| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2025/00241/И |
| Дугаар | 210/МА2026/01254 |
| Огноо | 2026-05-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/01254
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02940 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
116,008,796 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* /цахимаар/, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь 2021 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл *******-тай харилцан тохиролцож, *******-ийн хонины арьс болох түүхий эдийг хагас боловсруулах шатанд хүртэл боловсруулан өгч нэг ширхэг чанарын шаардлага хангасан арьсанд 6.5 юань, чанарын шаардлага хангаагүй арьснуудад 5 юань авахаар тохиролцсон.
Улмаар хариуцагч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 136,446,796.26 төгрөгийн үнэ бүхий боловсруулсан арьсыг авах өртэй гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн.
Мөн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл боловсруулсан 27,900 ширхэг арьсыг хагас боловсруулсан бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаа хийгдээгүй, манай үйлдвэр дээр одоо хүртэл хадгалагдаж байна.
Хариуцагч ******* нь өнөөдрийн байдлаар нийт 205,008,796.26 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэйгээс 89,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 116,008,796.26 төгрөгийг төлж барагдуулаагүй.
Иймд хариуцагч *******-аас 116,008,796.26 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай ******* нь *******тай дээр дурдсан арьс боловсруулах ажил үйлчилгээтэй холбоотой ямар нэг гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй, харин БНХАУ-ын иргэн Монгол улсад оршин суух ******* гэх иргэнтэй тохиролцож, 2021 оны 02 дугаар сараас түүний бэлтгэсэн хонины нэхийг өөрийн арьс шир боловсруулах үйлдвэрт 1 ширхэг арьсыг 5-6 юанийн хөлсөөр боловсруулж өгөхөөр тохиролцон хамтран ажиллаж байсан.
Тухайн оны 3 дугаар сараас манай үйлдвэрийн ажлын ачааллаас шалтгаалан дээрх БНХАУ-ын иргэн *******-ны бэлтгэсэн нэхийг боловсруулах боломжгүй болсон учир түүний үлдсэн боловсруулагдаагүй арьсыг *******тай холбон өгч боловсруулахаар тохиролцсон.
Иймд ******* уг боловсруулсан арьсны төлбөрийг БНХАУ-ын иргэн *******-аас нэхэмжлэх нь зүйтэй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 65,369,700 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 50,639,096.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 737,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 484,798.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* миний бие эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байсан бөгөөд өөрийн хүсэлт болон дагалдах нотлох баримтыг хүргүүлсэн боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд мэтгэлцэх зарчим хэрэгжих байдлаар хуульчилсан.
4.2. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагын арьсыг бэлтгэж өгөөгүй бөгөөд тухайн арьсны эзэн нь БНХАУ-ын иргэн байдаг. Энэ талаараа ч нэхэмжлэгч хэлдэг бөгөөд нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэнээс төлбөрөө авч уг төлбөрийн барьцаанд түүний автомашиныг хүртэл барьцаалсан байдаг.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд арьс шир боловсруулах ажил гүйцэтгэх харилцаа бодитоор үүссэн. Үүний төлбөрийг хариуцагч компанийн хамаарал бүхий этгээдүүд төлж байсан. Шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 116,008,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ хэлцэл хийгээгүй, нэхэмжилж буй төлбөр нь БНХАУ-ын *******-д хамаарна гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 218,129,256 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 62,891,522 төгрөгийг *******д төлж барагдуулахаар тооцоо нийлж баталгаажуулсан байна.
Уг актуудад хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын зурж баталгаажуулсан, зохих тамгыг дарсан байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байгааг ийнхүү залруулан дүгнэв.
Мөн талуудын тайлбараар хариуцагчаас хүлээлгэн өгсөн 27,900 ширхэг хонины нэхий одоо нэхэмжлэгч талд хадгалагдаж буй үйл баримт тогтоогдсон болно.
3.1. Талуудын хооронд үйлдсэн тооцоо нийлсэн актуудад хариуцагчаас хүлээлгэн өгсөн хонины нэхийг нэхэмжлэгч үйлдвэрийн аргаар боловсруулж өгсөнтэй холбоотой төлбөрийн тооцоог баталгаажуулсан талаар тусгагдсан.
Уг ажлыг гүйцэтгэх болсон шалтгаан нь БНХАУ-ын иргэн *******-тай холбоотой гэж талууд маргаж байгаа боловч хариуцагч нь тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж, тамга дарснаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хонины нэхий боловсруулах ажлыг гүйцэтгүүлсэн үйл баримтыг зөвшөөрчээ.
Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын хонины арьсыг бэлтгэж өгөөгүй бөгөөд тухайн хонины арьсны эзэн нь БНХАУ-ын иргэн байдаг гэх хариуцагч талын гомдлыг хангахгүй.
3.2. Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь хариуцагчаас хүлээлгэн өгсөн хонины нэхийг нэхэмжлэгч үйлдвэрийн аргаар боловсруулсан, үүний хөлсийг хариуцагч төлөхөөр тооцоо нийлсэн шинжээрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж талуудын үйлдсэн тооцоо нийлсэн актыг үнэлээгүйн улмаас ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгсөн байгааг дээрх байдлаар залруулав.
3.3. 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 62,891,522 төгрөгийн ажлын хөлсийг талууд баталгаажуулж тооцоо нийлснээс хойш нэхэмжлэгч нь нэмэлт ажил хийсэн, хариуцагч нь уг төлбөрийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Иймд уг тооцоо нийлэх актад үндэслэн хариуцагчаас ажлын хөлсөнд 62,891,522 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцэж байна.
Хариуцагчийн өмгөөлөгч шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан учир энэ хүрээнд нэхэмжлэлийг хангасан хэмжээнд өөрчлөлт оруулж, тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.
3.4. Хэдийгээр талуудын тайлбараар хариуцагчаас хүлээлгэн өгсөн 27,900 ширхэг хонины нэхий нэхэмжлэгчийн эзэмшил, хадгалалтад байгаа үйл баримт тогтоогдсон боловч уг нөхцөл байдал нь талуудын хооронд тооцоо нийлж, ажлын хөлсний хэмжээг баталгаажуулсан 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлэх актаар тогтоогдсон төлбөрийн үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдвал зохино.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хадгалагдаж буй хонины нэхийг боловсруулах ажил нь тооцоо нийлэх актаар баталгаажсан, тооцоонд багтсан эсэх, эсхүл түүнээс тусдаа ажил болох, түүнчлэн нэг бүрийн боловсруулалтын үнийг талууд хэрхэн тохиролцсон эсэх үйл баримт эргэлзээгүй, үнэн зөв байдлаар тогтоогдоогүй.
4. Хариуцагчийн өмгөөлөгчөөс эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, эмнэлгийн магадлагаа ирүүлсэн боловч анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШЗ2026/13337 дугаар захирамжаар уг хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэжээ.
Хэдийгээр анхан шатны шүүхийн захирамжид дурдсан хүсэлтийг хангахгүй орхисон дүгнэлт үндэслэлгүй байх боловч өмгөөлөгчөөс ирүүлсэн эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дүгээр тушаалаар баталсан АМ-8 маягтыг хөтлөх зааварт нийцээгүй байна.
Тодруулбал, уг заавраар эмнэлгийн магадлагааг эмчлэгч эмч олгож, ерөнхий эмч баталгаажуулахаар зохицуулсан байхад ирүүлсэн магадлагаанд зөвхөн ерөнхий эмчийн баталгаажуулалт хийгдсэн бөгөөд эмчлэгч эмчийн гарын үсэг, тэмдэг байхгүй байна.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн гэж дүгнэв.
4.1. Мөн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч оролцсон, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан, гомдол гаргасан өмгөөлөгч нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул өмгөөлүүлэх болон мэтгэлцэх эрхээр хангагдаагүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02940 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 62,891,522 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 53,117,274 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 484,798.5 гэснийг 472,408 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484,798 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Т.БАДРАХ