Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1146

 

 

 

 

 

 

 

Б.Батбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                            

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/02187 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Б.Батбаярын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: “Гутал” ХК, гүйцэтгэх захирал Ц.Төмөр нарт холбогдох

 

“Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурал, эдгээр хурлаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч: Б.Батбаяр,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Ц.Цолмонбат,

         Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Билгүүн, З.Сүхбаатар,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 80.5 дахь заалтыг зөрчин бүрэлдэхүүнгүй хийсэн "Гутал" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хийсэн хурал болон 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хууль бусад тооцуулах, эдгээр хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг мөн хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 14.1, 26.2 дахь заалтуудыг үндэслэн гаргаж байна. “Гутал” ХК нь 1 618 684 ширхэг гаргасан хувьцаатай. Үүнээс: Б.Батбаяр миний бие нь өөрийн хүүхдүүдийн хамт тус "Гутал" ХК-ийн нийт хувьцааны 44,2 хувь буюу 715 935 ширхэг хувьцааг эзэмшдэг болно. … Компанийн нийт хувьцааны 44,9 хувийг Ц.Төмөрийн гэр бүл, 2 хувийг компанийн халаасны хувьцаа, үлдэх 8 хувийг жижиг хувьцаа эзэмшигч 1173 хүн эзэмшдэг юм. "Гутал" ХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаараа 9 гишүүн бүхий төлөөлөн удирдах зөвлөлийг сонгож тухайн жилдээ ажиллуулдаг. ТУЗ-ийн 6 энгийн гишүүний 3 нь манай гэр бүлээс, үлдэх 3 нь Ц.Төмөрийн гэр бүлээс, мөн хараат бус 3 гишүүнтэйгээр ажиллаж ирсэн. "Гутал" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж дээрх гишүүд бүхий төлөөлөн удирдах зөвлөлийг сонгосон. … Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу эдгээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх нь дараагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл хүчин төгөлдөр байдаг билээ. Хувьцаа эзэмшигчид бид тухайлсан асуудал бүрээр хуулийн байгууллагад хандсан байгаа болно. Гэтэл Ц.Төмөр нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өөрийн нэгдмэл ашиг сонирхол бүхий эхнэр Ч.Долгормаа, охин Т.Даариймаа, хараат бус байх ёстой атлаа Ц.Төмөрөөс хараат болсон Б.Бүүвэй, О.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэйгээр төлөөлөн удирдах зөвлөлийн гэх хурлыг хуралдуулсан юм. Энэ хурал нь дараахи хуулийн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хурал юм. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт зааснаар гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох ёстой билээ. Дийлэнх олонх гэдгийг гишүүдийн 3/2 буюу 66,66%-ийн ирцтэй байхыг шаардсан хуулийн зохицуулалт гэж ойлгож байгаа ба манай компанийн хувьд 6 гишүүн хуралд оролцсоноор хүчин төгөлдөр хурал болох ёстой. Гэтэл Ц.Төмөр, Ч.Долгормаа, Т.Даариймаа, Б.Бүүвэй, О.Буяннэмэх гэсэн 5 гишүүний ирцтэйгээр хуралдаж, компанийн удирдлагатай холбоотой хууль бус шийдвэрүүд баталж, 5 хууль бус тогтоол гаргаад байна. Энэ хурлын дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөн дээрх бүрэлдэхүүнтэйгээр дахин хууль бус хуралдаж, Ш.Ууганжаргалыг ТУЗ-ийн гишүүнээр томилсон болно. Энэхүү ТУЗ-ийн хурал гэдэгтээ Ш.Ууганжаргалыг ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнд тоолж ирц бүрдүүлсэн. Үүнээс хойш ч энэ хууль бус бүрэлдэхүүнээр дахин хурал хийсээр байгаа бөгөөд хууль бус шийдвэрүүдийг гаргаж байгаа нь тус компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх, эрх ашигт ноцтой хохирол учруулж байна. Энэ байдал даамжирсаар компанийн нэр хүндийг унагах төдийгүй, бусад харилцагчтай хийсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болох, компанийн эд хөрөнгө шамшигдах байдалд хүрч байна. Компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж хууль бус төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулж байгаа нь "Гутал" ХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан бүх хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гаргасан шийдвэрийг уландаа гишгэж тэдний эрх ашгийг дараа жилийн ээлжит хурал хүртэл хохироох байдалд хүргэж байна. Иймд Компанийн тухай хуулийн 80.5 дахь заалтыг зөрчин бүрэлдэхүүнгүй хийсэн "Гутал" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хийсэн хурал болон 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хууль бусад тооцуулах, эдгээр хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг мөн хууль бусад тооцуулж өгнө үү. “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигч ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн даргынхаа хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 14.1 26.2, Компаний тухай хуулийн 80.5 тус тус зөрчиж бүрэлдэхүүнгүй хуралдсан 2015 оны 10 сарын 9-ний өдөр болон 2015 оны 10 сарын 16-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хүчингүйд тооцуулах, тэдгээрээс гарсан № 01, 02, 03, 04, 05, 06 тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаар “Гутал” ХК, “Гутал” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрийг татаж өгөхийг нэхэмжлэлдээ тусгасан.  Ц.Төмөр нь одоо “Гутал” ХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа, эрх бүхий албан тушаалтан юм. Компанийн тухай хуулийн 78.2-т заасныг мөн зөрчсөн бөгөөд ТУЗ дарга хурлыг зарлах ёстой байтал ТУЗ-ийн гишүүд хурлыг зарлан хууль зөрчсөн байна. Энэ 2 хурал нь процессийн хувьд хууль зөрчсөн, “Гутал” ХК-ийн дүрмийн 7.30-д заасныг мөн зөрчсөн байна. Мөн эчнээ санал хураалтаар санал аваагүй, энэ талаар баримтгүй. Намайг удаа дараа хурал зарлахад ирдэггүй гэж байгаа боловч маргаантай асуудлууд байгаа болохоор энэ талаарх санал, мэдэгдэл бүгдийг хүргүүлж байснаас шалтгаангүйгээр оролцоогүй юм байхгүй. Иймд хууль бус хууль зөрчиж хийсэн хурлууд, тэдгээрээс гарсан тогтоолуудыг хүчингүй болгож, “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дэх  хэсэгт зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох бүрэн эрхийнхээ хүрээнд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр нэр бүхий 6 гишүүн, хараат бус гишүүнээр нэр бүхий 3 гишүүн, нийт 9 гишүүнийг сонгож, ТУЗ-г хуульд заасан журмын дагуу байгуулсан. Ийнхүү байгуулагдсан ТУЗ нь Компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлыг сонгох, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Номин реалтор” ХХК болон “Гутал” ХК нарын хооронд байгууллагадсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний дагуу “Номин реалтор” ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтыг баталгаажуулах асуудал, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам хэлэлцэж батлах болон бусад нэн чухал олон асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх олон мянган хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхолыг хангах үүднээс компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг удирдлага зохион байгууллалтаар хангах, компанийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед компанийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж ажиллах зэрэг хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх болон гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах хариуцлагатай үүргийг хүлээсэн. Энэхүү өндөр хариуцлагатай үүргүүдээ биелүүлэх үүднээс компанийн ТУЗ-н нэр бүхий 5 гишүүний зүгээс ТУЗ-н хурлыг хууль, дүрэмд заасан журмын дагуу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөг хүртлэх хугацаанд маш олон удаа /нийт 18 удаа/ зарласан. ТУЗ-н хуралдаанд нэхэмжлэгч Б.Батбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт ирдэггүй, зарим нэг удаа ирсэн ч орхиж гардаг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ТУЗ-н хурлаас хойш өнөөдрийг хүртэл ТУЗ-н хурал 2015 оны 10 дугаар сарын 16, 2015 оны 10 дугаар сарын 23, 2015 оны 11 дүгээр сарын 6, 2015 оны 11 дүгээр сарын 16, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус 5 удаа хуралдсан бөгөөд компанийн зүгээс нэхэмжлэгчид зохих журмын дагуу хурлын зарыг хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч мөн л эдгээр хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгчийн энэхүү эс үйлдэл нь компанийн удирдлагыг тогтворгүй байлгах замаар компанийн хэвийн үйл ажиллагаанд хохирол учруулах, улмаар олон мянган хувьцаа эзэмшигчийн эрх, ашиг сонирхолд бүдүүлгээр халдсан хариуцлагагүй эс үйлдэл гэж хариуцагчийн зүгээс дүгнэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь энэхүү хариуцлагагүй бусдын эрх ашигт хохирол учруулсан, хууль тогтоомжид заасан ТУЗ-н гишүүний эрх хэмжээгээ өөрийн ашиг сонирхолдоо урвуулан ашигласан үйлдлээ олон мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг  хамгаалсан үйлдэл мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь хачирхалтай байна. ТУЗ нь компанийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй бөгөөд зарим ТУЗ-ийн гишүүний хариуцлагагүй байдлаас болж, компанийн үйл ажиллагаа доголдох, өмч хөрөнгө эзэнгүйдэх ёсгүй бөгөөд ТУЗ нь тогтвортой хуралдаж, Компанийн тухай хууль болон “Гутал” ХК-ийн дүрэмд заасан асуудлаар шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй билээ. Ийнхүү хуралдаж, тодорхой асуудлыг шийдвэрлэж, компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулахгүй бол компанийн мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн төлөөлүүлэх, ногдол ашиг авах эрх, олон ажилтны хөдөлмөрлөх, амрах, цалин хөлс авах эрх, хуулийн этгээд  эд хөрөнгөө эрхлэн удирдах, хамгаалах эрх зөрчигдөхийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, харилцагч түншүүдийн өмнө хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөж, ихээхэн хэмжээний хохирол, алданги төлөхөд хүрнэ. Улмаар компанийн ажил хэргийн нэр хүнд, харилцагч түншүүдийн итгэл алдарч, дээрх дагавраас гадна нөхөж боломгүй хохирол амсахаар байна. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ТУЗ-ийн хурлын тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлд дурьдахдаа “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасныг баримталж, ТУЗ-ийн хурлыг хуралдуулаагүй, ТУЗ-ийн хурлын тогтоолууд нь хуульд нийцэж гараагүй гэжээ. Төлөөлөн удирдах зөвлөл 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хуралдаж, 5 гишүүн биечлэн, 3 гишүүн эчнээ саналаар оролцсон буюу 88.88 хувийн ирцтэйгээр ТУЗ-ийн хурал хуралдсан болно. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалт,  “Гутал” ХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.34 дэх заалтад тус тус заасны дагуу 3 гишүүн эчнээ санал хураалтаар санал өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болоогүй. Монгол Улсын Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэгт заасанд  нийцүүлж, ТУЗ-н гишүүдэд хүргүүлсэн хурлын зард хавсаргасан эчнээ санал авах хуудсанд хэрэв саналаа ирүүлээгүй бол хэлэлцэх асуудлыг дэмжсэнд тооцно” хэмээн тусгасан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хурлын зарыг хүлээн авсны дараа Б.Батбаяр 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өөрийн гарын үсэгтэй “хуралд оролцохгүй” гэх хариу бичиг ирүүлсэн бөгөөд үлдсэн 3 гишүүн нь хариу ирүүлээгүй тул зөвшөөрсөн гэж үзэж хурлаар хэлэлцэх асуудлыг дуугүй байх замаар дэмжсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ийнхүү ТУЗ-ийг хуралдуулж, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал нарыг сонгож, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад гэрээт байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахгүй бол компанийн үйл ажиллагаа нь зогсох төдийгүй мянга мянган хувьцаа эзэмшигч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байсан. Иймд энэхүү ТУЗ-ийн хурал нь 88.88 хувийн ирцтэйгээр хуралдаж шийдвэр гаргасан тул хурал хүчин төгөлдөр, шийдвэрүүд мөн адил хүчин төгөлдөр бөгөөд Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан гэж хариуцагчийн хувьд үзэж байна. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ТУЗ-ийн хурлын тухайд: Тус өдрийн хурлаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ТУЗ-ийн хараат бус гишүүний оронд түр томилогдох ТУЗ-ийн гишүүн тус бүр нэр дэвшүүлэх, сонгогдсон гишүүнийг түр томилох асуудал болон өөр бусад 4 асуудлын талаар хэлэлцсэн. Тухайн ТУЗ-ийн хурлын ирц нь 6 гишүүн биечлэн оролцсон буюу 66,66 хувийн ирцтэйгээр хуралдсан тул Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсгийг зөрчөөгүй. Тухайн өдрийн хурлаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ТУЗ-н хараат бус гишүүн Х.Алтайгийн оронд Ш.Ууганжаргалыг ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сонгосон нь чөлөөлөгдсөн хараат бус гишүүний оронд Б.Амарсанаа болон 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хараат бус гишүүнд нэр дэвшсэн Б.Ууганжаргал, Б.Баянмөнх нар нэрээ дэвшүүлсэн. Тус өдрийн ТУЗ-ийн хуралд Б.Ууганжаргал нь биечлэн оролцсон. Б.Баянмөнх нь ТУЗ-ийн гишүүн Б.Батбаярын туслах тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн түүнийг томилоогүй. Тухайн өдрийн ТУЗ-ийн хуралд оролцсон нийт гишүүдийн 100 хувийн саналаар Б.Ууганжаргалыг томилсон. Хэдийгээр ТУЗ-ийн гишүүнийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой боловч Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дах хэсэгт “компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, эсхүл нас барсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийг нөхөн сонгууль хүртэл төлөөлөн удирдах зөвлөл түр томилж болно” гэж заасны дагуу ТУЗ түр орлох гишүүн Б.Ууганжаргалыг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсанаас хойш нийт 18 удаа ТУЗ-ийн хурлыг зарлахад ТУЗ-ийн хуралдаанд нэхэмжлэгч Б.Батбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр огт ирдэггүй, зарим нэг удаа ирсэн ч орхиж гардаг. ТУЗ-ийн гишүүний хувьд үүргээ биелүүлж, ТУЗ-ийн хуралд ирж, хэлэлцэх асуудлыг шийдвэрлэхэд саналаа өгч, оролцох ёстой байтал одоог хүртэл нийт 8 сар ТУЗ-н гишүүний үүргээ биелүүлэхгүй бөгөөд ТУЗ-ийн эсрэг ийнхүү үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хийсэн хурал болон 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хууль бусад тооцуулах, эдгээр хурлаас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг мөн хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 80 дугаар зүйлийн 80.5, 80.6-д зааснаар “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хурал болон 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн 01, 02, 03, 04, 05, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат болон өмгөөлөгч З.Сүхбаатар, Э.Билгүүн нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр бүлэгт компанийн удирдлагын эрэмбэ дарааг хуульчилсан. Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд ТУЗ-ийн гишүүдийг томилдог ба ТУЗ нь гүйцэтгэх удирдлагыг сонгож, гэрээ байгуулан ажилладаг. Гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Харин хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлын эрх хэмжээг эдлэх эрх зүйн ямар ч боломжгүй юм. Тодруулбал Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6, 83.7, 83.9, 83.11 дэх хэсгүүдэд зааснаар гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ийн хурлын өмнө үүрэг, хариуцлага хүлээдэг. Хэрэв компанийн гүйцэтгэх удирдлага компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ийн хурлыг тухайн тохиолдолд олгосон иттэмжлэлгүйгээр төлөөлвөл компанийн удирдлагын тогтолцоо хямрахад хүрдэг. Тийм ч учраас Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт Компанийн гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-ийн дарга байхыг хориглосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд байдаг. Гэтэл бодит байдалд “Гутал" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөр нь ТУЗ-ийн хурлыг даргалаагүй, ТУЗ-ийг төлөөлөх эрхгүй, ТУЗ-ийн шийдвэрийг гаргаагүй этгээд юм. Энэ тохиолдолд хариуцагчийг солих ажиллагаа хийгдэх ёстой. Энэ талаар нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй болно. Тийм байтал шүүхийн шийдвэрийн 11 дэх талд гүйцэтгэх захирал компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлнө гэсэн зөвхөн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээнд хамаарах Компанийн тухай хууль болон “Гутал” ХК-ийн дүрмийн холбогдох зохицуулалтыг баримтлан ТУЗ-ийн хурлыг төлөөлөх эрхтэй гэж дүгнэлт хийсэн. Энэ нь дээр дурдсан Компанийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтад үл нийцэх юм. Б.Батбаяр нь О.Буяннэмэх даргатай “Гутал” ХК-ийн ТУЗ-ийн хурал, түүнээс гарсан шийдвэрүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх гүйцэтгэх захирал Ц.Төмөрт холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, эл алдааг хэлсээр байхад хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Батбаяр нь хариуцагч “Гутал” ХК, гүйцэтгэх захирал Ц.Төмөр нарт холбогдуулж “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурал, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 01, 02, 03, 04, 05, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох, хороод байгуулж гишүүдийг сонгох, төлөөлөн удирдах зөвлөлөөс ерөнхий захиралтай байгуулах гэрээг батлах, журам хэлэлцэн батлах, зөвлөлийн гишүүн Х.Алтайгаас гаргасан өргөдлийг хэлэлцэх, “Номин реалтор” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулах, үнэлгээний аж ахуйн нэгж байгууллагыг сонгох ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг тус тус хэлэлцэж 01, 02, 03, 04, 05 тоот тогтоолуудыг гаргасан байна. /1-р хх-ийн 14-32 дугаар тал/

                                                                                         

             Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар ТУЗ-ын дэргэдэх хороод байгуулах, хороодын гишүүдийг сонгох, нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан  гишүүний оронд түр томилох, “Номин реалтор” ХХК-ийн түрээсийн зүйлд оруулсан хөрөнгө оруулалтыг баталгаажуулах үнэлгээний аж ахуйн нэгж байгууллагыг сонгох, бусад нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг ТУЗ-ын дарга, ерөнхий захирал хэлэлцүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж 06 тоот тогтоол гаргажээ. /1-р хх-ийн 47,2-р хх-ийн 213-220 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч Б.Батбаяр нь “Гутал” ХК-ийн 7.27 хувийн хугацааг эзэмшдэг, тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн мөн байх тул тэрээр шүүхэд шаардлага гаргах эрхтэй этгээд гэж анхан шатны шүүх үзсэн нь зөв. Нэхэмжлэгч нь төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурал нь гишүүдийн ирц дутуу хуралдсан тул хурлаас гарсан шийдвэрүүд хүчингүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

            Хариуцагчаас төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд зөвлөлийн гишүүн  Б.Бүүвэй, О.Буяннэмэх, Т.Дарима, Ч.Долгормаа, Ц.Төмөр нар биечлэн оролцож, Х.Алтай, Б.Батхишиг, Б.Баттөр нараас эчнээ санал авч нийт гишүүдийн 88,88 хувийн ирцтэйгээр хуралдсан, гишүүн Б.Батбаярт нийт 18 удаа хурлын зарыг  хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хуралдсан гэх тайлбар үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Учир нь Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д “төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гишүүдийнх нь дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасан ба төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд Б.Бүүвэй, О.Буяннэмэх, Т.Дарима, Ч.Долгормаа, Ц.Төмөр нар биечлэн оролцсон нь гишүүдийн 55 хувийн ирцтэй байжээ. Компанийн тухай хуулийн 80.6-д “хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн дүрмээр тусгайлан өндөр хувь тогтоогоогүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд дийлэнх олонхийг 66.6 хувь болох талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  Иймд гишүүдийн ирц  хүрэлцэхгүй байхад хурлыг явуулсан нь хууль зөрчжээ.

 

            Х.Алтай, Б.Батхишиг, Б.Баттөр нар хуралд эчнээгээр оролцож, саналаа өгсөн гэж хариуцагч тайлбарлах боловч тэдгээрийн өгсөн санал байхгүй тул тэднийг санал өгсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл  эчнээ санал авах журмыг Компанийн тухай хуулийн 73 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд  мөн хуулийн 73.7 дахь хэсэгт зааснаар саналыг ирүүлснээр эчнээ санал хураалт хүчинтэй болохоор байжээ. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаас үзвэл эчнээ санал хураалтын саналын хуудасд гишүүд гарын үсэг зураагүй,  огноо бичигдээгүй тул тэдгээрийг саналаа өгсөн, хуралд эчнээгээр оролцсон гэж ирцэд бүртгэх үндэслэлгүй болно.  Иймд анхан шатны шүүх “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлууд нь хууль зөрчсөн, хүчингүй гэж үзсэн тул дээрх хурлуудаас гарсан ¹01, 02, 03, 04, 05, 06 тоот тогтоолуудыг Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

            Түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаяраас хуралд оролцох боломжгүй байгаа талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

            Хэдийгээр нэхэмжлэгч нь “Гутал” ХК болон гүйцэтгэх захирал Ц.Төмөр нарыг хариуцагчаар тодорхойлсон боловч гүйцэтгэх захирал Ц.Төмөр нь дангаар төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааныг хуралдуулж, шийдвэр гаргах эрхгүй этгээд тул Ц.Төмөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй алдаа гаргасныг  давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна. Мөн шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн зохицуулалт баримталсан байгааг зөвтгөв.        

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/02187 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

           1 дэх заалтыг “Компаний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5, 80.6-д зааснаар “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 9, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлууд  болон дээрх хурлуудаас гарсан ¹01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Ц.Төмөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА          

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                            

                                                                                                   Г.ДАВААДОРЖ