| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0077/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 74
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Гарьд овогт Гансүхийн Мөнхтулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931000850061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгон 2 дугаар байр 14 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улсын аварга шалгаруулах “хоккейн” тэмцээнээс 2 удаа мөнгөн медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Гарьд овогт Гансүхийн Мөнхтулга /РД:МТ85072032/
Шүүгдэгч Г.Мөнхтулга нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг Бугант тосгоны “Улаан хясаа” гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малмталын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Мөнхтулга нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг Бугант тосгоны “Улаан хясаа” гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малмталын олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Мөнхтулга гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Г.Мөнхтулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Одгаравын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Бугант тосгоны иргэн Г.Мөнхтулга гэдэг хүнийг таньж мэдэхгүй. Миний бие Ерөө сумын Засаг даргын тамгын газарт Засаг даргын орлогч даргаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Байгаль экологид учруулсан хохирлоо нэхэмжилмээр байна. Хууль дүрмэнд заасан үнэлгээгээр тогтоосон хохирлыг нөхөн төлүүлнэ. Иргэд хохирол төлбөрөө барагдуулах юм бол санал хүсэлт, гомдол санал байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч С.Гэрэлийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...80-13 УБ “DAEWOO”, SOLAR280LC-III маркийн экскаватор бол миний өөрийн экскаватор. Г.Мөнхтулга гэх хүн надаас түрээслэж хэрэглэж байсан. Хүнээр дамжуулаад холбогдож надтай ярилцаж байсан залуу байна. Би Г.Мөнхтулга гэх залуугийн талаар сайн таньж мэдэхгүй манай найзын хуурай дүү, буух эзэн буцах хаягтай гэхээр нь л экскаватороо өгч ашиглуулж байсан. Г.Мөнхтулга нь надад хэлэхдээ хувийн хэрэгцээнд газар шорооны ажилд ашиглах гэж байгаа талаараа хэлсэн. Тэрнээс уул уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох талаар хэлж яриагүй. Хэрвээ уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр ашиглах гэж байсан бол би зохих зөвшөөрөл, бичиг баримтыг нь асуух байсан. Ах нь өөрөө Улаанбаатар хотод оршин суудаг, хувиараа бас уул уурхайн чиглэлээр Өмнөговь аймаг Ханбогд суманд ажилладаг бөгөөд яг үнэндээ дахин наашаа Сэлэнгэ аймагт ирэх боломжгүй гэдгээ хэлэх гэсэн юм. Би Улаанбаатар хотод сая техник хэрэгсэлдээ сэлбэг шинээр авах гэж байхад Г.Мөнхтулга надтай холбогдож болсон явдлынхаа талаар хэлж ярих үед ямар ч байсан цагдаагийн газар очиж уулзахгүй бол болохгүй юм байна гэж бодоод ирсэн юм. Миний экскаварыг 1 сар л хэрэглэнэ гэсэн. 2019 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна, 1 сарын 3,000,000 төгрөг түрээслэн авсан. Надад хэлэхдээ “ахуйн хэрэглээндээ газар шорооны ажилд л хэрэглэнэ” гэсэн. Би ч тэгээд хүнээс илүү дутуу зүйл шалгааж асуугаад байдаггүй болохоор техникээ өгсөн юм. Хэрэв энэ Г.Мөнхтулга гэх хүн хууль бус зүйлд миний техникийг ашиглах гэж байсан бол техникээ өгөхгүй байсан. Би Г.Мөнхтулга гэх хүний хувийн мэдээллийн талаар сайн мэдэхгүй. Дам дамаа надтай утсаар холбогдож ярьж байгаад миний экскаватор түрээслэсэн. Би одоо Өмнөговь аймаг Ханбогд сум руу эргээд ажлаар явах учраас дахин ирэх боломжгүй байдлыг минь хуулийн байгууллагын та бүхэн харгалзан үзнэ үү гэж хүсмээр байна. Миний хувьд шүүх хуралдаанд суухгүй. Өөрийн техникээ нэхэмжмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/
Гэрч Д.Сайханы 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар 02-ны өдөр Ашигт малтмал олборлохоор экскаватар жолоодох гэж очсон юм. Г.Мөнхтулга, Г.Аргачулуун, А.Ганболд гэдэг хүмүүстэй явсан юм. Экскаватарын эзэн Г.Мөнхтулга явахыг зааж хэлээд бид хамт явсан юм. “Улаан хясаа” руу очиж яваад экскаватар эвдрээд, замдаа 2 хоносон байх, тэгээд очоод экскаватараа засварлаад 1 хоноод 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ерөө голын мөсийг цөмлөөд шороо аваад угааж байтал цагдаа нар ирээд зогсоосон. Биднийг очиход өөр хэн нэгэн хүмүүс ажиллаж байгаагүй. Бидний ажиллаж байсанаас ойролцоогоор 30-40 орчим метр зайд овоолго шороо харагдаж байсан. Голын мөсийг өөр газарт цөмлөөд усаа соруулж угаадаг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/
Гэрч Г.Аргачулууны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ашигт малтмал /алт/ олборлохоор ажиллаж байсан. Би А.Ганболд, Д.Сайхнаа гэдэг 2 залуугийн хамт ажиллаж байсан юм. Бугант тосгоны Г.Мөнхтулга гэдэг хүний зөвшөөрөлөөр түүний 1 эксковатартай ажиллаж байсан. Экскаватар DOOSAN 280 маркийн улаан өнгийн экскаватар байсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Бугантаас гараад замдаа экскаватар эвдэрч 2,3 хоноод Улаан хясаанд очсон. Алт олборлоогүй. Экскаваторын эзэн Г.Мөнхтулга Улаан хясаа гэх газарт ажиллаж бай гээд явуулсан юм. Бидний очиж ажилласан газрын ойролцоо овоолго шороо байсан, тэгээд бид тэр шорооны хажуугаар орж ажилласан юм. Экскаваторыг Д.Сайхнаа жолооддог байсан, би ерөнхийдөө зааж чиглүүлээд туслаад л байж байдаг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
Гэрч А.Ганболдын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар 28-ны өдөр Бугантаас яваад замд эксковатор эвдрээд 2,3 хоноод очсон санаж байна, бас сайн санахгүй байна. Г.Мөнхтулга, Г.Аргачулуун, Д.Сайханаа гэдэг хүмүүстэй явсан юм. Г.Мөнхтулга явахыг зааж хэлээд бид хамт явсан юм. Улаан хясаа руу очиж яваад эксковатар эвдрээд, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ерөө голын мөсийг цөмлөөд шороо аваад угааж байтал цагдаа нар ирээд бид баригдаж ажлаа зогсоосон. Биднийг очиход өөр хэн нэгэн хүмүүс ажиллаж байгаагүй. Бидний ажиллаж байсан газрын хажууд овоолго шороо байсан, түүний хажууд л бараг зэрэгцээд ажилласан. Д.Сайханаа жолооддог байсан, би усны насос ажпуулдаг байсан юм. Голын мөсийг өөр газарт цөмлөөд усаа соруулж угаадаг юм, би тэр ажпыг хийдэг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/
Гэрч А.Ганболдын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгонд эрхэлсэн тодорхой ажилгүй гэр бүлийн хамт амьдардаг. Манай найз Г.Мөнхтулга нь надаас гуйгаад “надад туслаад ойр зуурын ажил хийгээд өгөөч, би цалин хөлсийг өгнө” гэхээр нь “тэгье” гэж зөвшөөрөөд хамт явахаар болсон. “Улаан хясаа” нэртэй газар очиж улаан өнгийн экскаватор, усан буу байсан. Харин хэний эзэмшлийнх гэдгийг мэдэхгүй. 2019 оны 03 дүгээр сарын 04-ний өдөр дээрх хэлсэн газарт очсон. Г.Мөнхтулга бид нарт хэлэхдээ “асуудал байхгүй, та хэд очоод ойр зуурын ажил хийгээд өгчих, та нарт цалин хөлсийг чинь өгнө” гэж хэлсэн. Миний хувьд Бугант тосгонд ажилгүй болохоор хувиараа болон хүмүүстэй хамтраад гар аргаар алт олборлодог юм. Тэгээд Г.Мөнхтулга надад ажлын санал тавихаар нь над шиг ажилгүй хүнд мөнгө хэрэгтэй байсан болохоор хүний хэлснийг л хийсэн. Харин надад зөвшөөрөлгүй, хууль бусаар ашилт малтмал олборлох гэж байна гэсэн бол би бол явахгүй байна. Г.Мөнхтулга “асуудал байхгүй, санаа зоволтгүй л” гэж хэлсэн. Г.Мөнхтулгыг хууль бусаар ашигт малтмал олборлож байсан талаар Д.Сайхан, Г.Аргачулуун бид 3 мэдээгүй. Хэрвээ мэдэж байсан бол бид нар туслахгүй, яалаа гэж өөрийгөө асуудалд холбогдуулах юм бэ. Г.Мөнхтулга хэлэхдээ туслаад өгөөч цалин хөлсийг нь өгнө гэхээр нь явсан. Хэрвээ хууль бус ямар нэгэн зүйл хийх гэж байгаа гэсэн бол би бол явахгүй байсан. Манай Бугант тосгонд иймэрхүү хууль бусаар ашигт малтмал ухаж байгаад баригдаж байсан хүмүүсийг мэдэх болохоор би зөвшөөрөхгүй, явах ч үгүй байсан. Энэ талаараа Г.Мөнхтулга өөрөө хэлж ярих байх. Бид нарыг юу гэж хэлж ярьж дагуулж явсан талаараа. Тэнд Улаан өнгийн экскаватор хэний эзэмшлийнх талаар нь мэдэхгүй байна. Усан буу буюу алт угаан төхөөрөмж бол тэнд байсан. Хэнийх гэдгийг нь мэдэхгүй байна. Ер нь Бугант тосгонд зөвшөөрөлтөй зөвшөөрөлгүй янз бүрийн л хүмүүс ашигт малтмал ухдаг болохоор усан буу, алт угаах төхөөрөмж хэнийх гэдгийг мэдэхгүй байж л байдаг байсан. Апт угаах төхөөрөмж хуучин, гагнаж, засварласан, хүний гараар босгосон байсан. Нэг ёсондоо монголчлоод хийсэн гэсэн. Ухаж байсан газраас алт гараагүй. Г.Мөнхтулга хамтран гэмт хэрэгт оролцож хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй. Д.Сайхан, Г.Арганчулуун бид нарын хувьд яг л адилхан Г.Мөнхтулгыг хууль бус үйлдэл хийсэн талаар мэдээгүй. Бугант тосгоны Баярсайхан гэдэг хүнийг дагаад Д.Сайхан, Г.Аргачулуун нар Өмнөговь аймаг руу нүүрсний том тэрэг барихаар явсан гэсэн. Уг нь би мэдүүлэг өгөх талаар хэлж ярих гэсэн боловч явчихсан байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/
Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №18-04-003/03 дугаартай:
“...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх хэсэгт “газрын хэвлийд учирсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож" нөхөн төлүүлэхээр заасан тул дээрх нэр бүхий иргэдийн газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 1 дүгээр хэсгийнх 395.200*2=790.400 төг, 2 дугаар хэсгийнх 632.200*2=1.264.400 төгрөг тус тус болсон ба нийт 2.054.800 (Хоёр сая тавин дөрвөн мянга найман зуун) төгрөг болж байх тул буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлж тухайн газрыг хэвийн байдалд оруулах шаардлагатай....” гэх дүгнэлт /хх-ийн 30-34 дүгээр тал/
2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайланд:
“....Гар аргаар угсарсан алт угаах төхөөрөмж 2019 оны 4 сарын байдлаар зах зээлийн үнийг 1,000,000 /нэг сая/ төгрөгний үнэтэй болохыг тодорхойлов.
1997 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гар аргаар сэргээн засварласан DOOSAN-280 маркийн шар өнгийн экскаваторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 04 сарын байдлаар 9,000,000 /есөн сая/-н төгрөг болохыг тодорхойлов.
Жич: Үзлэг хийхэд гадаад өнгө үзэмж муудсан шанга болон их биеэнд гагнуур орсон сэргээн засварласан хуучирсан байв....” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 09-10 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 41,4248,49,50 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол 54-55 дугаар тал/
2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 58-61 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл 71-73 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Мөнхтулга нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг Бугант тосгоны “Улаан хясаа” гэх газарт 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малмталын олборлолт явуулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Мөнхтулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Г.Мөнхтулгын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 2.054.800 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэргийн улмаас байгаль экологид 2.054.800 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Г.Мөнхтулга төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Мөнхтулга нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Мөнхтулгад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатаор, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Т.Мөнхтулгын гэмт үйлдэлдээ ашигласан 9.000.000 төгрөгийн үнэ бүхий Doosan-280 маркийн эксковатор, алт угаах төхөөрөмжийн үнэ 1.000.000 төгрөг бүгд 10.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Т.Мөнхтулгын өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч С.Гэрэлд олгож, дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Харин гар хийцийн алт угаах төхөөрөмж нь өмчлөгч эзэн байхгүй, эзэнгүй болох нь хавтаст хэргийг шалгах үед тогтоогдсон байх тул битүүмжлээс чөлөөлж устгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Гарьд овогт Гансүхийн Мөнхтулгыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гарьд овогт Гансүхийн Мөнхтулгад 5400 нэгж тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.Мөнхтулгад оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Мөнхтулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Г.Мөнхтулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 1997 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гар аргаар сэргээн засварласан DOOSAN-280 маркийн шар өнгийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 40-262-3 тоотод оршин суух Харагчин овогт Сувдын Гэрэлд /ЗМ83121510/ олгож, гар аргаар хийсэн алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Г.Мөнхтулгаас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
7.Ялтан Г.Мөнхтулгад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ