Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 75

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

    Улсын яллагч                 А.Энхтуяа

    Нарийн бичгийн дарга   Б.Баярдэлгэр нар оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбаноровын Золжаргалд холбогдох эрүүгийн 1931000860065 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 31-нд Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 052 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбаноровын Золжаргал РД:/МЮ76103195/

        

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Золжаргал нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Хайлааст” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 119 ширхэг нойтон бургас модыг бэлтгэж, ойн санд 340.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Золжаргал нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Хайлааст” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 119 ширхэг нойтон бургас модыг бэлтгэж, ойн санд 340.200 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Золжаргал нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:       

Шүүгдэгч Б.Золжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна. Нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг

Хохирогч Х.Бадралын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Б.Золжаргал гэх хүнийг танихгүй. Сум орон нутгаас бургас мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиг авахаар надад хандаагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан надад санал хүсэлт байхгүй байна. Хохирлын мөнгийг одоогоор төлж барагдуулаагүй байна. Байгаль экологид учирсан хохирлыг төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/

Гэрч Г.Баярмаагийн 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр захиргаагаар хөөцөлдөх ажилтай гэрээсээ гарсан. Манай нөхөр “хөдөө явна гэрийн хана хийх бургасанд явна” гээд үлдсэн, Тэгээд гадуур хөөцөлдөх ажлаа хөөцөлдөж дуусаад гэртээ ирээд байж байхад өдөр 16 цагийн орчим манай нөхөр над руу залгаад “би бургас бэлдэж байгаад цагдаад баригдчихлаа одоо эндээсээ Зүүнбүрэн сумын төв рүү явах юм байна” гэхээр нь би таньдаг таксигаа дуудаад Зүүнбурэн сумын төв рүү явсан. Би Зүүнбүрэн сумын цагдаагийн хэсгийн байранд очоод дотогш ороход хүн байгаагүй ба буцаад гарч ирэхэд манай нөхрийн машин ирж байсан. Манай нөхөр ирээд машинаа цагдаагийн хашаанд хийгээд гарч ирээд цагдаатай уулзахаар хэсгийн байр луу орсон. Би ирсэн таксиндаа суухад таксины жолоочийн бие нь муудаад сонин болоод ухаан алдах гээд байхаар нь би гүйж ороод нөхөртөө энэ талаар хэлэхэд өрөөнд сууж байсан цагдаа эмнэлэг зааж өгөөд “нэг нь үлдээд нэг нь машиныг нь унаад эмнэлэгт хүргээд өг” гэж хэлсэн. Би машинд сүуж байхад нэг цагдаа ирээд байж байснаа намайг дуудаад юм асууж байснаа төвөөс цагдаа дуудсан. Би нөхөртэйгөө хамт бургас мод бэлдээгүй. Би өөрийн нөхөр Б.Золжаргалыг бургас мод бэлдэж байхад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд гэртээ байсан. Манай нөхөр цагдаад баригдсан гэхээр нь би Зүүнбүрэн сум руу очсон. Нөхөртэйгөө 2010 онд танилцаж найзалсан. Тэр үеэс хойш бид 2 хамт амьдарч байгаад 2014 онд хуримаа хийсэн. Тэгээд гэрлэлтээ батлуулах гэсэн чинь эмнэлгээр явах баахан ажилтай болоод тэрийгээ хөөцөлдөх гэсэн чинь манай нөхөр хүний ачаа зөөж машиныг нь барьж явсан болохоор зав олдоогүй. Гэрлэлтээ бид 2 батлуулаагүй. Бид 2 одоо нэг хүүхэдтэй. Манай нөхөр даруу төвөл зантай, хэнтэй ч хамаагүй харьцаж чаддаг, нийтэч найз нөхөд болон бусад хүмуүст их тусламтгай, эр хүний хувьд их нөмөртэй, хүүхэд бид 2-тоо халамжит хань байж чаддаг, элдэв гаж муу зуршилгүй. Урд нь мод бэлдэж модонд явж байгаагүй. Модны хэргээр шалгагдаж байгаагүй. Ажилсаг хөдөлмөрч сэтгэл сайтай. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/

Гэрч О.Эрдэнчимэгийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр сумын цагдаа Н.Энхтөр, манай суманд түр ажиллаж Б.Батгэрэл нэрын хэмт Зүүнбүрэн сумын 2 дугээр баг “Охиндий” гэх газар Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг явуулсан. Хяналт шалгалтын хүрээнд мод бэлдэж байсан, Нансалмаа гэх иргэн байсэн ба мод бэлтгэх эрхийн бичиг нь байхгүй эхнэрт нь байгаа гэсэн тул эхнэртэй нь утаар холбогдохоор би Нансалмаатай үлдсэн. Сумын цагдаа Н.Энхтөр цаашаа шалгалтаар явж байгаад удаж байгаад ирсэн ба ирэхдээ “нойтон бургас мод бэлдэж байгаа хүнтэй таарлаа энэ зүг рүү өөр машин явсан мөр чимээ байхгүй байна” гэж хэлсэн. Бид нар нойтон бургас мод бэлдэж байсан Б.Золжаргэл гэх хүнээр нойтон бургас модыг машинд нь ачуулаад Зүүнбүрэн сумын төв руу орсон. Хэсэг хугацааны дараа Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг гарсан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хамт үзлэг шалгалтыг хийнэ гэсний дагуу би ажлын хэсгийн хүмүүстэй хамт яваад буцаж сумандаа ирж машинд байх бургас модонд үзлэг хийхэд нь байлцсан. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын тамгын газарт бургас мод бэлтгэхээр ямар нэгэн зөвшөөрөл хүсч орж ирээгүй. Мод бэлгэх эрхийн бичиг авахаар орж ирээгүй. Хэн нэгний мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэх талаар мэдэгдээгүй. Мөн 2019 он гараад хэрэглээний нойтон бургас мод бэлтгэх хуваарь манай суманд ирээгүй тул манай сум энэ жилдээ нойтон бургас мод бэлтгэхгүй. Би Б.Золжаргалаас асуухад “гэрийн хана хийлгэхийн тулд бургас мод бэлдэж байна, би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, авахаар хэн нэгэнд хандаагүй, би мод бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгэдэг гэдгийг мэднэ” гэж хэлсэн. Өөр ямар нэгэн шалтгаан хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

Гэрч Н.Энхтөрийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цагдаа Б.Батгэрэл, байгаль орчны улсын хяналтын байцаагч О.Эрдэнэчимэг нарын хамт эргүүл шалгалтын үүргийг Зүүнбүрэн сумын 2 дугаар баг “Охиндий” гэх газраар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад сумын иргэн мод бэлдэж байгаатай таараад мод бэлтгэх эрхийн бичгийг О.Эрдэнэчимэг шалгаж байх хооронд Б.Баггэрэл бид 2 ертөнцийн зүгээр баруун зүгт модон дундуур тус тусдаа салаад явсан. Би модон дунд явж байхад нэг бүхээгтэй машин байсан ба машины ар талд 2 хэсэг газар бэлдэж тавьсан бургас мод байсан ба хажууд нь нэг залуу бургас модыг үзүүрлээд сууж байсан. Би мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад уг хүн /Б.Золжаргал/ “мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй би гэрийнхээ ханыг солих гэж байгаа юм нэг их мод бэлдээгүй, надад өөр санаа зорилго байхгүй” гэж хэлсэн. Би Б.Золжаргалд “та машиндаа наад бургас модоо ачаад Зүүнбүрэн сумын төв рүү цагдаагийн хэсэгт очиж асуудлаа шалгуул” гэж хэлээд модыг нь машинд нь ачуулаад Зүүнбүрэн сумын төв рүү явсан. Б.Золжаргал улаан өнгийн гар хөрөөтэй ганцаараа машины зүүн зүг харуупж зогсоогоод машиныхаа ар талын ачааны ойролцоо 2 хэсэг газар бургас мод хурааж тавьсан байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Мөн өөрөөс нь өөр хүнтэй хамт яваа эсэхийг тодруулж асуусан. Б.Золжаргал портер маркийн бүхээгтэй машинтай байсэн бэ машин нь ертөнцийн зүгээр зүүн зүг харсан байдалтай зогсож байсан. Машины ачаанд ямар нэгэн модны төрлийн зүйл байгаагүй. Харин 10-20 миунтын дарээ ирсэн бол машиндаа ачаад явчих байсан байх. Намайг очиход бэлдсэн модоо үзүүрлэж цэвэрлээд дуусч байсан. Машиндаа мод ачаагүй байсан. Би модыг машинд нь Б.Золжаргалаар ачуулж Зүүнбүрэн сумын Цагдаагийн хэсэг рүү аваачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/

 Гэрч М.Нямдоржийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Золжаргал, Г.Баярмаа нарыг таньж мэдэхгүй. Найз нөхөд ураг төрлийн холбоо байхгүй. Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Аймгийн байгаль орчны газар ажилтай явж байсан. Ажлаа амжуулаад орой очиход нойтон бургас мод бэлдсэн хүн барьсан гээд цагдаагийн хэсэг дээр хэдэн хүн байсан. Тухайн үед Зүүнбүрэн сумын байгаль орчны улсын байцаагч, цагдаа нар байсан учраас би гэр лүүгээ харьсан. Өдөр нь юу болсон талаар би хэлж мэдэхгүй.

 Надад болон Зүүнбүрэн сумын тамгын газраас бургас мод бэлтгэхээр ямар нэгэн зөвшөөрөл хүсээгүй. Зөвшөөрөл хүссэн бол надаас болон байгаль орчны улсын байцаагч нараас зөвшөөрөл авна. Хэн ч надад болон бусдад хэлээгүй. Бургас мод нь голын ай сав дагуух газар ургадаг ба ус барих чадварыг хадгалдаг. Тухайн бургас мод бэлдсэн “Охиндий” 2 дугаар баг нь тусгай хамгаалалтын газарт ордоггүй. Ойн бүсчлэлийн 3 дугаар бүсэд хамаарагддаг. Б.Золжаргалыг таньж мэдэхгүй. Одоогоор анх удаа баригдаж байгаа. Урд нь хийж байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Цаашид хяналт шалгалтаа эрчимжүүлж дахин бургас мод бэлдэхгүй байхад анхаарна. Засаг даргаар батлуулсан удирдамж төлөвлөгөөний дагуу байнгын хяналт шалгалтыг хийдэг. Сардаа байгаль орчны багц хууль, хууль бусаар ан агнуур мод бэлтгэх зэргийг хянах зорилгоор үзлэг шалгалтыг хийдэг. Би цагдаатай хамтран байнгын хяналт шалгалтыг хийдэг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

  Гэрч М.Эрдэнэбилэгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Байгаль орчны хяналтын упсын байцаагчийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Мод бэлтгэх эрхийн бичиг авахаар Б.Золжаргал манайд хандаагүй. Сэлэнгэ аймгийн “Охиндий” гэх газар нь газар нутгийн харьяаллаараа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг “Охиндий” гэсэн нэршилтэйгээр явдаг. Энэ жил Сүхбаатар суманд мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй. Сүхбаатар сумын иргэд түлээний модыг Түшиг сумаас авч байгаа. Бургас нь навчит төрлийн модондоо ордог бөгеед түлш болон хэрэглээний зориулалтаар бэлтгэдэггүй. Тэр тусмаа голын ай саваас бэлтгэхийг хориглосон байдаг. Бургас нь усыг тогтоох чийг барих хүчин зүйл болж байдаг учраас голын ай саваас огтлохыг хориглодог. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

  Гэрч П.Батзоригийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бямбаноровын Золжаргалыг танина. Одоогоос 15 гаруй жилийн өмнө өөрийн найз Батболдтой уулзаж байхад түүний найз гээд Б.Золжаргал гэх хүнтэй танилцсан. Тэр үеэс хойш бие биенээ мэдэх болсон. Б.Золжаргал хүн чанар сайтай сайхан сэтгэлтэй хүнд тусархаг учраас хамт найзалж нөхөрлөсөн. Манай найз 8 жилийн өмнө байх Баярмаатай танилцаж найзалж нөхөрлөөд улмаар 2014 онд шиг санагдаж байна хуримаа хийсэн. Тэр үеэс хойш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 52 тоотод хадмынхаа хашаанд гэр барин амьдарч байгаа одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хааяа нэг машин барьж тээвэрт явдаг. Оросын холбооны улс руу том автобус бариад хүн зөөдөг ажил ихэнхдээ хийдэг. Надад хэргийн талаар мэдэх зүйл алга байна. Б.Золжаргал нь хүн чанар сайтай, ажилсаг, хөдөлмөрч, хувиараа хөдөлмөр эрхлээд явдаг, тусархуу сайхан сэтгэлтэй гэдгийг нь онцолмоор байна. Их зөөлөн элдэв янзын ааш ариншин гаргаад байдаггүй даруу төлөв зантай хүн. Архи тэр болгон уугаад байдаггүй, хааяа ганц нэг удаа уучихдаг, архи уухаараа янз бүрийн ааш араншин гаргаад байдаггүй. Ар гэрийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүний сайн хань ар гэртээ санаа тавьж чаддаг гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

  Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай:

  “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.1-г ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээ гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 113.400 х 3 = 340.200 төгрөгийн Зөрчил гаргагч иргэнээр нөхөн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр тал/

   2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан: “...Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байршилтай үл хөдлөх хөрөнгийг ҮОУС-ын дагуу зах зээлийн жишиг үнийн хадлагыг хэрэглэн үнэлж үл хөдлөх хөрөнгийн барьцааны зорилгоор зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2019 оны 04 дүгээр сарын байдлаар 30.044.700 төгрөг болохыг тодорхойлов....” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/

   Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-5 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 07, 14-15 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 08,16,18 дугаар тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 ,17 дугаар тал/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-61 дүгээр тал/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 65-66 дугаар тал/

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 67-68 дугаар тал/

Мод бэлтгэх эрхийн бичиг 0110279 тоот /хх-ийн 80 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр тал/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Золжаргал нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Хайлааст” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метрийн урттай 119 ширхэг нойтон бургас модыг бэлтгэж, ойн санд 340.200 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Золжаргалын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Б.Золжаргалын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 340.200 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэргийн улмаас байгаль экологид 340.200 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Золжаргал төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.                   

              

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Золжаргал нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюуу 650.000 төгрөгөөр торгох ялын саналаас доош татаж  450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Золжаргалын цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Золжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулав.

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заав.   

Энэ хэргийн улмаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хашаанд хадгалагдаж буй 119 ширхэг нойтон бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлогод оруулж, Шүүгдэгч Б.Золжаргалын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 052 тоотод байрлах Ү1317004090 дугаартай гэрчилгээ бүхий байшинг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилж ирүүлснийг битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Бямбаноровын Золжаргалыг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бямбаноровын Золжаргалыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Золжаргалд оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Золжаргал нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

 5.Ялтан Б.Золжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хашаанд хадгалагдаж буй 119 ширхэг нойтон бургас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Золжаргалын өмчлөлийн Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг 1 дүгээр хэсэг 052 тоотод байрлах Ү1317004090 дугаартай гэрчилгээ бүхий байшинг битүүмжилж ирүүлснийг битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгчид буцаан олгосугай. 

8.Ялтан Б.Золжаргалд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

      10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                           Б.ЭРДЭНЭХИШИГ