| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2025/00594/и |
| Дугаар | 224/МА2026/00013 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 224/МА2026/00013
хариуцагч Увс аймгийн Ө сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00213 дугаар шийдвэртэй,
ЭИ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Ө сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох, худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 15,259,303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЭИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч ЭИ ХХК-ийн захирал Т.Б-ын гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00213 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь хариуцагч Увс аймгийн Ө сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан, дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дулааны үнэ тарифын зөрүү төлбөр 10,172,868.78 төгрөг, алданги 5,086,434.39 төгрөг, нийт 15,259,303.17 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэж, ЭИ ХХК-ийн, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 15,259,303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Харин шүүх ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан шинэчилсэн тарифын дагуу 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг тооцож, төлбөрийн зөрүүд 10,172,868.78 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 5,086,434.39 төгрөг, нийт 15,259,303.17 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Ө сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулахаар шаардлага гаргаж, үндэслэлээ: “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 07 дугаартай тогтоол нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдсэн тул хариуцагч тал уг шинэчилсэн тарифыг мэдсэн. Иймд шинэ тарифаар төлөх ёстой” гэх агуулгаар тайлбарласан.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ“ манай байгууллага 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5 тоот гэрээний үүргээ биелүүлж, дулааны төлбөрөө бүрэн төлсөн. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 07 дугаартай тогтоол нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т заасантай нийцээгүй. Тариф шинэчлэгдсэн талаар мэдээгүй, нэхэмжлэгч тал цаг тухайд нь шинэчлэгдсэн тарифын талаар мэдэгдээгүй, мөн шинэ тарифаар төлбөрийн нэхэмжлэх үүсгэж төлбөр нэхэмжлээгүй. Хэрэв тухайн үедээ шинэ тарифаар нэхэмжлэх үүсгэсэн бол бид тухайн үед нь өр үүсгээд ч болов төлөх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж дүгнэсэн байна.
5.1. Нэхэмжлэгч “ЭИ ” ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу Увс аймгийн Ө сумын төрийн байгууллага, аж ахуй нэгж, айл өрхөд гэрээгээр дулаан нийлүүлдэг байх бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Ө сумын Хүүхдийн цэцэрлэгтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээг 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан нь хэрэгт авагдсан гэрээ /1-р хх-ийн 14-17, 124-125-р тал/, зохигчдын тайлбараар нотлогдсон. Тус гэрээний 4.1-т: гэрээ хийх үеийн 1 м3 дулааны үнийг 1496 /НӨАТ орсон дүн/ төгрөг байхаар, мөн гэрээний 4.7-т: хангагч нь төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 25-ны өдөр өгөх ба хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэл авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөрөө бүрэн төлж байхаар тус тус тохиролцжээ.
Дулааны эрчим хүчээр хангагч “ЭИ ” ХХК нь хэрэглэгч байгууллага болох Увс аймгийн Ө сумын Хүүхдийн цэцэрлэгээс гэрээнд заасан хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг, гэрээнд заасан үнэ тарифаар тооцож, төлбөрийн нэхэмжлэхийг цахимаар үүсгэж хүргүүлж байсан, хэрэглэгч байгууллага болох Хүүхдийн цэцэрлэг нь төлбөрийн нэхэмжлэхэд заасан үнийн дүнгээр тухай бүр буюу 2023 оны 02 дугаар сарын 07, 2023 оны 02 дугаар сарын 28, 2023 оны 3 дугаар сарын 30, 2023 оны 4 дүгээр сарын 26, 2023 оны 5 дугаар сарын 29, 2023 оны 9 дүгээр сарын 29, 2023 оны 11 дүгээр сарын 01, 2023 оны 11 дүгээр сарын 27, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд төлбөрийг бүрэн төлж байсан нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт гэх баримт /хх-ийн 69-79, 125-142-р тал /-уудаар нотлогдсон байна.
5.2. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Тариф батлах тухай” 07 дугаартай тогтоол гаргаж, тус тогтоолоор 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Ө сумын төсөвт байгууллагын дулааны тарифыг 1 м3- 2,122 төгрөг /НӨАТ ороогүй дүн/, үйлдвэр аж ахуйн нэгжийн дулааны тарифыг 1 м3- 1,500 төгрөг /НӨАТ ороогүй дүн/, айл өрхийн дулааны тарифыг 1 м3-1,000 төгрөг /НӨАТ ороогүй дүн/ байхаар тус тус тогтоосон байна.
Гэвч нэхэмжлэгч тал 2023 оны 9 дүгээр сарын 15-аас 2023 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны дулааны төлбөрөө дээрх шинэчилсэн тарифаар тооцож нэхэмжлэх үүсгэж байгаагүй, харин талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 5 дугаар гэрээнд заасан үнээр тооцон нэхэмжилж байсан, хэрэглэгч байгууллага нь тухайн төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн үнийн дүнгээр төлбөрийг төлж байсан зэрэг нь хэргийн баримтаар нотлогдсон.
5.3. Нэхэмжлэгч талаас, дулааны эрчим хүчээр хангагч байгууллага нь тариф шинэчлэгдсэн талаар хэрэглэгчид мэдэгдэх үүрэггүй, хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний акт болох Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Тариф батлах тухай” 07 дугаартай тогтоолыг хариуцагч дагаж мөрдөх үүрэгтэй тул шинэчилсэн тарифаар төлбөрөө төлөх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “...Зохицуулах хороо нь эрчим хүчний тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэх буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ” гэж журамласан бөгөөд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь дулааны үнэ тариф нэмэгдсэн талаар хэрэглэгч Увс аймгийн Ө сумын Хүүхдийн цэцэрлэгт мэдэгдсэн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.
Хуульд зааснаар уг тариф тогтоосон зохицуулах зөвлөлийн тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлснийг гэрээний нэг тал болох хэрэглэгч байгууллагад мэдэгдсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн дээрх хуульд зааснаар аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь тарифын өөрчлөлтийн талаар хэрэглэгч талд мэдэгдэх үүрэгтэй хэдий ч гэрээний нэг тал буюу хангагч тал болох ЭИ ХХК-д уг үүрэг мөн хамааралтай. Нэхэмжлэгч тал хариуцагчид дулааны тариф өөрчлөгдсөн талаар мэдэгдсэн гэх, мөн түүнчлэн шинэчилсэн тарифын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал гаргасан, шинэ тарифын дагуу төлбөрөө нэхэмжилж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдоогүй.
5.4.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр, тухайн үед хариуцагч байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Э-ыг гэрчээр асуусан байх ба түүний мэдүүлгээр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл болон аймгийн Төрийн сангийн хэлтсээс дулааны үнэ тариф өөрчлөгдсөн талаар мэдэгдэл хүргүүлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
5.5. Талуудын хооронд байгуулагдсан, “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээний 4.1 дэх заалтад “1 м3 дулааны үнэ 1496 /НӨАТ орсон дүн/ төгрөг” гэж заасан, мөн гэрээний баталгаажуулах хэсэгт сар бүрээр нь график гарган төлбөрийг тооцоолсон байх ба хангагч тал гэрээнд заасан үнийн дүнгээр төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч тухайн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлж барагдуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал 2023 оны 9, 10, 11, 12дугаар саруудад 1м3 дулааны үнийг 1,496 төгрөгөөр тооцож нэхэмжилж байсан нь тогтоогдсон ба шинэчилсэн тарифын дагуу төлбөрөө нэхэмжлээгүй үндэслэл, шалтгаанаа нотолж чадаагүй байна.
Иймд нэхэмжлэгч тал Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор баталсан шинэ тарифыг үндэслэн хариуцагч талтай өмнө байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээ /гэрээний 4.1-д заасан үнэ өөрчлөөгүй/-д нэмэлт өөрчлөлт оруулаагүй тохиолдолд, шинэ тарифаар нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэлээ.
5.6. Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан боловч энэхүү заалтаар хэрэглэгч буюу хариуцагч талыг буруутгах үндэслэлгүй. Учир нь дулааны эрчим хүчээр хангах харилцаа нь хуулиар үүссэн бус гэрээний үндсэн дээр үүсэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, талууд харилцан тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт, оруулах эрхтэй болно.
Энэхүү агуулгын хүрээнд зөвхөн хэрэглэгч бус хангагч байгууллага гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах үүргээс чөлөөлөгдөхгүй. Хангагч байгууллага буюу нэхэмжлэгч тал тарифын өөрчлөлттэй холбогдуулан гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал гаргаагүй байх бөгөөд шинэчилсэн тарифаар бус гэрээгээр тохиролцсон үнийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж байсан байна.
Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу буюу “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” 05 дугаар гэрээгээр тохиролцсон үнийн дагуу хэрэглэсэн дулааны төлбөрөө төлсөн нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.
Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
5.7. Харин анхан шатны шүүх шийдвэртээ, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасныг тайлбарлаж хэрэглэсэн нь буруу байна.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэдэг нь талууд анх тохиролцсон үүргээс өөр төрлийн үүрэг хүлээлгэн өгч үүргийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцохыг ойлгоно. Өөрөөр хэлбэл тодорхой ажил гүйцэтгэх үүргийн оронд мөнгө төлөх, нэг төрлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх үүргийн оронд адил үнэлгээ бүхий өөр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, эсхүл үйлчилгээ үзүүлэх зэргээр үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөр үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэх ёстой үүргээ бусад өөр төрлийн үүргээр дүйцүүлэн гүйцэтгэхийг ойлгоно.
Хариуцагч нь гэрээнд заасан, дулааны төлбөрийг мөнгөөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх тул өөр үүргийн гүйцэтгэлээр үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхгүй.
5.8. Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00213 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтыг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтыг баримтлан” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,247 /хоёр зуун гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00213 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2” гэснийг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ЭИ ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЭИ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН