| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0183/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 184
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж
Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эод холбогдох эрүүгийн 1914003080219 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Д.Э,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Өвгөн булаг гэх газраас Ч.Бгийн эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн
... уг үнээг үзэж харчихаад Л, А.Т нар нь яваад өгсөн, 2-3 хоногийн дараа би уг хөх тарлан үнээг гэрийнхээ гадаа нядалж мах арьс ширийг Баянхонгор аймгийн Дэлгэрэх захад махны ченжид 600.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хүүхдүүдийн хувцас бусад зүйлд зарцуулсан. Би хөдөө гэртээ байхад 2-3 хоногийн дараа А эгчийн хүү А.Т ирээд манай эмээгийн хөх тарлан зүсмийн үнээ байна уу эмээгийн үнээ байсан байна үнээгээ авъя гэж ирэхээр нь уг үнээг нядлаад зарсан гээд хэлтэл Т нь манай эмээ Ч.Бтэй очиж уулзаарай гэж хэлчихээд яваад өгсөн би 3 хоногийн дараа эхнэр Дгийн хамтаар Ч.Б хөгшинтэй очиж уулзаад танай үнээ байсныг мэдсэнгүй Л болохоор манай үнээ гээд байсан байхаар нь нядлаад мах арьс ширийг нь зарсан би хавар ноолуур гарахаар төлж өгье гэхэд 800.000 төгрөг өгөөрэй гэж хэлэхээр нь би зөвшөөрч өгөхөөр болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 66 /
Хохирогч Ч.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
... Манайх 2018 оны 08 дугаар сард Өлзийт сумын 5 дугаар баг Өвгөн булаг гэх газарт нутаглаж байх үедээ 2 тооны сарлагийн үхрээ алдсан ... 2018 оны 08 дугаар сарын сүүлээр зээ хүү А.Т, Л 2 яваад нэг тооны хөх зүсмийн сарлагийн үхрийг Д.Эын айл Б гэх айлын үхэр дотор үзтэл манай алдсан 2 тооны сарлагийн үхрийн хөх зүсмийн үнээ нь мөн байхыг харчихаад хэд хоногоос ирж авна гэж хэлчихээд ирлээ гэхээр нь үхрээ аваад ирэхгүй яасан гэхэд зээ хүү А.Т нь мотоцикльтой яваад авчирч чадсангүй хэд хоногоос очиж авна гэж хэлсэн. Зээ хүү А.Т нь 2-3 хоногийн дараа Д.Эынд очиж хөх зүсмийн үнээгээ авчирч ирэхээр явтал Д.Э миний эзэмшлийн хөх зүсмийн сарлагийн үнээг нядлаад зарсан байна Д.Э гэх хүн өөрөө ирж уулзана гэж байна гэсэн ... Д.Э надтай уулзаж үнээ авах талаараа юу ч яриагүй би зөвшөөрөл өгөөгүй байхад миний хөх зүсмийн үнээг нядалж зарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /,
Гэрч Х.Лын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 08 сарын дундуур Д.Э гэдэг айлын хотонд байна гэж хүн хэлсэн. Би үеэл дүү А.Тийн хамт Д.Эынд очоод А.Т, Д.Э ахын хүүтэй хамт бэлчээр дээр нь очиж үзчихээд ирэхээр нь би манай үхэр мөн үү гэхэд эмээгийн үхэр гэж хэлсэн. Тэр үед Д.Э танай үхэр мөн бол авъя гэхээр нь манай үхэр биш эмээгийн үхэр юм байна би мэдэхгүй гэж хэлсэн. 3 хононгийн дараа надтай хамт үхэр очиж үзсэн үеэл дүү А.Т эмээгийн үхрийг авахаар очиход байхгүй байсан. Д.Э ахаас эмээгийн үхрийг асуусан чинь төхөөрөөд зарчихсан гэж хэлсэн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26 /,
Гэрч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн
... 2 хоногийн дараа аав Д.Э бид 2 хөх зүсмийн үнээг нядлаад мах арьс ширийг нь Баянхонгор аймагт 600 000 төгрөгөөр зарсан ... гэх мэдүүлэг /Хх-ийн 36 /,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 08 дугаар сард манай үхэрт хөх зүсмийн сарлагийн үнээ нийлсэн байсныг ойр хавийн нутагладаг хүмүүст манай үхэрт хөх зүсмийн сарлагийн үнээ нийлсэн байна энэ үнээ нь хэний үнээ вэ гээд асуусан, манай саахалт айлын Д.Э уг хөх үнээг хараад манай хамаатны Ч.Б эгчийн үнээ байна гээд өөрийнхөө хүүхдээр Ч.Б эгчийнх рүү хэлүүлсэн байсан бөгөөд удалгүй Ч.Б эгчийн ач нар болох Х.Л, А.Т нар ирж уг хөх үнээг үзээд эмээгийн алга болсон үнээ мөн байна гэж хэлчихээд яваад өгсөн, хэд хоногийн дараа Д.Э нь манайд ирээд би Ч.Б эгчийн үнээг худалдаж авахаар болсон уг хөх үнээг авлаа гээд туугаад аваад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 38 /,
Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн
... манайх уг хөх тарлан үнээг авч нядалж Баянхонгор аймагт мах арьсыг нь зарсан, хэд хоногийн дараа А.Т ирээд хөх тарлан үнээгээ авна гэхээр нь би надад зарсан гэж бодоод уг үнээг нядлаад зарсан гэж хэлсэн чинь Ч.Б эмээтэй очиж уулзаарай гэхээр нь нөхөр Д.Эын хамт Ч.Б эгчтэй очиж уулзаад ноолуур гарахаар нь 800.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч мөнгийн өгч чадалгүй өдий хүрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 41 /,
Гэрч Л.Агийн мөрдөн байцаалтад өгсөн
... 2018 оны 08 дугаар сарын сүүлээр алдсан гэх хөх зүсмийн үнээ нь айлын үнээнд байна гэх сураг гараад манай А.Т, Х.Л хоёр яваад үзэж хараад алсдан 1 тооны хөх зүсмийн үнээгээ таньчихаад ирсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа манай хүү А.Т нь уг хөх зүсмийн үнээг очиж авахаар очтол Д.Э нядлаад зарсан байсан гэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 44 /,
Гэрч Л.Хын мөрдөн байцаалтад өгсөн
... Манай хүү Х.Л нь Д.Эод уг хөх тарлан үнээг зарна гэж хэлээгүй гэсэн, үнээ нь ээж Ч.Бгийн эзэмшлийн үнээ байсан учир манай хүү Х.Л зарах талаар зөвшөөрөл өгөхгүй зарах эсэхээ ээж Ч.Б мэдэж байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 /,
Гэрч А.Тийн мөрдөн байцаалтад өгсөн
... Х.Л ах бид хоёр гэр рүүгээ явснаас хойш 5 хоногийн дараа би ганцаараа морьтой эмээгийн хөх зүсмийн үнээг авахаар Д.Э ахын гэрт очтол Д.Э яах гэж байгаа гэхээр нь эмээ Ч.Бгийн хөх зүсмийн үнээг тууж явах гэж байгаа талаараа хэлтэл Д.Э ах тэр хөх зүсмийн үнээг чинь би нядлаад зарсан гэхээр нь би яагаад хүний үхрийг зөвшөөрөлгүй зарж байгаа гэсэн чинь эмээ Ч.Бтэй чинь тэгж байгаад очиж уулзана гэхээр нь би эмээ Ч.Бтэй очиж уулзаарай гэж хэлчихээд яваад өгсөн тэгээд тэрнээс хойш нилээн хэдэн хоногийн дараа Д.Э ах нь эхнэртэйгээ цуг эмээ Ч.Бтэй очиж уулзсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 /,
Энх нахиа ХХК-ны 2019.05.09-ний өдрийн 249 дугаартай “...нас гүйцсэн үнээний 600 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 56-57 / болно.
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 /, шүүгдэгч Д.Эын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 73/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 74/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75/, депозит дансны хуулгууд /хх-ийн 78-82/, шүүгдэгч Д.Эын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3-р багийн Засаг даргын 2019.05.20-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт /хх-ийн 83/, шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 84-87/, шүүгдэгч Д.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч .Э нь 2018 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг Өвгөн булаг гэх газраас Ч.Бгийн эзэмшлийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч Д.Эын ... хөх тарлан үнээг гэрийнхээ гадаа нядалж мах арьс ширийг Баянхонгор аймгийн Дэлгэрэх захад махны ченжид 600.000 төгрөгөөр зарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 66 /
хохирогч Ч.Бгийн ... Зээ хүү А. Т нь 2-3 хоногийн дараа Д.Эынд очиж хөх зүсмийн үнээгээ авчирч ирэхээр явтал миний эзэмшлийн хөх зүсмийн сарлагийн үнээг нядлаад зарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 /,
гэрч Х.Лын ... Д.Э ахаас эмээгийн үхрийг асуусан чинь төхөөрөөд зарчихсан гэж хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 26 /,
гэрч Э.Бын ... 2 хоногийн дараа аав Д.Э бид 2 хөх зүсмийн үнээг нядлаад мах арьс ширийг нь 600 000 төгрөгөөр зарсан ... гэх мэдүүлэг /Хх-ийн 36 /,
гэрч Б.Бын ... Д.Э нь манайд ирээд би Ч.Б эгчийн үнээг худалдаж авахаар болсон уг хөх үнээг авлаа гээд туугаад аваад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 38 /,
гэрч С.Дгийн ... манайх уг хөх тарлан үнээг авч нядалж мах арьсыг нь зарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 41 /,
Гэрч Л.Агийн ... манай хүү А.Т нь уг хөх зүсмийн үнээг очиж авахаар очтол Д.Э нядлаад зарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 44 /,
гэрч Л.Хын ... Манай хүү Х.Л нь Д.Эод уг хөх тарлан үнээг зарна гэж хэлээгүй гэсэн, үнээ нь ээж Ч.Бгийн эзэмшлийн үнээ байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 /,
гэрч А.Тийн ... Д.Э ах тэр хөх зүсмийн үнээг чинь би нядлаад зарсан,.. ....би эмээ Ч.Бтэй очиж уулзаарай гэж хэлчихээд яваад өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 /,
Энх нахиа ХХК-ны 2019.05.09-ний өдрийн 249 дугаартай “...нас гүйцсэн үнээний 600 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ... гэх дүгнэлт /хх-ийн 56-57 /, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Эыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Эод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Эод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч Д.Э нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч Ч.Б нь гомдол саналгүй талаар илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эод хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмждэгдсэн шүүгдэгч Д.Эын эзэмшлийн “...1 тооны сарлагийн үхэр...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Эод буцаан олгож, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Эыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Эод хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Эыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Д.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Эод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Эын эзэмшлийн “... 1 тооны сарлагийн үхэр...-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Эод буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА