| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0798/э |
| Дугаар | 799 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 799
2019 09 07 2019/ШЦТ/799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: Н.Түвшинбаяр;
шүүгдэгч: Э.Уяабаатар (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбатын Уяабаатарт холбогдох эрүүгийн 1909030380931 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “Соутлик” ХХК-д хулдаас наалтын ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багт оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 40-478 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, НБ79083113 регистерийн дугаартай, Боржигон овогт Эрдэнэбатын Уяабаатар.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Уяабаатар нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 40-478 тоотод эхнэр Ч.Үржинбадамтай хувийн таарамжгүй харьцааны улмаас түүнийг түлхэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Уяабаатар мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ч.Үржинбадам /хх-ийн 18-20/, гэрч Н.Анударь /хх-ийн 23-25/, Н.Батцэцэг /хх-ийн 26-28/ нарын мэдүүлсэн мэдүүлэг, Э.Уяабаатарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9486 тоот дүгнэлт /хх-ийн 30/, Э.Уяабаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-50/, Ч.Үржинбадамын хүсэлт /хх-ийн 51/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Уяабаатар нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 40-478 тоотод Ч.Үржинбадамтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ч.Үржинбадамын мэдүүлсэн /хх-ийн 18-20/: “... Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний орой 21-22 цагийн орчим гэртээ байж байхад Уяабаатар бид хоёрын дундаас гарсан 3 настай Гарьд маань дунд эгч буюу Анударийн бие рүү нь модоор 2-3 удаа цохисон. Тэгтэл охин Анударь маань Гарьдын бөгсийг гаргаж байгаад бас хоёр гурван удаа алгадтал Э.Уяабаатар уурсаж босож ирээд ёс бус үг хэлэхээр нь би маргалдаж улмаар хэрэлдсэн. Тэгтэл намайг аяны төмөр сандлаар 1 удаа, хүүхдийн коршонкоор 1 удаа, гараараа мөн 1 удаа цохисон. Бас цээж рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн намайг түлхэж унагаасан. Би тэр үед нь их эвгүй гишгэгдэл алдаад хөл маань хавдаад хөндүүр болсон. ... Миний хөлийн шагайны хавчаар яс хугарсан гэсэн” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Анударийн мэдүүлсэн /хх-ийн 23-25/: “... 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэртээ гэр бүлийнхээ хамтаар байж байхад дүү Гарьд модон сандал барьж ирээд миний нуруу руу 1 удаа цохихоор нь би очоод бөгсөн дээр нь алгадсан юм. Хойд эцэг Уяабаатар “пизда минь, янхан минь” гэж хэлсэн. Ээж намайг өмөөрөөд “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлтэл босож ирээд ээжийг төмөр сандлаар цохиод, коршонкоор цохисон. Мөн цээж рүү нь хэд хэдэн удаа түлхээд ээж газарт унасан. Газар унахад нь яс хугарч байгаа юм шиг дуу гарсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Батцэцэгийн мэдүүлсэн /хх-ийн 26-28/: “... Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэртээ гэр бүлийнхээ хамтаар байж байхад дүү Гарьд модон сандал барьж ирээд Анударийг сууж байхад нь нуруу руу нь 1 удаа цохихоор нь Анударь очоод бөгсөн дээр нь алгадсан. Гэтэл хойд эцэг Э.Уяабаатар Гарьдийг өмөөрөөд хэрүүл эхэлсэн. Хэрэлдэж байгаад босож ирээд ээжийг төмөр сандлаар цохиод, коршонкоор цохисон. Мөн цээж рүү нь хэд хэдэн удаа түлхээд ээж газарт унасан. Унахад нь яс хугарч байгаа юм шиг дуу гарсан. Тэгээд босоод иртэл зүүн хөл нь шагай хэсэгтээ овойж хавдсан байсан...” гэх мэдүүлгээр,
Э.Уяабаатарын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-5/: “... Би 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэртээ эхнэр Үржинбадамтай хувийн таарамжгүй, үл ялих зүйлээс болж маргалдаж түүнийг түлхэж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгээр,
Ч.Үржинхандын биед “зүүн шагайн үений гадна хавчаар ясны ташуу далд хугарал, зүүн мөр бугалганд зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсаныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9486 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 30/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Э.Уяабаатарын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Э.Уяабаатарын “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ч.Үржинбадамын “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Э.Уяабаатарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уяабаатар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Уяабаатарыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уяабаатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уяабаатар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.Уяабаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Уяабаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ