| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0079/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 79
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оорцог хар бүргэд овогт Цэвээнжавын Отгонбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931000840060 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг эхийн 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгон 1-23 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Оорцог хар бүргэд овогт Цэвээнжавын Отгонбат /РД:МТ86121416/
Шүүгдэгч Ц.Отгонбат нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Их алт “Саудын гарам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Отгонбат нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Их алт “Саудын гарам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Отгонбат гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Ц.Отгонбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Одгаравын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие Ерөө сумын Засаг даргын тамгын газарт Засаг даргын орлогч даргаар 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Байгаль экологид учруулсан хохирлоо нэхэмжилмээр байна. Хууль дүрмэнд зааснаар тогтоосон үнэлгээгээр тогтоосон хохирлыг нөхөн төлүүлнэ. Иргэд хохирол төлбөрөө барагдуулах юм бол санал хүсэлт, гомдол санал байхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Батзоригийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй байна. 26-60 УН маркийн эксковатор бол миний өөрийн эзэмшлийн эксковатор. Би энэ техникийг 2015 онд Улаанбаатар хотоос 7.5 сая төгрөгөөр худалдан авсан ба эвдэрхий техник байсан учир ингэж аваад тэгээд энд тэндээс хүн амьтнаас запас сэлбэг гэж цуглуулж байгаад ашиглалтанд оруулсан. Ц.Отгонбат гэх хүн миний экскаваторыг ашигласан байна. Уг нь миний экскаваторыг түрээслэх талаар ярьж байсан боловч яг хэдэн төгрөгөөр юунд ашиглахаар түрээслэх гэж байсан талаар би ярилцаагүй, ингэж хууль бусаар үйл ажиллагаа явуулах гэж байгааг нь мэдсэнгүй. Ц.Отгонбат бол манай найзын дүүгийн найз залуу. Хүнээр дамжуулаад холбогдож надтай ярилцаж байсан залуу байгаа юмаа. Би энэ Ц.Отгонбат гэх залуугийн талаар сайн таньж мэдэхгүй. Түүний хувийн амьдрал, зан ааш, урьд өмнө ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар мэдэхгүй. Надтай уул уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох талаар хэлж яриагүй. Миний эксковаторыг түрээслэн авч ашиглана гэж ярьж байсан боловч яг хэдэн төгрөгөөр яаж тохиролцож авах талаараа ярилцсан зүйл байхгүй. Миний техникийг хэрэглэнэ гэж ярьж боловч яг үнэ хөлсөө тохиролцож чадаагүй бүрэн хэлцэж тохироогүй байсан юм. Хэрэв Ц.Отгонбат гээд байгаа энэ залууг хууль бус зүйлд миний техникийг ашиглах гэж байсан бол техникээ өгөхгүй байх байсан. Миний эксковаторыг үндсэндээ дураараа очиж авсан, дээр үеийн тэгээд ч угсарсан техник байсан учир янз бүрийн түлхүүр гэхгүй астачрын утсыг холбоод л асаачихдаг юм. Кабин нь цоож цуургагүй байдаг байсан. Би тэр хавийн буюу Их алт орчмоор байдаг хүмүүст “харж байгаарай” гээд үлдээсэн байсан бас миний техникийг тэнд байгааг Ц.Отгонбат гээд байгаа энэ залуу урьд нь надтай уулзаж харьцаж юм ярьж байхдаа байгаа газрыг мэддэг болсон байсан юм. Миний хувьд өөрийн эзэмшлийн эксковаторыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Миний экскаватор тухайн үед улсын дугаар номергүй байсан байна. Уг 26-60 УН улсын дугаартай хуучин засвартай, өмнө нь ашиглаж байсан, хуучин экскаватор. Экскаваторын хуучин эзэмшигчээс нь 2015 онд худалдан авахдаа гэрчилгээг нь миний нэр дээр шилжүүлж өгсөн боловч би гэрчилгээг нь Улаанбаатар хотод хувийн ажил хөөлцөлдөж байхдаа хаячихсан юм. Миний хувьд шүүх хуралдаанд суухгүй. Өөрийн 2660 УН улсын дугаартай техникээ нэхэмжмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ашигт малтмал алт угаах, олборлох зорилгоор очсон байсан юм. Ц.Отгонбат, Э.Төрбат нарын хүмүүстэй очсон юм. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр очсон юм. Ц.Отгонбат очоод “1 өдөр ажиллаад өгөөч” гээд би туслах ажилтнаар мотор асаах гэж очсон юм. Ц.Отгонбат ах өөрөө эксковатараа жолооддог байсан юм. Төрбат Ц.Отгонбат бид 3 тэр өдөр хамт Бугантаас өглөө Их алтанд очсон юм. Очоод тэр цөмөлсөн байсан газраа 2 цаг гаран цөмлөөд яг шороогоо хутгаж угааж буудаад эхэлж байсан юм. Яг хэдэн шанага шороо хийсэн талаар мэдэхгүй, шанагадаж хийгээд л буудаж байсан. Биднийг очиход тэр голын мөс зүгээр байсан, бид ухаж сэндийлсэн юм. Тухайн газартаа очоод Ц.Отгонбат ах шорооны цаанаас эксковатар гаргаж ирээд яг тэр мөс цөмөлсөн байсан газартаа эксковатараа авчираад Ц.Отгонбат ах өөрөө эксковатараа жолоодоод ухаж эхэлсэн юм. Тэр өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “хамт яваад ажиллаад өгөөч мотор асаагаад өг” гэхээр нь явсан юм. Би одоогоос 5,6 жилийн өмнө хамт ажиллаж байсан Бугант тосгоны “Гозон” гэдэг газар Ц.Отгонбат ах жижиг оворын эксковатартай байсан тэр үед хамт ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/
Гэрч Б.Мөнх-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад асуух тодруулах ойлгомжгүй зүйл байхгүй. Би ямар учраас цагдаагийн газар ирж мэдүүлэг өгөх гэж байгаагаа ойлгож байна. Би Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант тосгонд эрхэлсэн тодорхой ажилгүй гэр бүлийн хамт амьдардаг. Манай тосгоны нутгийн ах Ц.Отгонбат нь надаас гуйгаад “ажилгүй байгаа бол надад туслаад ойр зуурын ажил хийгээд өгөөч, би цалин хөлснийг өгнө” гэхээр нь “тэгье” гэж зөвшөөрөөд явахаар болсон юм. Харин Э.Төрбат гээд тосгоны залуутай хамт Ц.Отгонбат бид нар “Их алт” нэртэй газрын “Саудын гарам” нэртэй газарт очсон. Тухайн үед шаргал өнгийн эксковатор, усан буу байсан. Харин хэний эзэмшлийнх гэдгийг мэдэхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр дээрх хэлсэн газарт очсон. Уг газарт “ашигт малтмал олборлож болох юмуу үгүй юм уу” гэж Ц.Отгонбат ахаас асуухад “зүгээрээ санаа зоволтгүй, зүгээр ахдаа туслаадах л” гэж хэлсэн. Над шиг ажилгүй хүнд мөнгө хэрэгтэй байсан болохоор хүний хэлснийг л хийсэн. Ц.Отгонбатыг хууль бусаар ашигт малтмал олборлож байсан талаар мэдээгүй. Хэрвээ мэдэж байсан бол би туслахгүй, яалаа гэж өөрийгөө асуудалд холбогдуулах юм бэ, Ц.Отгонбат ах надад хэлэхдээ “ахдаа туслаад өгөөч цалин хөлсийг нь өгнө” гэхээр нь явсан. Хэрвээ хууль бус ямар нэгэн зүйл хийх гэж байгаа гэсэн бол би бол явахгүй байсан. Манай Бугант тосгонд иймэрхүү хууль бусаар ашигт малтмал ухаж байгаад баригдаж байсан хүмүүсийг мэдэх болохоор би зөвшөөрөхгүй, явах ч үгүй байсан. Хэдий надад мөнгө төгрөг хэрэгтэй ч хууль бус зүйл бол хэн ч хийхийг хүсэхгүй шүү дээ. Ашиглаж байсан техник хэрэгсэл нь хэний өмчлөлд байдаг, хэний нэр дээр байдаг талаар мэдэхгүй байна. Энэ талаараа Ц.Отгонбат ах өөрөө хэлж ярих байх гэж бодож байна. Хүнд тусалсан биш хэрэгт орчих гээд яасан хэцүү юм бэ гэж бодож байна. Ц.Отгонбат ах ямар ч байсан асуудалгүй, санаа зоволтгүй л гэж хэлж хэлэхээр нь явахаар болсон
Ерөөсөө Саудын гарам нэртэй газар ирээд 2 цаг гаран болох үед л цагдаа нар ирсэн. Миний хувьд өөрийн мэдэх зүйлийг л хэллээ, миний хувьд Ц.Отгонбаттай хамтран гэмт хэрэгт оролцсон хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй ээ, энэ талаараа Ц.Отгонбат ах өөрөө ч хэлэх байх. Харин Э.Төрбатын хувьд бол одоо хоригдож байгаа, саяхан шүүхээр шийтгүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/
Гэрч Э.Төрболдын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Бугант тосгоноос Ц.Отгонбат ах, Б.Мөнх-Эрдэнэ бид нар “Саудын гарам” гэх газар луу хамт явсан юм, миний хамт явсан учир нь би Сэлэнгэ явах унааны зардал олох гэж Ц.Отгонбат ахтай хамт явсан юм. Би Бугантад байхдаа Ц.Отгонбат ахаас мөнгө гуйх гэж очсон юм, тэгсэн Ц.Отгонбат ах “хамт хөдөө явъя тэгээд мөнгө өгнө” гэсэн юм. Би Ц.Отгонбат ахтай хамт алт угаагаад мөнгө олоод би авах ёстой байсан юм. Би усан буу руу нь ус шахдаг шланкийг нь зөөж, ойр зуурын ажлыг нь хийж тусалж байсан юм. Бид гурав өдөр л очсон цагийг нь сайн мэдэхгүй байна, эксковатарыг Ц.Отгонбат ах өөрөө жолоодож байсан юм. Бид нар олон газарт ухаагүй, цагдаа байгаль орчны хүмүүс ирэхэд ухсан байсан нүхээ зааж хэмжүүлсэн, тэрийг л ухаад байж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/
Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №18-04-003/04 дугаартай: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх хэсэгт “газрын хэвлийд учирсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож" нөхөн төлүүлэхээр заасан тул газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 720.000*2=1.040.000 төгрөг болж байх тул буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлж тухайн газрыг хэвийн байдалд оруулах шаардлагатай....” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/
2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайланд: “....26-60 УН улсын дугаартай 1995 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн 2008 онд гар аргаар сэргээн завсарласан HYUNDAI-2800 LC-3 маркийн шар өнгийн эксковаторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 03 дугаар сарын байдлаар 8.000.000 төгрөг болохыг тодорхойлов.
Жич: Үзлэг хийхэд гадаад өнгө үзэмж муудсан мотор болон нацос солигдсон, гинж катги одон дугуй муудаж дуу орсон их биенд гагнуур орсон сэргээн завсарласан хуучирсан байв.....” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-08 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 09-10 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-35, 40-43 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 50-51 дүгээр тал/
2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 54-57 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл 67-69 дүгээр тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Отгонбат нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны Их алт “Саудын гарам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Отгонбатын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Ц.Отгонбатын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 1.040.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэргийн улмаас байгаль экологид 1.040.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Ц.Отгонбат төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Отгонбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Отгонбатад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковатар, хүнд даацын ачигч машин, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонбатын гэмт үйлдэлдээ ашигласан 8.000.000 төгрөгийн үнэ бүхий HYUNDAI-2800 LC-3 маркийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Б.Батзоригт олгож, түүний үнэ 8.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Отгонбатаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин гар аргаар хийсэн алт угаах төхөөрөмж нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэний өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдохгүй байх тул энэ төрлийн гэмт хэрэгт ашиглагдаж болохуйц уг төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Оорцог хар бүргэд овогт Цэвээнжавын Отгонбатыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Оорцог хар бүргэд овогт Цэвээнжавын Отгонбатад 5400 нэгж тэнцэх хэмжээгээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.Отгонбатад оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Отгонбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ц.Отгонбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 1995 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн гар аргаар сэргээн засварласан HYUNDAI-2800 LC-3 маркийн шар өнгийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг, Ерөө сум Бугант тосгоны 3 дугаар баг Өлөнтийн 19 тоотод оршин суух Цагаан сахалт овогт Бямбасүрэнгийн Батзоригт /МТ87100915/ олгож, гар аргаар хийсэн алт угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Отгонбатаас 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
7.Ялтан Ц.Отгонбатад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ