Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 515

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би “*******” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” СӨХ-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* СӨХ нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*******” ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд дээрх иргэний хэргийг шийдвэрлүүлэх, шүүхээс гаргах шийдвэрийг харгалзан “*******” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2016/1506 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн нэхэмжлэлээ дэмжих, дэмжихгүй эсэх нь тодорхойгүй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2016/15-06 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч “*******” СӨХ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” СӨХ Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2016/15-06 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарлсугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР