Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 224/МА2026/00012

 

 

 

 

 

            2026       05          15                                      224/МА2026/00012

 

  ЭИ  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

У  аймгийн Ө сумын Засаг даргын

Тамгын газарт холбогдох иргэний хэргийн тухай

У  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00207 дугаар шийдвэртэй;

 ЭИ  ХХК-ийн нэхэмжлэлтэй, У  аймгийн Ө  сумын Засаг даргын тамгын газарт холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 8,606,155.64 төгрөг, алданги 4,303,077.82 төгрөг, нийт 12,909,233.46 гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагчийн өмгөөлөгч Ө.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00207 дугаар шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгч ЭИ  ХХК-ийн захирал Т.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-ний үүрэгт буюу дулааны үнэ тарифын зөрүү гэж 8,606,155.64 төгрөг, алдангид 4,303,077.82 төгрөг, нийт 12,909,233.46 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч У  аймгийн Ө  сумын Засаг даргын тамгын газар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ЭИ  ХХК-ийн, хариуцагч У  аймгийн Ө  сумын Засаг даргын тамгын газарт холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг, алдангид нийт 12,909,233.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

4. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь “У  аймгийн Ө  сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн тарифын зөрүүнд 8,606,155.64 төгрөг, алдангид 4,303,077.82 төгрөг, нийт 12,909,233.46 төгрөг” гаргуулах шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 07 дугаартай тогтоол нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдсэн тул хариуцагч тал уг шинэчилсэн тарифыг мэдсэн. Иймд шинэ тарифаар төлөх ёстой” гэх агуулгаар тайлбарласан.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “тариф шинэчлэгдсэн талаар мэдээгүй, нэхэмжлэгч талаас цаг тухайд нь шинэчлэгдсэн тарифын талаар мэдэгдэж, шинэ тарифаар төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн бол бид тухайн үед нь төлөх байсан. Тухайн үед гэрээнд өөрчлөлт оруулаагүй, шинэчилсэн тарифаар нэхэмжлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д заасны дагуу дулааны төлбөрийг төлсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ. 

5.1. Нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь тусгай зөвшөөрлөөр У  аймгийн Ө  сумын төрийн байгууллага, аж ахуй нэгж, айл өрхөд гэрээгээр дулаан нийлүүлдэг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр У  аймгийн Ө  сумын Засаг даргын тамгын газартай “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээ байгуулсан нь тус гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогджээ. Тухайн гэрээний 4 дэх зүйлд 1 м3 дулааны үнийг 1496 /НӨАТ орсон дүн/ төгрөг байхаар, хангагч нь төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 25-ны өдөр өгөх ба хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэл авсан өдрөөс хойш  3 хоногийн дотор төлбөрөө бүрэн төлж байхаар тус тус тус тохиролцжээ. 

Гэрээний дагуу “ЭИ ” ХХК нь хэрэглэгч байгууллага болох У  аймгийн Ө  сумын Засаг даргын тамгын газраас дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр гаргуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 24, 2023 оны 02 дугаар сарын 17, 2023 оны 3 дугаар сарын 22, 2023 оны 4 дүгээр сарын 25, 2023 оны 5 дугаар сарын 18, 2023 оны 9 дүгээр сарын 29, 2023 оны 10 дугаар сарын 24, 2023 оны 11 дүгээр сарын 20, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус төлбөрийн нэхэмжлэхийг цахимаар үүсгэж хүргүүлсэн, хариуцагч байгууллага нь төлбөрийн нэхэмжлэхэд заасан үнийн дүнгээр төлбөрийг тухай бүр нь төлж байсан нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт гэх баримт /хх-ийн 92-109 дүгээр хуудас/-уудаар нотлогдсон байна.

5.2. У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Тариф батлах тухай” 07 дугаартай тогтоол гаргаж, тус тогтоолоор 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн У  аймгийн Ө  сумын төсөвт байгууллагын дулааны тарифыг 1 м3-2,122 төгрөг /НӨАТ ороогүй дүн/, үйлдвэр аж ахуйн нэгжийн дулааны тарифыг 1 м3-1,500 төгрөг /НӨАТ ороогүй дүн/, айл өрхийн дулааны тарифыг  1 м3-1,000 төгрөг /НӨАТ ороогүй дүн/ байхаар тус тус тогтоосон байна. 

Гэвч нэхэмжлэгч тал 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дулааны төлбөрөө дээрх шинэчилсэн тарифаар тооцож нэхэмжлээгүй, харин талуудын хооронд байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээнд заасан үнээр тооцон нэхэмжилж байсан, хэрэглэгч байгууллага нь тухайн төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн үнийн дүнгээр төлж байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

5.3. Нэхэмжлэгч талаас, дулааны эрчим хүчээр хангагч байгууллага нь тариф шинэчлэгдсэн талаар хэрэглэгчид мэдэгдэх үүрэггүй, хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт болох У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Тариф батлах тухай” 07 дугаартай тогтоолыг хариуцагч дагаж мөрдөх үүрэгтэй тул шинэчилсэн тарифаар төлбөрөө төлөх ёстой гэж маргасан нь үндэслэлгүй.

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “...Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” гэж журамласан бөгөөд аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл нь дулааны үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч У  аймгийн Ө  сумын Засаг даргын тамгын газарт мэдэгдсэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Хуульд зааснаар уг тариф тогтоосон эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлснийг гэрээний нэг тал болох хэрэглэгчид мэдэгдсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн дээрх хуульд зааснаар аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тарифын өөрчлөлтийн талаар хэрэглэгч талд мэдэгдэх үүрэгтэй хэдий ч гэрээний нэг тал буюу хангагч тал болох ЭИ  ХХК-д уг үүрэг мөн хамааралтай. Нэхэмжлэгч тал хариуцагчид дулааны тариф өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн гэх, мөн түүнчлэн шинэчилсэн тарифын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал гаргасан,  шинэ тарифын дагуу төлбөрөө нэхэмжилж байсан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

5.4. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.С  /ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга/, Б.О /ЗДТГ-ын нягтлан бодогч/ нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба тухайн мэдүүлгүүдээр У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл болон тус аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсээс дулааны үнэ тариф өөрчлөгдсөн талаар хариуцагч байгууллагад мэдэгдэл хүргүүлж байгаагүй болох нь, мөн нэхэмжлэгч талаас энэ талаар мэдэгдэж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас У  аймгийн Засаг дарга, тус аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст 2023 оны 11 дүгээр сард шаардлага хүргүүлж байсныг хариуцагч байгууллагад мэдэгдсэн гэж үзэхгүй болно.

5.5. Талуудын хооронд байгуулсан, “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээний 4.1 дэх заалтад “1 м3 дулааны үнэ 1496 /НӨАТ орсон дүн/ төгрөг” гэж заасан, мөн гэрээний баталгаажуулах хэсэгт сар бүрээр нь график гарган төлбөрийг тооцоолсон байх ба хангагч тал гэрээнд заасан үнийн дүнгээр төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч тухайн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлж барагдуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал 2023 оны 9, 10, 11, 12 дугаар саруудад 1 м3 дулааны үнийг 1,496 төгрөгөөр тооцож нэхэмжилж байсан нь тогтоогдсон ба шинэчилсэн тарифын дагуу төлбөрөө нэхэмжлээгүй үндэслэл, шалтгаанаа нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй /гэрээний 4.1-д заасан 1,496 төгрөг гэснийг өөрчлөөгүй/ тохиолдолд У  аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор баталсан шинэ тарифыг үндэслэн нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэлээ.

5.6. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан боловч энэхүү тохиолдолд уг заалтаар хэрэглэгч буюу хариуцагч талыг  буруутгах үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд үүссэн харилцаа нь хуулиар бус гэрээний үндсэн дээр үүсэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг талууд харилцан тохиролцох, нэмэлт өөрчлөлт, оруулах эрхтэй.

Гэрээний хугацаанд хангагч байгууллага буюу нэхэмжлэгч тал шинэчилсэн тарифаар бус гэрээгээр тохиролцсон үнийн дагуу гэрээний үүргээ шаардаж байсан. Энэхүү агуулгын хүрээнд зөвхөн хэрэглэгч бус хангагч байгууллага гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүйгээс үүсэх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан, “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээгээр тохиролцсон үнийн дагуу хэрэглэсэн дулааны төлбөрөө төлсөн нь хэргийн баримтаар нотлогдсон байна.

Иймд хэрэглэгч буюу хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ. Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

5.7. Харин анхан шатны шүүх шийдвэртээ, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасныг тайлбарлаж хэрэглэсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэдэг нь талууд анх тохиролцсон үүргээс өөр төрлийн үүрэг хүлээлгэн өгч үүргийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцохыг ойлгоно. Өөрөөр хэлбэл тодорхой ажил гүйцэтгэх үүргийн оронд мөнгө төлөх, нэг төрлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийн оронд адил үнэлгээ бүхий өөр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, эсхүл үйлчилгээ үзүүлэх зэргээр үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэх ёстой үүргээ бусад өөр төрлийн үүргээр дүйцүүлэн гүйцэтгэхийг ойлгоно.

Хариуцагч нь гэрээнд заасан дулааны төлбөрийг мөнгөөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул өөр үүргийн гүйцэтгэлээр үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

5.8. Иймд У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00207 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтыг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтыг баримтлан” гэж өөрчилж, нэхэмжлэгч ЭИ ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. У  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00207 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтыг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтыг баримтлан” гэж өөрчилж, нэхэмжлэгч Э -И ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭИ  ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,498 /хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн  7511.2 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                          ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ

                      ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА