрээ үзчих” гээд орилж хашгираад байсан залуу руу зааж байсан ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/

Гэрч Б.Уянгын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Коллектив баарны үүдэнд үл таних, цагаан цайвар өнгийн цамцтай, туранхай 170-180 см орчим өндөр нуруутай 1990-ээд оных юм шиг залуу Н.Мөнхнасанг үүдний шатны баруун талын хашлага дээр сууж байхад тэр үл таних цагаан цамцтай залуу шатны хашлага тойрч ирээд Н.Мөнхсайханг нүүр лүү нь цохиж газар унагааж байсан харагдсан. Тэгээд Н.Мөнхнасан босч тэр залуутай зууралдаад байсан, хүмүүс тэр хоёрыг салгаж Н.Мөнхнасанг машинд суулгаж тэндээс хөдөлж явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/

Гэрч Э.Маргад-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Мөнхнасан, Х.Бүрэнжаргал нар тамхи татах гээд баарнаас гарч гадаа үүдэнд нь тамхи татаад зогсож байхад үл таних цагаан цамцтай туранхай дундаж нуруутай залуу бааранд байхад “намайг мөрлөсөн” гээд Н.Мөнхнасантай маргалдаад байх шиг байсан. Би тухайн үед тамхи татаж байгаад баар луу орох гэтэл хүн цохих шиг чимээ гарахаар нь хартал нөгөө Н.Мөнхнасантай хэрэлдэж маргаад байсан залуу Н.Мөнхнасанг цохиод унагаасан бололтой сууж байсан. Шатны хашлага даваад унасан байсан. Цагаан цамцтай залуу “та нартай нэг нэгээрээ үзье” гээд хашгираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/

Гэрч Э.Өлзий-Оршихын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н.Мөнхнасан, Э.Маргад-Эрдэнэ, Х.Бүрэнжаргал нар гарч ирээд баарны үүдэнд шатны хашлага дээр сууж тамхи татаад зогсож байхад үл таних цагаан цамцтай туранхай дунд зэргийн нуруутай согтуу залуу араас нь баарнаас гарч ирээд найз Н.Мөнхнасанг баарны 00-ийн өрөөнд мөрлөсөн гэх шалтгаанаар тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад эхлээд тэр үл таних залуу Н.Мөнхнасанг нүүр лүү нь цохиж авсан. Тэгээд тэд маргалдаж байгаад Н.Мөнхнасанг гараараа нүүрэн тус газар нь 2-оос 3-н удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

 Гэрч А.Цэнд-Аюушийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Б.Мөнхтулга, Х.Хүлэгүүн, О.Гантулгын хамт Б.Мөнхтулга Улаанбаатар хотоос ирлээ гээд бид 4-лээ Коллектив бааранд орж баарнаас хүн тус бүр 1 шил 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво ууцгаасан. Тэгээд О.Гантулга бид хоёр бүжиглэж байхад Х.Хүлэгүүн баарнаас гараад явсан юм шиг байсан, би анзаараагүй. Тэгээд баарны гадаа хүнтэй маргаад байх шиг байхаар нь О.Гантулга бид хоёр баарнаас гарч хартал хамт явсан Х.Хүлэгүүн, Б.Мөнхтулга нар хүнтэй маргаж байсан. Х.Хүлэгүүн баарны гадаа хэнтэй маргалдаж зодоон хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Х.Хүлэгүүний хувьд архи дарс хэрэглээд байдаггүй, найзуудаараа хааяа хэрэглэдэг, их тусархуу, хэлсэндээ байдаг, шудрага зантай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

 Гэрч О.Гантулгын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баарнаас авсан пиво ууж байх зуураа Цэнд-Аюуш бид хоёр ширээнээсээ босч бүжиглэж байхад Х.Хүлэгүүн, Б.Мөнхтулга нар бид 2-г ширээнээс бүжиглэж явсны дараа баарнаас гарсан юм шиг байсан. Би тухайн үед анзаараагүй. Тэгээд баарны гадаа хүмүүс маргаад байх шиг байхаар нь Цэнд-Аюуш бид хоёр баарнаас гарч хартал хамт явсан Х.Хүлэгүүн, Б.Мөнхтулга нар хүмүүстэй маргалдаад “нэг залуу намайг цохиод явсан” гэж яриад зогсож байсан. Тэгээд бид 4 явсан. Х.Хүлэгүүний хувьд архи дарс хэрэглээд байдаггүй, найзуудаараа хааяа хэрэглэдэг, их тусархуу, хэлсэндээ байдаг, шудрага зантай хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/

 Гэрч Б.Мөнхтулгын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Хүлэгүүн бид хоёр тамхи татах гээд Х.Хүлэгүүн миний урд талд баарны гадаа үүдээр гарах гэж яваад үл таних махлаг биетэй сахалтай залуу дараа нь нэрийг нь мэдсэн Э.Маргад-Эрдэнэ гэх залуутай баарны хаалга хааж зогслоо гэх шалтгаанаар маргалдаж эхэлсэн. Тэгээд Х.Хүлэгүүн Э.Маргад-Эрдэнийн гэдэс рүү гараараа нэг удаа хальт цохьсон, тэгсэн хажууд нь шатны баруун талын хашлага дээр сууж байсан үл таних залуу дараа нь нэрийг нь мэдсэн Н.Мөнхнасан гэдэг залуу Х.Хүлэгүүнийг гараараа нүүрэн хэсэгт нэг цохисон. Тэгээд Х.Хүлэгүүн тэнцвэр алдаж доошоо шатны уруур унах шахаж газар бууж шатны баруун хашлага тойрон Н.Мөнхнасан гэгчийг “яаж байна аа, чи” гэж хэлээд хашлаганы хажуугийн цэцгийн мандал дээр гарч дөхөөд очтол эхлээд Н.Мөнхнасан, Х.Хүлэгүүнийг цохих гээд сууж байсан хашлагаа даван гараа далайн Х.Хүлэгүүнийг цохисон санагдаж байна. Х.Хүлэгүүний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, бид харин намайг Улаанбаатар хотоос ирлээ гэх шалтгаанаар пиво уусан. Х.Хүлэгүүний хувьд тусдаа амьдралтай амьдралын төлөө гэх сэтгэлтэй хүнд их тусархуу, хүн чанар сайтай, гэнэн цагаан сэтгэлтэй хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Шинжээчийн №5062 дугаартай дүгнэлт хэсэгт:

“1.Н.Мөнхнасангийн биед зүүн нүдний ухархайн гадна дээд хана, дотор хана, элхэгийн хөндий, хоншоорийн хөндий, хацар ясны нийлтэл хугарал, зүүн нүдний алим, зүүн хацар шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдахгүй.

 5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №122 дугаартай:

             “...1.Х.Хүлэгүүний биед хүзүү, цээж, бугалганд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/

Хохирлын баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 58 дугаар тал/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32-38 дугаар тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-ийн 65-67 дугаар тал/

Х.Хүлэгүүний 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 141-164 дугаар тал/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 62-63,181-182 дугаар тал/ зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Хүлэгүүн нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” баарны гадна Н.Мөнхнасанг зодож хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Хүлэгүүний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

            Шүүгдэгч Х.Хүлэгүүн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Мөнхнасангийн биед зүүн нүдний ухархайн гадна дээд хана, дотор хана, элхэгийн хөндий, хоншоорийн хөндий, хацар ясны нийлмэл хугарал, зүүн нүдний алим, зүүн хацар шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.

           Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Мөнхнасан нь шүүхэд хэрэг хянагдах явцад эмчилгээний болон бусад зардлын баримт 2.948.870 төгрөгийн баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 200.000 төгрөгийн зардлын баримт, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийн нийт 3.648.870 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс өмнөх шүүх хуралдааны шатанд шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан 2.000.000 төгрөгийг хасч 1.648.870 төгрөг үлдэж байна.

           Үүнээс шүүх өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэв.

     Учир нь: Хохирогч Н.Мөнхнасан, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг нарын хооронд байгуулагдаж буй “эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх” гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэж буй гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулан тооцохгүй болно.

    Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны шатанд 3.776.520 төгрөгийн баримт анх гаргаж өгсөн, үүн дээр бинзений зардал 200.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 500.000 төгрөг бүгд 4.446.520 төгрөг болж байгаа үүнээс өмнө төлсөн 2.000.000 төгрөгийг хасч 2.446.520 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 3.776.520 төгрөг биш 2.948.870 төгрөгийн баримт ирүүлсэн болно.

     Дээрх нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Х.Хүлэгүүн хохирогч Н.Мөнхнасанд 1.148.870 төгрөгийн хохирол төлөх үндэслэлтэй болохыг шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсний үндсэн дээр шүүгдэгчийн зүгээс хохирол нөхөн төлөх завсарлага авч 1.150.000 төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдав.

          Хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Хүлэгүүн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Хүлэгүүүн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулав.

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Н.Мөнхнасангийн толгойн рентген зураг 1 ширхэг, диск 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Харцагууд овогт Хүрэлбаатарын Хүлэгүүнд мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Харцагууд овогт Хүрэлбаатарын Хүлэгүүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Хүлэгүүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Хүлэгүүн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.            

           6.Ялтан Х.Хүлэгүүн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Н.Мөнхнасангийн толгойн рентген зураг 1 ширхэг, диск 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр баг 032 тоотод оршин суух Боржигон овогт Нямсүрэнгийн Мөнхнасанд /МЖ88080610/ буцаан олгосугай.

           8.Ялтан Х.Хүлэгүүнд  урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ                                           Б.ЭРДЭНЭХИШИГ