Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0442

 

“ХАЭХХХ” НҮТББ-ын удирдах

зөвлөлийн дарга А.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Н.Т нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “ХАЭХХХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-ын 1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “ХАЭХХХ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга А.Б-аас гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг /” ХАЭХХХ” НҮТББ-аас иргэн П.Б-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг/ хууль бус байсан болохыг тогтоолгох тухай, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах хэсэг болох П.Б-ээс Н.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах, сөрөг нөлөөлөл бүхий хэсэг болох Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Миний бие А.Батаа нь “ХАЭХХХ” НҮТББ-ийн удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. Тус холбооны удирдах зөвлөлөөс А.Б надад итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн дагуу Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд,

1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжийн Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаартай захирамжийн өөрт хамаарах хэсгийг “ХАЭХХХ” НҮТББ-аас иргэн П.Б-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай”,

2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах хэсэг болох П.Б-ээс Н.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай,

3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжийн өөрийн эрх ашигт хамаарах, сөрөг нөлөөлөл бүхий хэсэг болох Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан юм. Гэтэл тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийдвэрээр миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргасан байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан эрх шилжүүлэх гэрээг байгуулаагүй байхад газрын эзэн буюу төр газрын тухай хуулийн хэрэгжилтийг, баримт бичгийн бүрдлийг хангуулахгүйгээр, тодруулахгүйгээр газар эзэмших эрхийг шилжүүлж захирамж гаргасан үйл ажиллагааны хүрээнд, энэхүү үйл ажиллагааны хууль бус шинжийн дагуу нэхэмжлэлээ гаргаад байгааг шүүх ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа нь тус заалтын 38.2-т заасан баримт бичгийн бүрдэл бүрэн хангагдаж байж эрх шилжүүлэх үйл ажиллагаа хууль ёсны болох байсан. Гэвч талууд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд шаардагдах нэн тэргүүний баримт бичиг болох “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” байгуулаагүй нь энэ заалтаас хойшхи бүх заалтуудыг буюу 38.2.2-38.2.4 дэх заалтуудыг хууль ёсны, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй болгосон.

Хэрвээ Б.Л болон П.Б нарын хороонд газрын тухай хуулийн 38.2.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байсан бол тухайн гэрээний хууль зүйн үндэслэл, хууль ёсны эсэх талаар бидний зүгээс Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, нотариачаар баталгаажаагүй байна. Дээрх байдлаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан эсэхийг хянах, улмаар төрийн бус байгууллагын өмчийн эзний Удирдах зөвлөлийн хууль ёсны итгэлийг төр хамгаалах үүрэг нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “газар төрийн хяналт хамгаалалтанд байна”, 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” заасан зарчмуудаас харагдана.

Дээрх зарчмууд нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.3-т “ Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна” гэсэн заалттай уялдаж хэрэглэгдэх ёстой.

Тухайлбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-т “Энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”-ийг тодруулах тухайн шатны засаг дарга тодруулах үүрэгтэй, энэ үүргээрээ газар эзэмших гэрээ байгуулагдахад эрх ашиг нь хөндөгдөж болох бусад этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй, Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх хууль бус шинжүүдээс Б.Л-ээс П.Б-д, П.Б-ээс Н.Б-д газар эзэмших эрх шилжүүл Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн болон мөн аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаартай захирамжуудын холбогдох хэсгүүдийг нь хууль бус байсныг тогтоолгох, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжийн Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан эсэхийг тодруулах үүргээ аймгийн Засаг дарга биелүүлсэн эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”-ын хүрээнд тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “хэргийн үйл баримт нөхцөл байдлын талаар” дүгнэлт хийхдээ дээр дурьдсан газар эзэмших эрх шилжүүлэх харилцаа үүссэн эсэх, үүссэн бол ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр үүссэн, үүнийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-т зааснаар тодруулах үүргээ тухайн шатны засаг дарга биелүүлсэн эсэхэд ямар ч дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрийн алдаатай болсон тодорхой харуулж байна.

Түүчлэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэт явцуу утгаар түүний нэхэмжлэлийн өчүүхэн, хэргийн үйл баримтад чухал ач холбогдолгүй хэсгээс дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг “...газрыг өмчлөх асуудал нь тухайн байгууллагын дүрмээр болон хуулиар “ХАЭХХХ” НҮТББ-д эрх олгогдоогүй түүнчлэн нэхэмжлэгч нь өмнө байсан байгууллагынхаа даргын үйл ажиллагааг буруутган, түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм” гэх мэтээр дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг огт ойлгоогүй болох нь илэрхий байна.

Нэхэмжлэгч нь:

1. Газрыг өмчлөх эрхийн талаар маргаагүй,

2. Нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн өмнө байсан байгууллагынхаа даргын үйл ажиллагааг буруутгаж түүний гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн агуулгагүй. Харин эрх шилжүүлэх гэрээгүй байхад Газрын тухай хуулийн 38.2-т заасан шаардлага хангаагүй байхад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1-т заасан тодруулах үүргээ тухайн шатны засаг дарга биелүүлэлгүй хууль бус захирамж гаргасны улмаас газар эзэмших эрх хууль бусаар бусдад шилжсэн талаар маргаан үүсгэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон юм. Хэрвээ тухайн шатны Засаг дарга тодруулах үүргээ биелүүлж, хуулиа мөрдсөн бол тухайн төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр тухайн газрын эзэмших эрх бусдад шилжих ямар ч боломжгүй болж, гүйцэтгэх захирал Б.Л хууль бусаар тоот хүсэлт явуулаад ч тухайн хүсэлт биелэгдэх боломжгүй байсан юм. Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгчээс “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/238 дугаар захирамжийн “ХАЭХХХ” НҮТББ-аас иргэн П.Б-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/256 дугаар захирамжийн П.Б-ээс Н.Б-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/289 дугаар захирамжийн Н.Б-өөс Л.Ч-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Ийнхүү “ХАЭХХХ” НҮТББ нь маргаан бүхий актуудаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-д тус тус заасныг зөрчсөн хэмээн маргасан байхад энэ талаарх үйл баримтыг тогтоосон баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гарах тохиолдолд хуульд тусгайлан заасан баримтуудыг бүрдүүлэх ёстой бөгөөд 38.2.1-д “нотариатаар гэрчлүүлсэн гэрээ” гэж зааснаар газар эзэмших эрх шилжүүлж буй болон шилжүүлэн авах этгээдүүдийн хооронд гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай бөгөөд ийнхүү хуульд заасан шаардлагыг хангасан эсэхээс хамаарч маргаан бүхий актууд үндэслэлтэй эсэх тухайд дүгнэлт хийх нь боломж бүрдэх юм.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг хэрэгт цуглуулж, тодруулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Хэдийгээр Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2/36 дугаар албан бичгээр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас маргаан бүхий газрын хувийн хэргийг нотлох баримтаар шаардсанд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 4/111 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн байх боловч тус хувийн хэрэгт талуудын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ авагдаагүй байгаа нь тус нотлох баримт гүйцэт эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзвэл “ХАЭХХХ” НҮТББ-ын 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай Газрын харилцаа, геодези барилга хот байгуулалтын албанд хүргүүлсэн албан бичигт “...хувийн агуулах гражийг зарсан тул уг эзэмшил газраас урт нь 63 метр, өргөн нь 50 метр газрыг П.Б-д шилжүүлэн өглөө...” хэмээн дурьдсан байх тул Р.Л болон П.Б нар маргаан бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

Мөн гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус П.Б, Н.Б болон Л.Ч нарын байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ иргэний хэрэгт авагдсан байсан тухай мэдүүлсэн тул анхан шатны шүүх Б.Л болон П.Б нар маргаан бүхий газрын эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулсан эсэх асуудлыг Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт бичиг баримтын үзлэг хийн маргаан бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА