Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01219

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/08331 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Илүү цагаар ажилласан нэмэгдэл цалин хөлс 8,560,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2024 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлс 8,560,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажлыг уртын ээлжийн горимоор нэг ээлжинд 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар ажиллаж байсан. /хх 65-74/

4. Талуудын хооронд үүссэн дээрх хөдөлмөрийн эрхийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан маргаанд хамаарах тул нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах байгууллагад гомдлоо гаргана.

4.1 Нэхэмжлэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2024 оны 10, 11, 12 дугаар сарын илүү цагийн хөлсийг нэхэмжилж *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна. /хх 12-13/ Иймд анхан шатны шүүх 2024 оны 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлстэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт нийцжээ. Нэхэмжлэгч уг шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй.

5. Хариуцагч байгууллагаас 2024 оны 12 дугаар сарын цалин хөлсийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын илүү цагийн хөлсний талаар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасан 90 хоногийн хугацаа хэтрээгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2024 оны 12 дугаар сарын илүү цагийн хөлсний тухайд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгчийн ажиллаж буй ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэсэн байна.

Ажилтныг уртын ээлжээр ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт зааснаар нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байхаар, мөн зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж олгохоор зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд уртын ээлжийн ажилтны нэг өдрийн ердийн ажлын үргэлжлэх хугацааг 12 цаг гэж үзэх боломжгүй, ердийн ажлын нэгэн адил өдрийн 8 цагийг баримтлах ба мөн нэг ээлжид 14 хоног ажиллах, энэ хугацаанд илүү цагаар ажиллуулах бол өдөрт 4 цагаас илүүгүй байх, амрах хугацааг 14 хоног гэж тогтоосон нь уг хугацаанд өдөрт илүү ажилласан 4 цаг багтаагүй буюу ажилтныг нөхөн амраасан гэж үзэхгүй юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй. Энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв болсон.

6.1 Харин анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын илүү цагийн хөлсийг тооцоолохдоо 56 цаг гэж тооцон, үүнийг 1.5 дахин нэмэгдүүлэн 2,660,028 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан цагийн тооцооллын хүсэлтээс харахад хариуцагч байгууллагаас 2024 оны 12 дугаар сард илүү цагийг 14 цагаар бодож 1.5 хувиар тооцон нийт 665,021 төгрөгийг, үлдэх 42 цагийн хөлсийг 1 хувиар тооцон нэхэмжлэгчийн цалин хөлсөнд олгосон байна. /хх 84/

Иймд нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сард илүү цагаар ажилласан 56 цагаас 14 цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж авсан, мөн 42 цагийн илүү цагийн хугацаанд ногдох хөлсийг ажил олгогч олгосон байх тул зөрүү 0.5 хувиар тооцон 2024 оны 12 дугаар сарын дутуу олгогдсон /2,660,028168*42/ илүү цагийн хөлс 665,007 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулан нэхэмжлэгч *******т олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын цалин хөлсөө бүхэлд нь авсан байхад 12 сарын илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж тооцсон нь хууль зөрчсөн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангана.

7. ******* болон *******-ийн уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, ******* орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2025-2027 оны хамтын гэрээ нь 2025 онд хамаарахаар байх тул 2024 оны 12 дугаар сарын илүү цагийн хөлс шаардсан нэхэмжлэлд тус гэрээ үйлчлэхгүй. /хх 56-64/ Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг заалтыг хассан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 665,007 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,895,893 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/08331 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 665,007 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,895,893 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 51,510 гэснийг 20,510 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 57,511 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

М.БАЯСГАЛАН